Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2018/00107

 

     Х.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00426 дугаар шийдвэртэй, Х.А-ийн нэхэмжлэлтэй, М.Ө-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, орчуулагч А.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Ө, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн өмч болох Могойт гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2500000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800000 төгрөг, "Загаст нуур" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2500000 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 төгрөг, 2 машин аргалын үнэ 160000 төгрөг, 2 машин өвсний үнэ 600000 төгрөг, иргэний цахим үнэмлэхийн үнэ 18800 төгрөг, нийт 11578800 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие эцгээр овоглож яваа М гэдэг хүний дагавар хүүхэд нь байсан. Намайг 4 настай байхад миний төрүүлсэн эх А нь хойд эцэг М-тай гэр бүл болсон. Аав маань намайг хайрлан, хамгаалан өсгөж 6-р анги хүртэл сургуульд суралцуулснаар дунд боловсролтой болсон ба 2003 онд миний эгч болох З нөхөрт гарсан учраас мөн оноос мал хариулах болон хар бор ажилд туслах зорилгоор намайг сургуулиас гаргаж авсан. Би 2006 онд 16 нас хүрч иргэний цахим үнэмлэх авах үед аав намайг Н гэсэн нэрээр гэрчлэн бичүүлж цахим үнэмлэх авч өгсөн ба тухайн үед ямар зорилгоор миний нэрийг өөрчлөн өгснийг би мэдэхгүй юм. Түүнээс хойш одоо хүртэл албаны болон албан бус бичиг баримтуудад миний нэр Н гэсэн нэрээр бүртгэгдэж байгаа. Миний нэрийг өөрчлөх явдалтай шууд холбоотой ба би өөрийн хүсэлтээр болон санаагаар, ямар нэгэн зорилгоор нэрээ өөрчлөөгүй. Хойд эцэг М нь амьд сэрүүн байхад намайг өөрийн хүүхдүүдийн адил хайр халамжаа хүртээж, намайг гэр бүлтэй болоход тусдаа гаргаж, үл хөдлөх хөрөнгө болон мал тасалж өгсөн юм. Миний хувьд дүү Ө-тай болон эгч З-тэй ямар нэгэн өс хонзон санасан зүйлгүй хүндэтгэж явдаг ба аавын нас барсан байдлыг ашиглан эгчтэй хамтарч миний дүү болох М.Ө маргаан үүсгэж, хэл ам гаргаж байгаа миний хувийн өмч болох Могойт гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2500000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800000 төгрөг, "Загаст нуур" гэх газарт байгаа 5x5 м2хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2500000 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 төгрөг, 2 машин бэлэн буулгасан аргал үнэ 160000 төгрөг, 2 машин өвсний үнэ 600000 төгрөг, 18800 төгрөгийн үнэтэй иргэний цахим үнэмлэхийн хамт нийт 11578800 төгрөгийн эд хөрөнгийг булаан авч, намайг хөөж явуулан, миний өмчлөх эрхэд халдаж байна. ЗИЛ 130 машиныг 2014 оны 6-р сарын 5-ний өдөр миний ээж Н.А цалингийн зээлээр аваад тухайн үед аавын нэр дээр бүртгүүлсэн байсан ба 2016 оноос аавыг амьд сэрүүн байх үед олж миний нэр дээр бүртгүүлсэн байсан.Энэ машиныг авсан өдрөөс эхлэн би хариуцаж ашиглаж байсан ба миний дүү Ө-д ямар ч холбоогүй. Миний нэр дээр бүртгүүлснээс хойш машинтай холбоотой татвар, даатгал зэрэг төлбөрийг өөрийн биеэр одоо хүртэл төлж байгаа. Иймд миний эдгээр эд хөрөнгийг М.Ө-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.      

           

Хариуцагчийн тайлбарт: “Миний аав А.М нь ээж Б.Ма-тай 1978 онд гэр бүл болж З, Р, Б, М, Н, Ө гэх 6 хүүхэдтэй болсон. Ээж Б.Ма нь 1993 онд намайг 1 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Улмаар аав маань Н.А-тэй 1993 оны 3 сард гэр бүл болсон. Миний аав 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би айлын отгон хүү учраас казах түмний заншил ёсоор айлын гал голомтыг сахих хүн нь юм. Н.А нь /Н-ын ээж нь/ миний аавтай гэрлэх үед А гэх нэртэй хүүхдээ дагуулж ирсэн юм. Үүнийг манай хамаатан садангууд бүгд мэддэг. 2013 онд А гэр бүл болоход аав маань мал, байшин, хөрөнгө тасалж өгч тусад нь гаргасан. Түүнд өөрийнхөө төрсөн хүүгээс өөрцгүй ханддаг байсан. Харин яаж яваад А нэртэй хүү миний нас барсан ах Н-ын нэр, регистрийн дугаарыг эзэмшиж нас барсан хүний нэрээр нэрлэгдэн, овоглогдож явааг би ойлгохгүй байна. Надад Н гэдэг ах маань байсан нь үнэн. 1989 онд төрж 1995 онд 6 настайд нас барсан. Үүнийг А өөрөө ч мэдэж байгаа. Ах Н-ыг Цэнгэл сумын Могойтод оршуулсан шарил нь тэнд байдаг. Эцэг, эх нь өөр мөртлөө миний аав М, ээж Ма нарын төрсөн хүү мэт бүртгэгдэж явж байгааг би ойлгохгүй байна. Үүнийг холбогдох хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно. Н.А нь миний хойд ээж учраас аав нас барангуут элдэв шалтаг тоон тусдаа гарахыг санаархаж, "намайг гэрээс минь хөөсөн" хэмээн тус шүүхэд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Ер нь Н.А хүү А хоёр нийлээд өнчин хоцорсон намайг дарамтлан миний аавын хүч хөдөлмөрөөрөө олсон хөрөнгийг өөрийн болгох санаатай тал талаас нь над руу дайрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж би ойлгож байгаа. Түүнээс биш А нь гэр бүл болоход авах зүйлээ авч тусдаа гарсан хүн. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

1.Түүний нэхэмжилж байгаа ЗИЛ-130 маркийн машиныг аав нас барахаас өмнө 2013 онд хөдөө, гадаа нүүхэд шаардлагатай байсан тул хэрэглэх гэж худалдаж авсан юм. Энэ машиныг эхэндээ би барьж гэрээ нүүлгэдэг байснаа сүүлд шаардлагатай үед А бид хоёр ээлжилж жолооддог байсан. Машин нь манай аавын нэр дээр бүртгэлтэй байснаа аав нас барангуут 2016 оны 12 дугаар сард Н буюу А-ийн нэрд шилжсэн байсныг олж мэдсэн. Би энэ тухай мэдээгүй байсан. Аавын минь хөрөнгийг нас барангуут шунахай сэтгэл гаргаж өөрийнхөө нэрд шилжүүлж авсан А-ийн үйлдлийн би зөвтгөхгүй. Энэ машин бол манай гэрийн хөрөнгө болохоос А-ийн хувийн машин биш юм. Хэрэв тэрээр ах дүүгийн хувьд учраа хэлж энэ машиныг би авъя гэх юм бол би зөвшөөрөх байсан. Түүнтэй аавын маань хэдэн хөрөнгийг булаацалдах сонирхол эхэндээ надад байгаагүй. Гэтэл надад хэлэлгүй өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчхаад одоо машин минийх гэж маргаж, надад дайрч байгаа нь ёс бус зүйл.

 

2.Н буюу А тусдаа гарахдаа түүнийг суулгах манай өвөлжөөний хажууд байшин байгаагүй тул Могойтын хаваржаанд байрлах 5x5 харьцаатай модон байшинд суулгасан юм. 2013 оноос хойш Н буюу А нь тэнд амьдарч байгаа. Могойтод байрлах хаваржааг байшингийн хамт 2004 онд хүнээс аав маань худалдаж авч, эхэндээ хүргэн ах Е суудаг байснаа сүүлд 2009 оноос хойш ах Б хаварждаг болж 2013 оноос илүү байшинд А суудаг болсон. Түүнээс биш нэхэмжлэлдээ бичсэнчлэн А-ийн хувийн өмч биш юм. Харин ч ах Бд аав маань өгсөн хаваржаа юм. Нэгэнт аав маань амьд ахуйдаа Могойтын хаваржаа дахь байшинд А-ийг суулгасан тул тухайн байшинг А-т өгөхөд татгалзах зүйлгүй. Харин байшингаа өнөөдөр нүүлгэж авна гэвэл дуртайяа зөвшөөрнө. Түүн шиг хорон санаатай хүнтэй цаашид хамт байх хүсэл надад алга.

 

3.Н буюу А-ийн нэхэмжилж байгаа Загаст нуур дахь өвөлжөөнд байрлах 5x5 харьцаатай байшин, амбаар нь түүний өмч биш юм. 2003 онд миний эгч З нь Е-тай сайн дурын үндсэн дээр гэр бүл бодоход аав маань хүргэн ах, эгч хоёрт дүү Б-нд мал маллахад нь тус дэм болоорой гэж Загаст нуурт байрлах өвөлжөөндөө байсан маргаж байгаа 5x5 харьцаатай амбаар бүхий өвлийн байшинг өгсөн юм. Манайх 2003 он хүртэл Загаст нуурт байрлах байшиндаа /маргаж байгаа/ өөрсдөө өвөлждөг байсан ба 2004 оноос багийн төвөөс шинээр байшин худалдаж авсан тул тийшээгээ нүүхэд сул байшинг хүргэн ах, эгчид өгч тэд 2004 оноос тасралтгүй 2014 он хүртэл амьдарсан. Хүргэн ах, эгч маань 2014 оны 9 дүгээр сард хүүхдүүдээ суралцуулахаар сумын төвд өвөлжиж зуунд манайхтай цуг зусдаг болсон. 2009 онд ах Б гэрлэхэд Загаст нуур дахь өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр хүргэн ах Е-ныхтай цуг өвөлждөг болсон. Өөрөөр хэлбэл Загаст нуур дахь өвөлжөөнд 2 байшин байгаа бөгөөд нэг нь Б-ых, нөгөө нь /маргаан байгаа байшин/ хүргэн ах Е, эгч З-ийн байшин юм. 2014-2015 онд А буюу Н нь өвөлжих байшин байгаагүй тул миний ах эгчээс зөвшөөрөл авч тэд нарын эзгүйд 2 жил өвөлжсөн болохоос түүний хувийн өмч биш юм. Хэрэв хүргэн ах Ержан, эгч З нар сумын төвд өвөлжөөгүй бол тухайн байшинд одоо хүртэл өөрсдөө суух байсан. 2 жил гуйж суучхаад аав нас барангуут түүнийг ашиглан хөрөнгөнд санаархаж байгааг би зөвшөөрөхгүй. Харин өвс болон түлээ нь өвөлжөөний тэнд байгаа. Авна гэвэл түүнд хэн ч саад болохгүй. Элдэв зүйлийг шалтгаалан шүүхэд худал нэхэмжлэл гаргаснаас надтай ирж уулзсан бол би хүн юм хойно түүнийг ойлгох байсан. Багасаа хамт өссөн ах дүү мөртлөө надад учраа хэлж Могойтод байрлах байшин болон машиныг би авъя гэх юм бол би зөвшөөрөх байсан. Гэтэл ээжтэйгээ нийлж ганц бие намайг дарамталж өөрийн нэр дээр машиныг бүртгүүлж хорон санаа гаргаж хөрөнгө салгаж авах хүсэлтэй бол би хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: “Миний бие Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. 2003 оны 8 дугаар сард нөхөр Е-тай сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. 2003 оны 11 дүгээр сард аав М нь Загаст нуурын багийн төвд нүүхээр болсон тул өөрийнхөө байшинг бидэнд /маргаан бүхий байшин/ өгч дүү Б мал хариулахад тус дэм болоорой хэмээн суулгасан юм. Тухайн үед хадам аав, ээжийн хажууд байсан ба аавынхаа хүсэлтийн дагуу Загаст нуур дахь өвөлжөөнд нь ирж аавын маань хэлсний дагуу мал маллахад тусалсаар ирсэн. Биднийг анх Загаст нуурт нүүж ирэхэд аав М-ын өгсөн өвлийн байшин нь амбаар бүхий 3 тасалгаатай байсан ба нөхөр бид хоёр 2003 оны 11 дүгээр сараас эхлэн дүү Б-ы гэрийн хажууд түүнд туслан аавынхаа өвөлжөөнд өвөлждөг болсон.Би өвөл зуунгүй аавынхаа гэрийн хажууд суудаг болж улмаар 2009 онд дүү Б гэрлэхэд аав маань тусад нь гаргаж Загаст нуурын өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр манайхтай цуг өвөлждөг болсон. 2014 оны намар хүүхдүүдээ сургуульд суралцуулахаар Цэнгэл сумын төвд өвөлжих болсон тул болсон тул өвөлжөөнөөс нүүсэн юм. 2017 оны 3 дугаар сард Засагт нуур дахь өвлийн байшины хажууд байсан амбаараа нурааж сумын төвд авчирсан. Бид Загаст нуур дахь өвөлжөөнд 2003 оноос 2014 он хүртэл тасралтгүй суусан юм. 2013 онд Н гэр бул болж өвөлжих байшин байхгүй учраас 2014 оны намар би зөвшөөрч өөрийнхөө байшинд суулгасан юм. Н нь бидний зөвшөөрлөөр 2 жил өвөлжчихөөд одоо байшинг авах гэж маргаж байгаа бөгөөд түүнийг гэрлэхэд аав маань тусад нь гаргаж хөрөнгө тасдаж өгсөн түүнд огт хамаагүй юм. Иймээс Н бидний байшинг булаацалдах учиргүй юм. Иймд Загаст нуурын өвөлжөөнд байрлах амбаар бүхий өвлийн байшинг М нь нөхөр Е бид хоёрт өгсөн байшин бөгөөд уг байшингийн хууль ёсны өмчлөгч учир нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00426 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг тус тус баримтлан хариуцагч М-ын Ө-аас Цэнгэл сумын 2-р баг Могойт гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин нэг буюу 2500000 (хоёр сая таван зуун мянга)төгрөг, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар нэг буюу 800000 (найман зуун мянга) төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 (таван сая) төгрөг, 2 машин аргал буюу 160000 (нэг зуун жаран мянган) төгрөг бүгд 8460000 ( найман сая дөрвөн зуун жаран мянган) төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3118800 (гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун) төгрөгийн эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгожээ.

           

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Х.А-ийн нэхэмжлэлтэй М.Ө надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/0426 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Загаст нуур дахь модон байшинг 2 амбаарын хамт гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон ч маргаж буй миний аав М-ын машиныг А-т үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Энэ машиныг Ас-аас аав маань амьд ахуй цагт А-тэй цуг бид гурав хамт очиж 2014 онд худалдаж авсан. Өөрөөр хэлбэл 2015 оноос хойш нас барах хүртэл аав маань машиныг хэрэглэж байсан учраас хууль ёсны эзэмшигч нь мөн. Машин миний аав М-ын нэр дээр сумын татварын албанд бүртгэгдэж үзлэг оношлогоонд орж улмаар 2015, 2016 онд татварыг аав маань өөрөө төлсөн. Үүнийг нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүгч эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

2.Миний аав М 2016 оны 7 дугаар сард нас барж 2016 оны 12 дугаар сард А нь хуурамч машин худалдах гэрээ байгуулж машиныг өөрийн нэр дээр буулгасан нь гэрч Асхарын мэдүүлгээр нотлогдсон. Ас нь машин худалдах тухай бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, машин худалдаж авах үед М очсон гэдгийг шүүхэд мэдүүлсэн. Мөн Ас-ын эхнэр нь А-ийн эхнэртэй төрөл садангийн холбоотой болохыг би сүүлд мэдсэн учраас тэрээр нэхэмжлэгчид ашигтай мэдүүлж үнэн бодит байдлыг хэлэхгүй нь тодорхой. Аийн ээж А нь М нас барсны дараа танил Алтынтэй хуйвалдаж машин худалдах худалдах авах гэрээг хуурамчаар үйлдэн А-ийн нэр дээр ЗИЛ 130 маркийн машиныг 2016 оны 12 дугаар сард бүртгүүлсэн. Үүнийгээ Алтын М нас барсны дараа Ас-ын иргэний үнэмлэхийг ашиглан гэрээ үйлдсэнээ тодорхойлолтод хүлээж бичсэн байдаг.

 

3.Миний хойд ээж А нь аав маань нас бармагц өрх тусгаарлах зорилгоор өөрийнхөө төрсөн хүү А-т бидний гэр бүлийн хөрөнгө болох машиныг хувийн сонирхлоор хуурамч бичиг баримт үйлдүүлэн нас барсан хүний эзэмшлийн машиныг шилжүүлсэн буруутай үйлдэлд шүүх анхаараагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нь аавын маань байхгүй байгааг ашиглаж надтай хөрөнгө булаацалдаж 2017 оны 9 сараас хойш өөрийнхөө нэрээр болон дүүгийн маань нэрээр надыг холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж сүүлд үлдсэн хөрөнгийг А-ийн нэрээр нэхэмжилж байгаа эд хөрөнгийн ашиг сонирхлыг шүүх мэдсээр байж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4.Энэхүү маргаан бүхий машиныг 2015 онд буюу аав маань нас бараагүй байгаа үед гэр бүлийн хөрөнгөөр худалдаж авсан учраас манай гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцогдох бөгөөд дундын өмчийн бусдад шилжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой Аман нь өөрийн хөрөнгөөр машин худалдаж авсан нь нотлогдоогүй ба А банкнаас 6 сая төгрөг зээл авч Ас-ыг дагуулан очиж банкнаас мөнгө гаргаж өгсөн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог ч хэрэгт авагдсан А-гийн банкны дансны 2015 оны 5 дугаар сарын хуулгаар түүний данснаас 6 сая төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болохыг шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоосон. Өөрөөр хэлбэл 2015 оны 5 дугаар сард түүний данснаас 6 сая төгрөг гараагүй нь машиныг М гэр бүлийн хөрөнгөөр худалдаж авсныг нотлох юм.

 

Өмчлөгч А өмчлөх эрхээ хуульд заасан журмаар хууль ёсоор олж аваагүй нь нотлогдсоор байхад машиныг түүний өмч гэж шүүх шийдвэрлэх ёсгүй байсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас X.Ө надаас 3ил-130 маркийн машин гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.А нь  хариуцагч М.Ө-д холбогдуулан 5х5 хэмжээтэй модон байшин буюу үнэ 2500000 төгрөг, 3х5 хэмжээтэй модон амбаар буюу 800000 төгрөг, 5х5 хэмжээтэй модон байшин 4х4 хэмжээтэй хоёр амбаар буюу 2500000 төгрөг, ЗИЛ-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай машин буюу 5000000 төгрөг, 2 машин аргал буюу 160000 төгрөг, 2 машин өвс буюу 600000 төгрөг, иргэний үнэмлэхийн хамт бүгд 11578800 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 01331636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, гэрч нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг нотлох баримтад үндэслэгдсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ гэрч нарын тодорхойлолт  зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 5х5 хэмжээтэй модон байшин 4х4 хэмжээтэй хоёр амбаар буюу 2500000 төгрөг, 2 машин өвс буюу 600000 төгрөг зэрэг эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч ЗИЛ-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай машин буюу 5000000 төгрөг  дундын хөрөнгө болох талаар нотлох баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан ЗИЛ-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай машин миний аав болох М-ын машин байсан бидний дундын хөрөнгө тул ЗИЛ-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай машин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан боловч дээрх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй  болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                       Д.КӨБЕШ