Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02763

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02763

Улаанбаатар хот

 

                

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазар гудамж, барилга, тоотод оршин байх, “Р ББСБ” ХХК -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Х дугаар байр, тоотод оршин суух, Хайртынхан овогт Э.У-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 97 294 246 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Р ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Э.У-тай 04/01 дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, 70 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар байгуулж, зээл 70 000 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчид бэлнээр олгосон. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөхгүй 97 хоног хэтрүүлсэн.

 

Иймд Э.У-с зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 26 178 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 116 164 төгрөг, нийт 97 294 246 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Мөн хариуцагч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033264 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байр, 113 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.У хуучин ажил олгогч нар болох Б.Б болон Л.Н нар миний нэр дээр байдаг Баянгол дүүрэг, 6 хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байрны 113 тоот хаягт байрлах орон сууцыг 2018 онд Улаанбаатар банканд барьцаанд байршуулан өөрсдийн компанийн үйл ажиллагаандаа зарцуулах зээл авч байсан.

 

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б өөрийн найз болох “РУС финанс ББСБ” ХХК-ний захирал Т.Э-оор Улаанбаатар банк дахь зээлийн үлдэгдлийг хаалгуулж, нэмж зээл авхуулан, өөрийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах “Сийзон” зоогийн газрын засварын ажилд зарцуулсан. Энэхүү зээлийн төлбөрийн бүх асуудлыг Б.Билгүүн хариуцна гэдгээ Э.Ундрам болон Т.Энхболдод удаа дараа мэдэгдсэн бөгөөд Т.Энхболд нь тус зээлтэй холбоотой бүх асуудлыг зөвхөн Б.Билгүүнтэй ярилцаж мэдээлэл өгдөг байсан.

 

Б.Билгүүн нь зээлийн хугацаа дуусмагц төлөх боломжгүй гэдгээ Т.Энхболдод 2021 оны 4 дүгээр сард мэдэгдэж төлбөрийг зээлийн хариуцагч Э.Ундрамаас нэхэмжил хэмээн мэдэгдсэн. 2021 оны 5 дугаар сард Т.Энхболд зээлийн төлбөрийг Б.Билгүүн төлөх боломжгүй болсон тул яаралтай барагдуул гэж шаардсан.

 

Засгийн газраас ковид-19 цар тахалтай холбоотой хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон. Иймд уг хугацааны хүүгийн төлбөр болох 5 366 666 төгрөг, мөн уг хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 50 хувиар тооцох ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Э.У-д холбогдуулан 97 696 986 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 97 294 246 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчилсөн.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 26 178 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 116 164 төгрөг, нийт 97 294 246 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь уг шаардлага, үндэслэлийг “...хариуцагч зээлийн мөнгийг авч, хэрэглээгүй, ...зээлийг зоогийн газрын тохижуулалтад хэрэглэсэн боловч ковид-19 цар тахалтай холбоотой хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хөл хорионы хугацаанд хүү тооцогдохгүй тул хүүгийн төлбөр 26 178 082 төгрөгөөс 5 366 666 төгрөг хасагдана /92 хоногийн хүү/. Мөн дээрх хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50 хувиар хасагдаж тооцогдох ёстой” гэж үгүйсгэн маргажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар харилцан адилгүй тайлбар гарган маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1. 97 294 246 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч “Р” ХХК болон хариуцагч Э.У нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 04/01 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Э.У нь зээлдүүлэгч “Р” ХХК-иас 70 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх, зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь зээлийн гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээнд заасны дагуу 70 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Хариуцагч нь үндсэн зээл 70 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь нэхэмжлэгч байгууллагын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-аар тогтоогдож байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зээл 70 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан гэх үндэслэлийг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгчийг гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан 70 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь зээлийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, гэрээний хугацааг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй. Гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч нь үндсэн зээл 70 000 000 төгрөгөөс буцаан төлөлт хийгээгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 70 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний 3.1.1-д зээлийн хүүгийн хэмжээг нэг сарын 2.5 хувь байхаар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасантай нийцсэн байна.

 

Гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүйг үгүйсгээгүй.

 

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь гэрээний хугацаа дууссан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 26 178 082 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 116 164 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 42 дугаар зүйл зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцох бөгөөд мөн зүйлийн 10.10-т зааснаар цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар баталсан “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ын 2 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид хандаж хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс 5 366 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 558 082 төгрөгийг тус тус хасаж тооцох үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадахгүй байна. Нөгөөтээгүүр, хариуцагчийн “...тухайн зээлийг өөрөө хэрэглээгүй” гэх тайлбар нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 04/01 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Уг барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205033264 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байр, 113 тоот хаягт байршилтай, 72.89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь барьцааны гэрээ болон улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 26 178 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 116 164 төгрөг, нийт 97 294 246 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.У-с 97 294 246 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205033264 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байр, тоот хаягт байршилтай, 72.89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716 634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 714 621 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН