Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2021/00525/И |
Дугаар | 183/ШШ2021/01480 |
Огноо | 2021-07-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2021/01480
2021 оны 07 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/01480 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, хх дугаар хороо, хххххххххх гудамж, ххх тоотод оршин суух, О овогт Б.О /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххх дүүрэг, хх дугаар хороо, ххххх гудамж, хх дугаар байранд байрлах “Б” ХХК /РД:/-д холбогдох
Орон сууц болон түрээсийн төлбөр алдангид нийт 16 248 000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хххххххх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
хххххххх миний бие гэр бүлийн хамт ххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххххх гудамж, ххх тоот гэр бүлийн хэрэгцээний газарт оршин суудаг. Тус газарт 337м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын суурийг 120 м.квадратаар өргөтгөн 2 давхар нийт 240 м.кв байшин болгон тохижуулан ашиглаж амьдарч байсан. Тухайн үед “хххххххх” ХХК-иас танай газарт хотын санхүүжилтээр “хххххххх” хотхон барьж гэр хорооллыг дахин төлөвлөлт хийгдэхээр болсон, 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэсний дагуу “хххххххх” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 67 тоот гэрээ байгуулж тухайн газарт баригдах 72 м.кв 2 өрөө орон сууц болон 5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг үнэ төлбөргүй нэмж олгох, газрыг чөлөөлөх буюу барилгын эхний ээлж ашиглалтад ороход иргэн тэргүүн ээлжинд нүүж орох давуу эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байр ашиглалтад орох хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг нэг сарын 450 000 төгрөг, ажлын байрны сарын төлбөр 450 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг 6 сар тутамд тооцож нийт 5 400 000 төгрөг олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. “хххххххх” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд түрээсийн болон үйлчилгээ зогсоосны төлбөрийг олголгүй иргэн намайг хохироож байна. Энэ талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах тухай 861500222 тоот гэрээгээр “хххххххх” ХХК нь “хххххххх” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх хариу мэдэгдсэн. Иймд “хххххххх” ХХК-иас 77 м.кв орон сууц болон 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 16 200 000 төгрөг, алдангид 48 600 нийт 16 248 600 төгрөг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххх тоотод аятай тухтай амьдардаг байсан. 337 м.кв талбайтай үйлчилгээний барилга, хх давхар 240 м.кв байшинтай байсан. Гэтэл “хххххххх” ХХК нь өөрсдөө ирээд дахин төлөвлөлтөөр шалгарсан батламж авсан, бид орон сууцыг газраар солино гээд 77 м.кв байр өгнө гэж амлаад түрээсийн төлбөр төлнө гээд бидний амьдарч байсан байр, хашаа бүхий л зүйлийг минь нураасан. Одоо манай амьдарч байсан газарт овоолсон шороо л байна. Бид хамгийн сүүлд нүүсэн бөгөөд компаний хүмүүс байн байн гуйгаад санал тавиад байхаар нь зөвшөөрөөд 1 сарын дараа газраа бүрэн чөлөөлж өгсөн. Гэтэл одоо байр ч байхгүй, газар ч байхгүй хохирч байна. Миний хувьд газрын гэрчилгээгээ шилжүүлэн өгөхөөр компани дээр удаа дараа очсон, гурван талт гэрээгээ байгуулах талаар ч уулзаж байсан боловч “хххххххх” ХХК нь түрээсийн төлбөрөө нэхэмжлэхгүй бол гэрээ байгуулна гэдэг. Мөн “хххххххх” ХХК нь хариуцахгүй хувьцаагаа худалдаад, эрхээ шилжүүлчихсэн гэдэг, гэтэл “Ххххх” ХХК бас хариуцахгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч “Ххххх” ХХК-иас 77 м.кв байр болон түрээсийн төлбөрт 2020 оны 11 сараас 2021 оны 04 сар хүртлэх төлбөр 16 200 000 төгрөг, алданги 48 600 төгрөг, нийт 16 248 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Б.О нь “Ххххх” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч иргэн Б.О нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон 2013 оны 10 дугаар 21-ний өдрийн түрээсийн төлбөр олгох тухай гэрээг “Ххххх” ХХК-тай байгуулаагүй бөгөөд “Ххххх” ХХК-ийг төлөөлөгч гэх иргэн Г.М, инженер гэх иргэн Т.Э болон М нартай байгуулсан байна.
Иймд “Ххххх” ХХК болон иргэн Б.О нарын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой үүргийн харилцаа үүсээгүй учир Б.О-аас “Ххххх” ХХК-нд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.О нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний 67 дугаар гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн төлбөр олгох гэрээг хариуцагч “Ххххх” ХХК-тай байгуулаагүй тул иргэн Б.О болон “Ххххх” ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар гэр хорооллын барилгыг дахин төлөвлөх журамд заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь “Ххххх” ХХК юм. “Ххххх” ХХК нь “Ххххх ХХК-ийн эзэмшиж буй төслийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш юм. Нэхэмжлэлд дурдагдсан газар нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хэрэгцээний газар юм. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт зааснаар “Ххххх” ХХК-ийн нэр дээр тухайн газар шилжсэн тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлэх ёстой байсан боловч газрын гэрчилгээг шилжүүлээгүйн улмаас үйл ажиллагаа хийгдээгүй. “Ххххх” ХХК-иас энэ талаар тодруулахад газар шилжүүлээгүй гэж мэдэгдсэн. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар Б.О болон “Ххххх” ХХК-ийн хооронд “Гурван талт гэрээ” байгуулагдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2013 оны гэрээний 1.3-т “гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажиж, гурван талт гэрээ байгуулж хүчин төгөлдөр гэрээ болно, 3.1.1-т “гурван талт гэрээ байгуулагдсан тохиолдолд...төсөл хэрэгжүүлэгчээс шаардана” гэж тус тус заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч “Ххххх” ХХК-иас шаардах эрхтэй тул хариуцагч биш этгээдээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ххххх” ХХК-нд холбогдуулан орон сууц болон түрээсийн төлбөр, алдангид нийт 16 248 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байсан “Ххххх” ХХК-тай харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг орон сууцаар солихоор тохиролцсон, мөн орон сууц баригдах хүртлэх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан тул “Ххххх” ХХК-ийг худалдан авсан буюу эрх залгамжлан авсан “Ххххх” ХХК-иас 77 м.кв орон сууц болон 2020 оны 11 сараас 2021 оны 04 сар хүртлэх түрээсийн төлбөрт 16 200 000 төгрөг, алданги 48 600 төгрөг, нийт 16 248 600 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, “Ххххх” ХХК нь төсөл хэрэгжүүлэгч биш, нэхэмжлэгч Б.О-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг тал биш учир үүрэг хүлээхгүй, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч нь гурван талт гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.О болон “Ххххх” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №67 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” байгуулагдаж төсөл хэрэгжүүлэх байршил дах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Б.О нь Ххххх дүүргийн хх дугаар хороо, ххххх гудамж ххх тоотод байрлах 48 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын 10000000 дугаар бүхий 337 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөн өгөх, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “ААААА” ХХК нь уг төслийн дагуу баригдах орон сууцнаас 2 өрөө орон сууц, нэмж 5 м.кв талбай үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 54-56-р хуудас/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар “Ххххх” ХХК болон нэхэмжлэгч Б.О нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Түр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ” байгуулагдаж, “Ххххх” ХХК нь нэхэмжлэгчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрт 450 000 төгрөг, ажлын байрны түрээсийн төлбөрт 450 000 төгрөг, нийт нэг сарын төлбөр 900 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 121-123-р хуудас/
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөн өгсөн боловч “Ххххх” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний үүргээ биелүүлж орон сууц болон үйлчилгээний талбайг нэхэмжлэгч Б.О-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигч талууд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №67 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Түр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ” байгуулагдсан талаар маргаагүй боловч хариуцагч нь уг гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, гэрээний нэг тал биш учир үүрэг үүсэхгүй, төсөл хэрэгжүүлэгч нь “Ххххх” ХХК биш “Ххххх” ХХК тул нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж маргасан.
“Ххххх” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №А/***тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан болох нь хэрэгт авагдсан батламжаар тогтоогдож байна. /хэргийн 57-58-р хуудас/
2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нэг талаас “Ххххх” ХХК түүний нийт хувьцааны 100 хувийн хувьцаа эзэмшигч ерөнхий захирал, иргэн Б.Ч цаашид худалдагч тал, нөгөө тал “Ххххх” ХХК түүнийг төлөөлж захирал Б.М цаашид худалдан авагч тал нар нь харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “...”ААААА” ХХК нь Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх Түмэн Амгалан цогцолборын бүтээн байгуулалтын төслийн ажлыг хэрэгжүүлж байгаа худалдагч тал болох Б.Ч нь Монгол улсын хууль тогтоомж болон хүлээн зөвшөөрөгдсөн аудитын дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгө оруулалт менежментийг хийсэн болохыг худалдан авагч хүлээн зөвшөөрсөн, худалдан авагч нь “ААААА” ХХК-ийн Улаанбаатар хотын хххх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх Түмэн Амгалан цогцолборын бүтээн байгуулалтын төслийн ажилтай танилцсан, цаашид энэхүү гэрээг байгуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн эрхийг шилжүүлэн авснаас хойших уг төслийн үргэлжлүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцах болно” гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 60-65-р хуудас/
2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “ААААА” ХХК-ийн 100 хувийн хувьцаа компанийн эрх, үүрэг хариуцлагыг “Ххххх” ХХК-нд шилжүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний 3.1-д “компанийн эрх хүлээн авсан өдрөөс эхлэн шилжүүлэн авсан хувьцаанд ногдох хэмжээгээр компанийг төлөөлөх эрхийг эдлэнэ”, 4.1-д “компанийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг эрх хүлээн авагч нь эрх шилжсэн үеэс эхлэн хүлээнэ” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн манайх гэрээний нэг тал биш, төсөл хэрэгжүүлэгч батламжтай “ААААА” ХХК-иас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. /хэргийн 59-р хуудас/
Мөн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-д “Түмэн Амгалан цогцолборын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд нийслэл хот болон иргэдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ чин шударгаар үргэлжлүүлэх биелүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмуудыг зөрчихгүй, байх, менежментийн гэрээг заавал байгуулах”-аар заасан байх тул нэхэмжлэгчийг гурван талт гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “ААААА” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч Б.Ч нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ххххх” ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, мөн оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, хариуцагч “Ххххх” ХХК нь “ААААА” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл болох Түмэн Амгалан цогцолборын бүтээн байгуулалтын асуудлыг хариуцах буюу нэхэмжлэгч Б.О-тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №67 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Түр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ”-ний үүргийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар орон сууц болон 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарын хүртлэх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч “Ххххх” ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагчийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 6.1.5-д зааснаар худалдагч тал болох Б.Ч нь өр төлбөр, хохирлыг хариуцах үүргийг хүлээсэн гэсэн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Мөн хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй, уг газар нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байгаа, мөн ямар орон сууц хаана авах нь тодорхойгүй гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, газраа чөлөөлөн өгсөн, уг газар нь одоо барилгын ажил явагдахад бэлэн овоолсон шороо байгаа гэж тайлбарласныг хариуцагчийн өмгөөлөгч үгүйсгээгүй бөгөөд талуудын байгуулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.3.1-д солих орон сууцыг тодорхойлжээ.
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.1, 2.2-д газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн мэдээлэлд “хххх 12 хороо, хххх 21, ххх тоот, талбайн хэмжээ 337 м.кв, зориулалт гэр бүлийн газар, хх, ххх-р хороо, хххх, талбайн хэмжээ 48 м.кв, хувийн сууц” гэсэн байх бөгөөд 2.3-д энэ гэрээний 2.1, 2.2-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг дор дурдсан 2.3.1 хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцов, 2.3.1-д орон сууцаар солих байршил “ххх, 12 хороо, хххххх: өрөөний тоо 2, м.кв 57,77”, 2.3.3-д бусад /талууд тохиролцсон бусад нөхцөл/ Шинээр орох байрны дугаар, давхар, тоотын төслийн барилгын нарийвчилсан зураг батлагдсаны дараах 20 хоногт иргэдийн саналыг хүлээн авч түүний дараагийн 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. 2.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон түүнд ногдох шинээр олгох орон сууцны талбайн хэмжээг хоёр тал харилцан тохиролцсоны эцэст газрын үнэлгээнд харгалзах шинээр олгох орон сууцны талбай дээр нэмж тооцно. 5м.кв үйлчилгээний талбайг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс иргэнд үнэ төлбөргүй олгоно. 70 м.кв үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгийг өргөтгөсөн /суурь 120 м.кв/” гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь “...77 м.кв орон сууц гаргуулахаар” нэхэмжилж гэрээндээ энэ талаар харилцан тохиролцсон гэж шүүхэд хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтад “...2.3.1-д Орон сууц хххх-ийн дугаар хороо, давхар, өрөөний тоо, м.кв 71,65 м.кв, 2.3.3-д бусад талууд тохиролцсон бусад нөхцөл 1.5 м.кв үйлчилгээний талбайг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс үнэ төлбөргүй олгоно. 2.Иргэн Б.О-ийн үл хөдлөх хөрөнгийн 48 м.кв талбай нь гэрчилгээжсэн байх бөгөөд нэмж 120 м.кв болгон өргөтгөсөн тул энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 25 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон, үүнд ногдох орон сууцны талбайн хэмжээ нь 13,88 м.кв болно. Б.О-д ногдох нийт орон сууцны талбайн хэмжээ нь 72 м.кв талбайтай орон сууц байна” гэжээ. /хэргийн 19-р хуудас/
Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, уг баримтад зөвхөн нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан гэрээнд уг баримт нь хавсаргагдаагүй байх тул нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг 77 м.кв орон сууцыг солихоор “ААААА” ХХК-тай тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
Иймд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №67 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-нд зааснаар ххххх дүүрэг ххх дугаар хороо, Түмэн Амгалан цогцолборын бүтээн байгуулалтын төслөөс 57,77 м.кв, гэрээний 2.3.3-д зааснаар 5 м.кв үнэ төлбөргүйгээр олгоно гэсэн тул нийт 62,77 м.кв орон сууцыг хариуцагч “Ххххх” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгохоор шийдвэрлэв.
Түрээсийн төлбөрийн хувьд нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртлэх түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Түр оршин суух хугацаанд дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ”-ний 2.1-д түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр 450 000 төгрөг, ажлын байрны түрээсийн төлбөр 450 000 төгрөг, нийт нэг сарын 900 000 төгрөг байхаар, 2.2-д уг төлбөрийг 6 сараар тооцож 5 400 000 төгрөгийг олгохоор харилцан тохиролцжээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.О-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар түрээсийн төлбөрт “ААААА” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-нд 5 400 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 24-нд 5 400 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-нд 2 700 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-нд ажлын байрны нөхөн төлбөр 2р ээлж Б.О2 700 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь нотлогдож байна. /хэргийн 20-22-р хуудас/
Хариуцагч нь гэрээний үүргийг шилжүүлэн авснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлж улмаар нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойших 6 сарын түрээсийн төлбөрт 5 400 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Б.О-д “Түр оршин суух хугацаанд дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ”-нд зааснаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртлэх 6 сарын түрээсийн төлбөрт 5 400 000 төгрөгийг /900 000х6сар=5 400 000 төгрөг/ гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Мөн гэрээний 4.3-д “талууд дээрх үүргээ биелүүлэлгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд нөгөө талдаа хожимдуулсан хоног тутамд алданги төлөх ба алдангийн хэмжээ нь энэхүү гэрээний 2.2-т заасан 6 сарын төлбөрийн 0,3 хувьтай тэнцүү байна” гэж зааснаар алданги 16 200 төгрөгийг /5 400 000х0,3=16 200/ гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр болон алдангид 16 248 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өмнөх түрээсийн төлбөрийг авсан, одоо 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртлэх түрээсийн төлбөр, алдангийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан тул дээрх хугацааны буюу 6 сарын түрээсийн төлбөрт 5 400 000 төгрөг, алданги 16 200 төгрөг, нийт 5 416 200 төгрөгийг хариуцагч “Ххххх” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 831 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Ххххх” ХХК-иас ххххх дүүргийн 12 дугаар хороо, Түмэн Амгалан цогцолборын бүтээн байгуулалтын төслөөс 62,77 м.кв орон сууц болон түрээсийн төлбөр, алдангид 5 416 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 831 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч “Ххххх” ХХК-иас 171 809 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН