Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03086

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр                 Дугаар 102/ШШ2021/03086                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Мэд холбогдох,

Ерөнхий захирлын 2021.05.14-ний өдрийн Б/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, Ц.Цэцэнбаатар, нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нь байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах саналыг Үндэсний зөвлөлд санал болгож, шинээр батлуулсан. Үүний дараагаас “бүтцийн өөрчлөлт” гэх нэрийн дор ажлаа хийж байсан, Хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр дэд захирал намайг Хөдөлмөрийн тухай хууль, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон бусад хууль тогтоомж, МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж ирсэн дүрэм, журмуудыг зөрчин 2021.05.14-ний өдрийн Б/202 тоот тушаалаар ажлаас чөлөөллөө. Бүтцийн өөрчлөлт нэрийн дор удирдах албан тушаалд МҮОНТ, МҮОНР, Маркетингийн алба, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Хууль эрх зүйн алба, Тамгын газар, Гадаад харилцааны алба, Судалгааны алба, Радио телевизийн суваг хөгжүүлэлт креатив алба зэргийн дарга удирдлагуудыг гаднаас өөрийн үзэмжээр сонгож, шууд томилгоо хийж, тушаал гаргаж байгаа явдал нь өөрийн эрх мэдлийг хэтийдүүлсэн, сонирхлын зөрчилтэй ажил албан тушаалын томилгоо хийж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн эдгээр албан тушаалтнуудыг жинхлэн баталгаажуулах үүднээс зөвхөн тэдэнд зориулсан журам, ажлын байрны тодорхойлолт баталж, сонгон шалгаруулалтыг зарлаж, албажуулах үйл ажиллагааг явуулах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлт нэрээр дэд захирлын албан тушаалыг цомхтгож, өөр нэрээр, ойролцоо ажил, албан тушаалын гүйцэтгэх үүрэгтэй хольж шинэ албан тушаал бий болгох замаар хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргаж, өөрийнх нь талд ажиллах хүмүүсийг гаднаас цоо шинээр авч томилж байгаа нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, орон тоог цомхотгох бодит шалтгаан, үндэслэлтэй нийцэхгүй байна. Би А.Бүрэнбаатартай Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад хамтдаа өрсөлдөж, Үндэсний зөвлөл, Тооллогын комиссын алдаатай тооллого, шийдвэрийн улмаас хууль бусаар сонгон шалгаруулалтаас хасагдсан. Энэ талаараа Үндэсний зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган маргаж байгаа нь Ерөнхий захиралд таалагдаагүй тул зориуд миний албан тушаалыг цомхтгож, намайг олон нийтийн радио, телевизэд хамааралгүй болгох гэсэн явцуу зорилго, субъектив хандлага илтэд анзаарагдаж байна. Ямар нэг батлагдсан шалгуур үзүүлэлтгүйгээр өөрийн үзэмжээр удирдах албан тушаалд 10 гаруй хүнийг Түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал шийдвэр гаргаж, манай байгууллагын хүний нөөцийн бодлогод шууд сөргөөр нөлөөлөх албан тушаалын томилгоо хийж байна. Үндэсний зөвлөлийн МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 20 дугаар тогтоол нь зөвхөн Ерөнхий захирлын хууль бус нөлөөлөл, саналыг үндэслэн гарсан шийдвэр юм. МҮОНРТ-ийн бүтэц, орон тоог цомхотгох бодит шаардлага байгаагүй, ийнхүү бүтэц, орон тоог шинэчлэн батлах замаар хөдөлмөрийн гэрээг хууль бусаар дуусгавар болгож, цуцалж байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24.1.10-д “үндэсний зөвлөл олон нийтийн радио телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.6.5-д “Ерөнхий захирал олон нийтийн радио, телевизийн дэд захирал зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Олон нийтийн радио, телевизийн бүтцэд дэд захирлын албан тушаал байх ёстойг хуулиар зохицуулжээ. Гэтэл Үндэсний зөвлөл хуульд харшилсан шийдвэр гаргаж, 2021.04.02-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор тус албан тушаалыг хассан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь 20 дугаар тогтоолоо хүчингүй болгосон тул энэ шаардлагаасаа татгалзсан. Иймд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2021.05.14-ний өдрийн Б/202 дугаар тушаалыг хүчингүй болгож, Олон нийтийн радио, телевизийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2021.05.14-ний өдрөөс 2021.11.24-ний өдрийг хүртэл 6 сар, ажлын 8 хоногийн цалинтай тэнцэх олговорт 54,592,497 төгрөгийг гаргуулна, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар сүүлийн 3 сард олгогдсон /2, 3, 4 дүгээр сар/ цалингаас тооцоход нэг сарын цалин 8,560,362 төгрөг байна, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон гаргасан хариу тайлбартаа: МҮОНРТ нь Олон нийтийн радио телевизийн тухай бие даасан хуультай. Олон нийтийн үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээдэг, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасан нийтийн эрх эрх зүйн субьект юм. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зөвлөлөөс хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд 2021.04.02-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчилэн баталсан. Уг бүтэц, орон тооны дээд хязгаарт дэд захирлын албан тушаал хасагдсан байсан.  Дэд захирлын албан тушаал хасагдсантай холбогдуулан Г.Гд өөр албан тушаал санал болгохоор Ерөнхий захирал Бүрэнбаатар уулзсан боловч “мэдэгдлээ авна” гэсэн хариу өгсөн. Мэдэгдлийг 2021.04.09, 2021.05.07 өдрүүдэд нэхэмжлэгчийн гар утас болон фэйсбүүк хаягаар тус тус мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зөвлөлийн 2021.04.02-ны өдрийн 20 дугаар тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2021.05.14-ний өдрийн Б/202 дугаар тушаалаар Г.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Г мэдэгдлийг хүлээн аваад амаар болон бичгээр ямар нэгэн санал гаргаагүй, өөр албан тушаалд томилогдох тухай санал гаргаагүй, Б/202 тоот тушаалын 3 дахь хэсэгт заасан 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 10,814,436 төгрөгийг олгосон, түүнийг хүлээн зөвшөөрч хүлээн авсан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 20 дугаар тогтоолоор дэд захирлын албан тушаал байхгүй болсон, ажил үүргийг бусад салбарын захирлуудад шилжүүлсэн тул урьд эрхэлж тушаалд эгүүлэн томилох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Г нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл болон Ерөнхий захирал нарт холбогдуулан 2021.04.02-ны өдрийн 20 дугаар тогтоол, 2021.05.14-ний өдрийн Б/202 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Мээр сольж, хариуцагч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд холбогдох 2021.04.02-ны өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагаасаа 2021.10.14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор биелүүлсэн үндэслэлээр татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ бүтэц, орон тоог цомхотгох бодит шаардлага байгаагүй, хуульд дэд захирлын байх ёстой байхад бүтэц, орон тоог шинэчлэх замаар хөдөлмөрийн гэрээг хууль бусаар дуусгавар болгосон, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл 20 дугаар тогтоолоо хүчингүй болгосон гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасан нийтийн эрх эрх зүйн субьект, Үндэсний зөвлөлийн 20 дугаар тогтоолоор дэд захирлын албан тушаал хасагдсан тул Г.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцапсан гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажилуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэж, 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.

 

Г.Г нь 2020.01.02-ны өдрөөс Мийн дэд захирлаар хөдөлмөрийн гэрээг хариуцагчтай байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлсэн байна.

 

Мийн ерөнхий захирал 2021 оны бүтэц, орон тооны төслийн танилцуулга, саналыг 2021.03.26-ны өдрийн 2/196 тоот албан бичгээр хүргүүлж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь 2021.04.02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан дэд захирлын албан тушаалыг хассан байна.

Уг тогтоолын 2 дахь заалтаар ерөнхий захиралд 20 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Мийн ерөнхий захиралд зөвшөөрч, ерөнхий захирал нь 2021.05.14-ний өдөр Б/202 тоот тушаалаар Г.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31.6.3, 31.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1, Үндэсний зөвлөлийн 2021.04.02-ны өдрийн 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.10-д зааснаар үндэсний зөвлөл нь олон нийтийн радио телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.5-д зааснаар Ерөнхий захирал нь олон нийтийн радио, телевизийн дэд захирал зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

 

Дээрх хуулиар олон нийтийн радио, телевизийн бүтцэд дэд захирлын албан тушаал байх ёстой байтал Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24.1.10-д заасныг зөрчжээ.

 

Ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах бүтэц, орон тоог цомхотгосон үндэслэлийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

      

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ажилтны орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан ба орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

 

Тухайн тохиолдлыг Мийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэхээр тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2021.10.14-ний өдөр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2021.04.02-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, дэд захирлын орон тоотойгоор МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

 

Ийнхүү МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталснаар ерөнхий захирлын 2021.05.14-ний өдөр Б/202 тоот тушаалын үйлчлэл дуусгавар бөгөөд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар уг тушаалыг хүчингүй болгож, Г.Гийг урьд эрхэлж байсан Мийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасанд нийцүүлэн нэхэмжлэгчид сүүлийн 3 сард олгогдсон цалин олговроор дундаж цалин хөлсийг тодорхойлов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчид 2021 оны 2 дугаар сард 6,124,650 төгрөг, 3 дугаар сард 17,166,036 төгрөг, 4 дүгээр сард 2,390,400 төгрөг олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь урамшуулал олгогдсон гэж тайлбарлан энэхүү дүнгээс дундаж цалинг тооцон нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн /6,124,650+17,166,036+2,390,400:3/ сарын дундаж цалин олговрыг 8,560,362 төгрөгөөр тодорхойлж, өдрийн /8,560,362:21,5/ цалин олговорт 398,156 төгрөг байх ба ажилгүй байсан 6 сар 8 өдрөөр /8,560,362х6+398,156х8/ тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт нийт 54,547,423 төгрөгийг гаргуулав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул баталгаажилт хийхийг даалгалаа. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 430,687 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гийг Мийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 54,547,423 /тавин дөрвөн сая таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 430,687 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ