Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2018/00110

 

“Р” ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00538 дугаар шийдвэртэй, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ө” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний алданги 4,074.674.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Ө” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай компанитай 7 сар 02 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай компанийн агуулахаас нефтийн бүтээгдэхүүнүүдийг зээлээр авч эхэлсэн. Гэрээний талууд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тооцоо нийлэхэд 8149348 төгрөгийн,  2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 8813348 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл /мөнгө/-ийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч “Ө” ХХК нь уг 8813348 төгрөгийг одоо болтол бүрэн төлөөгүй. Нэгэнт хариуцагч “Ө” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 106 хоног хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг үндэслэн  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8149348 төгрөгийн 50%-иар тооцоход алданги  4074674 төгрөг байна. Иймд хариуцагч “Ө” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 8813348 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 4074674 төгрөг нийт 12888022 /арван хоёр сая найман зуун наян найман мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Ө” ХХК нь “Р” ХХК-тай 2017 оны 5 сарын 29-ний өдөр Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг 2017 сарын 12 дугаар сарын 31-ийг хүртэл байгуулсан. Уг гэрээний дагуу байнга шатахуун зээлээр авч үнийг нь төлж байсан. 2017 оны жилийн эцсийн байдлаар 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж үлдэгдэл үнийн зөрүү болох 8149143 төгрөг төлөхийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дахин тооцоо нийлэхэд 8813348 төгрөгийг төлөхөөр эцсийн байдлаар тооцоо нийлж, 2018 оны 6 дугаар сарын эхэнд төлж өгөхөөр “Р” ХХК-ийн нягтлан бодогчтой тохиролцсон. Дээрх Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд үүнтэй холбоотой гэрээний бүх заалтууд уг өдрөөс хойш хүчин төгөлдөр бус гэж тооцогдох ёстой. Гэрээний 5.1 дүгээр заалт нь гэрээний нэгэн адил 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул үүнээс хойших хугацаанд энэхүү заалтын дагуу алданги тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцоо нийлж манайд ирүүлсэн үлдэгдлийн баталгаа нь компани хоорондын тооцооны үлдэгдэл 8813348 /найман сая найман зуун арван гурван мянга гурван зуун дөчин найман/ төгрөг болохыг нотолж байна. Тохиролцсоны дагуу “Ө” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Р” ХХК-ийн ХААН банк дахь 5100000000 тоот дансанд 8813350 төгрөгийг шилжүүлж, тооцоог бүрэн барагдуулсан болно. Иймд “Р” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 8813348 төгрөг нь бүрэн төлөгдсөн ба нэмж төлөхөөр нэхэмжилсэн 4319154 төгрөгийн алданги нь үндэслэлгүй.” гэжээ.       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас алданги 4074674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8813348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: ““Р” ХХК ба “Ө” ХХК-ны хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах” 30 дугаартай гэрээ байгуулсан ба уг гэрээний хэрэгжих бодит хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Тус компани нь гэрээний дагуу “Р” ХХК-аас худалдаж авсан шатахууны үнийг тухай бүрд төлж байсан.Талууд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний биелэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор дүгнэж хоорондын тооцоо нийлсэн акт үйлдэж “Ө” ХХК-ны шатахуун худалдаж авсан үлдэгдэл төлбөрийг 8,813,349 /найман сая найман зуун арван гурван мянга гурван зуун дөчин найман\ төгрөг байхаар, гэрээнд алданги тооцохгүй байхаар тус тус тохиролцсон. Тохиролцсон 8813348 төгрөгийг “Р” ХХК-ны ХААН банк дахь 5100000000 дугаартай дансанд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлснээр үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон гэж үзэж байна. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах” гэрээний 4.3-д “Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 %-тай тэнцэх хэмжээний алдангийг Иргэний тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дугаар заалтын дагуу нийлүүлэгч байгууллагад төлнө” гэж хэдийгээр урьд тохиролцож байсан боловч 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд үйлдсэн тооцоо бодсон актаар “Ө” ХХК нь “Р” ХХК-нд 8813348 төгрөг төлөхөөр тохиролцсон нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодит байдлаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн талаарх тайлбарыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шийдвэр гарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журам зөрчигджээ.

            Худалдагч “Р” ХХК болон худалдан авагч “Ө” ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан хугацаанд худалдан авагчийг стандартын шаардлага хангасан бензин, дизель түлш, моторын тосоор хангах, худалдан авагч нь нэг литр нефтийн бүтээгдэхүүний үнийг тухайн сард орон нутагт мөрдөгдөж буй жижиглэнгийн үнээр тооцож дараа сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар маргаагүй байна.

Дээрх гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар худалдан авагч “Ө” ХХК нь гэрээний дагуу худалдагчид 8,149.348.00 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүний үнийг төлөөгүй болох нь тогтоогджээ. Талууд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин тооцоо нийлж, энэ хугацаанд худалдан авагч “Ө” ХХК нь 664,000.00 төгрөгийн үнэтэй нефтийн бүтээгдэхүүнийг нэмж худалдаж авснаар худалдан авагч нь худалдагчид төлөх нийт 8,813.348.00 /8,149.348.00+664,000.00/ төгрөгийн төлбөртэй талаар акт үйлджээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдан авагч “Ө” ХХК нь худалдагчтай 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,149.348.00 төгрөг, уг гэрээний хугацаа дуусгавар болсны дараа худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 664,000.00 төгрөг, нийт 8,813.350.00 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч “Р” ХХК нь анх хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулж шатахууны үнэ 8,813.348.00 төгрөг, алданги 4,074.674.00 төгрөг, бүгд 12,888.022.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 8,813.350.00 төгрөгийг төлсөнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 8,813,350.00 төгрөгийг нэхэмжлээгүй, харин алдангид 4,074.674.00 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэнтэй холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан буюу “Р” ХХК нь “Ө” ХХК-д холбогдуулж талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний алдангид 4,074.674.00 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагаас 8813348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй гэж үзнэ. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “алданги 4,074.674.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний төлбөрийг худалдан авагч “Ө“ ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлж байгаагүй нь зохигчийн тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогджээ. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 4.3.-т худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцсэн учраас нэхэмжлэгчийн дээрх шаардлага үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн үндэслэлд худалдан авагчийг төлбөр төлөх хугацааг 106 хоног хэтрүүлсэн гэж үзжээ. Гэрээний хугацаа дуусгавар болох 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 141 хоног байх бөгөөд худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,149.348.00 төгрөгийн 0,5 хувийг нэхэмжлэлийн үндэслэлд зааснаар 106 хоногоор үржүүлэн тооцоход 4,319.154.00 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алдангийн нийт дүн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагчаас алдангид 4,074.674.00 (8,149.348.00/2) төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй буюу үндэслэлгүй байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “худалдан авагчаас худалдаж авсан шатахууны үнийг тухай бүр гэрээнд заасан хугацаанд төлж байсан, талуудын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актын үнийн дүнд алдангийг оруулж тооцон, гэрээний талууд тохиролцсон” гэж тайлбарлах боловч ийм үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Иймээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,145.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00538 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Ө” ХХК-иас 4,074.674.00 /дөрвөн сая далан дөрвөн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,145.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ              

 

С.ӨМИРБЕК