Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02900

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр                   Дугаар 102/ШШ2021/02900                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,950,000 /арван таван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн, олох байсан орлогод 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2017.12.15-ны өдөр Б.Мтэй харилцан тохиролцож, зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг Ц.Мт 12 сарын хугацаатай зээлдүүлж, сарын 5 хувийн хүүтэй гэж тооцон хүүний төлбөрт Б.Мийн СБД, 10 хороо, 25-6 тоот 3 өрөө орон сууцны жижиг 2 өрөөг /22м2/ хөлслөхөөр тохирсон. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч төлбөрийн чадваргүй байгаа тул гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахгүйгээр дахин 1 жилээр сунгах хүсэлт тавьсны дагуу 2018.12.15-ны өдөр “Зээлийн гэрээ сунгах гэрээ”, 'Орон сууц хөлслөх гэрээг сунгах гэрээ”-г дахин 1 жилээр буюу 2019.12.15-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаа дуусахад хариуцагчаас “Өвчин зовлонтой хүнд хэцүү байгаа учраас ахиад 1 жилээр сунгая, тэгээд найдвартай авна” гэдэг хүсэлт тавьсан. Энэ үед би мөнгөний хэрэгцээ их байсан тул “дахин сунгах боломжгүй, мөнгөө авмаар байна. Танай байранд одоо байх шаардлагагүй болсон” гэдгээ хэлсэн ч “Нялх хүүхэдтэй учраас хэцүү, өвчин зовлонтой байна. Жилийн дараа найдвартай мөнгөө өгнө" гэсэн тул аргагүйн эрхэнд зээлийн гэрээг дахин 1 жилээр буюу 2020.12.15-ны өдөр хүртэл сунгасан. Энэ үедээ анхны гэрээн дээр байранд өөрсдөө амьдрах шаардлагагүй болсон тул “Гуравдагч этгээдийг дамжуулан суулгаж болно” гэсэн заалтыг харилцан тохирч нэмж оруулсан. Тэгээд гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Б.М “удахгүй хавраас мөнгийг нь өгнөө түр хүлээгээрэй” гэсэн. Тэгвэл уулзаад гэрээгээ сунгая гэхлээр өвчин зовлонтой байгаа учраас одоохондоо уулзаж чадахгүй байна. Хавраас нэгмөр мөнгөө өгөөд, асуудлаа дуусгая гэсэн. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т “Гэрээ нь талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан тул мөнгө эргүүлэн төлөх хүртэл хүлээж байтал 2021.08.12-ны өдөр гэрээний дагуу байранд байж байгаа эхнэрийн нутгийн дүү охиноос байрны эзэн ирээд байр чөлөөл гэж байна гэж сандарч залгасан. Үүний дагуу Б.М болон түүний нөхөртэй 88002947 утсаар холбогдоход “Чи манай байранд хангалттай амьдарлаа. Дээрээс нь өөр хүн суулгаж байр бохир заваан болгосон байна. Иймд Байр яаралтай чөлөөлж өг. Чамд мөнгө өгч чадахгүй, мөнгөөр чинь засвар хийнэ. Яаралтай байр чөлөөл, байрнаас гар” гэж удаа дараа дарамтлаж байна. Би Б.Мтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр болон олон удаа цаг үе хэцүү байгааг ойлгож иргэд хоорондын гэрээг байгуулан, сунгаж байсан болохоос ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Иймд нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг, 2020.12.15-аас 2021.05.15-ныг хүртэл хугацааны эргүүлж төлөх алданги үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож 4,950,000 төгрөг, нийт 15,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017.12.15-ны өдөр өөрийн өмчлөлийн СБД, 10 хороо, 25-6 тоот үл хөдлөх эд хөрөнгөө С.Бд 12 сарын хугацаатай 11,000,000 төгрөг зээлэх, С.Б өөрийн биеэр суухаар харилцан тохиролцсон. 2018 онд гэрээний хугацаа дуусахад С.Б гэрээний хугацаа сунгах санал гаргаж, гэрээг өөрийн биеэр бэлтгэсэн байсан, тус гэрээнд бид гарын үсгээ зурж ахин нэг жилээр сунгасан, мөн 2019 онд дахин сунгаж, энэ сунгасан гэрээг С.Б мөн өөрийн биеэр бэлтгэсэн байсан бөгөөд энэ гэрээ нь 2020.12.15-нд дууссан. 2018, 2019 оны гэрээг 2017 оны хийсэн гэрээнд үндэслэж зөвхөн хугацаа сунгах гэрээ гэж Б тайлбарлаж бас нөхөж хийж буй учир нотариатаар орох шаардлагагүй гэж байсанд бид итгэсэн. Манай гэр бүлд 2021 оны 4 сард хөлслүүлсэн байрандаа амьдрах шаардлага гарсан тул 2021 оны 8 сард зээлийн төлөлтийг өгөх ба байраа суллуулах тухай биечлэн хэлэлцэж тохиролцсон. 2021 оны 8 сард өөрийн байран дээрээ очиж уулзах гэтэл С.Б өөрөө байранд амьдардаггүй, харин Болор-Эрдэнэ гэж хүнд дамжуулж хөлсөлсөн байсан. Болор-Эрдэнэ нь манай байранд С.Бийн зараар холбогдож түрээслэж байгаагаа хэлсэн ба гэрээ байхгүй, 2022 оны 4 сар хүртэл түрээслэнэ, энэ байрыг олон жил түрээслүүлж байгаа эзэмшигч нь ирдэггүй, миний мэдэлд байдаг, би шийддэг тул итгэ гэх мэтээр тайлбарлаж оруулсан, одоо гарахгүй гэж, гарах тухай сануулахад хэл амаар доромжлох болон үүдээ нээхгүй, утасны дугаар блоклох зэрэг үйлдлүүд гаргаж байна. Биний хооронд байгуулсан гэрээнд дамжуулж хөлслөхийг хориглосон байхад С.Б гэрээ анх байгуулсан цагаас эхлэн бусдад дамжуулж хөлсөлсөн болох нь түүний фэйсбүүк группэд байр хөлсөлнө, хөлслүүлнэ, мөнгө зээлдүүлнэ, хүүнд нь сууна зэрэг заруудаас тодорхой болсон, Болор-Эрдэнэд сар сард нь мөнгөө төлчихвөл асуудалгүй гээд сар болгон 550,000 төгрөг авдаг тухай шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Б миний байрыг сар сараар бусдад дамжуулан хөлсөлж, ашиг орлого олсон, анх хүлээлгэж өгснөөс илт дордуулсан, хэвийн байдалд нь оруулж завсар хийхэд шаардлагатай байгаа мөнгөн дүнг хариуцах үүрэгтэйг гэрээнд заасан тул би зээлийн төлбөр төлөхөөс татгалзаж байна. С.Б гэрээний заалтыг санаатайгаар зөрчих ба өөрийн өмчлөлийн байранд змсон цагаас эхлэн уулзах болон утсаар холбогдох үед удаа дараалан сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. С.Б хэлэхдээ “чамайг таньдаг шүүгчдээ өгсөн тул чамаас алданги болон хүү тооцуулж мөнгөө авна. Мөн энэ шүүхийн ажиллагааг би сайн мэднэ, дор хаяж 1-2 жил болно, энэ хугацаанд би байрыг чинь түрээслүүлнэ, харин чи үүнд саад болох болон байранд ирсэн байвал чамайг Цагдаад хэлж эрүү үүсгүүлнэ, надад таньдаг Цагдаа, Шүүгч, Прокурор гээд олон хүн бий, харин чи намайг Цагдаад өгсөн, шүүгчид ховолсон байвал би тэр дор нь мэдчихнэ, таньдаггүй хүн байсан ч ажилгүй болгочих надад чадал ч байна, танил ч байна. Шүүхээс ямар ч хариу гарсан дахин надад давж заалдаж шүүхийг сунжруулах эрх ч байна гэх мэтээр хэлж, миний нөхөр Д.Төгөлдөрт мөнгөө заавал авна, өгч чадахгүй бол орцонд чинь янз бүрийн хүн байлгаж гэр бүлийн гишүүд болон хүүхдүүд болон эхнэр, чамайг дарамтлуулна гэх байдлаар ярьж, өөрийн төмөр замд том албан тушаал хашдаг байдлаар хамааралгүй зүйлсийг хамруулан дарамталж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бидний анх байгуулсан Зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээний 4.4-т орон сууцыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхгүй гэж заасан байтал З.Б гэрээний заалтыг зөрчиж бусдад дамжуулан түрээслэж ашиг орлого олж, миний байрыг илт дордуулж муутгасан байсныг 2021 оны 8 сард өөрийн биеэр байран дээрээ очихдоо мэдлээ. Учир нь тухайн орон сууц манай гэр бүлд хэрэгцээтэй, еөрсдөө амьдрах шаардлагатай болсон тул энэ талаар хэлэхээр байран дээрээ очиход Болор-Эрдэнэ миний байранд амьдарч байсан. Ингээд учир байдлыг тодруулахад сар бүр 550,000 төгрөг буюу байр хөлсөлсний төлбөрийг сар сард нь авдаг, Болор-Эрдэнээс өмнө ч бусдад хөлслүүлдэг байсан нь тодорхой болсон. Миний байрыг олон хүнд дамжуулан хөлсөлсний улмаас хүлээлгэж өгснөөс илтэд дордуулж муутгасан тул Бд зээлийн төлбөрт 11,000,000 төгрөг төлөхөөс татгалзаж, байр суллахыг шаардсан. Гэтэл Б татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан, харин Болор-Эрдэнэ гэх эмэгтэй Бийг сулла гэвэл суллана, эсхүл шүүхийн шийдвэрээр суллаж өгнө гээд миний байрнаас гарахгүй одоог хүртэл байсаар байна. Иймд Иргэний хуулийн 106.2-т заасны дагуу өмчлөх эрх зөрчигдсөн тул зөрчлийг арилгуулж эрхээ хамгаалуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. С Б нь миний байрыг гуравдагч этгээдэд хөлслүүлэх талаар зөвшөөрлийг огт аваагүй, дур мэдэн бусдад хөлслүүлж, ашиг орлого олж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, хэрэв бусдад дамжуулан хөлслөх байсан бол анхны гэрээний хугацаа дуусахад л би байраа хүлээж аваад бусдад хөлсөлж, Бөөс зээлсэн төлбөрөө төлж болох байсан. Гэтэл С.Б гэрээний хугацаа сунгаж, цааш үргэлжлүүлэн бусдад хөлсөлж өөртөө ашиг олдог байснаас гадна орон сууцыг ердийн элэгдэл, хорогдлоос илүү муутгасан байна. Би анхны гэрээний хугацаа 2018.12.15-нд дууссанаас хойш 2 жилийн хугацаанд бусдад сарын 550,000 төгрөгөөр хөлсөлсөн бол 13,200,000 төгрөг олох байсан тул С.Бөөс гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохиролд гаргуулж, орон сууцыг суллуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017.12.15-ны өдөр байгуулсан анхны гэрээний дагуу 2 жил өөрсдөө байранд байсан. Гуравдагч этгээдийг дамжуулан суулгаагүй. Үүнийг өөрийн нэхэмжпэх дээрээ дурьдсан. 2019.12.15-нд надад мөнгөний хэрэгцээ гарсан, дээрээс нь өөрөө тусдаа байр авсан болохоор дахин танай байранд байх шаардлага байхгүй болсон тул зээлдүүлсэн 11 сая төгрөгөө авъя гэрээгээ хаая гэж Б.Мт хэлэхэд боломж байхгүй байна. Ахиад 1 жил сунгаач гэдэг санал тавьсан. Би 2019 онд БГД, 1 хороо, 10а байранд байр авсан Б.Мийн байранд байх шаардлага байхгүй байсан тул 2019.12.15-нд хийсэн Орон сууц хөлслөх гэрээний сунгалтын 3.14-т "Хөлслөгч нь хөлсөлсөн байраа хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр гуравдагч этгээдэд дамжуулан суулгаж болно” гэдэг заалтыг нэмж зөвшөөрөл авч, харилцан тохирч гарын үсэг зурж гэрээг сунгасан. 2019.12.15-наас хойш Ковид -19 цар тахал дэгдэж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж эхэлсэн тул хотын их дээд сургуулиуд амарч, хөдөө орон нутгийн хүмүүс нутаг орон руугаа явж гудамж талбайд хүртэл явах хүн байхгүй, зөвхөн онцгой албаны хүмүүс явж байсан. Энэ үед байранд суух хүн олдохгүй, байр хүнгүй жил шахам болсон. Байр эзгүй байхад би гадуур явж чадахгүйн улмаас сар орчим болоод байраа эргэдэг байсан. Эзгүй байранд 1 удаа ирэхэд дээд айлаас ус алдсан байдалтай, тог тасарсан байсан. Иймд би хүний байр хариуцаж байгаа тул аргаа барахдаа эхнэрийн болон өөрийн хамаатны дүү нарыг ээлжлэн байранд үнэгүй байлгаж байр харуулж байсан. 2021 оны хавраас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдахад 2021.05.15-ны өдрөөс Болор Эрдэнэд байрны бүх учир шалтгааныг хэлж Зээлийн гэрээний 2.3 заалт болох зээлсэн мөнгийг сарын 5 хувь гэж тооцон байранд сууна гэсний дагуу 11 сая төгрөгийн 5 хувь 550.000 төгрөгийг сар сард нь авч, би 4 сарын 2,200,000 төгрөг авсан. Түүнийг 2019.12.15 гэрэзний сунгалтын 3.14 дахь заалтын дагуу суулгасан. Би 2018.12.15-наас Б.Мээс 11 сая төгрөг авч бусдад хуулийн дагуу сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн бол 11.900.000 төгрөг олох байсныг дурьдаж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т “Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан тул гэрээ дуусгавар болоогүй. Мөн 2017.12.15-ны өдрийн зээлийн гэрээний 3.6, 3.8-д заасны дагуу би Б.Мээс зээлсэн мөнгөний хүү болон алдангийг авч үзээгүй. Иймд 3 шатны шүүхийн эцсийн шийдвэр гарах, Б.М нь надаас зээлсэн 11,0 сая төгрөг болон холбогдох алданги нийт 15.950.000 төгрөгийг эргүүлэн төлөх хүртэл гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэж тооцон байр чөлөөлөх хууль эрхзүйн үндэслэл байхгүй гэж бодож байна. Би бодитоор Б.Мт 11 сая төгрөгийг мөнгөний ханш чанга байх үед зээлдүүлсэн, Б.М тухайн үед мөнгийг минь ашиглаж хэрэглэсэн. 2019.12.15-нд надтай байгуулсан гэрээний заалтуудыг бүгдийг мэдэж байгаа мөртлөө мэдэхгүй мэт ярьж мөнгө зээлдүүлсэн хүнээсээ дахин мөнгө нэхэж байгаа үйлдэл байна. Бид гэрээ байгуулаад 3 жил 10 сар болж байгаа учраас орон сууцанд тодорхой хэмжээний урсгал засвар хийх шаардлагатай. Би энэ бүгдийг тооцоод “22м2 хуучны засваргүй байсан байранд 1 сая төгрөгийн засвар хийлгэе. Тэгээд 10,0 сая төгрөг өгөөд гэрээгээ хаая” гэхэд Б.М 8 сая төгрөг өгье гэсэн. Энэ бүгдийг зевшөөрөх боломжгүй, хоорондоо учир зүйгээ олж чадахгүй байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд хандсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Б нь Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олох байсан орлогод 13,200,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Б.Мийн хүсэлтээр гэрээг 2 удаа сунгасан, сүүлийн сунгалтаар бусдад дамжуулан хөлсөлж болохыг тохирсон, одоо гэрээний хугацаа дууссан тул зээлийг алдангийн хамт гаргуулна, зээл төлөх үүргээ биелүүлбэл байрыг суллаж өгнө гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ С.Бийн хүсэлтээр гэрээг 2 удаа сунгасан, бусдад дамжуулан хөлслөхийг зөвшөөрөөгүй байхад хөлсөлсөн, орон сууцыг ердийн элэгдэл, хорогдлоос илүү муутгасан, ашиг орлого олж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, бусдад дамжуулан хөлсөлсөн тул гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны олох байсан орлогоо хохиролд гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргав.

 

Зохигч Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг 2017.12.15-ны өдөр байгуулж, нэхэмжлэгч 11,000,000 төгрөгийг хариуцагчид зээлэх, хариуцагч нь зээлийн хүүний төлбөрт нэхэмжлэгчид орон сууцаа хөлслүүлэхөөр 1 жилийн хугацаатай байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

С.Б нь Б.Мт гэрээний дагуу 11,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Зохигч зээлийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцсэн, хүүний төлбөрт нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 25 байр, 6 тоот 3 өрөө орон сууцны жижиг 2 өрөөг хөлслөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргийг, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Дээрх үйл баримтуудын тухайд талууд маргаагүй, харин үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд маргаж байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар зээлийн хугацаа дуусгавар болсноор зээлдэгч 11,000,000 төгрөгийг буцаан төлснөөр хөлслөгч орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцжээ.

 

Б.М нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэснээр С.Б нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хүлээсэн орон сууцыг чөлөөлөх үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзнэ.

 

 Дээрх гэрээний 3.2 дахь заалтаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болох бөгөөд үүргийн дарааллын хувьд Б.М нь 11,000,000 төгрөгийг төлснөөр С.Б орон сууцыг чөлөөлөх үүргээ биелүүлэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 11,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Гэрээний хугацаа дуусахад талууд тохиролцон өмнөх нөхцлөөр дахин 1 жилээр сунгаж, дээрх холимог гэрээг эрх зүйн харилцаагаар нь салгаж, 2018.12.15-ны өдөр “Зээлийн гэрээ сунгах гэрээ”, 'Орон сууц хөлслөх гэрээг сунгах гэрээ”-г байгуулж, дахин 2 удаа 2020.12.15-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Талуудын 2019.12.15-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээний 2.6 дахь заалтаар зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь алданги тооцох шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссанаас хойш бусдад дамжуулан хөлслөх хүртэл зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Гэвч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 2021 оны 5 сард зээлийг төлөх хариуцагчийн хүсэлтийг зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан атлаа 2020.12.15-ны өдрөөс 2021.05.15-ны өдрийг хүртэл хугацаанд алданги тооцсон нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ бусдад дамжуулан хөлслөхийг зөвшөөрөөгүй байхад хөлсөлсөн гэж 2018.12.15-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд сарын 550,000 төгрөгөөр тооцон, нийт 13,200,000 төгрөгийг олох байсан орлого буюу хохиролд гаргуулна гэж тодорхойлжээ.

 

Талууд 2018.12.15-ны өдрөөс 2019.12.15-ны өдрийг хүртэл 1 жилээр, 2019.12.15-ны өдрөөс 2020.12.15-ны өдрийг хүртэл дахин 1 жилээр сунгасан үйл баримт тогтоогдсон, 'Орон сууц хөлслөх гэрээг сунгах гэрээ”-нд хариуцагч нь гарын үсэг зурсан, гарын үсэг мөн эсэх дээр маргахгүй байх тул хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг сунгасан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.

 

Тухайн тохиолдолд хариуцагч нь 11,000,000 төгрөгийн 5 хувь болох 550,000 төгрөгийг сар бүрээр тооцон 13,200,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээг сунгасан хугацаанд олох байсан орлого гэж шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул       гэрээнээс учирсан хохиролд 13,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч нь орон сууцыг ердийн элэгдэл, хорогдлоос илүү муутгасан гэж тайлбарласан боловч энэ талаар шаардлагыг гаргаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгээд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д биелүүлэх хугацаа нь болсон, 2 этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болохоор заасанд нийцүүлэн Б.Мээс зээлийн гэрээний үргийн гүйцэтгэлд 11,000,000 төгрөг гаргуулан, С.Бд олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлмэгц нэхэмжлэгчийн эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 237,700 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь тэмдэгтийн хураамжид 307,900 төгрөг төлсөн ба тус шүүхийн 2021.10.13-ны өдрийн 12661 дугаар шүүгчийн захирамжаар 83,950 төгрөгийг хариуцагчид буцаан олгосон тул үлдэх 223,980 төгрөгийг орлогод хэвээр үлдээлээ.

 

Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, харин түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн хэрэгтэй танилцах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, энэ өдрийн товыг хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн 88002947 дугаар утсаар мэдэгдсэн боловч энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 287 дугаар зүйлийн 287.1, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,000,000 /арван нэгэн сая / төгрөг гаргуулан, Бд олгож, шаардлагаас үлдэх 4,950,000 төгрөг гаргуулах болон олох байсан орлогод 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Мийг зээлийн гэрээний үүргээ биелүүлмэгц С.Бийн эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 25 байр, 6 тоот орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 237,700 төгрөг, хариуцагчаас төлсөн 223,980 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ