Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00114

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00114

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03086 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ийн хариуцагч МҮОНРТ-д холбогдуулан гаргасан Ерөнхий захирлын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Б нь байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах саналыг Үндэсний зөвлөлд санал болгож, шинээр батлуулсан. Үүний дараагаас бүтцийн өөрчлөлт гэх нэрийн дор ажлаа хийж байсан, хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр дэд захирал намайг Хөдөлмөрийн тухай хууль, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон бусад хууль тогтоомж, МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж ирсэн дүрэм, журмуудыг зөрчин 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Бүтцийн өөрчлөлт нэрийн дор удирдах албан тушаалд МҮОНТ, МҮОНР, Маркетингийн алба, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Хууль эрх зүйн алба, Тамгын газар, Гадаад харилцааны алба, Судалгааны алба, Радио телевизийн суваг хөгжүүлэлт креатив алба зэргийн дарга удирдлагуудыг гаднаас өөрийн үзэмжээр сонгож, шууд томилгоо хийж, тушаал гаргаж байгаа явдал нь өөрийн эрх мэдлийг хэтийдүүлсэн, сонирхлын зөрчилтэй ажил албан тушаалын томилгоо хийж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн эдгээр албан тушаалтнуудыг жинхлэн баталгаажуулах үүднээс зөвхөн тэдэнд зориулсан журам, ажлын байрны тодорхойлолт баталж, сонгон шалгаруулалтыг зарлаж, албажуулах үйл ажиллагааг явуулах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлт нэрээр дэд захирлын албан тушаалыг цомхтгож, өөр нэрээр, ойролцоо ажил, албан тушаалын гүйцэтгэх үүрэгтэй хольж шинэ албан тушаал бий болгох замаар хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргаж, өөрийнх нь талд ажиллах хүмүүсийг гаднаас цоо шинээр авч томилж байгаа нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, орон тоог цомхотгох бодит шалтгаан, үндэслэлтэй нийцэхгүй байна. Би А.Б тай Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад хамтдаа өрсөлдөж, Үндэсний зөвлөл, Тооллогын комиссын алдаатай тооллого, шийдвэрийн улмаас хууль бусаар сонгон шалгаруулалтаас хасагдсан. Энэ талаараа Үндэсний зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган маргаж байгаа нь Ерөнхий захиралд таалагдаагүй тул зориуд миний албан тушаалыг цомхтгож, намайг олон нийтийн радио, телевизэд хамааралгүй болгох гэсэн явцуу зорилго, субъектив хандлага илтэд анзаарагдаж байна. Ямар нэг батлагдсан шалгуур үзүүлэлтгүйгээр өөрийн үзэмжээр удирдах албан тушаалд 10 гаруй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал шийдвэр гаргаж, манай байгууллагын хүний нөөцийн бодлогод шууд сөргөөр нөлөөлөх албан тушаалын томилгоо хийж байна. Үндэсний зөвлөлийн МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 20 дугаар тогтоол нь зөвхөн Ерөнхий захирлын хууль бус нөлөөлөл, саналыг үндэслэн гарсан шийдвэр юм. МҮОНРТ-ийн бүтэц, орон тоог цомхотгох бодит шаардлага байгаагүй, ийнхүү бүтэц, орон тоог шинэчлэн батлах замаар хөдөлмөрийн гэрээг хууль бусаар дуусгавар болгож, цуцалж байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.10-д үндэсний зөвлөл олон нийтийн радио телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 31.6.5-д Ерөнхий захирал олон нийтийн радио, телевизийн дэд захирал зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Олон нийтийн радио, телевизийн бүтцэд дэд захирлын албан тушаал байх ёстойг хуулиар зохицуулжээ. Гэтэл Үндэсний зөвлөл хуульд харшилсан шийдвэр гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор тус албан тушаалыг хассан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь 20 дугаар тогтоолоо хүчингүй болгосон тул энэ шаардлагаасаа татгалзсан. Иймд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 дугаар тушаалыг хүчингүй болгож, Олон нийтийн радио, телевизийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 6 сар, ажлын 8 хоногийн цалинтай тэнцэх олговорт 54,592,497 төгрөгийг гаргуулна, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар сүүлийн 3 сард олгогдсон /2, 3, 4 дүгээр сар/ цалингаас тооцоход нэг сарын цалин 8,560,362 төгрөг байна, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  МҮОНРТ нь Олон нийтийн радио телевизийн тухай бие даасан хуультай. Олон нийтийн үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээдэг, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан нийтийн эрх эрх зүйн субьект юм. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зөвлөлөөс хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчилэн баталсан. Уг бүтэц, орон тооны дээд хязгаарт дэд захирлын албан тушаал хасагдсан байсан. Дэд захирлын албан тушаал хасагдсантай холбогдуулан Г.Г д өөр албан тушаал санал болгохоор Ерөнхий захирал А.Б уулзсан боловч мэдэгдлээ авна гэсэн хариу өгсөн. Мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн гар утас болон фэйсбүүк хаягаар тус тус мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 дугаар тушаалаар Г.Г тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Г мэдэгдлийг хүлээн аваад амаар болон бичгээр ямар нэгэн санал гаргаагүй, өөр албан тушаалд томилогдох тухай санал гаргаагүй, Б/202 тоот тушаалын 3 дахь хэсэгт заасан 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 10,814,436 төгрөгийг олгосон, түүнийг хүлээн зөвшөөрч хүлээн авсан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 20 дугаар тогтоолоор дэд захирлын албан тушаал байхгүй болсон, ажил үүргийг бусад салбарын захирлуудад шилжүүлсэн тул урьд эрхэлж тушаалд эгүүлэн томилох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Г.Г-ийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 54,547,423 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 430,687 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

          4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хэргийн оролцогч, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/13044 дүгээр захирамжийн тодорхойлох хэсэгт “хариуцагч МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа Ерөнхий захирал А.Б нь мөрийн хөтөлбөртөө удирдлагын багийг цомхон болгож Үндсэн үйлдвэрлэлийн ажилчдыг дэмжих санал гаргасан ба үйлдвэрчний эвлэлээс байгууллагын бүтэц өөрчлөлт оруулах, захирлуудын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх тухай санал гаргасны үндсэн дээр үндэсний зөвлөлд бүтцийн өөрчлөлт оруулах тухай саналаа хүргүүлсэн” гэж хариуцагчийн шүүх хуралдааны явцад огт хэлээгүй үгийг хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн агуулга, нэхэмжлэгчийн тайлбартай нийцүүлж, илт мушгин гуйвуулсан байдлаар захирамждаа бичсэн байсан тул шүүгч Ж.К-г татгалзан гаргах хүсэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий шүүгчид гаргасан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч нь “шүүгч Ж.К-г татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлээгүй байсан. Иймд шүүгч Ж.К 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зааснаар татгалзлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, Ерөнхий шүүгчээс “шүүгч Ж.К-г татгалзан гаргах хүсэлт”-ийг хүлээн аваагүй нөхцөлд дараагийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад хэргийг хэлэлцэхээр товлосон. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ЕШ2021/02360 дугаартай захирамжаар “Г.Г-ийн нэхэмжлэлтэй МҮОНРТ-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас Ж.К-г татгалзан гаргах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С ын хүсэлтийг хангаж, хэргийг шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авч бүртгэх, шүүгчид хуваарилах журамд заасны дагуу шүүгчид дахин хуваарилахыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд даалгаж шийдвэрлэжээ. Гэтэл хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэг хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойшх ямар ч хэргийн материалтай /тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ЕШ2021/02360 дугаартай “шүүгчийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Тухайлбал, шүүгчийг томилж албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжтай танилцуулаагүй. Ж.К шүүгчээс татгалзсан татгалзалыг хүлээн авч, Ж.Э шүүгчийг томилсон захирамжтай танилцаагүй, нөлөөллийн мэдүүлгийн баримтад гарын үсэг зуруулаагүй, шүүгчийг татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох хүртэл хугацааны хэргийн материалд авагдсан баримт сэлт, шүүгчийн захирамж, гомдлын хурлын тэмдэглэл зэргийг танилцуулаагүй. Өмгөөлөгч М.Энхжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.

 

          4.2 Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          а/ Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний Зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” шийдвэрийг үндэслэн дэд захирлын албан тушаал хасагдсан тул Г.Г тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн цуцалж хуулийн хүрээнд цалингийн 3 сарын дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Иймд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүх буруу дүгнэж шийдвэр гаргасан.

          б/ Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, 24.1.10-т зааснаас үзвэл бүтэц орон тоог батлах эрх хэмжээ Үндэсний зөвлөлд байх бөгөөд хэрэв Үндэсний зөвлөл орон тоо бүтцийн дээд хязгаарыг батлахдаа хэрэв дэд захиралтай байхаар баталсан бол түүнийг сонгон шалгаруулж, томилох журамтай. Гэтэл шүүх шийдвэртээ дэд захирлын албан тушаал заавал байх ёстой мэтээр тайлбарласан нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.10-т заасныг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, алба нэгжийн дарга, дэд захирлын орон тоо байгаа бол түүнийг сонгон щалгаруулах журмаар томилох гэсэн үндсэн утга санааг буруу тайлбарлаж заавал дэд захирлын албан тушаалтай байна гэж ойлгогдохоор тайлбарлаж байгаа нь буруу юм. Шүүх Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар томилогддог албан тушаалтныг хууль зөрчиж томилох талаар шүүхийн шийдвэр гаргасан бөгөөд хууль зөрчин томилгоо хийхийг даалгажээ. Ийм эрх хэмжээ МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд болон шүүхэд байхгүй болно.

          в/ МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 дугаар тушаал нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” тогтоолыг үндэслэн гаргасан тушаал юм. УИХ-аас томилдог МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүтэц орон тоог баталсан тогтоолыг хүчингүй болгуулах нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалал юм. УИХ-аас томилсон захиргааны байгууллага хууль зөрчсөн эсэх асуудлаар иргэний хэргийн шүүх дүгнэлт хийсэн нь шүүхийн харъяалал зөрчсөн төдийгүй иргэний шүүх эрх хэмжээг хэтрүүлэн нэхэмжлэлийг шаардлага үндэслэлд ороогүй асуудлаар хөндлөнгөөс дүгнэлт хийсэн хууль бус үйлдэл юм.

          г/ Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, дэд захирлын орон тоотойгоор МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтцийг баталжээ...” гэж дүгнэсэн хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Учир нь хариуцагч Үндэсний зөвлөл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга солигдсонтой холбогдуулан ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу 6 сарын дараа бүтэц орон тоо шинэчлэн баталсан ба энэ нь Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа явдал биш, тогтоолд ч энэ талаар дурьдсан зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Үндэсний зөвлөлөөс татгалзсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын аль ч хэсгээсээ татгалзаагүй болно. Иймд шүүх хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн мэтээр илтэд буруу дүгнэсэн болно. Үндэсний зөвлөл хариуцагч биш болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралд, оролцоогүй, хурлын тов мэдэгдээгүй юм. Мөн “...Ийнхүү МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталснаар Ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 тоот тушаалын үйлчлэл дуусгавар” хэмээн хэт нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор тухайн хасагдсан орон тоог дахин гаргаагүй, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон ямар ч үйл баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд 6 сарын дараа гарсан байхад шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Үндэсний зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бүтэц орон тоо баталсан тогтоол гарснаар дараагийн дэд захирлыг сонгон шалгаруулах эрх зүйн үр дагавар үүсч байгаа тул дэд захирлыг шууд томилох эрх хэмжээ Ерөнхий захиралд байхгүй тул шүүхийн шийдвэр заавал биелэх гэсэн хуулийн заалт хэрэгжих боломжгүй юм. Г.Г тус албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй гэжээ.

 

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

          2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч МҮОНРТ-д холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Г.Г нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэд захирлаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 тоот тушаалаар Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор дэд захирлын орон тоо хасагдсан тул Г.Г тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн оны тавдугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх-9, 20-23 дахь тал/

 

4. Нэхэмжлэгч Г.Г Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 тоот тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 14ий өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Хариуцагч байгууллага нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/202 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1, Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ. /1хх-9 дэх тал/

 

          6. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирал 2021 оны бүтэц, орон тооны төслийн танилцуулга, саналыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/196 тоот албан бичгээр хүргүүлж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч Г.Г-ийн ажиллаж байсан дэд захирлын албан тушаал хасагдсан үйл баримт тогтоогдсон.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн  нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-д “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40, 131.1.3-т заасныг үндэслэх”-ээр тодорхойлсон байна. /1хх-222-234 дахь тал/

 

          7. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл нь орон тоо, бүтцийн өөрчлөлт хийх эрхтэй. Энэ тохиолдолд ажил олгогч нь орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1.1-т зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Г д мэдэгдлийг хуулиар тогтоосон хугацаанд мэдэгдсэн тухай баримт хэрэгт байхгүй байна.

 

          Хэргийн 10-11 дэх талд авагдсан “мэдэгдэл” гэх тус телевизийн Ерөнхий захирал А.Б ын гарын үсэг зурагдсан байх боловч нэхэмжлэгч Г.Г д хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй  байна. Уг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “мэдэгдэл” гэх албан бичигт “хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсон тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр таньд тус мэдэгдлийг 91915575 дугаарын утас болон Gerel Gankhuyag фэйсбүүк хаягийн мессенжэрээр тус тус мэдэгдсэн” гэжээ.

 

          Хариуцагч байгууллага нь ажилчидтайгаа олон нийтийн цахим сүлжээний мессенжер ашиглан харилцдаг,  үүнийг албаны харилцаа холбооны хэрэгсэл гэж нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хуульд заасан журмыг баримтлалгүй ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд анхан шатны шүүхээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосныг зөв гэж үзнэ.

 

          8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн /6,124,650+17,166,036+2,390,400:3/ сарын дундаж цалин олговрыг 8,560,362 төгрөгөөр тодорхойлж, өдрийн /8,560,362:21,5/ цалин олговорт 398,156 төгрөг, ажилгүй байсан 6 сар 8 өдрөөр /8,560,362х6+398,156х8/ тооцон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт нийт 54,547,423 төгрөгийг гаргуулсан нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэхгүй байна.

 

          Учир нь хэргийн 1 дүгээр хавтасны 4 дэх талд нэхэмжлэгч Г.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан бөгөөд уг баримтаас үзвэл тогтвортой 2020 оны 10, 11, 12 дугаар сарын дундаж цалин 2,390,400 төгрөг байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2,390,400 төгрөгөөр тооцвол 6 сар 8 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15,211,636 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийг 15,211,636 төгрөгөөр хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

          9. Анхан шатны шүүх Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.10-д зааснаар үндэсний зөвлөл нь олон нийтийн радио телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.5-д зааснаар Ерөнхий захирал нь олон нийтийн радио, телевизийн дэд захирал зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Хуулийн дээрх зохицуулалт нь тус телевизийн бүтцийг тогтоох зорилготой бус харин тодорхой албан тушаалтныг томилох, чөлөөлөх журмыг нарийвчлан зохицуулсан заалт болно. Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл бүтэц орон тоог шинэчилж батлахдаа дэд захирлын орон тоог хассан нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.10-т заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /4.2б/

 

          Тодруулбал, МҮОНРТ-ийн “Үндэсний зөвлөл” гэх байгууллагын хуульд заасан журмын дагуу зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар шинэчлэн батлах эрхийн тухай заалт бус, харин сонгон шалгаруулалтаар албан тушаалд томилохтой холбоотой байна. /4.2г/

 

          10. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, дэд захирлын орон тоотойгоор МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан үйл баримтыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзнэ. /4.2в/

 

          11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд шүүх хуралдаан даргалагчийг томилж албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжтай танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлгийн баримтад гарын үсэг зуруулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.1а/

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “54,547,423 /тавин дөрвөн сая таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг” гэснийг “15,211,636 төгрөг” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “430,687” гэснийг “234,009” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,688 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ