Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/02743

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр                 Дугаар 102/ШШ2021/02743                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эд холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, 3,808,390 /гурван сая найман зуун найман мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э 2020.01.24-ны өдөр БХ32001071 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 2,300,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлүүлсэн ба зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулан Д.Эгийн Хаан банкны 5077218887 данс руу зээлийн 2,300,000 төгрөгөөс шимтгэл 23,000 төгрөгийг суутгаж, 2,277,000 төгрөг шилжүүлсэн. Д.Э нь 2020.11.16-наас хугацаа хэтэрсэн бөгөөд 2020.12.14-ны өдөр 80,000 төгрөг, 2020.12.22-ны өдөр 113,000 төгрөг, 2021.02.26-ны өдөр 40,000 төгрөг тус тус хийсэн. Зээлийн гэрээний 2021.08.20-ны өдөр хүртэл зээлдэгч удаа дараа зээлийн гэрээний эрх үүргийг зөрчиж зээлийг төлөөгүй. Манайх сар бүр зээлдэгчтэй холбоо барих, ажлын газар уруу мөн гэрт нь албан тоот удаа дараа явуулсан ч төлбөрийг төлөөгүй. Иймд зээлийн гэрээний 2.2.6-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, 2021.07.01-ны өдрөөс 2021.08.20-ны өдөр хүртэлх нийт 51 хоногийн нэмэгдүүлсэн хүү 58,395 төгрөг, үндсэн зээлийн 10 сарын төлөлт буюу 1,927,130.2 төгрөгөөс 233,000 төлөөд төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,055,865.03 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 2020.08.20-ны өдөр зээлийн гэрээг эцэс болгоход 3,808,390.23 төгрөг болсон. Мөн нотариатын төлбөр болох 8,000 төгрөг болон Улсын тэмдэгтийн хураамж 76,337 төфөгийн хамт нийт 3,892,727.23 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Дээрх мөнгөн дүн буруу бодогдсон тул зөвтгөн нэхэмжлэлийн дүнг өөрчилсөн. Иймд нэмэгдүүлсэн хүү 58,395 төгрөг, хүү 1,762,376 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,105,198.74 төгрөг нийт 3,925,969.74 төгрөгөөс 233,000 төгрөг төлөөд нийт үлдэгдэл 3,692,969 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нотариатын төлбөр 8,000 төгрөг нэхэмжлэлд ороогүй, тэмдэгтийн хураамж 76,337 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020.01.24-ний өдөр “Гэрэлт Ирээдүй финанс” ББСБ ХХК-тай Бичил хэрэглээний зээлийн гэрээг байгуулж, сарын 8 хувь, жилийн 96 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2,300,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээний дагуу 2020.02.17-ноос 2020.10.16-ны өдрийг хүртэл сар бүр 192,714 төгрөг, 2020.11.16-ны төлөлтөд 193,000 төгрөг, 2021.02.26-ны өдөр 40,000 төгрөг, нийт 1,967,426 төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 11 сард Монгол улсад ковидын тохиолдол алдаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой ажиллаж байсан байгууллага нь ажиллахаа больж, орлогогүй болсноор зээлээ төлөх боломжгүй болж нэхэмжлэгчийн зээл хариуцсан эдийн засагчтай холбогдон үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлөлтийг 2020.12.01-нээс 2021.07.01-ний өдрийг хүртэл зогсоосон. Нэхэмжлэгчийн 3,892,727.23 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 1-рт нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүнд 58,395 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч зээл төлөлтийг 2021.07.01-ний өдөр хүртэл хойшлуулсан ч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2021.07.16-ны өдрөөс эхлэн зээл төлөлт хийж эхлэх ёстой байсан буюу нэмэгдүүлсэн хүүг 2021.07.16-наас тооцож эхлэх ёстой байсан. 2-рт тэмдэгтийн хураамж 76,337 төгрөгийг ИХШХШтХ-ийн 57.1-д зааснаар зохигчдод хувиарлагдах тул зөвшөөрөхгүй. 3-рт Д.Эгийн хариуцагчийн ажиллаж байсан байгууллага цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоож, хариуцагч ажилгүй болсон. Д.Этай 2020.01.24-ний өдөр байгуулсан Бичил хэрэглээний зээлийн гэрээний хүү сарын 8 хувь буюу жилийн 96 хувийн хүүтэй, зээлийн хүү нь хэт өндөр байгаа учраас Иргэний хуулийн 282.2 болон Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141.1, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулан сарын 8 хувийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

ГББСБ” ХХК нь Д.Эд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 3,808,390 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тоцооллын алдаа гарсан үндэслэлээр шаардлагаа 3,692,969 төгрөг гэж тодорхойлов.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ 2020.11.16-ны өдрөөс зөрчсөн, удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул гэрээний 2.2.6-д зааснаар гэрээг цуцалж, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ 2020 оны 11 сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, орлогогүй болсноор зээлээ төлөх боломжгүй болж, зээл төлөлтийг 2020.12.01-2021.07.01-ний хүртэл зогсоосон, Бичил хэрэглээний зээлийн гэрээний хүү сарын 8 хувь, жилийн 96 хувийн хүүтэй, хэт өндөр байгаа учраас зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишигтэй харьцуулан сарын хүүгийн хэмжээг бууруулах үндэслэлтэй гэж маргав.

 

Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүрээнд хариуцагчтай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сарын 36 сарын хугацаатай, 2,300,000 төгрөгийг олгохоор Бичил хэрэглээний зээлийн гэрээг байгуулжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан ба талууд дээрх гэрээгээр 8 хувь, жилийн 96 хувийн хүү тооцохоор тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсанд талуудын гэрээний заалт нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу үүргээ биелүүлж байгаад 2020.11.16-ны өдрөөс гэрээний үүргийн зөрчил үүссэн, гэрээний хугацаанд сар бүр зээл болон хүүний төлбөрийг төлөх хуваарь тогтоож, сар бүр 192,713 төгрөг төлөхөөс 2020.12.14-ны өдөр 80,000 төгрөг, 2020.12.22-ны өдөр 113,000 төгрөг, 2021.02.26-ны өдөр 40,000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч нь 2020 оны 11 сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, зээл төлөлтийг 2020.12.01-2021.07.01-ний хүртэл зогсоосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин Д.Эгаас 2020.04.14-ний өдөр дээрх үндэслэлээр тухайн сарын төлөлт 192,713 төгрөгийг 2020.05.15-ны өдөр төлөх хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2021.08.20-ны өдрөөр цуцалсныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийг барьцаагүй олгодог тул сарын төлөх хүүг 8 хувь гэж тогтоодог гэж тайлбарлаж байгаа боловч баримтгүй байх тул хариуцагчийн зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишигтэй харьцуулан сарын хүүгийн хэмжээг бууруулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх хүүг багасгаж болно гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны Монгол улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайланд ББСБ-уудын зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 2020 оны 1 дүгээр улиралд 3,0 хувьтай байгаа талаар тусгажээ.

 

Иймд талуудын байгуулсан 2020.01.24-ний өдрийн Бичил хэрэглээний зээлийн гэрээгээр сарын хүүг 8 хувь, жилийн 96 хувийн хүү гэж тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэхээр байна.

 

Г ББСБ” ХХК нь зээлийг олгохдоо 1 хувийн шимтгэл суутгаснаа баримтаар нотлохгүй байх тул хариуцагчид 2,277,000 төгрөг зээлсэн гэж үзэх ба зээлийн хүүг 3 хувиар тооцоход сарын хүүний төлбөрт 68,100 төгрөг төлөхийг 2020.11.16-ны өдрөөс гэрээг цуцлах хүртэлх 19 сарын хугацаанд /68,100х19/ нийт 1,293,900 төгрөг төлөхөөр байна.

 

Зээлийн үндсэн төлбөрөөс үлдэгдэл төлбөрийг хасахад /2,277,000-2,105,198/ зээлийн гэрээний хугацаанд хариуцагчийн зээлийн үндсэн төлбөрт 171,802 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагчийн төлсөн 1,967,426 төгрөгөөс төлөх үүрэг болох 1,293,900 төгрөгийг хасч, үлдэх 673,526 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт суутгасан 171,802 төгрөгийг хасахад 501,724 төгрөг илүү төлөгдсөн байх тул үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,105,198 төгрөгөөс хасч нийт 1,603,474 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна.  

 

Иймд дээрх үндэслэлийг дүгнээд хариуцагч Д.Эгаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар 1,603,474 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 2,089,495 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 76,337 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 40,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эгаас  1,603,474 /нэг сая зургаан зуун гурван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г олгож, шаардлагаас үлдэх 2,089,495 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 76,337 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 40,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ