Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00100

 

С.Блийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02900 дүгээр шийдвэртэй

С.Блийн нэхэмжлэлтэй, Б.Мэгт холбогдох

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

олох байсан орлого 13,200,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Бл, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 1.а. Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Мэгтэй харилцан тохиролцож, зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг Б.Мцэгт 12 сарын хугацаатай зээлдүүлж, сарын 5 хувийн хүүтэй гэж тооцон хүүний төлбөрт Б.Мэгийн, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот 3 өрөө орон сууцны жижиг 2 өрөөг хөлслөхөөр тохирсон.

Гэрээний хугацааг 2 удаа  нэг нэг жилээр сунгаж,  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж тохиролцсон. Тухайн байранд амьдрах шаардлагагүй болсон тул уг гэрээнд “Гуравдагч этгээдийг дамжуулан суулгаж болно” гэсэн заалтыг харилцан тохирч нэмж оруулсан.

Гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд санхүүгийн боломжгүй байгаа, хавар мөнгө өгнө гэж хэлсэн. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т “Гэрээ нь талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан тул мөнгө эргүүлэн төлөх хүртэл хүлээж байтал 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээний дагуу орон сууцанд амьдарч байгаа танил дүү охиноос “байрны эзэн ирээд байр чөлөөл” гэж байна гэж сандарч залгасан.

 Иймд нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож 4,950,000 төгрөг, нийт 15,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.б. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2017 онд байгуулсан гэрээний дагуу 2 жил энэ байранд амьдарсан.  2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс н.Болор-Эрдэнийг  2019 оны гэрээний сунгалтын 3.14 дахь заалтын дагуу суулгасан. Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Б.Мэгээс 11,000,000 төгрөг авч бусдад хуулийн дагуу сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн бол 11,900,000 төгрөг олох байсныг дурьдаж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан тул гэрээ дуусгавар болоогүй.

 Б.Мэг нь надаас зээлсэн 11,000,000 төгрөг болон алдангийн хамт нийт 15.950.000 төгрөгийг эргүүлэн төлөх хүртэл гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэж тооцон байр чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Бид гэрээ байгуулаад 3 жил 10 сар болж байгаа учраас орон сууцанд тодорхой хэмжээний урсгал засвар хийх шаардлагатай. Би энэ бүгдийг тооцоод 22 м.кв талбайтай хуучны засваргүй байсан орон сууцанд 1,000,000 төгрөгийг засварт тооцоод 10,000,000 төгрөг авья гэхэд Б.Мэг 8,000,000 төгрөг өгье гэсэн. Үүнийг зөвшөөрөх боломжгүй учир шүүхэд хандсан гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл болон тайлбарын агуулга: 2.а. Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Блөөс 11,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэхээр тохирч, үүний хариуд С.Бл нь миний өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо  25 дугаар байрны 6 тоот орон сууцад өөрийн биеэр оршин суухаар харилцан тохиролцсон. С.Блийн бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурж, түүний саналаар гэрээний хугацааг 2018 он, 2019 онуудад сунгасан, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан. 

Манай гэр бүл 2021 оны 4 сард орон сууцандаа амьдрах шаардлага гарсан тул 2021 оны 8 сард зээлийн төлөлтийг өгөх ба байраа суллуулах тухай биечлэн хэлэлцэж тохиролцсон. 2021 оны 8 сард өөрийн байран дээрээ очиж уулзах гэтэл С.Бл орон сууцанд амьдардаггүй, харин н.Болор-Эрдэнэд дамжуулж хөлсөлсөн байсан. Бидний хооронд байгуулсан гэрээнд дамжуулж хөлслөхийг хориглосон байхад С.Бл гэрээ анх байгуулсан цагаас эхлэн бусдад дамжуулж хөлсөлсөн байсан.

С.Бл миний орон сууцыг бусдад дамжуулан хөлсөлж, ашиг орлого олсон, анх хүлээлгэж өгснөөс илт дордуулсан. Иймд хэвийн байдалд нь оруулж завсар хийхэд шаардлагатай байгаа мөнгөн дүнг хариуцах үүрэгтэйг гэрээнд заасан тул би зээлийн төлбөр төлөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.б. Гэрээний 4.4-т орон сууцыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхгүй гэж заасан байтал З.Батдөл гэрээний заалтыг зөрчиж бусдад дамжуулан түрээслэж ашиг орлого олж, орон сууцыг илт дордуулж муутгасан. 

Би анхны гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-нд дууссанаас хойш 2 жилийн хугацаанд бусдад сарын 550,000 төгрөгөөр хөлсөлсөн бол 13,200,000 төгрөг олох байсан тул С.Блөөс гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохиролд гаргуулж, орон сууцыг суллуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгад: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 287 дугаар зүйлийн 287.1, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой Бат-Эрдэнийн Мөнхцэцэгээс /РД:УХ89021363/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,000,000 төгрөг гаргуулан, Иеншөөбү овогтой Сэнгээгийн Батдөлд /РД:ТК86091036/ олгож, шаардлагаас үлдэх 4,950,000 төгрөг гаргуулах болон олох байсан орлогод 13,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Мэгийг зээлийн гэрээний үүргээ биелүүлмэгц С.Блийн эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 25 байр, 6 тоот орон сууцыг чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 237,700 төгрөг, хариуцагчаас төлсөн 223,980 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 4.а Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч хэргийн материал танилцах үндэслэлээр 7 хоногоор хойшилсон байдаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9 цагт товлогдсон шүүх хуралдааныг хариуцагч Б.Мэгт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Хариуцагчид шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй буюу өмнөх шүүх хуралдаанд ирээгүй нь дараагийн шүүх хуралдаанд ирэхгүй гэсэн үг биш юм. Гэтэл шүүх шийдвэртээ ийм агуулга бүхий дүгнэлт хийж, зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь түүний хуулиар олгогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбар, татгалзлаа хэлж, мэтгэлцэх эрхийг хангаагүй ноцтой зөрчил болсон. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад 09 цагт товлогдсон шүүх хуралдааныг 09 цаг 06 минутанд эхлүүлсэн байх бөгөөд хэрвээ шүүхийн үзэж байгаагаар утасны дугаараар мэдэгдэх нь хуульд заасан журамд хамаардаг юм бол хуралдаан эхлэхийн өмнө хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд мэдүүлсэн дугаар луу залгаж ирж байгаа эсэх, оролцох эсэхийг нь асуух зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж байна.

4.б. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь талуудын хооронд зээл болон орон сууц хөлслөх холимог гэрээ гэж байгуулагдснаар анх иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн байх боловч уг гэрээний харилцаа дуусгавар болоход зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ гэж тус тусад нь байгуулсан үйл баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн тусгай ангид буюу гэрээний эрх зүйд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхэд чиглэсэн гэрээний нэг төрөл болох зээлийн гэрээг бусдын эзэмшил ашиглалтанд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл болох орон сууц хөлслөх гэрээтэй адилтгаж, ижил төрлийн харилцан шаардлага гэж үзэн Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох боломжгүй юм.

4.в. Түүнчлэн хэрвээ шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах боломжгүй гэж үзсэн тохиолдолд хуулийн энэ заалтыг хэрэглэх болсон үндэслэлээ нотлох баримтанд тулгуурлан тодорхой тайлбарлах шаардлагатай. Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр заалт бол 2 талын гэрээнд үүрэг зөрчигдснөөс үүсэх хохирол шаардах ерөнхий зохицуулалт болохын хувьд тодорхой урьдач нөхцлүүдтэй. Гол нөхцөл нь гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, уг хугацаанд үр дүн гараагүй байхыг ойлгох бөгөөд гэтэл шүүхээс чухам аль гэрээний үүрэг зөрчигдсөн талаар, аль талын гэм буруутай үйлдэл байгаа болон нэмэлт хугацаа тогтоосон эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж энэ заалтаар хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүхийн шийдвэрт үүрэг гүйцэтгэх дарааллын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Учир нь хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,000,000 төгрөг нэхэмжлэгчид төлснөөр нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь орон сууцыг чөлөөлөхөөр заасан нь хариуцагчийн өөрийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах талаар өмчийн эрхийг нь ноцтой зөрчиж, доройтуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдолд гаргасан тайлбарын агуулга: 5.а. Анх 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон бөгөөд хариуцагч Б.Мэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргана гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр товлосон боловч тухайн өдөр мөн адил хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тул шүүх хуралдааныг дахин 7 хоногоор хойшлуулж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр явуулахаар товлосон. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Мэг өөрөө ирээгүй, түүний өмгөөлөгч н.Номинцэцэг ирж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ шүүхэд гаргаж оролцсон. Хариуцагчийн хувьд ажил төрөл ихтэй гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирдэггүй, өнөөдрийн хувьд ч мөн адил ирээгүй байна. Шүүх хуралдаанд өөрөө оролцох боломжгүй тул өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Шүүх хуралдаан хойшлох бүрд 7, 7 хоногийн зайтай шүүх хуралдааныг товлож байсан. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. Миний бие тус шүүх хуралдаанд 08 цаг 30 минутад ирсэн. Ингээд шүүх хуралдаан эхлэхгүй 7-8 минут хүлээсний эцэст миний бие шүүх хуралдааныг эхлүүлэх хүсэлтээ илэрхийлснээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн тухайн өдөр шүүгчийн туслахын зүгээс хариуцагч Б.Мэгт утсаар шүүх хуралдаан болох гэж байгааг мэдэгдсэн нь хэрэгт баримтаар авагдсан. Тиймээс тус өдрийн шүүх хуралдааны товыг мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

5.б. 2017 онд байгуулсан уг гэрээний хугацаа дуусаагүй. Учир нь гэрээний 5.1 дэх заалт хэрэгжээгүй тул тус гэрээ өнөөдрийг хүртэл хүчинтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусгавар болсон ч талууд уг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Улмаар талууд харилцан тохиролцож гэрээнүүдээ дахин 1 жилээр сунгасан. Гэхдээ орон сууц хөлслөх гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Мөн уг гэрээний 4.4-т орон сууцыг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхгүй гэж заасан. Улмаар би 2019 онд орон сууц худалдан авснаар Б.Мэгийн орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон. Энэ тухайгаа Б.Мэгт хэлж, мөнгөө буцааж авья гэхэд боломжгүй талаар хэлж, гэрээг сунгах санал тавьсан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн буюу хугацаа сунгасан гэрээний 3.14-т “...хөлслөгч нь хөлсөлсөн орон сууцаа хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр гуравдагч этгээдэд дамжуулан түрээсэлж болно...” гэх заалтыг шинээр нэмж оруулсан. Ингээд 2021 оны 5 дугаар сараас хариуцагчийн зөвшөөрлийн дагуу өөр этгээдэд орон сууцыг түрээсэлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээн хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч С.Бл нь хариуцагч Б.Мэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч олох байсан орлогод 13,200,000 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.1. С.Бл, Б.Мэг нар нь орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, С.Бл нь  11,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, Б.Мэг нь зээлийн хүүгийн төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг мөн хугацаагаар хөлслүүлэхээр тохиролцсон. С.Бл нь Б.Мэгт 11,000,000 төгрөгийг, Б.Мэг нь С.Блд орон сууц эзэмших эрхийг шилжүүлсэн талаар маргаангүй байна.

Талууд гэрээг 2 удаа сунгаж, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон талаар маргаангүй байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээ байгуулагдсан, талуудын тохиролцоо нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч Б.Мэг нь зээлийн гэрээний үүрэг болох 11,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээгүй гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг зааснаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүх 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

3.2.Түүнчлэн  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин нэхэмжлэгч С.Бл нь хариуцагч Б.Мэгийн зээл буцаан төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 05 дугаар сар хүртэл хойшлуулсан атлаа  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарах алданги шаардаж буй нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж алдангид 4,950,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

4.1. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээг сунгах гэрээний 3.14-т “хөлслөгч нь хөлсөлсөн байраа хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр гуравдагч этгээдэд дамжуулан суулгаж болно” гэж тохиролцсон байхаас гадна нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2 жилийн хугацаанд орон сууцыг бусдад дамжуулан хөлсөлсөн гэх үйл баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш н.Болор-Эрдэнэд уг орон сууцыг дамжуулан хөлсөлсөн гэх байдал нь сөрөг нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарахгүй байна. Иймд гэрээний үүргийг зөрчсөнтэй холбогдуулан хохиролд 13,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4.2. Талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 2.4 дэх хэсэгт “зээлдэгч зээл 11,000,000 төгрөгийг бэлнээр буюу дансаар төлснөөр зээлдүүлэгч буюу хөлслөгч орон сууцыг чөлөөлж өгнө, эдгээрийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ” гэж тохиролцсон байна. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэнтэй нийцсэн, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна. Талууд хэн алинхаа өмнө хүлээх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэхээр тохиролцохыг хуулиар хориглоогүй тул энэ агуулгаар анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснийг буруутгахгүй юм. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан хоёр этгээдийн хооронд үүссэн ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож дуусгавар болгохоор дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон боловч шийдэлд нөлөөлөхгүй байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Хариуцагч Б.Мэг нь өмгөөлөгч Б.Номинцэцэгтэй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулжээ. Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн байна. Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаас үзвэл хариуцагч Б.Мэгт түүний шүүхэд мэдүүлсэн 88002947 тоот дугаарын утсаар залгаж анхан шатны шүүх хуралдаан 2021 оны  11 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон талаар мэдэгдсэн байна. Түүнээс гадна хариуцагч Б.Мэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй, мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй байна. 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02900 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА