Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

   2020           5                15                                   2020/ШЦТ/496 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Н.П,

хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Пд холбогдох эрүүгийн .... тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Н.П.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.П нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгийг завшиж 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.П мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.П-ын өгсөн:

“...“М” ХХК-нд 2018 оны 10 дугаар сараас борлуулалтын албанд жолоочоор ажилд орсон. 2019 оны 06 дугаар сараас эхэлж “М” ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Ханын материал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хөтөл, 112-ын чиглэл, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжүүдийн хүнсний дэлгүүрүүдийг хариуцаж байсан. Миний нэр дээр үүссэн программаар 60 гаран дэлгүүр байдаг боловч барааны орлогоос 200,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд авч хувьдаа хэрэглэж байсан. Мөнгө хувьдаа авч хэрэглэх болсон шалтгаан нь тухайн үед том охины бие муудаад эмчилгээний зардал, эм тарианд мөнгө төгрөг хэрэг болсон юм. Би бас өөрийн хэрэгцээнд аваад хэрэглэсэн мөнгө төгрөг байгаа. “М” ХХК-ийн тооцооны нягтлантай нийлсэн тооцоо, аудитын дүгнэлтээр над дээр гарсан 8,752,206 төгрөгийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Над дээр гарсан төлбөрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “М” ХХК-ийн Хаан банкны 5019561969 дансанд 600,000 төгрөг тушаасан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын урьдчилгаа цалин 150,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин 172,962 төгрөг, актны мөнгө 140,651 төгрөгийг суутгуулж, нийт 1,063,613 төгрөгийн төлбөрийг төлөөд байгаа. Үлдсэн төлбөр тооцоог төлж дуусгана...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяагийн өгсөн:

“...“М” ХХК-ийн борлуулалтын ажилтан нарт дотоод хяналт шалгалт хийхэд худалдааны төлөөлөгч ажилтай Н.П дээр дутагдал гарч ирсэн. Худалдааны төлөөлөгч Н.П борлуулсан барааны орлогыг бэлнээр авч завшсан байсан. Н.П аудитын дүгнэлтээр 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ байдал нь санхүүгийн баримт, акт, өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлбар зэргээр нотлогдсон. Дээрхи мөнгийг Н.Пас нэхэмжилнэ. Аудитын компанид мөнгө шилжүүлэн өгсөн баримтыг гарган өгсөн. Энэ баримтад тусгагдсан 2,500,000 төгрөгийг Н.П-ын компанид учруулсан хохиролтой харьцуулахад 31.5 хувь буюу 787,500 төгрөг болж байгаа. Мөн Н.Птай холбоотой санхүүгийн баримтыг нотариатаар баталгаажуулахад 17,400 төгрөг болсон. Ингээд Н.П-ын компанид учруулсан хохирол болох 8,752,206 төгрөг дээр аудитын төлбөр 787,500 төгрөг, наториатын төлбөр 17,400 төгрөгийг нэмэхээр нийт 9,557,106 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Н.Пас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ын өгсөн:

“...Би М ХХК-д 2019 оны 10-р сараас хойш маркетинг борлуулалтын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд манай ажлын худалдааны төлөөлөгч М.Э-, Н.П, Б.Б- нар ажилладаг юм. Тэгээд энэ гурван ажилтан нь өдөр болгон М ХХК-н бүтээгдэхүүнийг зах болон найман нэрийн дэлгүүрээр өөрийн чиглэлийн дагуу борлуулалт хийдэг бөгөөд борлуулалтыг зээлээр болон бэлэн мөнгөөр борлуулдаг юм. Тэгээд бэлэн мөнгөөр орж ирсэн борлуулалтын орлогыг орой болгон тайлан гаргаж кассанд тушаадаг юм. Гэтэл энэ гурван ажилтан бэлэн мөнгөөр авсан орлогыг зээлээр олгосон гэж тайлагнаад хувьдаа завшсан байсньг өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн төлбөр тооцооны шалгалтаар гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Т-ийн өгсөн:

“...“М” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.П нь 2019 оны 6 дугаар сарын эхнээс ажиллаж эхэлсэн. Н.П нь ажиллах хугацаандаа “Грийн март” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 02, 25-ны өдрүүдэд бараа нийлүүлж, 501,000 төгрөгийн өр төлбөр гаргаж, мөнгийг бэлнээр авч, өөрөө хэрэглэсэн байсан. “Алтантөгрөг” гэсэн дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 462,300 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг өөрөө авч хэрэглэсэн. “Баян намсрай” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд 799,480 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр авч өөртөө ашигласан байсан. “Баян-Уул” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 431,170 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Ивээл 62” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 10,12,13,19-ний өдрүүдэд 2,431,110 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Мөнх Ундарга” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 01, 07, 18-ны өдрүүдэд 478,890 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Субина” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд 167,000 төгрөгийн бараа нийлүүлж, бэлнээр мөнгийг авч хэрэглэсэн байсан. “Сувайн овоо” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 159,310 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр авч өөртөө хэрэглэсэн байсан. “Тойрог” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 234,193 төгрөгийг бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авсан. “Улаан” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 06, 12, 18-ны өдрүүдэд 811,970 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр авсан. “Хан Хөхий” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 06, 11, 30-ны өдрүүдэд 330,130 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Хүчит барс” дэлгүүрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 237,533 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Цагаан нуурын цалига” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 04, 07-ны өдрүүдэд 1,127,340 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Эверист” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 247,030 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг бэлнээр өөрөө авч хэрэглэсэн байсан. “Өнө арвижих” дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 02, 07-ны өдрүүдэд 243,750 төгрөгийн бараа нийлүүлж, мөнгийг өөртөө авч ашигласан байсан. Ингээд нийт 15 дэлгүүрт 8,752,206 төгрөгийн бараа нийлүүлж, хувьдаа хэрэглэсэн байсан. Ингээд нийт 15 дэлгүүрт 8,752,206 төгрөгийн бараа нийлүүлж, хувьдаа хэрэглэсэн байсан. Энэ байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр илэрсэн. Н.Птай тооцоо нийлэхэд энэ дутагдлаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

- М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-н 54/,

- Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-н 55-56/,

- Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-н 57/,

- Ажлын байрны тодорхойлолт /хх-н 58-59/,

- Тооцоо нийлсэн акт /хх-н 69, 74-76/,

- Зарлагын падаан /хх-н 77-81/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 41/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.П нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгийг завшиж 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.П-ын “...барааны орлогоос 200,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд авч хувьдаа хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяагийн “...Худалдааны төлөөлөгч Н.П борлуулсан барааны орлогыг бэлнээр авч завшсан байсан. Н.П аудитын дүгнэлтээр 8,752,206 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-ын “...Н.П ...бэлэн мөнгөөр авсан орлогыг зээлээр олгосон гэж тайлагнаад хувьдаа завшсан байсньг өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн төлбөр тооцооны шалгалтаар гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч У.Т-ийн “...нийт 15 дэлгүүрт 8,752,206 төгрөгийн бараа нийлүүлж, хувьдаа хэрэглэсэн байсан. Энэ байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 14, 14-ний өдөр илэрсэн. Н.Пүрэвдавгатай тооцоо нийлэхэд энэ дутагдлаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, Ажлын байрны тодорхойлолт, Тооцоо нийлсэн акт, Зарлагын падаан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Пүрэвдавганд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Пүрэвдавгийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 91 дүгээр талд шүүгдэгч Н.Пүрэвдавгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх төлбөргүй хохирол бүрэн төлөгдсөн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Пд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Н.П-ыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай прокурорын саналд “...яллагдагч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна...” гэснийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох гэж зөвтгөж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Нямдаваагийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ