Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2021/00712

 

   Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа явуулдаг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисст холбогдох  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, иргэдийн төлөөлөгч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:Хариуцагч байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хор 40000000 төгрөг гаргуулах тухай.

                Нэхэмжлэгч Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг болох Д нь Баян-Өлгий аймгийн ардын шүүн таслах газрын 1953 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 00 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар сарын 1-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж Монгол улсын Дээд шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаар тогтоолоор цагаатгагдсан.2002 онд цагаатгалын 1.0 сая төгрөгийг миний талийгаач ах Б-гийн нэрээр авсан.Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.2019 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 40.0 сая төгрөгийн нөхөх олговор авахаар холбогдох материалыг бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлсэн боловч тус комиссоос “эхнэр нь Б нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн ЦАУЗБКомиссын 2005.05.02-ны өдрийн 02 тоот тогтоолоор “3 сая” төгрөг авсан тул хамрагдахгүй.ИТХ-ын санхүү тасгаас тодруулга авахыг зөвлөж байна” гэсэн хариу өгсөн.Үүний дагуу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б-д өргөдөл гаргаж Баян-Өлгий аймгийн ЦАУЗБКомиссын 2005.05.02-ны өдрийн 02 тоот тогтоол, 3 сая төгрөг авахаар хүсэлт гаргаж байсан талаарх холбогдох баримтууд, 3 сая төгрөг олгосон талаарх санхүүгийн баримтуудын хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн боловч Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000000 дугаартай албан бичгээр “Тус аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын санхүүгийн материалыг шүүж үзэхэд хэлмэгдэгч Д-гийн эхнэр болох Б-д гурван сая төгрөгийн нөхөх олговор олгосон тухай ямар нэгэн баримт шийдвэр байхгүй байна” гэсэн хариу өгсөн.Би 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний ээжийн нэр барьж 3.0 сая төгрөг авсан буруутай этгээдийг олж тогтоолгохоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасан ба миний өргөдлийг тус газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч шалгаад, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг хаах санал гаргаж прокурорт ирүүлснийг хяналтын прокурор хянаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.Дээр дурдсан 3.0 сая төгрөгийг бид огт аваагүй.Миний ээж Б  нь 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. 2002 онд 1.0 сая төгрөг авахдаа  Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр миний төрсөн ах Д нь хэлмэгдэгч Ч төрсөн хүү болохыг тогтоолгосны үндсэн дээр мөн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр ах Д олгохоор шийдвэрлэгдэж тэрний үндсэн дээр авч байсан.Тухайн үед мөнгө авч байсан ах Д.Баяр нь 2008 оны 07 дугаар сарын 31- ний өдөр, мөн ах Ж нь 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус нас барсан байдаг.

Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд нь бөгөөд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн       13.2.2-т заасан улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний төрсөн хүүхдэд олгох 40 сая төгрөгийг хуулийн дагуу авах ёстой.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын       31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.Төрийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж дээрх 40,000,000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа өнгөрч дээрх мөнгийг авч чадахгүй байдалд хүрч хохирч байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна гэж заасан.

Миний бие хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, бусдын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр танай шүүхэд хандаж байна.

Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Төрийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж авч чадаагүй нөхөн олговор 40,000,000 төгрөгийг тухайн асуудлыг хариуцаж байгаа төрийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос гаргуулж надад олгох шийдвэр гаргаж өгнө үү.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт оруулсан бөгөөд энэ өөрчлөлтийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдүүдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохоор хуульчилсан байна.Хэлмэгдэгч хүүхэд нь Д-ийн төрсөн болох Б энэхүү хуулийн дагуу нөхөх олговор авахаар холбогдох материалыг бүрдүүлж аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст ирүүлсэн бөгөөд тус салбар комисс материалыг хянан үзэж Улаанбаатар хот дахь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлсэн.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу бичигт “Эхнэр нь: Б нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн ЦАУЗБСКомиссын 2005.05.02 -ны өдрийн 00 тоот тогтоолоор 3 сая төгрөг авсан” тул хуулийн үйлчлэлд хамрагдахгүй гэж хариу ирүүлсэн.

Иргэн Б-ын өргөдлийн дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албаны архиваас 2005 оны цагаатгалын санхүүгийн баримтыг шүүж үзэхэд хэлмэгдэгч Д-гийн  гэр бүлийн гишүүдэд 3 сая төгрөг олгосон тухай ямар нэгэн баримт олдоогүй. Мөн дараа нь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г ирж хэд хэдэн удаа тухайн архивын баримт бичигт үзлэг хийж, танилцсан болно.

Энэхүү асуудалд манай байгууллагаас ямар нэгэн хууль, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд иргэн Б т хуульд заасан эрх, үүргийн хүрээнд зөвлөгөө өгч ажилласан болно. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу нөхөх олговор авах иргэн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрыг олгодог тул иргэн Б ын нэхэмжлэлд дурдсан нөхөх олговрын 40 сая төгрөгийг аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос олгох боломжгүй юм.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дээрээ нэг эгч, хоёр ахтай байсан. Төрөөс олгосон 1 сая төгрөгийг 2002 онд ах маань хөөцөлдөж байгаад авч бид нарт хуваагаад өгсөн. Тэгээд 40,0 сая, 80,0 сая төгрөгийн бичиг баримтыг бүрдүүлээд хот руу явуулахад та 3 сая төгрөг авсан учраас танд 40,0 сая төгрөг олгох боломжгүй гээд хотоос хариу бичиг ирсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргахад прокуророос хэргийг хаасан гэж хариу өгсөн. Тэгээд арга бараад явж байхад Б өмгөөлөгчтэй уулзаад хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөллийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаад 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. Өөрөө боловсрол муу учраас сайн тайлбарлаж чадахгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой бичсэн гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2016 оноос хойш Цагаатгах ажлын салбар комиссын ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар хариуцаад явж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай болон 1999 онд шинэчлэгдсэнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинэчлэгдсэн. Тэр хооронд манай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд цагаатгалтай холбоотой ямар нэгэн ажил үүрэг байгаагүй. Хуулийн нэмэлт өөрчлөлт орсноос хойш 2018, 2019 онуудад хэлмэгдэгчдийн амьд сэрүүн байгаа үр хүүхдүүдийн судалгааг авч эхэлсэн. Тэгээд радиогоор хэлмэгдэгсдийн амьд сэрүүн хүүхдүүдийг зарлан хайхад хүмүүсийн хүүхдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар судалгаанд хамрагдаж бүртгүүлж эхэлсэн. Хувийн тэмдэглэлээсээ харахад энэ хүн маань тухайн үед 19 дэх хүн болоод бүртгүүлж байжээ. Тэдгээр хүмүүсийг улсын комисст бүртгүүлсний дараа бидэнд зөвлөмж ирсэн. Тэрхүү зөвлөмжийн хүрээнд бүрдүүлэх нотлох баримтуудаа бүрдүүлж эхэлсэн. ХААТР маягт, хүн амын тооллого зэрэг холбогдох материалуудыг бүрдүүлсэн. Аймгийн салбар комисс эцсийн шийдвэр гаргахгүй, бид нар зөвхөн энэ хүмүүсийн бүрдүүлж авчирсан баримтуудыг улсын комисст уламжлах ажлыг зохион байгуулсан. Тэгтэл тэр үед энэ хүнд ирсэн хариуд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариуд эхнэр Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны хүрээнд Баян-Өлгий аймгийн Салбар комиссын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолоор  3,0 сая төгрөг авсан тул хуулийн үйлчлэл хамаарахгүй гэж хариулсан. 3,0 сая төгрөгийн нөхөн олговор олгосон тухай би мэдээгүй. Учир нь би хуульд заасан 1,0 сая төгрөг, 500,0 мянган төгрөг олгосон гэсэн ойлголттой явж байсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар орон сууц авсан хүмүүс хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэснээр би энэ хүнд та энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэдгийг хэлж улсын комиссоос ирсэн албан бичгийг харуулж, хуулбарлаж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өөрийнхөн гаргаж өгсөн материалуудыг нэхэмжлэгчийн өөрт нь буцааж өгсөн. Холбогдох материалуудыг буцааж өгөхдөө хуульд яагаад олгогдохгүй байгаа талаар нь тайлбарлаж өгсөн. Тэгээд энэ хүмүүсийн материал Улаанбаатар хот руу явсан хугацаанд энэ хүний эхнэр байнга ирж, асууж лавладаг байсан. Манай аймгийн хариуцсан мэргэжилтэнтэй албан ёсоор хандаж энэ хүний материалын талаар асууж, энэ хүний ажлыг буюу нөхөн олговрыг бүтээж өгнө гэх үүднээс удаа дараа хандаж байсан. Тухайн үед шуурхай холбогдох үүднээс заавал албан бичиг гэхгүйгээр утсаар, цахим шуудангаар холбогддог байсан. Гэтэл тэр хүмүүс надад хуулийн үйлчлэлийн хувьд эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар нөхөн олговор авах боломжгүй байна гэж хариулдаг байсан. Тэгж хэлснийг нэхэмжлэгчид тухайн үед тайлбарлаж өгсөн. Тэгсний дараа энэ хүн цагдаад хандсан байна. Мөрдөн байцаагч Г гэдэг хүн ирээд байгууллагын архиваас тодорхой хэмжээний баримт авхуулах тухай хүсэлт гаргасан. Тэрний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын ажлын албаны архиваас энэ хүмүүстэй холбоотой материалыг хайсан. Гэтэл тэр дотроос энэ хүмүүстэй холбоотой тогтоол шийдвэр, 3,0 сая төгрөг олгосон тухай баримт гарч ирээгүй. Гарч ирсэн материалууд нь 500,0 мянган төгрөг болон 1,0 сая төгрөг олгосон материалууд байсан. Иймд хамгийн гол нь манай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дэргэдэх салбар комиссоос энэ хүмүүст нөхөн олговор олгох тухай шийдвэр гардаггүй. Хуульд энэ тухай дэлгэрэнгүй байгаа. Бид нар зөвхөн материалыг нь уламжилж өгөх учиртай. Энэ хүмүүс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 40,0 сая төгрөгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дэргэдэх салбар комиссоос гаргаж өгнө үү гэснээр бид нарт тэр 40,0 төгрөгийг гаргаж өгөх ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна. 2005 оны асуудлын талаар надад ямар нэгэн асуудал, ойлголт байхгүй. Тухайн үед ямар процесс явагдсан, хэн гэдэг хүн олгож, материалыг хариуцсан бүрдүүлж байсан гэх талаар ямар нэгэн ойлголт байхгүй. Шүүх бүрэлдэхүүнээс энэхүү нэхэмжлэлийг хуульд зааснаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгийг өөр нэг казах хүн байгаа. Мөн Өлгий сумын 2 дугаар ахлах сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан М гэдэг багш хүн нэлээн хөөцөлдөж байгаад бас авч чадалгүй чимээгүй болсон. Бид нарын хувьд буруутай албан тушаалтан тэр хөөцөлдөж байгаа хүмүүстэй уулзаад тохироод чимээгүй болсон байх гэж бодож байна. Хоёрдугаарт, тэр хүмүүс намайг Улаанбаатар хотод байхад над руу холбогдож та Банзар гэдэг хүний энэ ажлыг хөөцөлдөж байгаа юм байна. Манай ээж нэрийн мөн 3,0 сая төгрөг авсан болохоор бид бас авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү 3 хүний асуудал 3-уулаа ноотой байдалтай гарсан гэдгийг хэлье. Эдгээр хүмүүс өнөөдрийн болж байгаа маргаан хэрхэн шийдгэсний ажиглаж байна гэж бодож байна. Яагаад гэвэл энд дээр тэр орон сууц олгох асуудал хуулийн зохицуулалтад буйгаар гэр эсхүл орон сууцаа хураалгасан, одоо хүртэл гэр орон сууцгүй хүнд тухайн аймаг, нийслэлийн засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц олгоно гэсэн зохицуулалт бий. Тэдгээр хүмүүс тухайн үед гэр орно хураалгаад, одоо хүртэл орон сууцгүй явж байвал тэдгээр хүмүүст олгох ёстой. Тэгтэл тухайн орон сууцыг түүний үр хүүхдүүдэд биш зөвхөн эхнэр, нөхөрт олгох ёстой асуудал байна. Гэтэл энэ хүний ээж болох Б гэдэг хүн 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барчихсан. Б гэдэг хүн гараад байна. Мянганы Б, Мянганы Б гээд хүмүүс бий. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн мэддэг хүн Б гэдэг хүний паспортыг олоод 1947 оны материалыг олоод бүрдүүлээд явуулж авсан байгаа. Цагаатгах комиссоос ирсэн материал дунд А ирээд биечлэн тулгаж явсан гээд байгаа. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөд үнэхээр тэнд байхгүй гэсэн. Үнэхээр энэ аймгаас тогтоол гарсан байвал цагаатгах ажлыг зохион байгуулсан бол тэдгээр материалууд бүгд архив дотор байх ёстой байсан. Ерөнхийдөө архивд байгаа материалуудыг аваад устгачихсан байгаа гэж хардаж байна. Тэгээд тэр Б гэдэг хүний иргэний паспорт 1980 онд олгосон Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын паспорт байгаа. Тэгэхээр нь бид нар тухайн паспорт бичигдсэнээр Алтай сумын иргэдээс нэлээн сураглалаа. Засаг даргын Тамгын газрын даргатай ярихад бид нарт ерөөсөө энэ хүний тухай мэдэх зүйл байхгүй гэж хариулсан. Тэгээд аймгийн төвд оршин суудаг Алтай сумын уугуул иргэдээс Борчиг сураглуулахаар Борчиг явуулсан. Тэгтэл аймгийн төвд оршин суудаг Алтай сумын уугуул иргэд дотроос мөн адилхан мэдэх хүн байхгүй байгаа. Энд хамгийн гол буруутай үйл ажиллагаа 1992 онд Б гэдэг хүн нас барсан байдаг. 2002 онд мөн адилхан Б гэдэг хүүхэд авсан байгаа. Тийм байхад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас 2005 онд тогтоол гаргаад Б гэх ганцхан лавлагааг үндэслээд олгож байгаа нь угаасаа буруутай үйл ажиллагаа байна. Хэрвээ 2018 онд 40,0 сая төгрөг, 80,0 сая төгрөг олгох зохицуулалт ороогүй бол уг асуудал хаагдах байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэг үүсгэхгүй байна гэжээ.

            Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэдийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн цагаатгалын нөхөн олговрыг хууль журмын дагуу олгож өгөх нь зүйтэй гэж бодож байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б  нь Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос төрийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас учирсан хохирол 40000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

НЭхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие хэлмэгдэгч Д төрсөн хүүхэд нь бөгөөд 2019 оны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 40 сая төгрөгийн нөхөх олговор авахаар холбогдох материалыг бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлсэн боловч тус комиссоос “эхнэр нь Б нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль” ийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолоор 3 сая төгрөг авсан тул хамрагдахгүй талаар хариу өгсөн ба миний эх болох Б нь 1992 онд нас барсан байхад түүнд 2005 онд 3 сая төгрөг олгохоор шийдвэрлэх үндэслэлгүй тул 40000000 төгрөгийг буруутай этгээд болох Бая-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Улс төрийн хилс хэрэг хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар дараах хэсгийг нэмсэн байна. Үүнд:

“13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:

13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;”

13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэж нэмжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б  нь эцэг нь болох хэлмэгдэгч Д нөхөх олговор 40000000 төгрөг авахаар  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хандсан боловч хэлмэгдэгч Д эхнэр Б гэрийн үнэ болох 3000000 төгрөг олгогдсон гэсэн үндэслэлээр уг мөнгө олгогдоогүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хэлмэгдэгч Д Баян-Өлгий аймгийн ардын шүүн таслах газрын 1953 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялаар шийтгүүлж Монгол улсын Дээд шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 308 дугаартай тогтоолоор цагаатгагдсан байна.

Нэхэмжлэгч Б  нь хэлмэгдэгч Д төрсөн хүүхэд нь болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 000000 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа болон түүний иргэний үнэмлэхээр тогтоогдсон байна.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/5602 дугаартай “Ч.Дамбийн тухай” архивын лавлагаанд “Д нь Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан сумын 2 дугаар багийн харьяат, урианхай, нас 000000 оны байдлаар/. Ам бүл 5, эхнэр Б, охин П, хүү Б нар. Хөрөнгө: Тэмээ 3, адуу 6, үхэр 38, хонь, ямаа 635, гэр 1. Мал маллаж амьдардаг. Бичиг мэдэхгүй. Гишүүн бус. Цэрэг болон сургуульд яваагүй. Ял шийтгэлгүй.

Д 1953 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан, Баян-Өлгий аймгийн Ардын шүүн таслах газрын 1953 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлээр 8 жил хорих ялаар шийтгэжээ.

Хэргийг хянаад Монгол улсын Дээд шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 308 дугаар тогтоолоор цагаатгажээ.

Хэрэгт хөрөнгө хураасан баримт байхгүй байна” гэжээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн эхнэр болох ... Б нарт орон сууц худалдан авахад зориулан улсын төсвөөс олгох мөнгөн олговрыг олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн байх ба тус салбар комиссын 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 00000 дугаартай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийг бичгийн дарга С гэсэн албан бичгээр “Улс төрийн талаар хэлмэгдсэн иргэн түүний нөхөр, эхнэр гэр хашаа худалдан авахад зориулан улсын төсвөөс олгох мөнгөн тэтгэмжийг олгуулж өгнө үү. Холбогдох материалыг хавсаргав” гэж хүргүүлжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /энэ хуульд цаашид “Улсын комисс” гэх/, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн салбар комисс, сум, хорооны хэмжээнд тухайн Засаг дарга хяналт тавина гэж заажээ.

Улс төрийн хилс хэрэг хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан байна. Энэхүү заалтаас үзэхэд хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгохоор зохицуулсан бөгөөд  Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/5602 дугаартай “Д тухай” архивын лавлагаанаас үзэхэд хөрөнгө хураасан талаар баримт байхгүй гэж дурдсан тул хуулийн дээрх заалтын дагуу орон сууц, гэр олгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаартай Ч.Дамбийн тухай” архивын лавлагаанд “Д нь Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан сумын 2 дугаар багийн харьяат, урианхай, нас 000000 оны байдлаар/. Ам бүл 5, эхнэр Б гэж бичигдсэн бөгөөд Б нь 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00000000 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэг хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-д заасан нөхөх олговрыг орон сууц аваагүй улс төрийн хэлмэлдэгчид олгохоор заасан бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1 –д зааснаар хэлмэгдэгчийн нөхөр/ эхнэрт орон сууц, гэр олгох үндэслэл тогтоогдохгүй байхад, мөн хэлмэгдэгч Д эхнэр болох Б нь 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байхад  баримтуудыг хянахгүйгээр бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч хэлмэгдэгч Д төрсөн хүүхэд нь болох Б  хуульд заасан нөхөх олговрыг авах боломжгүй болсон тул гэм хорын хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах  Баян-Өлгий аймгийн салбар комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд аймгийн хэмжээнд хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасан 40000000  төгрөгийн нөхөх олговрыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д төрсөн хүүхэд нь болох Б  авах боломжгүй болсон байх тул шийдвэр гаргасан этгээд болох  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисс нь нэхэмжлэгч Б т хохирол учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна. Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй бөгөөд хэрэв сэргэх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр төлөх үүрэгтэй тул гэм хорын хохирол 40000000 төгрөгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос гаргуулан нэхэмжлэгч Б т олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Е нь нэхэмжлэгч Б нь аавын хэлмэгдсэний нөхөх олговор 40000000 төгрөгийг олгох нь зүйтэй байна гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрлэдхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 41.1.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх ба энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр байна. Иймд нэхэмжлэгч Б аас 357950 төгрөг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос 357950 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон         

                              

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан гэм хорын хохирол 40000000 төгрөгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос гаргуулан нэхэмжлэгч Б т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгч Б аас 357950 төгрөг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос 357950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б -д олгосугай.          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              К.БҮЛДИРГЕН

                ШҮҮГЧИД                            Б.МАНГИЛИК

                                                                Х.МЕЙРАМБЕК