Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1244

 

106/2020/0673/Э

 

 

 

 

  2020            09            24                                         2020/ДШМ/1244    

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/703 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлоор Э.М-д холбогдох эрүүгийн 1905008050578 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүрэн овгийн Энхтайваны М-, 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уулын 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Э.М- нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил дэх цагдаагийн хэсгийн байранд хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ иргэн Ц.Гантөмөрийг чиглэлийн ахлах ажилтан Д.Жаргалсайханы өөдөөс орилж, эсэргүүцэл үзүүлсэн гэх шалтаанаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор бороохойдож, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.3, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А102 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 3.3, 3.13-В-д заасныг тус тус зөрчин түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүрэн овогт Энхтайваны М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ас 142.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Гантөмөрт олгож, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58 сантиметр урттай, 18 сантиметр урттай бариултай резинэн бороохой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Э.М- нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах нийтлэг үүргийн дагуу албан үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэж байгаад бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт шийтгүүлсэн бөгөөд албаныхаа чиг үүргийн дагуу хүч хэрэглэсэн үйлдлийг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж байгаа бол холбогдох байгууллагаас мэргэжлийн комисс томилуулан, ямар захиргааны хэм хэмжээний, ямар актыг, яаж зөрчсөн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй ба үүний улмаас бусдын биед гэмтэл учирсан эсэхийг мэргэжлийн байгууллага дүгнэх ёстой. Хэрэв мэргэжлийн комисс томилуулан дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзвэл Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу албаны шалгалт явуулж, Э.М- нь Цагдаагийн албаны тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний ямар актыг яаж зөрчсөн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргуулсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсээс албаны шалгалтын материалыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар хавсаргуулан, албаны шалгалтын дүнг харгалзан үзэх шаардлагатай байна. Мөн бүсэлхий 5 нугалмын цууралт гэмтэл хэдийд, ямар цаг хугацаанд үүссэн эсэх нь тодорхойгүй, хөгжлийн бэрхшээлтэй хохирогч нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, хувцас форм, биед халдан довтлох үед тусгай хэрэгслээр өгзөг, гуяны ар хэсэгт хөхрөлт үүсгэсэн гэх боловч бүсэлхий 5 нугалам нь өгзөгний хөхөрсөн хэсгээс дээш 10 гаруй см зайтай байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, анхан шатны шүүх хуралдаанд дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.М- нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, жолоочоор ажиллаж байхдаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.”, 22.5 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.”, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ дараах нийтлэг шаардлагыг баримтална, …зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх”, 48.1.2 дахь хэсэгт “нэн тэргүүнд хэрэглэхгүй байх”, 48.1.3 дахь хэсэгт “тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх”, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ: өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох”, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А102 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 3.3-д “Цагдаагийн албан хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана.”, 3.13-В-д “Бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, цахилгаан гүйдлээр цохигч буу хэрэглэхэд дараах зүйлийг анхаарна; ...бороохойгоор нэг газарт олон удаа цохихгүй байх, аль болох гэмтэл учруулаагүй байхыг эрмэлзэх” гэж тус тус заасныг зөрчин Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил дэх цагдаагийн хэсгийн байранд хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ Ц.Гантөмөрийг “Чиглэлийн ахлах ажилтан Д.Жаргалсайханы өөдөөс орилж, эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор бороохойдож, түүний биед бүсэлхий 5 дугаар нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Гантөмөрийн “...би эрэгтэй цагдаагийн албан хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн асуудал байхгүй. Би огт юм яриагүй. Эрэгтэй цагдаа нар намайг сонсголын бэрхшээлтэй гэдгийг мэдэхгүй, хэлгүй болж жүжиглээд байна гээд байх шиг байсан. ...Цагдаагийн хошууч цолтой, хөгшин цагдаа миний шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Харин өрөөнд орж ирсэн залуу цагдаа намайг резинэн бороохойгоор бороохойдож шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл учруулсан. …” /хх 124-125/,

гэрч Ш.Донсмаагийн “...ахаасаа асуухад гар, хөл, нуруу руу нь цахилгаан бороохойгоор цохиж зодсон гээд байгаа юм. ...Хөлний шилбэ, гарын шуу, нуруу хэсгээр нь хөхөрсөн байдалтай байгаа. ...” /хх 9-10/,

гэрч Ю.Солонгын “...нөгөө хүн өөдөөс нь орилоод цохих гэж байгаа юм шиг гараа саваад байсан. Тэр үед хошууч Жаргалсайхан нөгөө хүнийг цохих гэж байна гэж бодоод хөлийн шилбэ орчим 2-3 удаа өшиглөсөн. ...Би анх Гантөмөрийг хараад сэтгэцийн өвчтэй, өвчин нь хөдөлчихсөн хүн байна гэж бодсон. ...” /хх 21-22/,

гэрч Ц.Дэнсмаагийн “...манай ах Гантөмөр тархиндаа гэмтэл авч, сонсох чадваргүй болсон. Ах Гантөмөрийг цагдаагийн албан хаагч цохиж зодсон байна гэдгийг өөрийн төрсөн дүү Донсмаагаас сонссон. ...” /хх 126-127/,

гэрч Д.Жаргалсайханы “...тухайн үед би Ц.Гантөмөрийг гараа сарвалзуулаад авиа гаргаад байхаар нь маяглаад байна гэж бодсон. Тэгээд Ц.Гантөмөрийн шилбэ рүү нь өшиглөчихсөн. Энэ миний буруу. Тэгтэл гаднаас цагдаа Э.М- манай өрөөнд орж ирээд “чи яахаараа манай чиглэлийн ахлах руу муухай орилоод, маяглаад байгаа юм” гээд резинэн бороохойгоор Ц.Гантөмөрийн бөгс рүү хэд хэдэн удаа бороохойдсон бөгөөд би боль гэж хэлсэн. ...” /хх 128-130/,

 

шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...Ц.Гантөмөрийн биед учирсан шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. ...мохоо зүйл гэдэгт бороохой хамаарна. ...” /хх 135-136/ гэх мэдүүлгүүд,

 

“…Ц.Гантөмөрийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5237 дугаартай дүгнэлт /хх 47-48/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 186-187/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболд “...Э.М- нь ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд тэрээр захиргааны хэм хэмжээний ямар актыг, хэрхэн яаж зөрчсөн талаар албаны шалгалт хийж, албан ёсны дүгнэлт гаргаагүй, мөн бүсэлхий 5 нугалмын цууралт гэмтэл хэдийд, ямар цаг хугацаанд үүссэн эсэх нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Э.М- нь цагдаагийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох хууль, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон дээрх хуульд заасан үүргээ зөрчин хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ Ц.Гантөмөрийг нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор бороохойдож, түүний биед бүсэлхий 5 дугаар нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ц.Гантөмөрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Ш.Донсмаа, Д.Жаргалсайхан, шинжээч эмч Ц.Нандинцэцэг нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 Харин дахин шинжээч томилох, албаны шалгалт хийж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/703 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН