Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2021/00713

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух, Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З , орчуулагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутагт Б  гэх газар байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэх тухай.

Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Б гэх газарт байршилтай хуучин Бердимуратын өвөлжөөг тэд Казахстан улс рүү нүүх үед бид худалдан авч,    Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 00 дугаар захирамжаар Ө  надад хууль ёсоор эзэмшүүлсэн. Би уг газрыг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн 000000000 тоот гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан.

 Ингэж Ө  миний хууль ёсоор эзэмшиж буй газрыг Б гэгч хууль бусаар  эзэмшиж, ашиглаж, Ө  бидэнд тухайн хууль ёсны эзэмшил газрыг эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.Хариуцагч Б-д өөрийн гэсэн тусгай өвөлжөө, хаваржааны хууль ёсны эзэмшил газартай бөгөөд миний эзэмшилд байгаа Б гэх газарт байршилтай өвөлжөөг эзэмшилд хууль ёсоор авсан тухай, газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн оршин суугч Ө ээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус сумын 4 дүгээр багийн иргэн Б надад холбогдуулан гаргасан Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутагт Б гэдэг газарт байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Ногооннуур сумын 4 дүгээр багийн Нутаг дэвсгэрт оршин Б гэх газарт байршилтай хуучин Бердимуратын өвөлжөөг тэд Казахстан улс руу нүүхэд бид худалдан авч, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 80 дугаар захирамжаар Ө  надад хууль ёсоор эзэмшүүлсэн. Би уг газрыг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн 000504565 тоот гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан юм... гэжээ.

Уг газрыг нэхэмжлэлдээ дурдсанчлан хууль ёсоор эзэмшүүлсэн эсэх тухай дүгнэлт хийхэд, тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Б гэх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Ө  нь 18 насанд хүрээгүй нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана... гэснийг ноцтой зөрчсөн.

Мадийн Болат би Ногооннуур сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт орших маргаан бүхий Б гэх газарт 2012 оноос өнөөдрийг хүртэл нутаглаж, хаваржиж байна. Урьд нь уг газарт Бердимурат гэгчтэй хамт хаварждаг байсан. Улмаар Бердимурат нь Казахстан улс руу нүүгээд явах үед түүний хашаа хороо, модон саравч зэргийг тус сумын иргэн Мырзабек буулган авч явснаар би Бердимуратын газарт албан ёсоор 2012 оноос хойш одоог хүртэл хаваржиж байна.

Ө  нь 4 дүгээр багийн иргэн биш учир манай багийн нутаг дэвсгэрээс газар эзэмших эрхгүй. Би 7-8 жилийн турш уг газарт нутаглаж, хаваржиж, хаваржааны зориулалттай хашаа саравчийг өөрийн хөрөнгөөр барьсан атал хэн нэгэн төрөл садан, хамаатныхаа албан тушаалыг ашиглан, дур зоргоороо бусдын газрыг эзэмшихийг зөвшөөрөхгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй.

Малчид бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг бөгөөд миний олон жилийн өмнөөс эзэмшиж ирсэн газрыг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна. Намайг энэхүү газарт хаваржсан хугацаанд Ө  гэгч нэг ч удаа миний эзэмшлийн газар гэж ирээгүй, мөн Ө  нь маргаан бүхий газарт нутаглаж, хаваржиж өвөлжөөгүй болно. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий газарт өвөлжих боломжгүй, зөвхөн хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжтой байх тул өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасны цаад санаа нь хувийн ашиг сонирхолтой гэдэг нь тодорхой байна.

Түүнчлэн, энэхүү Бахлуургэх газар нь хилийн 0285 дугаар ангийн хилийн бүс зурваст хамаардаг тул Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ гэж, мөн хуулийн 26.3-т Улсын хилийн зурваст дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, мөн 26.3.1-т улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх.. гэж тус тус зааснаас үзэхэд хилийн бүсийн зурваст газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болох нь тодорхой байна.

Б миний хувьд, уг газрыг ямар нэгэн эрхийн актын дагуу эзэмшилдээ аваагүй бөгөөд жил болгон Хилийн 0285 дугаар ангитай Хилийн зурваст оторлох иргэдтэй байгуулсан гэрээ байгуулсан. Иймд, нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н би хариуцагч Б-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 80 дугаартай захирамжаар иргэн Ө д эзэмшүүлсэн тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Б гэх газар нь Улсын Их Хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай 29 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд хамаарч байх тул Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх боломжгүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 000000000 дугаартай шийдвэрээр тогтоогдсон болно.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 (в); 31 дүгээр зүйлийн 31.1.3; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Б гэх газарт байршилтай хуучны Бердимуратын өвөлжөөний газраас 5000 м2 (5.0 га ) газрыг уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар Ногооннуур сумын Засаг даргын 2019.10.21-ний өдрийн Газар ашиглуулах тухай 0000 дугаартай захирамжаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга, Монгол Алтай нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа болон газар ашиглагч иргэн Ө  нар гурвалсан 08 дугаартай гэрээг 2019 оны 10-р сарын 23-нд байгуулсан. Гэтэл тухайн газарт хариуцагч Б нь нэг өрөө байшин барьж, бидний малын хашааны дотор малын пүнз барьж, олон малтайгаа ирж хаваржаад, нэхэмжлэгч бидний мал аж ахуй эрхлэхэд зориулан ашиглаж байгаа газрыг хууль болон гэрээний дагуу ашиглахад саад учруулж байна.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1; 106.2-д зааснаар Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглуулах тухай 0000 дугаартай захирамж, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гурвалсан гэрээний дагуу ашиглаж байгаа Ногооннуур сумын Б гэх газарт байршилтай Ө ийн ашиглаж байгаа 5000 м2 (5.0 га) газрын өвөлжөөний хашаа хороонд барьсан Б-гийн модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын талаар ирүүлсэн тайлбартаа: Миний бие, нэхэмжлэгч Ө ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тухай тайлбартаа танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Ө  нь уг газрыг өмчлөлд болон эзэмшилдээ албан ёсоор аваагүй, зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ашиглаж байгаа этгээд юм. Уг газар хилийн хориотой зурвас, тусгай хамгаалалттай нутаг учраас иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Б би уг газрыг 1998 оноос хойш эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хаваржаа болон намаржааны зориулалтаар ашиглаад одоо 22 жил болж байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Б гэх газрыг нагац Х гэх хүн дээр үед Казахстан нүүсэн үед бид нар өвөлжөө, хаваржаа, малыг бүгдийг нь хүлээж авч эзэмшсэн. Хариуцагч маань мал ихтэй гэсэн учраас хэдэн жилийн хугацаанд бид сууя хэмээн суурьшиж амьдарсан. Гэтэл одоо энэ газраас нүүхгүй гээд хүчээр суурьшин сууж байна. Тийм учраас энэ хүмүүсийг албан нүүлгэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо тэнд нэг амбаар, нэг байшин байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ө ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар 21-ний өдрийн Газар ашиглуулах тухай 0000 дугаартай захирамжийн дагуу Б гэх газраас 5000 мкв газрыг өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаа газарт Б гэх хүмүүс хууль бусаар байшин барьж, хууль бусаар оршин сууж байгаа учраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байна. Энэ шаардлагатай холбогдуулан Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  0000 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0011 дугаартай шүүхийн шийдвэрээр Ногооннуур сумын Засаг даргын 0000 дугаартай газар ашиглуулах тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Энэ захирамжаар Ө д хууль бусаар газар ашиглуулсан болох нь шүүхээр тогтоогдсон. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 000 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дараа нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болохоор хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин хэлэлцүүлэх тухай хүсэлтээ гаргахад хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд дахин буцаасан. Тиймд өнөөдөр хэргийг дахин шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж байгаа. Нэгэнт Ө ийн газар ашиглуулах тухай Засаг даргын захирамж хүчингүй болсон учраас энэ газарт Ө  оршин суух эрхгүй болсон гэдэг нь тодорхой болсон. Б бол хуучин Б гэх газарт Бердимурат гэдэг хүнтэй мал маллаж, хаваржааны зориулалтаар Бердимураттай хамт амьдарч байгаад Бердимурат Казахстан улсанд нүүхэд энэ газарт байдаг өвөлжөөний хашаа байшинг эзэмшиж, малын өвөл байршдаг хашаа байшинг барьж одоо хүртэл амьдарч байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө  нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай 5000 м.кв газарт барьсан Б-гийн модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож өгөхийг   хүсжээ.

Нэхэмжлэгч Ө  нь шүүхэд Ногооннуур сумын 4-р багийн нутаг Б гэдэг газарт байршилтай өвөлжөөний газраас Б-г албадан нүүлгэж, миний газар эзэмших эрхэд саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүхээр шалгах явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглуулах тухай 0000 дугаартай захирамж, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гурвалсан гэрээний дагуу ашиглаж байгаа Ногооннуур сумын Б нэртэй газарт байршилтай Ө ийн 5000 м.кв газрын өвөлжөөний хашаа хороонд барьсан М.Болатын модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудын талаар:

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын       21-ний өдрийн 0000 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газарт байрлалтай хуучин Т.Бердимуратын өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаа 5000 м.кв /5.0 га/ талбай бүхий газрыг Ө-д уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэг талаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга, Монгол Алтайн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга, нөгөө талаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин Ө нар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Сийлхэмийн нурууны Байгалын цогцолборт газрын Б хэсгийн хязгаарлалтын бүсэд багтдаг Б гэдэг газраас 5 га газрыг бэлчээр ашиглах, булаг шандын эхийг хамгаалах үндэслэлээр, Ө д мал маллахад ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар харилцан тохиролцжээ.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай албан бичгээс үзэхэд Монгол улсын Их хурлын Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Ногооннуур сумын 6 дугаар багт хамаарах Бахлуур-ын нутаг дэвсгэр нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг болно гэж дурдсан байх ба Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанчулуу багийн Засаг даргаас Б нь 2016 оны 12 дугаар сараас Бахлуурын хаваржаанд намаржиж байгаа болохыг тодорхойлжээ.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд маргаан бүхий газарт хариуцагч Б-гийн мал хаших зориулалттай чулуун хашаа, модон амбаар байгаа болох нь тогтоогджээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  33 дугаар зүйлийн  1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, З7 дугаар зүйлийн  1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж тус тус заажээ.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газарт байрлалтай хуучин Т.Бердимуратын өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаа 5000 м.кв /5.0 га/ талбай бүхий газрыг Ө-д уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00000000 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай Газар ашиглуулах тухай захирамж нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ө-д Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газраас 5000 м.кв газрыг хуульд заасан журмаар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ө ийн хувьд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай 5000 м.кв газарт барьсан Б-гийн модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож өгөхийг шаардах эрх бүхий этгээд гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Ө ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай 5000 м.кв газарт барьсан Б-гийн модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан Ө ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай 5000 м.кв газарт барьсан Б-гийн модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.МЕЙРАМБЕК