Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/01963

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2021/01963 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух,,******* овогт *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух,,******* овогт******* ,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух,******* овогт*******

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222, 110 байр, 10 тоот хаягт оршин суух,******* овогт******* нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 71 603 714 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 81 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч,, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал /ШТЭҮД-2595/, хариуцагч Г.Пүрэвжаргалын өмгөөлөгч Г.Насанжаргал /ШТҮД:3229/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Түвшинжаргал нь 2020 оны 07 сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Б2 давхарт байрлах Урбан карс Авто худалдааны төвөөс 2015 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд******* улсад АНУ-аас импороор орж ирсэн Lexus RX 350 маркийн авто машиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Тус авто машиныг худалдан авахдаа төлбөрийн 50 хувийг бэлнээр буюу өөрийн хуримтлалаас, үлдэгдэл 50 хувийг Улаанбаатар зочид буудлын 2 давхарт байрлах Алтан төгрөг ББСБ-аас сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авч барагдуулсан. Авто машины мөнгөний 50 хувийг хариуцагчын худалдаа хөгжлийн банкны 460010361 данс руу 33 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг хийхэд Алтан төгрөг ББСБ-аас өвто тээврийн хэрэгслийг тус ББСБ-ын нэр рүү шилжүүлсэн байх ёстой гэсэн учраас Урбан карс авто худалдааны төвийн борлуулагч Б.Тамир, хариуцагч нартай Авто тээврийн үндэсний төвд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Гэвч нь Г.Пүрэвжаргал гэх хүнээс давхар итгэмжлэл хийсэн тул нэр шилжих боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймээс бид Г.Пүрэвжаргал гэх хүнийг дуудаад манай дүү тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулснаар нэр шилжсэн. Ингээд Алтан төгрөг ББСБ ХХК-иасын Хаан банкны данс руу 33 500 000 төгрөг шилжүүлснээр төлбөр бүрэн төлөгдсөн. Мөн тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуй, обуд муудсан учраас 1 800 000 төгрөгөөр шинээр худалдан авсан. Мөн 120 000 төгрөгөөр тень наалгасан. Доктор авто сүлжээнд 120 000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн. Мөн авто зогсоолд байрлуулахгүй бол болохгүй байсан учраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах True L хотхон, Ислон Деволопмент ХХК-тай авто зогсоол хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж 3 сарын хугацаанд байрлуулсан. Авто зогсоолын төлбөр 855 000 төгрөг болсон. Дээрх тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш 10 өдрийн дараа урд гупрын доод хүрээ салж унасан, мөн машины дээврээс нь бороо орохоор дусаал гоождог. Бензин хэмжигч нь ажиллахгүй болсон. Ингээд Мөнххада засварын төвд очиж үзүүлэхэд зөвхөн гупрын доод хэсэг асуудалтай биш. Урд хэсгээрээ нилээд том осолд орж машины жааз хүрээ гажсан, үүнийгээ стандарт бусаар засварласан байсан. Дээрх гэмтлүүдийг засварлахад 1 404 525 төгрөг болно гэсэн. Мөнххада засварын төвөөс лексус 350 авто машины жааз буюу гол төмрийн урд хэсэг 350 орчим цэгэн тохиргоотой байдаг ба эдгээр цэг бүрийн хооронд тогтоосон хэмжээтэй, хэмжээг тусгай техникээр тохируулан янзалдаг юм гэсний дагуу тус төвд авто машинаа засварлуулахаар өгсөн. Тухайн үед хариуцагч нартай холбогдож засварын мөнгөнөөс 50 хувийг нь өгөхийг хүсч хриуцагч нар зөвшөөрсөн. Ингээд 3 хоногийн дараа Мөнххада авто засварын төвөөс машинаа авахад эд ангийг засварлах боломжгүй. Шинээр солих шаардлагатай, манай зүгээс баталгаа өгч чадахгүй гэсэн. Мөн 350 цэгээс 250 нь янзлагдсан. Үлдсэн 100 цэг нь засварлах боломжгүй гэсэн. Дараа нь Их засаг их сургуулийн зүүн талд авто засварын сайн газар байдаг гэж сонсоод дээврийн хэсгийг янзлуулах зорилгоор очиход машины доторх хэсгийг задлахад баруун талын урд болон хойд суудлын дунд байрлах баганы хэсэгт том хэмжээний засвар, өрөм, зүсэлт, гагнуурыг нэлээд болхи байдлаар хийсэн болох нь илт байлаа. Тус төвийн засварчид машиныг зөвхөн урд талаараа бус баруун талаараа унаж онхолдсон, бүтэн будаг хийсэн, одоогийн байгаа байдлаар хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй. Хэрвээ муугаар бодоход хүний амь насанд аюултай гэж хэлсэн. Мөн www.google.mn-ээс арлын дугаараар нь хайгаад үз. Осолд орсон бол en.bidfax.info сайтаас зургууд нь гарч ирнэ гэсэн. Үүний дагуу орж үзэхэд 2019 оны 11 дүгээр сард осолд орж, онхолдсон байсан. 2020 оны 02 дугаар сард 6 500 доллараар худалдан авсан зэрэг бүхий л мэдээллүүд байсан. Ингээд бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдан авч, хууран мэхлэгдсэн гэдгээ мэдээд худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, машинаа буцаая гэхэд, хариуцагч нар шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье. Бид ямар ч эвдрэл гэмтэлгүй машин өгсөн гэсэн. Иймд хариуцагч Д.Пүрэвжаргал,, нараас тээврийн хэрэгслийн үнэ 67 000 000 төгрөг, мөн 4 ширхэг обудны үнэ 1 800 000 төгрөг, тень 120 000 төгрөг, Мөнххада авто засварын төвөөр оношлуулсан засварын үнэ 1 404 525 төгрөг, Алтан төгрөг Банк бус санхүүгийн байгууллагын хүүнд төлсөн 424 189 төгрөг, авто зогсоолын төлбөр 855 000 төгрөг нийт 71 603 714 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г.Пүрэвжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурдагдаж буй авто машин миний өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Я.Эрдэнэболд гэх хүнээс олгосон итгэмжлэлийн дагуу уг машиныг худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Түвшинжаргалтай байгуулсан. Нэхэмжлэгч хариуцагч Д.Пүрэвжаргалаас юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан. Хариуцагч Г.Пүрэвжаргал нь өөрөө гуравдагч этгээд Я.Эрдэнэболдоос олгосон итгэмжлэлийн хүрээнд гуравдагч этгээдтэй тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд оролцсон. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт Я.Эрдэнэболд нь тээврийн хэрэгслийг бусдад худалдах эрхийг Г.Пүрэвжаргалд итгэмжлэл олгосон болно гэж заасан. Уг итгэмжлэлийн хугацааг 6 сарын хугацаанд олгосон. Уг хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Хариуцагч Г.Пүрэвжаргал нь нэхэмжлэгчээс машины төлбөрийг аваагүй. Иймд хариуцагч Г.Пүрэвжаргалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрчээр асуугдсан Э.Одончимэг, Ц.Мөнхбат гэх хоёр хүн хариуцагч бид хоёрт 100 000 000 төгрөгийн өртэй байсан. Уг өрөндөө Lexus RX 350 маркийн авто машиныг 70 000 000 төгрөгөөр, Honda HRV маркийн машиныг 30 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. Бидэнд машин биш мөнгө хэрэгтэй байсан болохоор Lexus RX 350 маркийн авто машиныг худалдахаар болсон. Ингээд ирж үзэж байгаа хүмүүс маш олон зүйл асуусан. Би өөрөө уг машиныг мэдэхгүй. Асуултанд нь хариулж чадахгүй байсан учраас Урбан кар авто худалдааны төвд хандаж зуучлуулан худалдахаар болсон. Урбан кар авто худалдааны төв машины үнийн дүнгээс 2 хувийн шимтгэл, мөн машин байршуулах төлбөр 300 000 төгрөг авна гээд гэрээ байгуулсан. Гэвч Урбан кар авто худалдааны төв 14 хоноход худалдаж чадаагүй. Би сүүлдээ машинаа худалдахаа болъё гэж хэлж үзсэн. Удаагүй танай машиныг худалдахаар боллоо. Гэрээгээ байгуул гэсэн. Тухайн үед би байгаагүй. Манай гэр бүлийн хүн гэрээ байгуулах үед хамт байлцсан. Машины мөнгийг манай эхнэрын данс руу шилжүүлсэн. Түвшинжаргал машинаа худалдан авсаны дараа машины гуприйг жижигхэн эвдэлчихсэн. Засвар нь 1 500 000 төгрөг болсон. Тал мөнгийг нь ч болтугай өг гэхээр нь Урбан кар авто худалдааны төвөөр дамжуулан өгсөн. Дараагийн удаад машинд гарсан эдврэл гэмтэл, дугуй солих зэрэг асуудал байхгүй шүү. Бид хариуцахгүй гэдгээ хэлсэн. Дараа нь Д.Түвшинжаргал Урбан кар авто худалдааны төвийн борлуулагч Б.Тамиртай холбогдоод машинаа буцаая гэж хэлсэн байсан. Үүнийг Тамир бидэнд хэлсэн. Надад Түвшинжаргалын дугаарыг өгөөд өөрөө холбогд гэсэн. Д.Түвшинжаргалтай холбогдоход манай багын найз байсан. Бид уулзахад би энэ машиныг өрөндөө хүнээс авсан. Эвдрэл гэмтэл, осолд орж байсан талаар мэдээгүй гэдгээ тайлбарласан. Гэвч Түвшинжаргал надад хатуу хандсан. Би сарын дотор мөнгө авна гэхээр нь би шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Мөнхбат, Э.Одончимэг нараас бид мөнгө авч чадахгүй нэг жил болсон. Гэтэл нодлин наадмын үеэр залгаад машин авбал ав. Авахгүй бол шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэсэн. Бид машин ав гэж байгаа дээр нь гялс авъя гээд авсан. Тухайн үедээ оношилгоонд оруулаагүй. Асуудалгүй, эвдрэл гэмтэл байхгүй, шинэ машин гэхээр нь гэрээ байгуулаад машинаа авсан. Гаалийн бичигтэй машин болохоор бид унаж ч үзээгүй. Бид хүнд 80 000 000 төгрөгийн өртэй байсан. Ингээд машинаа хурдан борлуулах арга хайгаад Урбан кар авто худалдааны төвд хандсан. Гэвч 14 хоноход машин худалдагдахгүй байсан. Би өөрөө Төрийн банкнаас зээл хөөцөлдөөд авъя гэж бодсон. Гэвч Урбан кар авто худалдааны төвөөс танай машин худалдсан. Гэрээгээ байгуулж, машинаа шилжүүлж өг гэж залгасан. Бид анх тухайн машиныг худалдан авахад урд гупер нь хуруу хэртэй зайтай байсан. Бид гаалийн бичигтэй машин болохоор засуулж чадаагүй. Түвшинжаргал машиныг худалдан авахдаа засуулаад авъя гэсэн. Бидний зүгээс машины үнэ 70 000 000 төгрөгөөс засварын мөнгө 3 000 000 төгрөг хассан. Машины мөнгийг Д.Түвшинжаргал миний данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг би шууд өөр хүн рүү өрөндөө шилжүүлсэн. Гэтэл 10 хоногийн дараа Урбан кар авто худалдааны төвөөс над руу залгасан. Д.Түвшинжаргал машинаа аваад шууд хөдөө явсан байна. Хөдөө явж байх хугацаандаа ус руу орж гупрээ гэмтээсэн байна. Мөнххада дээр засварын хөлс нь 1 500 000 төгрөг болж байгаа нь юм байна. Та хоёр анхнаасаа урд гупер нь ямар байсныг мэдэж байгаа учраас засварын хөлснөөс нь талыг нь өгчих өө гэж хэлсэн. Би машины үнийн дүнгээс засварын хөлсийг нь өгсөн. Одоо надад өгөх шаардлага байхгүй. Гэхэд над руу олон удаа залгаж гуйхаар би талыг нь өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, нар нь сөрөг нэхэмжлэлдээ: ...Авто машиныг Д.Түвшинжаргалд биет байдлаар шилжүүлсэн өгсөн өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл 405 хоног машиныг унаж ашигласны хөлсийг автомашины түрээсийн төлбөрийг зах зээлийн дундаж ханш өдрийн 200 000 төгрөгөөр тооцож, 81 000 000 төгрөг, мөн машин худалдан авснаас хойш засварт шилжүүлсэн 700,000 төгрөг, нийт 81 700 000 төгрөгийг Д.Түвшинжаргалаас гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нь хариуцагч,, Г.Пүрэвжаргал нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ 67 000 000 төгрөг, хохиролд 4 603 714 төгрөг, нийт 71 603 714 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч, нар засварын зардалд шилжүүлсэн 700 000 төгрөг, авто машиныг унаж ашигласны хөлс 81 000 000 төгрөг, нийт 81 700 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нь шаардлагын үндэслэлээ ...худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашин нь*******д орж ирэхээсээ өмнө буюу АНУ-д 2019 оны 11 сард осолд орж онхолдсон, машины жааз буюу гол төмөр гажсанаас аюулгүйн дэр, бинзений даачиг ажиллахгүй, хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй доголдолтой эд хөрөнгө байх тул гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 67 000 000 төгрөг болон хохиролоо хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Г.Пүрэвжаргал нь ...автомашин миний өмчлөлийн эд хөрөнгө биш, Я.Эрдэнэболдоос надад олгосон итгэмжлэлийн үндэсэн дээр нэр шилжүүлэх ажиллагаанд оролцон, гэрээ хийсэн.. гэж, хариуцагч, нар нь ... тухайн автомашиныг бусдаас өрөндөө тооцон авсан. Тээврийн хэрэгсэл нь осол гэмтэлд орж байсан талаар бид мэдээгүй. Хэвийн ажиллаж байсан автомашин шилжүүлсэн... гэх үндэслэлээр тус тус татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 07 сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ Я.Эрдэнэболдоос Г.Пүрэвжаргалд олгосон итгэмжлэлийн дагуу худалдагч талыг төлөөлөн Г.Пүрэвжаргал, худалдан авагч талыг төлөөлөн Д.Түвшинжаргал нар бичгээр байгуулагдсан боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тухайн автомашиныг захиран зарцуулах эрх нь хариуцагч, нарт байсан, 2T2ZK1BA3FC195521 аралын дугаартай, Lexus RX 350 маркийн автомашиныг Урбан карс авто худалдааны төвөөр зуучлуулан худалдан борлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гэрээ байгуулах санал гэж нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг ойлгох ба хариуцагч нь нэхэмжлэгч Д.Түвшинжаргалтай 2T2ZK1BA3FC195521 арлын дугаартай, Lexus RX 350 маркийн автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцоонд хүрч, эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч хэлэлцэн тохиролцсон үнийг хариуцагчд төлсөн зэрэг үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийн шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэсний дагуу хариуцагч О.Гоомарал, нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Г.Пүрэвжаргал, нарт холбогдуулан шаардлага гаргах эрхгүй, Г.Пүрэвжаргал, нар хариуцвал зохих этгээд биш байх тул тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчид 2020 оны 07 сарын 27-ны өдөр шилжүүлэхэд гупер нь зайтай байсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгч 2020 оны 08 сарын 10-ны өдөр Мөнххадаа авто засварын төвд 1 404 525 төгрөгийн засвар хийлгэсэн, засварын төлбөрийн 50 хувь буюу 700 000 төгрөгийг хариуцагч төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 08 сарын 10-ны өдөр Мөнххадаа авто засварын төвд очсоноор автомашины зөвхөн гупрын доод хүрээний асуудал бус машины гол төмөр буюу жааз хүрээ гажсан болохыг мэдсэн гэх тайлбар нь тус авто засварын газрын ажлын тайлан, төлбөрийн нэхэмжлэхээр нотлогдож байна./хх-20-22/

 

Гэвч дээрх машины гол төмөр буюу жааз хүрээний гажилт бүрэн засагдаагүй, замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдал хангагдаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байх ба уг доголдол нь нэхэмжлэгчид автомашиныг шилжүүлэхээс өмнө байсан доголдол гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл худалдан авагчийн буруугаас автомашинд дээрх гэмтэл илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Ийнхүү гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, худалдан авагчийн автомашинтай болох хүсэл зориг хангагдаагүй нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэхь хэсэгт заасан биет байдлын доголдолтой хөрөнгөнд хамаарч байна гэж шүүх үзсэн ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Хуульд заасан хугацааны дотор доголдлыг илрүүлсэн. Нэхэмжлэгчийн худалдаж авсан автомашины доголдолыг арилгуулахаар хариуцагчид хандсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Дээрх гэрээг цуцлах тухай шаардах эрхийг гэрээнээс татгалзах эрхтэй адилтган ойлгох ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээний гүйцэтгэлд төлсөн 67 000 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс 2T2ZK1BA3FC195521 аралын дугаартай, Lexus RX 350 маркийн автомашиныг худалдагч талд буюу хариуцагчд буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан ба нэхэмжлэгчийн 4 ширхэг обудны үнэ 1 800 000 төгрөг, тень 120 000 төгрөг, Мөнххада авто засварын төвөөр оношлуулсан засварын үнэ 1 404 525 төгрөг, Алтан төгрөг Банк бус санхүүгийн байгууллагын хүүнд төлсөн 424 189 төгрөг, авто зогсоолын төлбөр 855 000 төгрөг, нийт 4 603 714 төгрөгийн хохирол, хариуцагч нь засварын зардалд шилжүүлсэн 700 000 төгрөг, машиныг унаж ашигласан 81 000 000 төгрөг нийт 81 7000 000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Учир нь тухайн автомашиныг Ц.Мөнхбат, Э.Одончимэг нараас хариуцагч, нар нь өр төлбөртөө тооцон 2020 оны 07 сарын 06-ны өдөр шилжүүлэн авсан болох нь гэрчийн мэдүүлэг, төлбөр тооцоо дууссан баримт гэх нотлох баримтаар тогтоогдож байх ба худалдагч тал болох нь тухайн эд хөрөнгийн доголдолыг мэдсэн, мэдэх боломжтой байсан, нуун дарагдуулсан буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирол, зардлыг хариуцах үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан явдалд буруугүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм.

 

Г.Ууганбаатар, нар нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, тухайн автомашинтай холбоотой хохирлоо холбогдох этгээдээс шаардах эрх нээлттэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас 67 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэгч Д.Түвшинжаргалаас 2T2ZK1BA3FC195521 аралын дугаартай, Lexus RX 350 маркийн 5692УНЯ улсын дугаартай автомашиныг гаргуулан хариуцагчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 4 603 714 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Пүрэвжаргал, нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар 81 700 000 төгрөг гаргуулах хариуцагч, нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 533 364 төгрөг, хариуцагчаас төлсөн 733 400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 492 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ