Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01813

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01813

 

Я ХЗХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02757 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я ХЗХ-ны хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,679,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Б.О нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн, жилийн 45.6 хувийн зээлж хүүтэй авсан боловч зээлийг графикийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг төлөх хугацаа дууссан. 2020 оны 8 дугаар сарын 23-ны байдлаар зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,779,580 төгрөг, нийт 2,679,580 төгрөгийг төлөөгүй. Хэдийгээр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 900,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй боловч тухайн үед хоршооны дарга байсан У.Вгаас зээлсэн мөнгөнд тооцон өгөхийг хариуцагч зөвшөөрсөн тул зээл 900,000 төгрөгийг кассаас У.Вгаар гарын үсэг зуруулж гаргасан. Иймд үндсэн зээл 900,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,779,580 төгрөг, нийт 2,679,580 төгрөгийг Б.О ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь зээлийг түүнд шилжүүлж өгөөгүй. Хэрэгт нотлох баримтаар н.В гэдэг хүн гарын үсэгтэй чек хавсаргасан тул н.В гэдэг хүн зээл авсан нь баримтаар тогтоогдож байна. Иймд Б.О хариуцагч биш н.В хариуцагч юм. Я Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулдаг нь үнэн бол н.Вгаас гаргуулах нь зүйтэй. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.О-т холбогдох, 2,679,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я ХЗХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Хоршооны зүгээс зээл хэрхэн олгогдсон ямар шат дамжлагаар явсныг тайлбар хийж 2 удаа зохих алба хашиж буй ажилтнаараа бичүүлж шүүхэд өгсөөр байтал нэг талыг барьж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзсэн нь буруу. Б.О энэ мөнгийг төлнө гэж байсан, харин захирал У.В-г энэ хэрэгт оролцуулан шийдэх байсан. Б.О ийн эх С.М , нөхөр н.Батхүү Баянхонгор аймаг явах болсон тул замын зардлын мөнгө хэрэгтэй байна гээд зээл авах талаар ярьсан танай гэр бүлээс бүх хүмүүс зээл авсан олгох боломжгүй талаар хэлэхэд актив хөрөнгөнөөс бага хэмжээний мөнгө хэрэгцээ шаардлага гарсан үед олгоно гэдгийг үндэслэн бага хэмжээний зээл олгох болсон байна. Зээлийг охин Б.О авах болсныг мэдэгдсэн ба Б.О зээл авах хүсэлт гаргаагүй бол энэ зээлийг олгохгүй байсан. Зээлийн судалгаа хийж яагаад зээл авах болсон талаар асуухад 2-3 жилийн өмнөөс Баянхонгор аймагт хадлан хадах ногоо хураах цагаар машины масло тос зардаг байсан, энэ жил очиж энэ ажлаа хийгээд зарим хүнээс авах авлага байгаа үүнийг аваад авсан зээлээ төлнө гэсэн байна. Энэ зээл хоршооны актив хөрөнгөнөөс гарсан хэрэглээний зээл учир зээлдэгч зээлээ юунд зарцуулах нь өөрийнх нь мэдлийн хэрэг байдаг тул зээлийн зарцуулалтыг хянадаггүй Б.О ажил ихтэй учир зээлийн гэрээг бичиж, мөн зээлийн мөнгийг эх С.М д олгож өгнө үү гэсэн амаар тавьсан хүсэлтийг зээлийн хороо, нягтлан бодогчид зөвшөөрсөн. 3ээлийн гэрээг Б.О ийн хүсэлтийнх нь дагуу эх С.М нь хүлээж авсан ба гэрээг баталгаажуулахад зээлдэгч өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ нотариат дээр очино гэдгийг хэлэхэд С.М Б.О тэй утсаар ярьж цуг очиж баталгаажуулсан байдаг. Зээлийн мөнгийг мөн бэлнээр нь олгосон. Зээл хугацаандаа төлөгдөөгүй учир зээлийн хороо, тэргүүлэгчдийн зөвлөл удаа дараа очиж уулзах, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээг авч байсан бөгөөд энэ хугацаанд төлнө гэдэг байсан нэг ч удаа төлөхгүй гэж хэлж байгаагүй /Гэр бүлийн гишүүд бүгд/. Зээлдэгч Б.О ийн ажил нь байнгын гэрээгээр хийгдэж байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага үйл ажиллага нөхцөлийг сайн мэддэг компаний захирал хүн юм. Хэрвээ энэ зээл олгогдоогүй бол яагаад зээлийн мөнгийг өгөхгүй байна зээлийн гэрээг баталгаажуулаад өгсөн байхад гэж асууж лавлах байсан ийм зүйл огт гараагүй. Шүүх дээр очсоноос хойш би энэ зээлийн мөнгийг хэрэглээгүй миний эцэг, эх хэрэглэсэн байхад яагаад намайг төл гээд байна, эцэг эхийнхээ авсан мөнгийг төл гэвэл төлнө гэж ярьдаг. Шүүхээс тохиролцох санал тавихад нягтлан бодогч утсаар ярьсан байдаг. Утсаар ярихдаа намайг ээжийнхээ мөнгийг төл гэвэл төлнө гэхдээ хүү төлөхгүй зөвхөн зээлийнхээ мөнгийг төлөх саналыг хэлээд утсаа салгасан дахиж утасаа аваагүй байдаг. Б.О ийн эцэг н.Батхүү нь Баянхонгор аймагт байхдаа эхнэр С.М д зээлээ төлөөрэй гээд зээлийн 900,000,00 /Есөн зуун мянган/ төгрөгийг шилжүүлсэн гэж ярьдаг. Харин С.М нь хоолны мөнгөгүй болоод идчихсэн гэдэг. Эх С.М нь нөхөр н.Батхүүг нэг хоногийн өмнө явуулах шаардлагатай гээд хоршооны захирал У.Вгаас 900,000 /Есөн зуун мянган/ төгрөгийг бэлнээр зээлсэн энэхүү зээлийнхээ мөнгийг У.Вд өгсөн байдаг. Нягтлан бодогч энэ талаар захирал, дарга хоёроос хоёулангаас нь асууж хэн зарлагын баримтанд гарын үсэг зурахыг асуухад хэн хэн нь ч яахав гээд ойр сууж байснаараа захирал У.В зурсан гэдгээ хэн аль нь ярьдаг. Б.О-ийн эх С.М нь өөрийн эрх мэдлээ ашиглан өөрийн гэр бүлийн бүх гишүүдэд зээл олгосон, хуурамчаар нягтлан бодогчийн гарын үсэг зурж банкнаас охиндоо зээл олгосон гэх мэт асуудлаар хоршооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Зээлийн бодсон хүү үндсэн зээлээс хэдэн хувь илүү байна гэсэн саналыг хүлээн авч мөн төлөх нөхцөлийг хөнгөрүүлж 1 418 400 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөг болгон бууруулж төлүүлэх саналыг тавьж байна. Энэхүү зээлийн мөнгийг олгоход гарсан алдааг гаргуулсан хоршооны захирал У.В, хоршооны дарга байсан С.М нарыг яллагдагчаар татаж шүүх хуралд оролцуулах саналтай байна. Төсөлийн хугацаа дуусаж гишүүдийн хадгаламжийн мөнгийг олгох мөнгөгүй болоод байна Иймд энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Я ХЗХ нь Б.О тэй гэрээ байгуулсан хэдий ч мөнгийг тэрээр аваагүй учраас хариуцахгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Я Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,679,580 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Я Хадгаламж зээлийн хоршоо, Б.О нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10003 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж У.В, зээлдэгчийг төлөөлж Б.О нар тус тус гарын үсэг зурж, Я ХЗХ-ны тамга дарагдсан болох нь хэргийн 5-7 дахь талд авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээн дээрх гарын үсэг өөрийнх биш гэж маргасан боловч хэргийн 43-53 дахь талд авагдсан 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1585 дугаар шинжээчийн дүгнэлтэд гэрээнд зурсан гарын үсэг нь Б.О ийн гарын үсгийн чөлөөт, туршилтын загвартай тохирсон талаар дүгнэсэн тул хариуцагч Б.О ийг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч Б.О гарын үсэг зурсан боловч зээлийн мөнгөн хөрөнгө болох 900,000 төгрөгийг нэхэмжлэгч Яруу ундрах ирээдүй Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.О-т бэлнээр буюу дансаар шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Учир нь Я ХЗХ-ны 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн кассын зарлагын ордерт Б.О-т өгсөн активын зээл есөн зуун мянган төгрөг хүлээн авсан Вандан гэж гарын үсэг зурсан, Я ХЗХ-ны Төрийн банк дахь 102600335741 дугаар дансны хуулганд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийн зарлага гарсан, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн банкны чект 1,300,000 төгрөг бичигдсэн зэрэг хэргийн 32, 82, 86 дахь талд авагдсан баримтууд нь нэхэмжлэгч Я Хадгаламж зээлийн хоршооноос 900,000 төгрөгийн зээлийг хариуцагч Б.О-т бэлнээр буюу дансаар шилжүүлсэн болохыг нотлохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр хийж, хариуцагч Б.О гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлээгүй тул нэхэмжлэгчийн шүүх зээлийн гэрээг байгуулаагүй гэж дүгнэсэн нь буруу, уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул уг зээл, зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй талаар зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.О ийн эх С.М нь зээл авна гэж Б.О ийн нэрээр зээл авсан, У.В, С.М нарын хооронд үүрэгтэй холбоотой асуудал байгаа гэх тайлбарлаж ба хэргийн оролцогчийн дээрх тайлбарыг хэргийн 32 дахь талд авагдсан Я ХЗХ-ны 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн кассын зарлагын ордерт Б.О-т активын зээл есөн зуун мянган төгрөг хүлээн авсан Вандан гэж гарын үсэг зурсан баримт, Б.О-т зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр эсхүл дансаар шилжүүлж өгсөн талаар баримт байхгүй байгаа нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл хариуцагч Б.О ээс нэхэмжлэгч Я Хадгаламж зээлийн хоршоо нь үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 1,779,580 төгрөг, нийт 2,679,580 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.О-т холбогдох 2,679,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я ХЗХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь У.В, С.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Цаашид нэхэмжлэгч Я Хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан этгээдүүдэд холбогдуулан хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ