Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00075

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00712 дугаар шийдвэртэй,Д.Б-ын нэхэмжлэлтэй, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн  салбар комисст холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хор 40.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний эцэг болох Ч.Д нь Баян-Өлгий аймгийн ардын шүүн таслах газрын 1953 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж Монгол улсын Дээд шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 308 дугаар тогтоолоор цагаатгагдсан.2002 онд цагаатгалын 1.0 сая төгрөгийг миний талийгаач ах Д.Б нэрээр авсан.Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.2019 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 40.0 сая төгрөгийн нөхөх олговор авахаар холбогдох материалыг бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлсэн боловч тус комиссоос эхнэр нь С.Б нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 2005.05.02-ны өдрийн 02 тоот тогтоолоор 3 сая төгрөг авсан тул хамрагдахгүй. ИТХ-ын санхүү тасгаас тодруулга авахыг зөвлөж байна гэсэн хариу өгсөн.Үүний дагуу 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Б-д өргөдөл гаргаж Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын  2005.05.02-ны өдрийн 02 тоот тогтоол, 3 сая төгрөг авахаар хүсэлт гаргаж байсан талаарх холбогдох баримтууд, 3 сая төгрөг олгосон талаарх санхүүгийн баримтуудын хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн боловч Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1-02/27 дугаартай албан бичгээр Тус аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын санхүүгийн материалыг шүүж үзэхэд хэлмэгдэгч Ч.Д эхнэр болох С.Б гурван сая төгрөгийн нөхөх олговор олгосон тухай ямар нэгэн баримт шийдвэр байхгүй байна гэсэн хариу өгсөн.Би 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр миний ээжийн нэр барьж 3.0 сая төгрөг авсан буруутай этгээдийг олж тогтоолгохоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасан ба миний өргөдлийг тус газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч шалгаад, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг хаах санал гаргаж прокурорт ирүүлснийг хяналтын прокурор хянаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.Дээр дурдсан 3.0 сая төгрөгийг бид огт аваагүй.Миний ээж С.Б /Б/ нь 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. 2002 онд 1.0 сая төгрөг авахдаа Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр миний төрсөн ах Д.Б нь хэлмэгдэгч Ч овогт Д төрсөн хүү болохыг тогтоолгосны үндсэн дээр мөн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр ах Д.Б-т олгохоор шийдвэрлэгдэж тэрний үндсэн дээр авч байсан.Тухайн үед мөнгө авч байсан ах Д.Б нь 2008 оны 7 дугаар сарын 31- ний өдөр, мөн ах Д.Ж нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус тус нас барсан байдаг.

Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд нь бөгөөд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний төрсөн хүүхдэд олгох 40 сая төгрөгийг хуулийн дагуу авах ёстой.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.Төрийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж дээрх 40,000,000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа өнгөрч дээрх мөнгийг авч чадахгүй байдалд хүрч хохирч байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж заасан. Миний бие хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, бусдын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр танай шүүхэд хандаж байна. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Төрийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж авч чадаагүй нөхөн олговор 40,000,000 төгрөгийг тухайн асуудлыг хариуцаж байгаа төрийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос гаргуулж надад олгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт оруулсан бөгөөд энэ өөрчлөлтийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдүүдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохоор хуульчилсан байна.Хэлмэгдэгч хүүхэд нь Ч.Д төрсөн хүүхэд болох Д.Б энэхүү хуулийн дагуу нөхөх олговор авахаар холбогдох материалыг бүрдүүлж аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст ирүүлсэн бөгөөд тус салбар комисс материалыг хянан үзэж Улаанбаатар хот дахь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлсэн. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу бичигт Эхнэр нь: С.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн ЦАУЗБСКомиссын 2005.05.02 -ны өдрийн 02 тоот тогтоолоор 3 сая төгрөг авсан тул хуулийн үйлчлэлд хамрагдахгүй гэж хариу ирүүлсэн. Иргэн Д.Б-ын өргөдлийн дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албаны архиваас 2005 оны цагаатгалын санхүүгийн баримтыг шүүж үзэхэд хэлмэгдэгч Ч.Д-н гэр бүлийн гишүүдэд 3 сая төгрөг олгосон тухай ямар нэгэн баримт олдоогүй. Мөн дараа нь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г ирж хэд хэдэн удаа тухайн архивын баримт бичигт үзлэг хийж, танилцсан болно. Энэхүү асуудалд манай байгууллагаас ямар нэгэн хууль, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд иргэн Д.Б-т хуульд заасан эрх, үүргийн хүрээнд зөвлөгөө өгч ажилласан болно. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу нөхөх олговор авах иргэн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрыг олгодог тул иргэн Д.Б-ын нэхэмжлэлд дурдсан нөхөх олговрын 40 сая төгрөгийг аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос олгох боломжгүй.” гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00712  дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан гэм хорын хохирол 40.000.000 төгрөгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгохоор шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын дарга Н.Б би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00712 дугаартай шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 161.2, 162 дугаар зүйлд заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл

1.1 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.16-ны өдрийн 130/шш2021/00712 дугаартай шийдвэрийн Тогтоох нь хэсэгт: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан гэм хорын хохирол 40,000,000 ( дөчин сая ) төгрөгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай гэжээ.

Хоёр: Давж заалдах гомдлын үндэслэл:

2.1 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг үндэслэн хэлмэгдэгч Ч.Д-н эхнэр М.Б-д орон сууц, гэр худалдан авахад зориулан улсын төсвөөс мөнгөн олговор олгох шийдвэр гаргаж, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжилсныг дариу шийдвэрлэж, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах төв комисс нь нэр бүхий 3 хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болох Ш.Н, Б.Ө, Б.Б нарт нийт 9,000,000 төгрөг шийдвэрлэж, Баян-Өлгий аймгийн Төрийн сангийн дансаар дамжуулан 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн байх юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Төрийн санд бэлэн бусаар шилжүүлсэн доорх 9,000,000 төгрөгийг хэдийд ямар журмаар зарлага гаргасан, тухайн мөнгийг авбал зохих хүмүүст хүлээлгэн өгсөн талаар санхүүгийн баримт болон бусад хөндлөнгийн нотлох баримт олдохгүй байна. Түүнчлэн мөнгөн олговор олгох шийдвэрт нэр цохогдсон хэлмэгдэгч Ч.Д эхнэр Б.Б, эсвэл түүний хүүхдүүд нь тухайн 3,000,000 сая төгрөгийг гардан аваагүй гэж үзэх, эсвэл бусад этгээд завшсан гэж хардах, Төрийн сангийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисст олгосон гэж үзэх ямар нэгэн нотлох баримтын эх сурвалж одоогоор байхгүй байна.

3. Нэхэмжлэгч Д.Б нь 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос төв төрийн сангаар дамжуулаад Баян-Өлгий аймгийн Төрийн сангийн дансанд орж ирсэн Ш.Н, Б.Ө, Б.Б нарын нэр дээрх 9,000,000 төгрөгтэй холбоотой гомдлыг эзэн холбогдогчийг олж тогтоолгох зорилгоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх гэсэн боловч “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг нээж шалгахаас татгалзаж, шийдвэрлэсэн байна.

4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасанчлан уг маргаан нь анх 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн байх тул уг өдрөөс хойш 16 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь тодорхой байна.

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дүрэм”-ийн хоёрын 10-ийн “г” хэсэгт “хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгохтой холбоотой санал, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавина”, мөн дүрмийн “д” хэсэгт “орон нутгийн төр, захиргааны байгууллагууд хэлмэгдсэн иргэдийг орон байраар хэрхэн хангаж байгаад хяналт тавина” гэж Улсын комиссын эрх үүрэгт тодорхой заагаад өгсөн бөгөөд аймгийн ИТХ болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст ийм эрх үүрэг байхгүй байна. Мөн тус дүрмийн 21 дэх заалтад “аймаг, нийслэлийн салбар комиссын дарга нь төрийн нутгийн захиргааны албан тушаалтан байх бөгөөд тухайн орон нутгийн хэмжээнд цагаатгалын ажлыг зохион байгуулж, ажлаа Улсын комиссын өмнө хариуцна" гэж заасан бөгөөд аймгийн салбар комисс нь ямар нэгэн бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, бусдын өмнө нь эрх, үүрэг хүлээгээгүй, бүтэц орон тоо, төсөв, эд хөрөнгөгүй, ямар нэгэн асуудалд эцсийн шийдвэр гаргадаггүй юм.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Баян-Өлгий аймгийн салбар комиссоос 357950 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна гэсэн атлаа уг шийдвэрийн тогтоох хэсэгт Баян-Өлгий аймгийн салбар комиссоос 357950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай гэсэн зөрүүтэй процессын хувьд алдаатай бичигдсэн байна.

7. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисс нь тухайн үед нэхэмжлэгч талын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар орон сууц, гэр олгоход туслах зорилгоор 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоол гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч тал уг тогтоолд Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан журмаар гомдол гаргаагүй байна. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байтал, уг тогтоолоор нэхэмжлэгчид 3,000,000 сая төгрөг олгохоор шийдвэрлэж, холбогдох газраас мөнгө төгрөг нь шилжсэн ирсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.4-д заасан “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт” болохыг нотолж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хүчингүй болгох эрх зүйн үйлчлэлгүй болно.

8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэж заажээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын 2005.05.02-ны өдрийн 2 тоот тогтоолд нэхэмжлэгчид 3,000,000 төгрөгийг хүчингүй болгож буруутай этгээдээр төлүүлэх учиртай. Гэтэл шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасан 40,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг ноцтой зөрчсөн байна.

9. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын 2005.05.02-ны өдрийн 02 тоот тогтоол бусдын эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл тухайн хууль бус эрхийн акт гаргасан этгээд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар хохирол арилгах үүрэгтэй болно. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09-р сарын16-ны өдрийн 130/ШШ2021/00712 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

 

            Д.Б нь Баян-Өлгий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос төрийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас учирсан хохирол 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан гэм хорын хохирол 40.000.000 төгрөгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгохоор шийдвэр гаргасан байна.

 

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Б-ын эцэг Ч.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, найман жилийн хорих ял шийтгүүлж байсныг Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 308 дугаар тогтоолоор тогтоож, түүнийг цагаатгасан тул Д.Баас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг олгох тухай хүсэлтийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хандаж гаргасан боловч “хэлмэгдэгч Ч.Д-н эхнэр М.Б-д гэрийн үнэ болох 3000000 төгрөг олгогдсон” гэсэн үндэслэлээр нөхөх олговор олгогдохгүй болсон талаар Б.Б-т хариу мэдэгдсэн /хэргийн 21 дүгээр тал/ байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хэлмэгдэгч Ч.Д-ийн төрсөн хүүхэд мөн болохоос гадна тэрээр хэлмэгдэгчийг нас барахаас өмнө төрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хэлмэгдэгсдийн хүүхдийн нэгдсэн судалгаа, Д.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн 1 дүгээр маягтын лавлагаа-А зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой уг үйл баримттай холбоотой маргаан үүсээгүй болно.

 

Улс төрийн хилс хэрэг хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан байна. Энэхүү заалт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 05/5602 дугаартай Ч.Д-н тухай архивын лавлагаанаас үзэхэд хөрөнгө хураасан талаар баримт байхгүй гэж дурдсан тул хэлмэгдэгч Ч.Д-д хуулийн дээрх заалтын дагуу орон сууц, гэр олгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байсан ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-д заасан нөхөх олговрыг мөн хуулийн 23.1-д заасан орон сууц аваагүй улс төрийн хэлмэгдэгчид олгохоор хуульчилсан. Гэтэл Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэлдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д зааснаар хэлмэгдэгчийн эхнэрт орон сууц, гэр олгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй; хэлмэгдэгч Ч.Д-н эхнэр М.Б нь 1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байхад хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт бичиг үнэн зөв эсэхэд хяналт тавих үүргээ үл биелүүлэн, бодит байдалд нийцээгүй буюу хэлмэгдэгч Ч.Д-н эхнэр иргэн М.Б гэгчид 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдан авахад нь зориулан тэтгэмж хүсэх тухай 02 дугаар тогтоол гаргаж, улмаар уг тогтоолыг Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисст хүргүүлснээр тус комиссоос 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М.Б-д олгох 3.000.000 төгрөгийн шилжүүлгийг Баян-Өлгий аймгийн төрийн сангийн дансанд хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч,  уг мөнгийг Баян-Өлгий аймгийн төрийн сангаас хэн авсан нь тогтоогдоогүй гэх Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоол зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч буюу хэлмэгдэгч Ч.Д-н хүүхэд Д.Б-ын хуульд заасан нөхөх олговрыг авах эрх зөрчигдөхөд хүрсэн бөгөөд тэрээр төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас улбаатай өөрт учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах, нэхэмжлэх эрхтэй байна.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд, өөрийн чиг үүрэгтэй холбоотой хяналт тавих үүргээ /хүсэлт гаргагчаас хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, хууль ёсны шийдвэр гаргаж улсын комисст уламжлах/ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасан 40.000.000 төгрөгийн нөхөх олговрыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Д-н төрсөн хүүхэд нь болох Д.Б авах боломжгүй болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд илэрхий тогтоогдсон байх тул уг хууль бус шийдвэр гаргасан этгээд, хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох, өөрчлөх Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Харин шүүх хэрэглэвэл зохих, төрийн байгууллага гэм хорыг хариуцан арилгахтай холбоотой Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй орхисныг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00712 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Баян-Өлгий аймгийн салбар комиссоос гэм хорын хохирол 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                                          

                                                                                                            С.ӨМИРБЕК