Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1245

 

188/2020/0837/Э

 

 

 

  2020            09            24                                         2020/ДШМ/1245    

 

Г.Т-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Отгонтөгс,

яллагдагч Г.Т-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1663 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай эсэргүүцлээр Г.Т-ид холбогдох эрүүгийн 2011001091097 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т-, 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программ хангамж мэргэжилтэй, “, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагын 6а гудамжны 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Г.Т- нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын “Хаан” банкны орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Э.Батхуягийн интернет банкны нэвтрэх нэр, нууц кодыг ашиглан түүний эзэмшлийн “Голомт” банкны 3300001008 тоот данснаас иргэн Э.Отгонсүрэнгийн эзэмшлийн “Хаан” банкны 5900303289 тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хохирогч Э.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би интернэт банкныхаа нууц үгийг хүнд дамжуулж байгаагүй. ...нууц үг болон нэвтрэх нэрийг таах боломжгүй оруулсан байсан. ...Би дансны нууц кодыг Т-ид хэлж байсан удаа байхгүй. Яагаад гэхээр энэ дансанд их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдэж байдаг. ...манай эхнэр болон гэр бүлийн гишүүд ч мэдэхгүй. ...Би интернэт банкны гүйлгээг өөрийнхөө өрөөнд байдаг компьютер дээр хийдэг. Өөрөөр хэлбэл ажил дээрээ байгаа үед компьютероор...харин гадуур ажилтай үедээ гар утсаараа хийх тохиолдол байдаг....” /хх 61-62, 67-68/, Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Миний ажлын компьютер дээр Gmail хаяг холбоотой байдаг. Захирал интернэт худалдан авалт хийхдээ миний компьютер дээрээс худалдааны гүйлгээ болон шилжүүлэг хийдэг. Тухайн хийсэн гүйлгээний хаяг болон нууц код нь миний browser дээр хуулагддаг байсан учраас тэр мэдээлэл нь миний гар утсанд давхар ирдэг...” /хх 70/  гэх мэдүүлэг тус тус авагдсан байна. Гэтэл прокуророос яллагдагчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг...яаж үйлдсэн байдал”-ыг тогтоогоогүй буюу хохирогчийн интернэт банкны нууц кодыг ямар аргаар, хэрхэн яаж мэдсэн талаар нотолбол зохих ажиллагааг хийгээгүй.

Түүнчлэн яллагдагчийн хийсэн хохирогчийн интернэт банканд нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байгааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Г.Т-ид холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1663 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан гэрч Б.Мөнхнямын “Сүүлийн үед хэрэглэгчийн утсыг нь түр хэрэглээд өгье гэж аваад тухайн утсанд интернет банк суулгасан тохиолдолд нууц үг мартсан, тандалт явуулж нууц үгийг авч интернет банк руу нэвтрэх бүрэн боломжтой, мөн компьютерын веб хөтөч дээр нууц үгээ хадгалсан бол интернет банкыг ашиглах боломжтой” /хх 73-74/ гэх мэдүүлэг,  Г.Т-ийн гэрчээр өгсөн “Миний ажлын компьютер дээр Gmail хаяг холбоотой байдаг. Захирал интернет худалдан авалт хийхдээ миний компьютер дээрээс худалдааны гүйлгээ болон шилжүүлэг хийдэг. Тухайн хийсэн гүйлгээний хаяг болон нууц код нь миний browser дээр хуулагддаг байсан учраас тэр мэдээлэл нь миний гар утсанд давхар ирдэг. Бүх мэдээлэл нь миний утсанд орсон байсан учраас ийм байдалд хүрчихсэн. 2019 оны 12 дугаар сард миний ажлын компьютер дээр захирал Батхуягийн Голомт банкны интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, хадгалагдсан байсан” /хх 70-71, 79/ гэх мэдүүлэг, Г.Т-ийн яллагдагчаар “Тухайн нууц код нь миний gmail хаягаар дамжуулан ирдэг байсан бөгөөд захиралд энэ тухайгаа хэлдэггүй байсан” /хх 93/ гэх мэдүүлэг, хохирогч Э.Батхуягийн “...Ажил хэргийн холбоотой, анх манайд 2019 оны 06 дугаар сард анкет бөглөж манайд програмистаар ажилд орсон. Би өөрийнхөө өрөөнд байдаг компьютер дээр гүйлгээ хийдэг байсан, ажил дээрээ байгаа үедээ компьютероор хийдэг байсан, харин гадуур ажилтай үедээ гар утсаараа хийх тохиолдолд байдаг, Т- нь гар утсаар чинь яриад өгье гэж авч байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг, үндсэн ажилтны анкет /хх 17/, “Сүүн хүнгий” ХХК-ийн захирлын тушаал /хх 19/, ажлын байрны тодорхойлолт /хх 15/, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /хх 14/, хөдөлмөрийн гэрээ /хх 12/ зэрэг баримтуудаар хохирогч Э.Батхуяг, яллагдагч Г.Т- нар нь ажил хэргийн харилцаатай, ийнхүү ажил хэргийн харилцааны явцад хохирогч Э.Батхуягийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг яллагдагч Г.Т- нь олж мэдсэн байх бөгөөд данснаас нь мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон байна. Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх дүгнэлтдээ нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн яллагдагч Г.Т- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар прокурорт хүсэлт гаргасан, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар буюу хуульд заасан тусгай журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, сонсгосон ял болон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөөгүй, хохирол нөхөгдөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй” зэрэг нөхцөл байдал тогтоогдвол хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан. Шүүх яллагдагч Г.Т-ид холбогдох хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг прокурорт буцаасан ба шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Прокурор, яллагдагч түүний өмгөөлөгч шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй”, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокуророос эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй” гэснийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1663 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байсан. Учир нь, цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ гэмт хэргийг кибер гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн албан бичиг бий. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй” гэж заасан байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Г.Т-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анх дээрх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараад Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгагдаж байх явцад цахим мэдээлэлд хууль бусаар халдах, хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах гэмт хэргийн шинж байхгүй байна гэх үндэслэлээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлж, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлсэн байсан. Г.Т- нь өөрийнхөө gmail хаягаар ирсэн дансны код, нууц үгийг ашиглан гүйлгээ хийсэн бөгөөд тухайн мөнгийг аавынхаа ажил явдалд зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож, энэ гэмт хэрэг гарсны дараа хохирлоо төлсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Т-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг...яаж үйлдсэн байдал”-ыг тогтоогоогүй буюу хохирогчийн интернэт банкны нууц кодыг ямар аргаар, хэрхэн яаж мэдсэн талаар нотолбол зохих ажиллагааг хийгээгүй. ...” гэх үндэслэлийн тухайд шүүгдэгч Г.Т- нь “...миний ажлын компьютер дээр Gmail хаяг холбоотой байдаг. Захирал интернет худалдан авалт хийхдээ миний компьютер дээрээс худалдааны гүйлгээ болон шилжүүлэг хийдэг. Тухайн хийсэн гүйлгээний хаяг болон нууц код нь миний browser дээр хуулагддаг байсан учраас тэр мэдээлэл нь миний гар утсанд давхар ирдэг. ...” гэж хохирогчийн интернэт банкны нууц кодыг ямар аргаар, хэрхэн яаж мэдсэн талаар тодорхой мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн интернэт банкинд нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэх асуудлын тухайд шүүх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Г.Т-ид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан атлаа /хх 127-128/ 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1663 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Т-ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Г.Т-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН