Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1034

 

 

Н.Пд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Жаргал,  

шүүгдэгч Н.П,    

хохирогчийн төлөөлөгч Н.Анхтуяа,     

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Мах Маркет” ХХК-ийн төлөөлөгч Л.Болорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Пд холбогдох эрүүгийн 2005009460538 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                         

/;

 

Шүүгдэгч Н.П нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах Маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгийг завшиж, 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Н.Пүрэвдавгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Н.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

 

“Мах Маркет” ХХК-ийн төлөөлөгч Л.Болор давж заалдах гомдолдоо:  “...“Мах Маркет” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр (борлуулагч)-өөр ажиллаж байсан Н.П нь ажиллаж байх хугацаандаа компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан борлуулалтын орлогоос 8,752,206 төгрөгийг хувьдаа завшиж, шууд хохирол 8,752,206 төгрөг, шууд бус хохирол (аудитын төлбөр, нотариатын зардал) 804,900 төгрөг, нийт 9,557,106 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож, хохирлоос 1,362,962 төгрөгийг нөхөн төлж, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүугийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг.

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 8,752,206 төгрөгийн хохирол учруулсныг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэж шийдвэрлэсэн.

Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолын:

            1. 5-р хуудасны хохирлын талаар хэсэгт “... хавтас хэргийн 91 дүгээр талд шүүгдэгч Н.П хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх өр төлбөргүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэж,

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-р хэсэгт “хэрэгт эд мөрийн баримтаар илрүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх өр төлбөргүй болохыг дурдсугай” гэж тус тус бичигдсэн байна.

Гэтэл Н.П нь хохирол бүрэн төлөөгүй, хэсэгчлэн төлсөн бөгөөд цаашид төлөхөө илэрхийлсэн байхад өр төлбөргүй гэж байгаа нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны дөрийн 2020/ШЦТ/496 тоот тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            1. Н.П нь шууд хохирол 8,752,206 төгрөг, шууд бус хохирол (аудитын төлбөр, нотариатын зардал) 804,900 төгрөг, нийт 9,557,106 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд үүнээс 1,362,962-ийг төлж, үлдсэн 8,093,493 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

            2. Шүүхийн шийтгэх тогтоолын 2-р хуудсанд мөрдөн байцаалтын шатанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяагийн өгсөн мэдүүлэгт “...ингээд Н.П-ын компанид учруулсан хохирол болох 8,752,206 төгрөг дээр аудитын төлбөр 787,500 төгрөг, нотариатын төлбөр 17,400 төгрөгийг нэмэхээр нийт 9,557,106 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Н.Пас нэхэмжилж байна” /хх 6-7/ гэж тэмдэглэгдсэн атал тогтоолын хохирлын талаар хэсэгт нэхэмжлэх өр төлбөргүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж буруу бичигдсэн байна.

            3. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхгүй талаар шүүхэд хүсэлт, тайлбар гаргаж байгаагүй бөгөөд хавтас хэрэгт хохирол бүрэн төлөгдсөн талаар нотлох баримт авагдаагүй байдаг.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 5-р хуудасны хохирлын талаар хэсэг болон тогтоох хэсгийн 4-р хэсэгт, хохирлын талаарх зохих хэсгүүдэд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.    

 

Хохирогчийн төлөөлөгч Н.Анхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Н.Пүрэвдавгын зүгээс сар бүр хуваарь гарган хохирлоо хэсэгчлэн нөхөн төлье гэсэн. Компанийн хувьд хохирол учирсан нь тогтоогдсон тул бидний зүгээс хэсэгчилж төлөхийг нь хүлээж авсан. Гэхдээ шүүх хуралдаанд манай байгууллага хохирлоосоо татгалзсан, хохиролгүй, хохирлоо авахгүй гэж огт дурдаагүй байхад шийтгэх тогтоолд энэ талаар арай өөрөөр бичигдсэн байсан. Алдаа гарсан байна гэж үзэж, анхан шатны шүүхэд засуулах талаар хүсэлт гаргасан боловч засаж болно гээд шүүгч ээлжийн амралтаа авсан. Улмаар хуулийн хугацаа дуусах гээд байсан учир манай байгууллагын зүгээс давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

    

Шүүгдэгч Н.П “тус шүүх хуралдаанд хэлэх зүйл байхгүй. ...” гэв.    

 

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Пүрэвдавгын хувьд 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч байгууллагаас шууд бус хохирол 804,900 төгрөг гэдэг байдлаар нэхэмжилснийг төлөхөө илэрхийлсэн. Энэ мөнгөн дүнгээс яллах дүгнэлт үйлдэх үед 1,463,613 төгрөгийг төлсөн. 7,288,593 төгрөгийн шууд хохирлын үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг мөнгийг хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулна гэж хохирлын хэмжээг тооцож шүүх хуралдаан явагдсан. Шийтгэх тогтоол гарах үед шүүхийн зүгээс андуурч “төлөх төлбөргүй” гэж дурдсан байсан. Улсын яллагчид шийтгэх тогтоол танилцуулагдах үед гомдол гаргах хугацаа өнгөрсөн байсан учир эсэргүүцэл бичээгүй. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шийтгэх тогтоолд төлөх төлбөргүй гэснийг өөрчилж, үлдэгдэл хохирлыг төлөх төлбөртэй гэж оруулах саналтай байна. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Пд холбогдох эрүүгийн 2005009460538 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

 

 Шүүгдэгч Н.П нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах Маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгийг завшиж 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяагийн: “...“Мах маркет” ХХК-ийн борлуулалтын ажилтан нарт дотоод хяналт шалгалт хийхэд худалдааны төлөөлөгч ажилтай Н.П дээр дутагдал гарч ирсэн. Худалдааны төлөөлөгч Н.П борлуулсан барааны орлогыг бэлнээр авч завшсан байсан. Н.П аудитын дүгнэлтээр 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ байдал нь санхүүгийн баримт, акт, өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлбар зэргээр нотлогдсон. Дээрх мөнгийг Н.Пас нэхэмжилнэ. Аудитын компанид мөнгө шилжүүлэн өгсөн баримтыг гарган өгсөн. Энэ баримтад тусгагдсан 2,500,000 төгрөгийг Н.Пүрэвдавгын компанид учруулсан хохиролтой харьцуулахад 31.5 хувь буюу 787,500 төгрөг болж байгаа. Мөн Н.Птай холбоотой санхүүгийн баримтыг нотариатаар баталгаажуулахад 17,400 төгрөг болсон. Ингээд Н.Пүрэвдавгын компанид учруулсан хохирол болох 8,752,206 төгрөг дээр аудитын төлбөр 787,500 төгрөг, наториатын төлбөр 17,400 төгрөгийг нэмэхээр нийт 9,557,106 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Н.Пас нэхэмжилж байна. ...” /хх 6-7/,

 

гэрч Д.Батмандахын: “...Би “Мах маркет” ХХК-д 2019 оны 10 дугаар сараас хойш маркетинг борлуулалтын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд манай ажлын худалдааны төлөөлөгчөөр М.Эрдэнэ-Очих, Н.П, Б.Бумбаяр нар ажилладаг юм. Тэгээд энэ гурван ажилтан нь өдөр болгон “Мах маркет” ХХК-ийн бүтээгдэхүүнийг зах болон найман нэрийн дэлгүүрээр өөрийн чиглэлийн дагуу борлуулалт хийдэг бөгөөд борлуулалтыг зээлээр болон бэлэн мөнгөөр борлуулдаг юм. Тэгээд бэлэн мөнгөөр орж ирсэн борлуулалтын орлогыг орой болгон тайлан гаргаж кассанд тушаадаг. Гэтэл энэ гурван ажилтан бэлэн мөнгөөр авсан орлогыг зээлээр олгосон гэж тайлагнаад хувьдаа завшсан байсньг өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн төлбөр тооцооны шалгалтаар гарч ирсэн юм. ...” /хх 11-12/,

 

гэрч У.Түмэндэмбэрэлийн: “...“Мах маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.П нь 2019 оны 6 дугаар сарын эхнээс ажиллаж эхэлсэн. Н.П нь ажиллах хугацаандаа “Грийн март” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 02, 25-ны өдрүүдэд бараа нийлүүлж, 501,000 төгрөгийн өр төлбөр гаргаж, мөнгийг бэлнээр авч, өөрөө хэрэглэсэн байсан. “Алтантөгрөг” гэх дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 462,300 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг өөрөө авч хэрэглэсэн. “Баян намсрай” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд 799,480 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр авч өөртөө ашигласан байсан. “Баян-Уул” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 431,170 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Ивээл 62” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 10,12,13,19-ний өдрүүдэд 2,431,110 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Мөнх Ундарга” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 01, 07, 18-ны өдрүүдэд 478,890 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Субина” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд 167,000 төгрөгийн бараа нийлүүлж, бэлнээр мөнгийг авч хэрэглэсэн байсан. “Сувайн овоо” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 159,310 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр авч өөртөө хэрэглэсэн байсан. “Тойрог” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 234,193 төгрөгийг бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авсан. “Улаан” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 06, 12, 18-ны өдрүүдэд 811,970 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр авсан. “Хан Хөхий” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 6, 11, 30-ны өдрүүдэд 330,130 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Хүчит барс” дэлгүүрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 237,533 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Цагаан нуурын цалига” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 4, 7-ны өдрүүдэд 1,127,340 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Эверист” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 247,030 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Өнө арвижих” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 02, 7-ны өдрүүдэд 243,750 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг өөртөө авч ашигласан байсан. Ингээд нийт 15 дэлгүүрт 8,752,206 төгрөгийн бараа нийлүүлж, хувьдаа хэрэглэсэн байсан. Энэ байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр илэрсэн. Н.Птай тооцоо нийлэхэд энэ дутагдлаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт гаргаж өгсөн. ...” /хх 20-21/ гэх мэдүүлгүүд,

 

“Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх 54/,

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 55-56/,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх 57/,

Ажлын байрны тодорхойлолт /хх 58-59/,

Тооцоо нийлсэн акт /хх 69, 74-76/,

Зарлагын падаан /хх 77-81/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Н.Пүрэвдавгийн “Мах Маркет” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бараа бүтээгдэхүүн борлуулсан мөнгөнөөс 8,752,206 төгрөгийг хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “ Хөрөнгө завших” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж заасан шинжийг бүрэн агуулжээ.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэж, Н.Пүрэвдавгийн үйлдлийг зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Пд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч “Мах Маркет” ХХК-ийн төлөөлөгч Л.Болор нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн асуудлаар давж заалдах гомдол гаргажээ.

 

            Шүүгдэгч Н.П нь нийт 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба Н.П нь шууд хохирол 8,752,206 төгрөг, шууд бус хохирол (аудитын төлбөр, нотариатын зардал) 804,900 төгрөг, нийт 9,557,106 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд үүнээс 1,463,613-ийг төлж, үлдсэн 8,093,493 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх нь хавтас хэргийн 63 дугаар талд Хаан банкны 5019561969 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 600,000 төгрөгийг, 90 дүгээр талд Хаан банкны 5019561969 тоот дансанд 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 400,000 төгрөгийг Н.Пас хохиролд  шилжүүлсэн баримтаар, мөн хавтас хэргийн 64 дүгээр талд “Ажилтны хаасан цалин, ХЧТА-н тооцоо” гэх баримтаар Н.Пүрэвдавгын цалингийн орлогоос 463.613 төгрөгийг хохиролд тооцон авсан баримтаар тогтоогдож байна.  

 

            Тиймээс “Мах маркет” ХХК-д нийт учирсан хохирлоос төлөөгүй үлдсэн 8,093,493 төгрөгийг Н.Пас гаргуулан олгох нь үндэслэлтэй байхад Н.П-ыг төлөх хохиролгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

            Иймд энэ талаар бичсэн хохирогч байгууллагын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэх тогтоолд дээрх хохиролтой холбогдсон өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...бусдад төлөх төлбөргүй...” гэснийг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-с 8,093,493 /найман сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан “Мах маркет” ХХК /регистрийн дугаар: 5643171/-д олгосугай...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ