Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00093

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00093

 

 

РФ ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02763 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч РФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Уд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 97,294,246 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1  04/01 тоот гэрээгээр зээлд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 70 000 000 төгрөг,

1.2  Хүү 26,580,821 төгрөг,

1.3  Нэмэгдүүлсэн хүү 1,116,164 төгрөг, нийт 97,696,986 төгрөгийг гаргуулна

Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байрны 113 тоот хаягт байршилтай 72.89 м.кв талбай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулж өгнө үү.

Э.Уын хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 04/01 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулан барьцаа хөрөнгийн холбогдох бүртгэлийг хийсэн. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлийн гэрээний 8.2.7-д заасны дагуу зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, зээл, хүүгийн төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөх хугацааг 97 хоног хэтрүүлсэн. Удаа дараа сануулахад төлөхгүй хойшлуулсан. Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 04/01 тоот гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн татгалзал:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Э.Уын хуучин ажил олгогч нар болох Б.Б-, Д.Н- нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байр, 113 тоот хаягт байрлах байрыг 2018 онд УББ ХХК-д барьцаалж өөрсдийн компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар зээл авсан. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б- өөрийн найз болох РФ ББСБ ХХК-ийн захирал Т.Э-оор УББ ХХК дахь зээлийн үлдэгдэл төлбөрийг хаалгуулж нэмж зээл авахуулан өөрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сийзон зоогийн газрын засварын ажилд зарцуулсан. Энэхүү зээлийн төлбөрийн бүх асуудлыг Б.Б- хариуцна гэдгээ Э.У болон Т.Э- нарт удаа дараа мэдэгдсэн бөгөөд Т.Э- нь тус зээлтэй холбоотой бүх асуудлыг зөвхөн Б.Б-тэй ярилцаж мэдээлэл өгдөг байсан. Б.Б- зээлийн хугацаа дуусмагц төлөх боломжгүй гэдгээ Т.Э-од 2021 оны 4 дүгээр сард мэдэгдэж, зээлийн төлбөрийг хариуцагч Э.Уаас нэхэмжил хэмээн мэдэгдсэн. 2021 оны 05 дугаар сард Т.Э- зээлийн төлбөрийг Б.Б- төлөх боломжгүй болсон тул яаралтай барагдуул гэж шаардсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Уаас 97,294,246 төгрөг гаргуулан нэхэмжлэгч РФ ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205033264 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байр, 113 тоот хаягт байршилтай, 72.89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 714,621 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.а. Зээлийн хүүгээс 5 366 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 558 082 төгрөгийг хасах үндэслэлтэй.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоосон буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлээ төлөх боломжгүй байсан өдрүүдийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү. Хатуу хал хорио тогтоосонтой холбогдуулан түүнийг давагдашгүй хүчин зүйлд хамааруулах, тухайн зээлийн хүүгээс хэдэн төгрөгийг хасч тооцох нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн буруу. Зээлийн хүүгээс 5 366 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 558 082 төгрөг хасч тооцох тооцоолол, аргачлалыг шүүхэд танилцуулсан. Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сараас хойш 2021 оны 5 дугаар сарыг дуустал Засгийн газар, Улсын онцгой комиссын холбогдох шийдвэрүүдийн дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, энэ талаарх шийдвэр, хэдэн өдрийн хатуу хөл хорио тогтоосон зэрэг мэдээллийг иргэний хувьд олж авах боломжгүй, www.legalinfo.mn вэб сайтад нэгдсэн байдлаар байршуулаагүй нөхцөл байдал үүссэн. Шүүх хуралдааны явцад нийт 92 хоногийн хөл хорио тогтоосон.

 

4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээч томилох шаардлагатай байсан гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч тал гаргасан тайлбартаа: Анх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тайлбар гаргасан. Үүний дараа анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон. Тухайн өдөр хариуцагч талаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар Худалдаа хөгжлийн аж үйлдвэрийн танхимд хүсэлт өгсөн, гэрчилгээ гарах хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах, мөн Улсын бүртгэлийн газраас барьцаа хөрөнгийн лавлагаа гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хугацаа олгосон байхад ямар нэгэн байдлаар нотлох баримт гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч РФ ББСБ ХХК нь хариуцагч Э.Уд холбогдуулан

1.1  2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/01 дугаартай зээлийн гэрээгээр 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлд 70 000 000 төгрөг,

1.2  Хүү 26,580,821 төгрөг,

1.3  Нэмэгдүүлсэн хүү 1,116,164 төгрөг, нийт 97,696,986 төгрөгийг гаргуулах

Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байрны 113 тоот хаягт байршилтай 72.89 м.кв талбай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зээл 70,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, хүү 5 366 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 116 164 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1, 24/

 

Зохигч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 04/01 дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нэхэмжлэгч РФ ББСБ ХХК нь 70 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон. /хх8-9/

 

Зээлийн мөнгөн хөрөнгө 70 000 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр олгосонд талууд маргаангүй. Энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх66/

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, гэрээний хугацааг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 97 хоног хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх8-9/

 

Гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч нь буцаан төлөлт хийгээгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон. /хх68-69/

 

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хэтэрсэн хугацаанд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах эсэхэд талууд маргаантай байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан нь ерөнхий зохицуулалт юм. Тухайн асуудлыг тусгайлан зохицуулсан нарийвчилсан хуулийн заалт нь ерөнхий заалтаасаа өмнө хэрэглэгдэх юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлд зээлийн хугацаа хэтрэлтийг нарийвчлан зохицуулсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Мэргэжлийн байгууллага болох банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээлдэгчтэй байгуулсан гэрээндээ хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байхыг тусгах ёстой. Талуудын гэрээний 5.2.2-т хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүг төлөхөөр заасан боловч хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг буюу тодорхой хувь заах заалтыг биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн хэтэрсэн хугацааны хүү 5,366,666 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх гомдлоос 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын ...шүүх санаачлагаараа нотлох баримт бүрдүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх юм.

 

Харин хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Хариуцагчийн давж заалдах гомдлоос нэмэгдүүлсэн хүү 558 082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02763 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 97 294 246 гэснийг 92,044,246 гэж, олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

 

3 дахь заалтын 714 621 гэснийг 618,171 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,422 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД