Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/00002

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00002

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01963 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Г, Г.У, Г.П нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 71 603 714 төгрөг гаргуулах үндсэн, 81 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Д.Т- нь 2020 оны 07 сарын 27-ны өдөр Урбан карс авто худалдааны төвөөс 2015 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд Монгол Улсад импороор орж ирсэн лексус 350 маркийн автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн 50 хувийг бэлнээр, үлдэгдэл 50 хувийг Алтан төгрөг ББСБ-аас сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авч барагдуулсан. Төлбөр төлөхдөө Худалдаа хөгжлийн банкин дахь хариуцагч О.Гын 460010361 данс руу 33 500 000 төгрөг шилжүүлсэн. Алтан төгрөг ББСБ-аас авто тээврийн хэрэгслийг тус ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн учраас Урбан карс авто худалдааны төвийн борлуулагч Б.Тамир, хариуцагч О.Г нартай холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Авто тээврийн үндэсний төвд өгсөн. Гэвч О.Г нь Г.П гэх хүнээс итгэмжлэл хийсэн тул нэр шилжих боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс бид Г.П гэх хүнийг дуудаад манай дүү гэрээ байгуулснаар нэр шилжсэн. Ингээд Алтан төгрөг ББСБ ХХК-иас О.Гын Хаан банкны данс руу 33 500 000 төгрөг шилжүүлснээр төлбөр бүрэн төлөгдсөн. Мөн тухайн тээврийн хэрэгсэлд 4 дугуй, обуд 1 800 000 төгрөгөөр шинээр худалдан авсан. Мөн 120 000 төгрөгөөр тень наалгасан. Доктор авто сүлжээнд 120 000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн. Мөн авто зогсоолд байрлуулахгүй бол болохгүй байсан учраас Ислон деволопмент ХХК-тай авто зогсоол хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж 3 сарын хугацаанд байрлуулж төлбөрт 855 000 төгрөг төлсөн. Дээрх тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш 10 өдрийн дараа урд гупер доод хүрээ салж, дээврээс нь бороо орохоор дусаал гоожиж, бензин хэмжигч нь ажиллахгүй болсон. Ингээд Мөнххада засварын төвд очиж үзүүлэхэд зөвхөн гуперын доод хэсэг биш, урд хэсгээрээ нилээд том осолд орж машины жааз хүрээ гажсан, үүнийгээ стандарт бусаар засварласан байсан бөгөөд тус төвд автомашинаа засварлуулахаар өгсөн. Тухайн үед хариуцагч нартай холбогдож засварын мөнгөнөөс 50 хувийг нь өгөхийг хүсэхэд зөвшөөрсөн. Ингээд 3 хоногийн дараа Мөнххада авто засварын төвөөс машинаа авахад эд ангийг засварлах боломжгүй, шинээр солих шаардлагатай бөгөөд баталгаа өгч чадахгүй, мөн 350 цэгээс 250 нь янзлагдсан, үлдсэн 100 цэг нь засварлах боломжгүй гэсэн. Дараа нь өөр авто засварын газар очиж, машины дээврийн хэсгийг янзлуулах зорилгоор доторх хэсгийг нь задлуулахад баруун талын урд болон хойд суудлын дунд байрлах баганы хэсэгт том хэмжээний засвар, өрөм, зүсэлт, гагнуурыг нэлээд болхи байдлаар хийсэн нь илт байсан. Тус төвийн засварчид машиныг зөвхөн урд талаараа бус баруун талаараа унаж онхолдсон, бүтэн будаг хийсэн, одоогийн байгаа байдлаар хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй гэсэн. Автомашины арлын дугаараар нь шалгахад 2019 оны 11 дүгээр сард осолд орж, онхолдсон байсан. Ингээд бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдан авч, хууран мэхлэгдсэн гэдгээ мэдсэн тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Пүрэвжаргал, О.Г, Г.У нараас тээврийн хэрэгслийн үнэ 67 000 000 төгрөг, мөн 4 ширхэг обудны үнэ 1 800 000 төгрөг, тень 120 000 төгрөг, Мөнххада авто засварын төвөөр оношлуулсан засварын үнэ 1 404 525 төгрөг, Алтан төгрөг ББСБ-ын хүүнд төлсөн 424 189 төгрөг, авто зогсоолын төлбөр 855 000 төгрөг, нийт 71 603 714 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.У тайлбартаа: Бидэнд мөнгө хэрэгтэй байсан болохоор Lexus RX 350 маркийн авто машиныг Урбан кар авто худалдааны төвд хандаж зуучлуулан худалдахаар болсон. Тус худалдааны төв машины үнийн дүнгээс 2 хувийн шимтгэл, мөн машин байршуулах төлбөр 300 000 төгрөг авахаар гэрээ байгуулсан бөгөөд танай машиныг худалдахаар боллоо, гэрээгээ байгуул гэсэн. Манай гэр бүлийн хүн О.Г гэрээ байгуулах үед хамт байлцсан. Машины мөнгийг манай эхнэр О.Гын данс руу шилжүүлсэн. Д.Т- машинаа худалдан авсаны дараа машины гуперыг эвдэлчихсэн, засварын 1500 000 төгрөгөөс тал мөнгийг өг гэхээр нь Урбан кар авто худалдааны төвөөр дамжуулан өгсөн. Дараа нь Д.Т- Урбан кар авто худалдааны төвийн борлуулагч Б.Тамиртай холбогдоод машинаа буцаая гэж хэлсэн байсан. Д.Т-тай холбогдоход манай багын найз байсан бөгөөд энэ машиныг өрөндөө хүнээс авсан, эвдрэл гэмтэл, осолд орж байсан талаар мэдээгүй гэдгээ тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч О.Г тайлбартаа: Бид анх тухайн машиныг худалдан авахад урд гупер нь хуруу хэртэй зайтай байсан. Бид гаалийн бичигтэй машин болохоор засуулж чадаагүй. Түвшинжаргал машиныг худалдан авахдаа засуулаад авъя гэсэн. Бидний зүгээс машины үнэ 70 000 000 төгрөгөөс засварын мөнгө 3 000 000 төгрөг хассан. Машины мөнгийг Д.Т- миний данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг би шууд өөр хүн рүү өрөндөө шилжүүлсэн. Гэтэл 10 хоногийн дараа Урбан кар авто худалдааны төвөөс над руу залгасан. Д.Т- машинаа аваад шууд хөдөө явсан байна. Хөдөө явж байх хугацаандаа ус руу орж гуперээ гэмтээсэн, Мөнххада дээр засварын хөлс нь 1 500 000 төгрөг болж байгаа нь юм байна, та хоёр анхнаасаа урд гупер нь ямар байсныг мэдэж байгаа учраас засварын хөлснөөс талыг нь өгчих гэж хэлсэн. Би машины үнийн дүнгээс засварын хөлсийг нь өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.П тайлбартаа: Миний бие гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т-аас ямар нэг төлбөр аваагүй, нэхэмжлэлд дурдаж буй автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал надад хамааралгүй тул дээрх нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч О.Г, Г.У нар сөрөг нэхэмжлэлдээ: Авто машиныг Д.Т-д биет байдлаар шилжүүлсэн буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 405 хоног унаж ашигласны хөлсийг автомашины түрээсийн төлбөрийн зах зээлийн дундаж ханш өдрийн 200 000 төгрөгөөр тооцож, 81 000 000 төгрөг, мөн машин худалдан авснаас хойш засварт шилжүүлсэн 700 000 төгрөг, нийт 81 700 000 төгрөгийг Д.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Машины урд гупер эвдрэлтэй байсан байсан бөгөөд осолд орсон бүрэн засварлагдах боломжгүй байсан. Г.У нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буруутай этгээд тул гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Гаас 67 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, нэхэмжлэгч Д.Т-аас 2T2ZK1BA3FC195521 аралын дугаартай, Lexus RX 350 маркийн 5692УНЯ улсын дугаартай автомашиныг гаргуулан хариуцагч О.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 4 603 714 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.П, Г.У нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар 81 700 000 төгрөг гаргуулах хариуцагч О.Г, Г.У нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 533 364 төгрөг, хариуцагчаас төлсөн 733 400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас улсын тэмдэгтийн хураамж 492 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Г, Г.У нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Т-ыг хуурч мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийг осолд орж байсан талаар бид мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоод байгаа авто засварын газрын ажлын тайланд тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжтой, боломжгүй талаар огт дурдаагүй байхад тухайн тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлт гарсан мэтээр дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч Д.Т-ын нотлох баримтаар гаргаж өгсөн англи сайтаас татсан албан ёсны орчуулгагүй баримтад дурдагдаад байгаа зураг бүхий тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэлд дурдагдаж буй тээврийн хэрэгсэл мөн гэдгийг нотолсон баримт байхгүй, тухайн сайт АНУ-даа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх үзлэг хийж, нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хууль бус байна. Тухайн тээврийн хэрэгслийг осолд орсон, эвдэрсэн, цаашид ашиглах боломжгүй гэдгийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шүүхээс биет байдлын доголдолтой хөрөнгө гэж үзснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч О.Г, Г.У, Г.П нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 71 603 714 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, автомашины түрээсийн төлбөрт 81 700 000 төгрөг гаргуулахаар хариуцагч О.Г, Г.У нар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.Т-, хариуцагч Г.П нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Г.П нь /Я.Эрдэнэболдоос олгосон итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд/ 2T2ZK1BA3FC195521 арлын дугаартай, лексус 350 маркийн 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авагч Д.Т- нь автомашины үнэд 67 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрийг мөн өдөр төлж тооцоо дууссан үйл баримт тогтоогдсон байна. /хх 8-9/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд зохигчдын хооронд гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан эсэх нь маргаантай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн тээврийн хэрэгсэл осолд орж байсан гэдгийг хэлэлгүйгээр худалдсан, ашиглах боломжгүй буюу гэмтэл нь бүрэн засварлагдахгүй гэж, хариуцагч О.Г, Г.У нар автомашиныг осолд орж байсан гэдгийг бид мэдэх боломжгүй, худалдан авахдаа урд гупер нь гэмтэлтэй байсныг мэдэж байсан учраас доголдолтой гэж үзэхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох дээрх автомашиныг өмнө нь их хэмжээний осолд орсноос цаашид ашиглах боломжгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн, гэрчийн мэдүүлгийн хувьд зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралгүй буюу уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т-ын автомашиныг худалдан авснаасаа хойш удаа дараа авто засварын газар хандаж байсан гэх тайлбар, автомашины гуперыг засварласан гэх Мөнххада ХХК-ийн засвар үйлчилгээ үзүүлсэн тухай баримт, Таван богд ХХК-ийн оношилгооны хуудас зэрэгт бичсэн бичвэр уншигдах боломжгүй, дутуу хуулбарласан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэн тухайн автомашины доголдлын талаар болон худалдан авагч эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй эсэхэд дүгнэх боломжгүй юм. /хх17-19, 153-156/ Өөрөөр хэлбэл, тухайн автомашиныг цаашид ашиглах боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01963 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН