Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2018/00538

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух, РХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын  дүгээр багт орших, Ө А ХХК /Н.С/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дараа төлбөрт тооцоогоор авсан шатахууны үнэ 8813348 төгрөг, алданги 4074674 төгрөг, бүгд 12888022 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч РХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө-А ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай компанитай 7 сар 02 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай компанийн агуулахаас нефтийн бүтээгдэхүүнүүдийг зээлээр авч эхэлсэн. Гэрээний талууд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Ө-А ХХК нь манай компанид 8149348 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ингэсний дараа Ө-А ХХК манай компанийн нөөцийн агуулахаас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл дахиад нефтийн бүтээгдэхүүнийг нэмж авсан ба гэрээний талууд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр дахин нэг бүрчлэн нийлж үзэхэд Ө-А ХХК болон манай компанийн хоорондын тооцоогоор 8813348 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл /мөнгө/-ийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч Ө-А ХХК нь уг 8813348 төгрөгийг одоо болтол бүрэн төлж өгөөгүй. Нэгэнт хариуцагч Ө-А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр гэрээгээр тохиролцсон алдангийг нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2018 оны 01-р сарын 30-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 16-ны өдөр хүртэл 106 хоног хэтрүүлсний алдангийг тооцоолоход (8149348 төгрөг х 0.5%= 40746.74 х 106 хоног) = 4319154 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т ...анзны нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8813348 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 4319154 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8149348 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 4074674 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ө-А ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 8813348 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 4074674 төгрөг нийт 12888022 /арван хоёр сая найман зуун наян найман мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч РХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ө-А ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 8813348 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 08 өдөр нэхэмжлэгч РХХК-ийн Х банкан дахь 0000 тоот харилцах дансанд шилжүүлсэн байна. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, алдангийг төлөөгүй байгаа тул зөвхөн алданги нэхэмжилж байна. Алданги болох 4074674 төгрөгийг хариуцагч тал эс зөвшөөрч гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой гэрээний бүх заалтууд тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бусад тооцогдох ёстой гэсэн тайлбар гаргасан байх ба хариуцагчийн энэхүү тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөр тооцоогоор борлуулах гэрээний 5.1 зааснаар гэрээ 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2017оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар зохицуулагдсан боловч хариуцагч Ө-А ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр уг гэрээний дагуу 664000 төгрөгийн үнэ бүхий нефтийн гаралт бүтээгдэхүүн нэмж худалдаж авсан. Энэ нь нэхэмжлэгч РХХК-иас хариуцагч Ө-А ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлж байсан 100 тоот нэхэмжлэх болон дугаар 3, 6 тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болоогүй бөгөөд энэ нь анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцогдох юм. Гэрээний 4.2-т зааснаар хариуцагч Ө-А ХХК нь худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараагийн сарын 10-ны дотор бүрэн төлж, тооцоо дуусгасан байх үүрэг хүлээсэн байгаа. Гэвч хариуцагч Ө-А ХХК нь гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд биелүүлээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 4074674 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Ө-А ХХК-ны гүйцэтгэх захирал Н.С шүүхэд гаргасан тайлбартаа: Ө-А ХХК нь РХХК-тай 2017 оны 05 сарын 29-ны өдөр Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг 2017 сарын 12 дугаар сарын 31-нийг хүртэл байгуулсан. Уг гэрээний дагуу байнга шатахуун зээлээр авч үнийг нь төлж байсан. 2017 оны жилийн эцсийн байдлаар 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж үлдэгдэл үнийн зөрүү болох 8149143 төгрөг төлөхийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дахин тооцоо нийлэхэд 8813348 төгрөгийг төлөхөөр эцсийн байдлаар тооцоо нийлж, 2018 оны 6 дугаар сарын эхэнд төлж өгөхөөр РХХК-ийн нягтлан бодогчтой тохиролцсон болно. Дээрх Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 31-ний дуусгавар болсонтой холбоотой гэрээний бүх заалтууд уг өдрөөс хойш хүчин төгөлдөр бус гэж тооцогдох ёстой. Гэвч РХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний үлдэгдэл болох 8149154 төгрөгөөс гэрээний 5.1 дүгээр заалтын дагуу 4319154 /дөрвөн сая гурван зуун арван есөн мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийн алданги тооцож, төлөхийг нэхэмжилсэн байна. Гэрээний 5.1 дүгээр заалт нь гэрээний нэгэн адил 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул үүнээс хойших хугацаанд энэхүү заалтын дагуу алданги тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцоо нийлж манайд ирүүлсэн үлдэгдлийн баталгаа нь компани хоорондын тооцооны үлдэгдэл 8813348 /найман сая найман зуун арван гурван мянга гурван зуун дөчин найман/ төгрөг болохыг нотолж байна. Тохиролцсоны дагуу Ө-А ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр РХХК-ийн Х банкан дахь 0000 тоот дансанд 8813350 төгрөгийг шилжүүлж, тооцоог бүрэн барагдуулсан болно. Иймд РХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 8813348 төгрөг нь бүрэн төлөгдсөн ба нэмж төлөхөөр нэхэмжилсэн 4319154 төгрөгийн алданги нь үндэслэлгүй юм гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч РХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ө А ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тилеубект 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тилеубек нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч РХХК нь Ө А ХХК-иас дараа төлбөрт тооцоогоор авсан шатахууны үнэ 8813348 төгрөг, алданги 4047674 төгрөг, бүгд 12888022 төгрөг гаргуулахыг хүссэнийг шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Учир нь, хавтаст хэрэгт нэхэмжлэгч РХХК нь хариуцагч Ө А ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №30 дугаартай гэрээ байгуулсан байна.

Гэрээний буюу 2015 оны 05 дугаар сарын 29-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаандаа өгч авалцсан зүйлээ талууд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн №03 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаагаар Ө А ХХК нь РХХК-нд 8149348 төгрөгийн өртэй болох нь №30 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.

Уг төлөгдөөгүй байгаа шатахууны үнэ 8149348 төгрөгийн өглөг нь 2017 оны 05 дугаар сараас хойш авч хэрэглэсэн нефтийн бүтээгдэхүүний үнэ болох нь гэрээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, талуудын хооронд нийлсэн №03 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч РХХК нь хариуцагч Ө А ХХК-иас талуудын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн №06 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаагаар 8813348 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ө А ХХК нь уг мөнгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын 0000 дугаартай дансанд төлсөн болох нь Х банкны депозит дансны хуулгаар мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч үндсэн мөнгийг төлсөн тул шаардлагаа багасгаж байна гэх тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч РХХК-ны хариуцагч компаниас шатахууны үнэ гэж 8813350 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл шатахууны үндсэн үнийг төлж өглөө харин бид алдангийг төлж чадахгүй гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 29-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй тул тэрнээс хойш хугацааны алдангийг хариуцахгүй гэж маргажээ.

Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд гэрээний 4.3-д хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ө-А ХХК нь гэрээний 4.2-т хэрэглэгч нь авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж тооцоог дуусгах ёстой байтал 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд гэрээний үүргээс 8149348 төгрөг төлөөгүй байх тул мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 05-р сарын 16-ны өдөр хүртэлх 106 хоног хэтрүүлсний алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд түүний 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоогоор төлөөгүй үүрэг болох 8149348 төгрөгөөс тооцон, түүний 50 хувь буюу 4074674 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ө А ХХК-иас алданги 4074674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РХХК-д олгож нэхэмжлэгчийн шаардлагаас 8813348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ө-А ХХК-иас алданги 4074674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8813348 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө-А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 80145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ