Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар  001/ХТ2021/00023

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00031 дүгээр магадлалтай,

М.Н-ын нэхэмжлэлтэй,

М.Ө-д холбогдох,

11.578.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Апейн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 4 настай байхад миний төрүүлсэн эх Апей нь хойд эцэг Махпозтай гэр бүл болсон. Би өөрийн хүсэлтээр болон ямар нэгэн зорилгоор нэрээ өөрчлөөгүй. Хойд эцэг Махпоз нь амьд сэрүүн байхад намайг өөрийн хүүхдүүдийн адил хайр халамжаа хүртээж, намайг гэр бүлтэй болоход тусдаа гаргаж, үл хөдлөх хөрөнгө болон мал тасалж өгсөн. Миний дүү Өмиржантай болон эгч Зейнегүлтэй ямар нэгэн өс хонзон санасан зүйлгүй хүндэтгэж явдаг ба аавын нас барсан байдлыг ашиглан эгчтэй хамтарч миний дүү болох М.Ө- маргаан үүсгэж, хэл ам гаргаж байгаа миний хувийн өмч болох Могойт гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2.500.000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800.000 төгрөг, "Загаст нуур" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2.500.000 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000 төгрөг, 2 машин бэлэн буулгасан аргал үнэ 160.000 төгрөг, 2 машин өвсний үнэ 600.000 төгрөг, 18.800 төгрөгийн үнэтэй иргэний цахим үнэмлэхийн хамт нийт 11.578.800 төгрөгийн эд хөрөнгийг булаан авч, намайг хөөж явуулан, миний өмчлөх эрхэд халдаж байна. ЗИЛ 130 машиныг 2014 оны 6-р сарын 5-ний өдөр миний ээж Н.Апей цалингийн зээлээр аваад тухайн үед аавын нэр дээр бүртгүүлсэн байсан ба 2016 оноос аавыг амьд сэрүүн байх үед олж миний нэр дээр бүртгүүлсэн байсан.Энэ машиныг авсан өдрөөс эхлэн би хариуцаж ашиглаж байсан ба миний дүү Өмиржанд ямар ч холбоогүй. Миний нэр дээр бүртгүүлснээс хойш машинтай холбоотой татвар, даатгал зэрэг төлбөрийг өөрийн биеэр одоо хүртэл төлж байгаа. Иймд миний эдгээр эд хөрөнгийг М.Ө-аас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч М.Ө- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав А.Махпоз нь ээж Б.Магитай 1978 онд гэр бүл болж Зейнегүл, Ризагүл, Бахытжан, Майра, Нуржол, Өмиржан гэх 6 хүүхэдтэй болсон. Ээж Б.Маги нь 1993 онд намайг 1 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Улмаар аав маань Н.Апейтэй 1993 оны 3 сард гэр бүл болсон. Миний аав 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би айлын отгон хүү учраас казах түмний заншил ёсоор айлын гал голомтыг сахих хүн нь юм. Н.Апей нь /Нуржолын ээж нь/ миний аавтай гэрлэх үед Аманбек гэх нэртэй хүүхдээ дагуулж ирсэн. Үүнийг манай хамаатан садангууд бүгд мэддэг. 2013 онд Аманбек гэр бүл болоход аав маань мал, байшин, хөрөнгө тасалж өгч тусад нь гаргасан. Харин яаж яваад Аманбек нэртэй хүү миний нас барсан ах Нуржолын нэр, регистрийн дугаарыг эзэмшиж нас барсан хүний нэрээр нэрлэгдэн, овоглогдож явааг би ойлгохгүй байна. Надад Нуржол гэдэг ах маань байсан нь үнэн. 1989 онд төрж 1995 онд 6 настайд нас барсан. Үүнийг Аманбек өөрөө ч мэдэж байгаа. Ер нь Н.Апей хүү Аманбек хоёр нийлээд өнчин хоцорсон намайг дарамтлан миний аавын хүч хөдөлмөрөөрөө олсон хөрөнгийг өөрийн болгох санаатай байна.

1. Түүний нэхэмжилж байгаа ЗИЛ-130 маркийн машин нь манай аавын нэр дээр бүртгэлтэй байснаа аав нас барангуут 2016 оны 12 дугаар сард Нуржол буюу Аманбекийн нэрд шилжсэн байсныг олж мэдсэн. Энэ машин бол манай гэрийн хөрөнгө болохоос Аманбекийн хувийн машин биш юм.

2. Могойтод байрлах хаваржааг байшингийн хамт 2004 онд хүнээс аав маань худалдаж авсан. Нэгэнт аав маань амьд ахуйдаа Могойтын хаваржаа дахь байшинд Аманбекийг суулгасан тул тухайн байшинг Аманбект өгөхөд татгалзах зүйлгүй.

3.Нуржол буюу Аманбекийн нэхэмжилж байгаа Загаст нуур дахь өвөлжөөнд байрлах 5x5 харьцаатай байшин, амбаар нь түүний өмч биш юм. 2003 онд миний эгч Зейнегүл нь Ержантай сайн дурын үндсэн дээр гэр бүл бодоход аав маань хүргэн ах, эгч хоёрт дүү Бахытжанд мал маллахад нь тус дэм болоорой гэж Загаст нуурт байрлах өвөлжөөндөө байсан маргаж байгаа 5x5 харьцаатай амбаар бүхий өвлийн байшинг өгсөн. Өөрөөр хэлбэл Загаст нуур дахь өвөлжөөнд 2 байшин байгаа бөгөөд нэг нь Бахытжаных, нөгөө нь /маргаан байгаа байшин/ хүргэн ах Ержан, эгч Зейнегүлий байшин юм. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Зейнегүл шүүхэд гаргасан тайлбартаа: Биднийг анх Загаст нуурт нүүж ирэхэд аав Махпозын өгсөн өвлийн байшин нь амбаар бүхий 3 тасалгаатай байсан ба нөхөр бид хоёр 2003 оны 11 дүгээр сараас эхлэн дүү Бахытжаны гэрийн хажууд түүнд туслан аавынхаа өвөлжөөнд өвөлждөг болсон. Би өвөл зуунгүй аавынхаа гэрийн хажууд суудаг болж улмаар 2009 онд дүү Бахытжан гэрлэхэд аав маань тусад нь гаргаж Загаст нуурын өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр манайхтай цуг өвөлждөг болсон. Иймд Загаст нуурын өвөлжөөнд байрлах амбаар бүхий өвлийн байшинг Махпоз нь нөхөр Ержан бид хоёрт өгсөн байшин бөгөөд уг байшингийн хууль ёсны өмчлөгч учир нэхэмжлэгч Нуржолын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Санырау овогт Махпозын Өмиржанаас Цэнгэл сумын 2-р баг Могойт гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин нэг буюу 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар нэг буюу 800000 /найман зуун мянга/ төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 /таван сая/ төгрөг, 2 машин аргал буюу 160000 /нэг зуун жаран мянган/ төгрөг, 1 машин өвс буюу 300000 /гурван зуун мянган/ төгрөг, бүгд 8760000 /найман сая долоон зуун жаран мянган/ төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Махпозын Нуржолд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2800000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Апей нь хариуцагч М.Ө-аас иргэний цахим үнэмлэх буюу иргэний цахим үнэмлэхийн үнэ 18800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200211 /хоёр зуун мянга хоёр зуун арван нэгэн/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Ө-аас 155110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н- /Х.Аманбек/-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00031 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Ө-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар баг, Могойт гэх газарт байрлах 5x5 м.кв хэмжээтэй модон байшин буюу 2.500.000.00 төгрөг, 3x5 м.кв хэмжээтэй модон амбаар буюу 800.000.00 төгрөг, 2 машин аргал буюу 160.000.00 төгрөг, 1 машин өвс буюу 300.000.00 төгрөг нийт 3.760.000.00 /гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Загаст нуур гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин, 4x4 м.кв хэмжээтэй 2 амбаарын хамт буюу 2.500.000.00 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 5.000.000.00 төгрөг, 1 машин өвс буюу 300.000.00 төгрөг, нийт 7.800.000.00 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 гэсний дараа дугаар зүйлийн 56.1, гэж нэмж, 60 дугаар зүйлүүдэд гэснийг 60 дугаар зүйлийн 60.1.-т гэж, 155110 гэснийг 75.110.00 /далан таван мянга нэг зуун арав/ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Ө-ы давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж М.Ө-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Апей хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 28 -ны өдрийн 212/МА 2019/0031 тоот давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Маргаан бүхий Зил -130 маркийн, цэнхэр өнгийн, 6349 БӨТ улсын дугаартай ачааны авто машиныг 2014 оны 06-р сарын 05-нд иргэн Асхараас худалдан авч, хүү М. Нуржолын эзэмшилд шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар батлагдсан байхад Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 -р сарын 28 -ны өдрийн 212/МА 2019/00031 тоот магадлалаар Зил -130 маркийн, 6349 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

Тухайлбал: Зил-130 маркийн, 6349 БӨТ улсын дугаартай, цэнхэр өнгийн авто машины өмчлөгч нь М.Н- мөн болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Тээврийн хэрэгслийн 01331636 тоот гэрчилгээнд: 6349 БӨТ улсын дугаартай ЗИЛ -130, ачааны зориулалттай, машины өмчлөгч Махпозын Нуржол, хаяг Баян-Өлгий Цэнгэл сум, 2016.06.23, 2017.05.27 -ны өдөр техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл хийгдэж, тэмдэг дарагдсан байна. Энэхүү “хүчин төгөлдөр” эрхийн актаар Махпозын Нуржолыг “өмчлөгч” гэж тогтоосон байна.

“Монгол Даатгал” ХХК -ны “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягтад: даатгуулагч М.Н- гэж тусгасан байдал. “Монгол Даатгал” ХХК-ны төлөөлөгч Р. Алтангүлийн тодорхойлолтод: Миний бие А. Махпозын 2 машиныг жил бүр даатгаж байгаа нь үнэн болно. 2016 оны 05 -р сард авто тээврийн үзлэгээр явж байхад А.Махпоз нь өөрийн биеэр надаас Б.Асхараас худалдаж авсан Зил -130 маркийн 63 -49 БӨТ улсын дугаартай машиныг хүү М.Н-ын нэр дээр шилжүүлэхийг хүссэн юм. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн даргын 2017.11.29-ний өдрийн 112 тоот албан бичиг (XX-49-р хуудас)

Баян-Өлгий аймгийн Авто тээврийн Үндэсний төвийн мэргэжилтний тодорхойлолт

Гэрч Б. Асхарын мэдүүлэг, (хэргийн 91 -р хуудас, 124 -р хуудас)

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Апей ХААН банкны депозит дансны хуулбар (Хавтаст хэргийн 114 -р хуудас)

Харин хариуцагч М.Ө- нь Зил-130 маркийн 63-49 БӨТ улсын дугаартай авто машин нь эцэг А.Махпозын эзэмшлийн авто машин, эцэг А.Махпоз нь 2014 онд Асхараас худалдан авсан гэх боловч, Махпозын өмчлөлийн авто машин болох нь ямар ч бичгийн нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр батлагдан тогтоогдоогүй болно. Авто тээврийн тухай хуулийн 17'-р зүйлийн 17.1-т зааснаар А.Махпоз нь өмнөх өмчлөгч Б. Асхараас 2014 онд худалдан авснаас хойш өөрийн нэр дээр бүртгүүлээгүй тул А. Махпозын өмч, тэдний гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тооцох эрх зүйн үндэслэл байхгүй юм. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэсгүй юм. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.1-дэх хэсэг, 111.2.1-дэх заалтуудыг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн 2019.06.28 -ны өдрийн 212/МА2019/00031 тоот магадлалын “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 8-р хуудсанд: “... 2014 оны 06 - р сарын 05-ны өдөр Н. Апей нь банкнаас зээл авч, Б.Асхараас машиныг худалдаж авсан тул энэ хөрөнгө Нуржолын нэр дээр бүртгүүлсэн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 126 -р зүйлийн 126.2.1 -д “гэр бүлийн гишүүдийн бусад орлого,... шинээр бий болсон хөрөнгө” гэж зааснаар А. Махпоз нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэв” хэмээн бодит байдлыг илт бөгөөд зориуд мушгин гуйвуулж, буруу дүгнэлт өгсөн байна. Гэтэл Зил-130 маркийн, 63-49 БӨТ улсын дугаартай, авто машиныг Н.Апей миний цалингийн Зээл болох 6 сая төгрөгөөр худалдан авч, миний бие хүү М.Н-д бэлэглэсэн байгаа юм. Үүнийг 2014 онд амьд сэрүүн байсан миний нөхөр Махпоз зөвшөөрсөн байдаг. Талийгаач А.Махпозын өв залгамжлах эд хөрөнгө, гэр бүлийн гишүүд Н.Апей, М.Замзагүл, М.Ө- нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан зэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ны өдрийн 130/ШШ2018/00438 тоот шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн, уг шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа зэрэг нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримт болох шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 62 -71-р хуудсанд буй) Энэхүү хамтран өмчлөх дундын хөрөнгөд Зил-130 маркийн 63-49 БӨТ улсын дугаартай авто машин ороогүй, шийдвэрлэгдээгүй болно.

Иймд Хяналтын шатны шүүхээс Хүсэх нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 28 -ны өдрийн 212/МА2019/00031 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05-р сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 тоот шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч М.Ө-аас Могойт гэх газарт байгаа  5x5 м2 хэмжээтэй модон байшин буюу 2.500.000 төгрөг, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу 800.000 төгрөг, Загаст нуур гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2  хэмжээтэй 2 амбаарын хамт 2.500.000 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000 төгрөг, 2 машин аргал буюу 160.000 төгрөг, 1 машин өвс буюу 300.000 төгрөг тус тус нэхэмжилж,   иргэний цахим үнэмлэхийн үнэ 18.800 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгчийн шаардаж буй зарим эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

Анхан шатны шүүх М.Ө-аас Цэнгэл сумын 2-р баг Могойт гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин нэг буюу 2.500.000 төгрөг, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар нэг буюу 800.000 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000 төгрөг, 2 машин аргал буюу 160.000 төгрөг, 1 машин өвс буюу 300.000 төгрөг бүгд 8.760.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч М.Ө- шийдвэрийн Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлыг хангажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А.Махпоз, Н.Апей нар нь 1993 онд гэр бүл болсон, энэ үед А.Махпоз нь М.Зейнегүл, М.Ризагүл, М.Бахытжан, М.Майра, М.Ө-, М.Н- гэсэн 6 хүүхэдтэй, Н.Апей нь Х.Аманбек гэсэн хүүхэдтэй байсан ба тэдний дундаас охин М.Замзагүл төржээ.

М.Н- 1995 онд нас барсан боловч бүртгэл хийгдээгүй байсан, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 84 дүгээр шийдвэрээр түүнийг нас барсны улсын бүртгэлд нөхөн бүртгүүлжээ.

Х.Аманбек нь эцгийн болон өөрийн нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А87 дугаар захирамжаар Санырау пушыхсары овогт Махпозын Нуржол болгон өөрчилсөн нь хүчинтэй байна.

М.Зейнегүл 2003 онд, М.Ризагүл 2006 онд,  М.Бахытжан 2008 онд, М.Майра 2008 онд өрх тусгаарласан бол М.Н-  2012 онд гэр бүл болж, улмаар 2014 онд гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарчээ /хэргийн 2 дугаар хавтас 22 дугаар тал/.

Түүнчлэн А.Махпоз 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нас барсан, ингэснээр тус гэр бүлд Н.Апей, М.Ө-, М.Замзагүл нар үлдсэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас Н.Апей, М.Замзагүл нар гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 438 дугаар шийдвэрээр гэр бүлийн гишүүдэд ногдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ /хэргийн 2 дугаар хавтас 62-71 дүгээр тал/.  

2.Маргааны зүйл болж буй Зил-130 маркийн автомашиныг нэхэмжлэгч нь өөрийн өмч гэж үзэж нэхэмжлэхдээ, тээврийн хэрэгслийн болон даатгалын гэрчилгээ, цалингийн зээлийн баримт, гэрч Б.Асхарын мэдүүлэг зэргийг шаардлагын үндэслэлд дурджээ.

Н.Апей нь 2014 онд Хаан банкнаас зээл авсан, мөн онд А.Махпоз, Н.Апей нар маргааны зүйл болсон автомашиныг Б.Асхараас 6.000.000 төгрөгөөр бэлнээр худалдан авсан, А.Махпоз нь 2015, 2016 онуудад тээврийн хэрэгслийн татвар,  даатгалыг төлж байсан,  түүнийг  нас барсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдөр дээрх автомашин М.Н-ын нэр дээр бүртгэгдсэн талаарх баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх автомашинтай холбоотой шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай бөгөөд энэхүү зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг автомашины өмчлөгч гэж үзэхийн тулд  өмчлөх эрх  үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай ба өмчлөх эрх хуулиар эсхүл гэрээгээр үүссэн байх учиртай.

Авто тээврийн тухай хуульд зааснаар бүртгэлийн байгууллага нь авто тээврийн хэрэгслийг бүртгэх, гэрчилгээ дугаар олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах зэрэг үйл ажиллагаа явуулах тул автомашиныг М.Н-ын нэр дээр бүртгэсэн нь өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

 Түүнчлэн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, Монгол Даатгал ХХК-ны төлөөлөгч Р. Алтангүл, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн Үндэсний төвийн мэргэжилтний тодорхойлолт, гэрч Б.Асхарын мэдүүлэг, Н.Апейн ХААН банкны депозит дансны хуулбар нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй бөгөөд энэ тухай хяналтын гомдол Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд нийцээгүй байна. 

3. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан эд хөрөнгө гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөнд хамаарах ба Зил130 маркийн автомашиныг  М.Н-ын хуваарьт  хөрөнгө гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх  автомашиныг “...А.Махпоз нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч, ...уг хөрөнгийг  М.Н- шаардах эрхгүй” гэж үзэж, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хийсэн дүгнэлт  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт нийцжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Апейн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ