Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2020/00047

 

Д.Өийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2020/00435 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух У овогт Д-н Өийн нэхэмжлэлтэй, Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух Бахат ахтай овогт Мгийн Бад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутагт Бахлуур гэдэг газарт байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн Н сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Бахлуур гэх газарт байршилтай хуучин Бын өвөлжөөг тэд Казахстан улс руу нүүх үед бид худалдан авч, Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 80 дугаар захирамжаар Д.Ө надад хууль ёсоор эзэмшүүлсэн. Би уг газрыг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн 0000 тоот гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан. Миний хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг М.Бгэгч хууль бусаар эзэмшиж, ашиглаж Д.Ө миний тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж ашиглах эрхэд саад учруулж байна. Хариуцагч М.Бнь өөрийн гэсэн тусдаа өвөлжөө, хаваржааны эзэмшил газартай бөгөөд миний эзэмшилд байгаа Бахлуур гэх газарт байршилтай өвөлжөөг эзэмшилдээ хууль бусаар авсан. М.Бад тухайн газарт газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дүгээр зүйлд заасны дагуу Д.Ө миний эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутагт Бахлуур гэдэг газар байршилтай өвөлжөөний газраас Мгийн Быг албадан нүүлгэж, бидний газар эзэмших эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Д.Ө нь 18 насанд хүрээгүй нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана. гэснийг ноцтой зөрчсөн. Мйн Б би Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших маргаан бүхий Бахлуур гэх газарт 2012 оноос өнөөдрийг хүртэл нутаглаж, хаваржиж байна. Урьд нь уг газарт Б гэгчтэй хамт хаварждаг байсан. Улмаар Б нь Казахстан улс руу нүүгээд явах үед түүний хашаа хороо, модон саравч зэргийг тус сумын иргэн Мырзабек буулган авч явснаар би Бын газарт албан ёсоор 2012 оноос хойш одоог хүртэл хаваржиж байна. Д.Ө нь 4 дүгээр багийн иргэн биш учир манай багийн нутаг дэвсгэрээс газар эзэмших эрхгүй. Би 7-8 жилийн турш уг газарт нутаглаж, хаваржиж, хаваржааны зориулалттай хашаа саравчийг өөрийн хөрөнгөөр барьсан атал хэн нэгэн төрөл садан, хамаатныхаа албан тушаалыг ашиглан, дур зоргоороо бусдын газрыг эзэмшихийг зөвшөөрөхгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Малчид бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг бөгөөд миний олон жилийн өмнөөс эзэмшиж ирсэн газрыг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна. Намайг энэхүү газарт хаваржсан хугацаанд Д.Ө гэгч нэг ч удаа миний эзэмшлийн газар гэж ирээгүй, мөн Д.Ө нь маргаан бүхий газарт нутаглаж, хаваржиж өвөлжөөгүй. Нөгөөтээгүүр, маргаан бүхий газарт өвөлжих боломжгүй, зөвхөн хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжтой байх тул өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасны цаад санаа нь хувийн ашиг сонирхолтой гэдэг нь тодорхой байна. Түүнчлэн, энэхүү Бахлуур гэх газар нь хилийн 0285 дугаар ангийн хилийн бүс зурваст хамаардаг тул Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. гэж, мөн хуулийн 26.3-т Улсын хилийн зурваст дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, мөн 26.3.1-т улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх... гэж тус тус зааснаас үзэхэд хилийн бүсийн зурваст газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болох нь тодорхой байна. М.Бминий хувьд, уг газрыг ямар нэгэн эрхийн актын дагуу эзэмшилдээ аваагүй бөгөөд жил болгон Хилийн 0285 дугаар ангитай Хилийн зурваст оторлох иргэдтэй гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2020/00435 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлуур нэртэй газарт байршилтай Д.Өд ашиглуулахаар олгосон 5000 м.кв /5 га/ газрыг М.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Өд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглуулах тухай А/185 дугаартай захирамжаар олгосон гэх газар нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Маргаан бүхий газрыг Д.Өд ашиглуулахаар гарсан Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны А/185 дугаартай захирамж нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтооно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэснийг тус тус зөрчсөн илт хууль бус эрхийн акт гэж дүгнэж байна. Анхан шатны шүүх Монгол улсын тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Учир нь сумын Засаг даргад тусгай хамгаалалттай газраас иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах талаар эрхийн акт гаргах эрхгүй ба зөвхөн төрийн захиргааны төв байгууллагад саналаа хүргүүлэхээр хуульчлагдсан. Анхан шатны шүүх Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны А/185 дугаар захирамж хүчинтэй байна гэж дүгнэж, М.Бнь урьд Ногооннуур сумын Засаг даргаас иргэн Д.Өд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0023 дугаартай шийдвэрээр тухайн маргаан бүхий эрхийн акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийг давж заалдсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 574 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Ногооннуур сумын Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/185 дугаартай захирамж гаргасан нь хачирхалтай байна. Иймд маргаан бүхий эрхийн актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүйИймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 130\ШШ2020\00435 дугаартай 731 дүгээртэй шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг өгөхийг хүсэж байна. Гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбарыг хавсаргав. Гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би заавал оролцож давж заалдах гомдолд нэмэлт тайлбар хийх тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсэж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу дүгнэсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч М.Бад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутагт Бахлуур гэх газар байршилтай өвөлжөөний газарт барьсан М.Бын модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ уг өвөлжөөг би хууль ёсоор эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан тул бидний газар эзэмших эрхэд саад учруулж байгаа М.Быг албадан нүүлгэж өгнө үү. гэж тайлбарлажээ. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаан бүхий газарт 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хаваржиж, 8 жилийн хугацаанд өөрийн хөдөлмөрөөрөө хаваржааны зориулалттай хашаа, модон амбаарыг өөрийн хөрөнгөөрөө босгосон ба нэхэмжлэгч Д.Ө нь уг газарт нэг ч удаа ирж сууж байгаагүй бөгөөд миний бие Хилийн цэргийн 0285 дугаар ангитай Хилийн зурваст хаваржих иргэдтэй байгуулсан гуравласан гэрээний дагуу оршин сууж байгаа тул хэн нэгэн этгээд дур зоргоороо миний газрыг эзэмшихийг зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргасан байна.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдлоо. Нэхэмжлэгч Д.Ө нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бахлуур гэх газарт байрлалтай хуучин Т.Бын өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаа 5000 м.кв /5.0 га/ талбай бүхий газрыг уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглахаар, тус Ногооннуур сумын Засаг дарга, Монгол Алтайн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргатай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 08 дугаартай гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Сийлхэмийн нурууны Байгалын цогцолборт газрын Б хэсгийн хязгаарлалтын бүсэд багтдаг Бахлуур гэдэг газраас 5 га газрыг бэлчээр ашиглах, булаг шандын эхийг хамгаалах үндэслэлээр, мал маллахад ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Харин хариуцагч М.Бнь маргаан бүхий газарт өнөөдрийг хүртэл хаваржиж байгаа нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбар, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогджээ.

 

Зохигчдын маргаж буй маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлуур нэртэй газарт байршилтай өвөлжөөний газар нь Монгол Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай 29 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын зарим газар нутгийг хамарсан Сийлхэмийн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0063 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 574 дүгээр магадлалаар тогтоогдож байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  33 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. гэж, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана., З7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна. гэж тус тус хуульчилсан байх бөгөөд хариуцагч М.Бад маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдээс ашиглуулах тухай шийдвэр гарсан эсэх, эрх бүхий этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо Маргаан бүхий газрыг Д.Өд ашиглуулахаар гаргасан Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны А/185 дугаартай захирамж нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9, 36 дугаар зүйлийн 1-ийг тус тус зөрчсөн илт хууль бус эрхийн акт байхад анхан шатны шүүх Монгол улсын тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн в-д зааснаар тухайн нутаг дэвсгэрийн улсын тусгай хэрэгцээний газрыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар хуульчилжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь хуульд зааснаар үнэлсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримталсан алдааг залруулж тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2020/00435 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлуур нэртэй газарт байршилтай, нэхэмжлэгч Д.Өд ашиглуулахаар олгосон 5000 м.кв /5 га/ хэмжээтэй газраас хариуцагч М.Бын модон байшин, малын пүнз, хашаа хороо зэрэг эд хөрөнгийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

Д.КӨБЕШ