Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01760

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02743 дугаар шийдвэртэй,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.эад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 3,700,969 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.эа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2,300,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн ба уг 2,300,000 төгрөгөөс шимтгэл болох 23,000 төгрөгийг суутгаж 2,277,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн.

Д.эа нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийг хугацааг хэтэрүүлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 80,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр 113,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 40,000 төгрөг тус тус төлсөн.

Манай байгууллага сар бүр зээлдэгчтэй холбоо барих, ажлын газар, гэрт нь зээл төлөх шаардлага буюу албан бичиг удаа дараа явуулсан ч төлбөрийг төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний 2.2.6-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 51 хоногийн нэмэгдүүлсэн хүү 58,395 төгрөг, зээлийн хүү 1,762,376 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,105,198 төгрөг нийт 3,925,969 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 233,000 төгрөгийг хасч 3,692,969 төгрөгийг мөн нотариатын төлбөр 8,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, сарын 8 хувь, жилийн 96 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2,300,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүр 192,714 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 40,000 төгрөг, нийт 1,967,426 төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 11 сард Монгол Улсад ковидын тохиолдол алдаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой орлогогүй болсноор зээлээ төлөх боломжгүй болж, хариуцсан эдийн засагчтай холбогдон үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлөлтийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зогсоосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 3,892,727 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч зээл төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан ч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээл төлөлт хийж эхлэх ёстой байсан буюу нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс тооцож эхлэх ёстой байсан. Иймд нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй.

Зээлийн гэрээний хүү сарын 8 хувь буюу жилийн 96 хувийн хүүтэй байгаа нь хэт өндөр учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэг болон Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бэсүүд овогтой Даваанямын Энхтуяагаас 1,603,474 төгрөгийг гаргуулж “Гэрэлт ирээдүй ББСБ” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 2,089,495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 76,337 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 40,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх хууль Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан иргэд хоорондын зээлд хамаарах зохицуулалтыг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан өөр төрлийн зээлийн гэрээний зохицуулалттай хамааруулан дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, өөр төрлийн гэрээний зохицуулалтуудыг хольж хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу байгуулсан гэрээний хүүгийн хэмжээг бууруулах эрх шүүгчид олгогдоогүй.

2. Талууд зээлийн гэрээний 1.6-д зээлийн хүүг 8 хувь гэж тохиролцсон байхад шүүх үндэслэх хэсэгт зээлийн хүүг тогтоосон баримтгүй байна гэж дүгнэж буй нь үндэслэлгүй.

3. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зээлийн үндсэн төлбөрөөс үлдэгдэл төлбөрийг хасахад /2,277,000-2,105,198/ зээлийн гэрээний хугацаанд хариуцагчийн зээлийн үндсэн төлбөрт 171,802 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагчийн төлсөн 1,967,426 төгрөгөөс төлөх үүрэг болох 1,293,900 төгрөгийг хасч, үлдэх 673,526 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт суутгасан 171,802 төгрөгийг хасахад 501,724 төгрөг илүү төлөгдсөн байх тул үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,105,198 төгрөгөөс хасч нийт 1,603,474 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталсан. Уг журмын хавсралт 1-д сар бүрийн нийт төлбөр тогтмол эсвэл, сар бүрийн үндсэн төлбөр тогтмол гэсэн хуваарьтай байхаар зохицуулсан. Д.эа нь зээлийн гэрээний дагуу сар бүр тогтмол 192,713 төгрөг төлөхөөр тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.4-т “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар өр төлбөрийг барагдуулах эрхтэй” гэж зээлдүүлэгчийн эрхийг заасан. Д.эа нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул түүний төлсөн төлбөрийг өр төлбөр барагдуулах дарааллын дагуу хүүд тооцож авсан.

Гэтэл шүүгч талуудын хооронд байгуулсан эргэн төлөлтийн хуваарийг “сар бүрийн үндсэн төлбөр тогтмол” байхаар бодож, хугацаандаа төлөөгүй төлбөрүүдийг өр төлбөр барагдуулах дарааллыг зөрчин шууд үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.4-т “зээл судалсны хураамж 1 хувь буюу доод тал нь 10,000 төгрөг, дээд тал нь 100,000 төгрөг байх ба тухайн хураамжийг зээл олголтын мөнгөн дүнгээс суутгаж, үлдэгдэл мөнгөн дүнг зээлдэгчийн нэрийн дансруу шилжүүлнэ” гэж заасан. Д.эагийн зээлсэн 2,300,000 төгрөгийн 1 хувь нь 23,000 төгрөг болж байх бөгөөд түүний дансанд 2,277,000 төгрөг шилжсэн нь 1 хувийн шимтгэл суутгагдсан болохыг нотолж байна. Иймээс хариуцагчид 2,277,000 төгрөг зээлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Д.эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,692,969 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Г” ХХК нь Д.эатай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “бичил хэрэглээний” гэх нэртэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 2,300,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч нь зээл 2,300,000 төгрөгийг шилжүүлэхдээ шимтгэлд 23,000 төгрөгийг хасч 2,277,000 төгрөгийг зээлэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний үүрэгт нийт 1,967,426 төгрөг төлсөн, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс зээлдэгч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн талаар маргаагүй байна.

 

Зээлийн гэрээний 1.4-д “зээл судалсны хураамж 1 хувь буюу доод тал нь 10,000 төгрөг, дээд тал нь 100,000 төгрөг байх ба тухайн хураамжийг зээл олголтын мөнгөн дүнгээс суутгаж, үлдэгдэл мөнгөн дүнг зээлдэгчийн нэрийн дансруу шилжүүлнэ” гэж тохиролцсон нь зээлдүүлэгч зээлийн гэрээнд тохиролцсон мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг дутуу гүйцэтгэх үндэслэл болох юм.

 

Зориулалтын дагуу ашиглаагүй мөнгөн хөрөнгө болох 23,000 төгрөгөөс зээлдэгч зээлийн хүүг төлөх үүрэггүй, анхан шатны шүүх зээлийн гэрээний хэмжээг 2,277,000 төгрөг гэж тодорхойлсон нь зөв болжээ. Иймд зээлийн гэрээний үндсэн үүргийг 2,300,000 төгрөгөөр тооцох байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

“Г” ХХК нь Д.эаг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх мэдэгдэлийг түүнд өгч байсан талаар талууд маргаагүй, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэхийг тулд үүргийн зөрчлийг арилгах талаар урьдчилан сануулах үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэнэ.

 

Зээлдэгч нь урьдчилан сануулсан хугацаанд гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг, зээлийн хүүгийн хамт шаардах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг бууруулахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй боловч гэрээний нэг тал аж ахуй эрхлэх байгууллага, нөгөө тал нь хэрэглэгч байгаа нөхцөлд аливаа гэрээг байгуулахдаа хэрэглэгчийн эрх ашиг сонирхлыг дордуулах учиргүй.

 

Талууд зээлийн гэрээний сарын хүүг 8 хувь, жилийн 96 хувийн хүү гэж тохиролцсон нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх, шударга байх нь зарчимд нийцээгүй байна. 2020 оны Монгол улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайланд ББСБ-уудын зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 2020 оны 1 дүгээр улиралд 3,0 хувьтай байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээг үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа хэрэглээгүй учраас хүүг 8 хувиар тохиролцсон гэх тайлбар үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажсан зээл болон барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангах боломжгүй зээлийн хоорондын хүүгийн хэмжээг эрх зөрүүтэй буюу 2,6 дахин ихэсгэж байгаа нь иргэдийг эд хөрөнгийн байдлаар ялгаварласан тэгш бусаар хандсан гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заажээ. Иймд зээлийн хүүг 3 хувиар тооцох хэмжээнд хүчинтэй гэж дүгнэх нь зөв бөгөөд үлдэх 5 хувиар тогтоосон тохиролцоог шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч олгогдоогүй зээлд хүү тооцох замаар хариуцагчаас зээлийн хүүг суутгаж байснаас талуудын тэгш байдал, шударга ёсны зарчимд үл нийцэх нөхцөлөөр хүү тооцож авсныг буруу гэж дүгнэх учир 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн хүртэл буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл нийт 19 сарын хугацааны хүүг тооцвол /үндсэн зээл 2,277,000 * 3% = 1 сарын хүү 68,100 төгрөг * 19 сар/ 1,293,900 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Улмаар хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1,967,426 төгрөгөөс төлбөл зохих зээлийн хүү 1,293,900 төгрөгийг хасч зөрүү 673,526 төгрөгийг үндсэн зээл үүрэг болох 2,277,000 төгрөгөөс хасч тооцвол 1,603,374 төгрөгийг үүргийг Д.эа нь “Г” ХХК-д гүйцэтгэхээр байна.

 

Хариуцагч Д.эа нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүг бүрэн төлсөн байх тул нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг зөрчсөн шийдвэр гаргасан, гэрээний 2.2.4-т заасан дарааллын дагуу хүүг тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нотариатын зардалд 8,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэж давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02743 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “282 дугаар зүйлийн 282.2” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,382 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА