Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2018/00114

 

  С.Ш-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэртэй, С.Ш-ын нэхэмжлэлтэй, “С” ХХК-ийн  Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Ш-ыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, “С” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “С.Ш би аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагч аймгийн Засаг дарга А.Г шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй жил гаран явсны эцэст 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар бүхий захирамжаар намайг НААҮ-ний "С" ХХК-ийн захирлын албанд эгүүлэн томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж компанид үр ашиггүй гэрээ байгуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас дахин чөлөөллөө. Энэ үндэслэл нь надад огт хамааралгүй бөгөөд ерөнхий инженер өөрийн эрхийн хэмжээний дагуу техник хөлсөлсний гэрээ бөгөөд энэхүү гэрээнээс болж компанид ямар нэг хохирол учраагүй, надад хамааралгүй болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон шийдвэр, тогтоол байгаа. Ажилчдыг сэлгэн ажиллуулсан гэх үндэслэл нь компанийн дотоод асуудал бөгөөд гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд хамаарахаас гадна ажилчдыг ажлаас үндэслэлгүй чөлөөлж шилжүүлснийг тогтоосон ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байгаа ба ТУЗ нь ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг, шилжүүлснийг тогтоох эрх бүхий субъект биш. Намайг ажилд эгүүлэн томилсноос хойш 20 хоногийн дараа дахин ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаа нь хууль болон шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаагийн тод жишээ. Иймд намайг "С" ХХК-ний захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “1. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “С” ХХК-ийн ажилчид гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Ш нь албан тушаалаа авангуут ажилчдыг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, шинээр ажилд орсон ажилчдыг ажлаас чөлөөлнө хэмээн дарамтлан, айлган сүрдүүлсэн, зарим ажилтныг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлэн ажиллуулсан ажилчдыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг алдагдуулсан тул цаашид ажиллах боломжгүй, гүйцэтгэх захиралд арга хэмжээ авч түүний хууль бус үйлдлийг таслан зогсоож албан тушаалаас нь өөрчилж өгөхгүй бол ажил хаялт зохион байгуулах хүртэл хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд тус тус хандаж өргөдөл гаргасан. “С” ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд учраас гүйцэтгэх захирлын алдаатай шийдвэр, ашиггүй нөхцөлөөр байгуулсан гэрээ, хэлцэл нь компанид хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд үүгээрээ төрийн бусад байгууллагуудаас онцлогтой. Олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай ажилчид гүйцэтгэх захирлын алдаатай бодлогоос болж ажил хаялт зохион байгуулбал аймгийн төвд хэрэгжүүлж буй цэвэр усны магистраль шугамын угсралтын тендерийн ажил болон гэрээний дагуу хийж гүйцэтгэх бусад ажлууд зогсонги байдалд орж улмаар гэрээний хугацаанд үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрэх, аваар осол гарах, цэвэр усны ханган нийлүүлэлт доголдох цаашид компани алдагдалд орж хохирол учрах эрсдэл хүлээх учир компанийн үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ авах, нөхцөл байдалтай танилцах зорилгоор компанийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн Удирдах зөвлөлийн 5 гишүүн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирал С.Ш-ын албан өрөөнд түүнийг оролцуулан хуралдсан. Хурлын явцад өргөдөл гаргасан ажилчдын төлөөлөл болох А, Б нартай уулзаж өөрсдөөс нь нөхцөл байдлыг тодруулах явцад Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж тэдний зөвшөөрөлгүйгээр 3 ажилтныг өөр ажилд шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд тэд гүйцэтгэх захирал С.Ш-т хариуцлага тооцохгүй бол ажил хаялт зохион байгуулах болно гэдгээ мэдэгдсэн. Ажил олгогч болон Төлөөлөн Удирдах зөвлөл нь ажилтны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд гүйцэтгэх захирлын буруутай үйлдлээс болж компанийн ажилчдын эрх ашиг хохирох ёсгүй.

 

2. Компанийн тухай хуулиар компанийг төлөөлж бусадтай гэрээ байгуулах эрхийг зөвхөн гүйцэтгэх захирал эдлэх бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д "гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." 84.4.4-т "шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх" үүрэгтэй атлаа тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Ш нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хүү болох Ш.А-ын эзэмшдэг “М” ХХК-тай орон нутгийн өмчийн автомашин техникийг давуу эрхээр түрээслэх гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг тухайн үед мөрдөгддөг тарифаас доогуур үнээр тогтоосон байна. Тухайн үед 2008-2016 онд мөрдөгдөж байсан “С” ХХК-ийн дотоод тарифаар тооцоход “М” ХХК нь техник хэрэгсэл ашигласны нийт түрээсийн төлбөрт 29,230,000 төгрөг төлөхөөр тооцоо гарсан байна. Мөн түрээсийн гэрээнд тусгаагүй атлаа компанийн өмчлөлийн ND120 маркийн машиныг “М” ХХК ашиглаж 300 м далан босгох 100 рейс шороог зөөсөн бөгөөд компанийн тарифаар 3,500,000 төгрөг төлөх байтал энэхүү мөнгийг төлөөгүй, гэрээнд оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл “М” ХХК нь “С” ХХК-ийн техникийг ашигласны төлбөрт 32,730,000 төгрөгийн төлбөр төлөх байтал С.Ш нь компанид хохиролтой гэрээ байгуулж бүхэл бүтэн 3 техникийг 50 хоногийн турш ажил гүйцэтгүүлэхэд 3,185,000 төгрөг түрээсийн төлбөрт өгөхөөр гэрээ байгуулсан нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компанид илт ашиггүй, хохиролтой гэрээ гэж үзэхээс өөр аргагүй. Түрээсийн гэрээний дагуу төлөх 3,185,000 төгрөгөөс “М” ХХК нь одоо болтол тус компанид нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд С.Ш нь хуулиар олгосон эрх мэдлээ ашиглан, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад давуу байдал олгож, орон нутгийн өмч техникийг дураараа ашиглаж “М” ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулж “С” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна. Энэ талаар компанийн дотоод аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан болно. С.Ш-ын энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж 2018 онд компанийн зүгээс Авлигатай Тэмцэх Газарт хүртэл гомдол гаргаж байсан. Цаашид С.Ш-ын компанид учруулсан хохирлыг жич нэхэмжлэх болно. Иймээс гүйцэтгэх захирал С.Ш нь компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллаагүй зэрэг хариуцлага алдсан үйлдэл гаргаж цаашид гүйцэтгэх захирлаар ажиллуулах боломжгүй байдал үүссэн тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 "гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй." гэснийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоосон тогтоол гаргасан.

 

Иймд Төлөөлөн Удирдах зөвлөл гүйцэтгэх захирал С.Ш-ын бүрэн эрхийг хууль бусаар зогсоогоогүй бөгөөд компанийн дүрэм, холбогдох хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.          

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай С.Ш-ыг чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, С.Шыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “1.С.Ш-ыг үндэслэлгүйгээр ажилчдыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан гэж үзсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус компанийн Захирлын зөвлөл хуралдаж ажилчдыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаар хэлэлцсэн эсэхийг тодруулах зорилгоор “С” ХХК-ийн 2018 оны 1-ээс 7 дугаар сар хүртэлх Захирлын зөвлөлийн тэмдэглэлүүдтэй танилцсан боловч мөн өдрийн буюу 5 дугаар сарын 11-нийн өдрийн тэмдэглэл байхгүй байсан ба байгууллагын дотоод асуудалд хамаарах тэмдэглэл ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийн гарт эх хувиараа байгаад хууль ёсны нотлох баримт эсэхэд эргэлзэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх"-ээр хуульчилсан. Шүүх нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шүүх хуралдааны явцад даруй шийдвэрлэж захирамж гаргах ёстой байсан боловч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж, хэргийн оролцогчийн хүсэлтээ шийдвэрлүүлэх, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг мэдэх эрхээр хангаагүй. Шүүх хуралдааны явцад хүсэлтийг даруй шийдвэрлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөвлөлдөх тасалгаанаас гарч хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрээ танилцуулахдаа ч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг дурдаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусгавар болж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сонсгосны дараа шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргах үед дурдаж байгаа нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

 

2. Шүүх хариуцагч “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл гүйцэтгэх захирал С.Ш--тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажилтны эрх зүйн байдлыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны нэгэн адил үзнэ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Өмнө шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон учраас өмнөх байгуулсан гэрээ маань хүчин төгөлдөр үйлчилнэ шинээр гэрээ байгуулах шаардлагагүй” хэмээн 2015 онд гүйцэтгэх захирлаар томилогдох үед байгуулагдсан гэрээний дагуу ажиллаж байгаа талаар хүлээн зөвшөөрч тайлбарлаж шүүхийн өмнө мэдүүлж байхад ТУЗ гүйцэтгэх захиралтай шинээр гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хариуцагч байгууллагын зүгээс гүйцэтгэх захирлын гэрээг нотлох баримтаар гаргаж өгөх гэсэн боловч компанийн бичиг баримт дотор байгаагүй олдоогүй тул гаргаж өгч чадаагүй. “С” ХХК нь орон нутгийн өмчит, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд учраас үйл ажиллагаа нь компанийн дүрэм, Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Хуулийн этгээдийн өмчлөгч нь компанийг ашигтай ажиллуулах менежментээр хангуулах үүднээс гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулан компанийг үр ашигтай ажиллуулах эрх олгож, энэхүү эрхээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөлд Компанийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг. Тус компанийн дүрмийн 7.1-д зааснаар аймгийн Засаг даргатай ажил үйлчилгээний гэрээ байгуулахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Нэгэнт ажил үйлчилгээний гэрээ байгуулах нь гүйцэтгэх захирлын өөрийнх нь үүрэг учраас шүүх гүйцэтгэх захирлаас компанийн дүрэмд заасны дагуу байгуулсан гэрээгээ нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардах ёстой байсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал нь өмчлөгчийн олгосон эрхийн хүрээнд компанийг удирдан үр ашигтай ажиллуулж ашиг олж өгч үүний хариуд гэрээнд заасан хөлс буюу компанийн ашгаас урамшуулал хүртдэг албан тушаалтан болохоос ашигтай ажиллуулсан ч ашиггүй ажиллуулсан ч хариуцлага хүлээдэггүй тогтмол цалин авдаг хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтан биш.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад тайлбарласан “шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон учраас өмнөх байгуулсан гэрээ маань хүчинтэй үйлчилж байгаа, шинээр гэрээ байгуулах шаардлагагүй” гэх тайлбараас үзэхэд өмнө гэрээ байгуулан ажиллаж байсан нь тодорхой байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардаж 2015 оноос хойш томилогдон ажиллах хугацаанд байгуулсан ажил үйлчилгээний гэрээг нотлох баримтаар гаргуулах боломжтой байсан. Энэхүү гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг нотлох баримтаар шинжлэн судалснаар гүйцэтгэх захирал С.Ш нь хөдөлмөрийн гэрээ, контракт эсхүл ажил үйлчилгээний буюу хөлсөөр ажиллах зэрэг чухам аль гэрээгээр ажиллаж байсныг тогтоох цаашлаад гүйцэтгэх захирлын эрх зүйн байдлыг буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтантай адил статустай эсэхийг тодорхойлох боломжтой болох юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал шаардлагатай, ач холбогдолтой дээрх ажил үйлчилгээний гэрээг нотлох баримтаар гаргуулах боломжтой байсан ч нэхэмжлэгчээр шаардаж аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү гэрээг нотлох баримтаар шинжлэн судлахгүйгээр маргааны эрх зүйн харилцааг тодорхойлох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “шуух хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулах" эрхийнхээ дагуу дээрх нотлох баримтыг бүрдүүлж байж маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийх байсан.

 

Иймд шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, чухал нотлох баримт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Т-ий давж заалдах гомдолд: “1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулан гаргасан нэмэлт тайлбар, нотлох баримтыг хариуцагчид танилцуулаагүй энэ талаар мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан товлож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эсрэг талын тайлбар түүнийг нотлох баримт болон хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхээр хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэмэлт тайлбар нотлох баримттай танилцаагүй учраас тайлбарт холбогдуулан нотлох баримт гаргаж өгч чадаагүй бөгөөд шүүх хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээр хангаагүй атлаа хариуцагч тал татгалзлаа нотолж чадаагүй хэмээн дүгнэсэн нь зүйд нийцэхгүй байна.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Тухайлбал гүйцэтгэх захирал С.Ш-ын бүрэн эрхийг зогсоох болсон үндэслэл, түүний ажиллаж байх хугацаанд гаргасан зөрчлүүд нь бүрэн нотлогдож байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Компанийн тухай хууль, компанийн дүрмээр “С” ХХК-ийг төлөөлөн зөвхөн гүйцэтгэх захиралд гэрээ хийх эрх олгосон байхад ТУЗ-д мэдэгдэлгүйгээр ашиг сонирхлын зөрчил бүхий “М” ХХК-тай илт ашиггүй гэрээ байгуулсан, компанийн ажилчдын эрхэд халдаж ажилтныг зөвшөөрөлгүйгээр өөр ажил шилжүүлсэн, гүйцэтгэх захирлыг сольж ажиллуулж өгөх талаар ажилчид өргөдөл гаргасан зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан ТУЗ хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоосныг шүүх анхаараагүй.

 

Иймд шүүх хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

           

Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар “С.Ш-ыг чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, “С” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

           

Ажил олгогч “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18, 83 дугаар зүйлийн 82.15 дахь хэсэг, Компанийн дүрмийн 6.1.4 дэх заалт, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг үндэслэн мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

  

Нэхэмжлэгч С.Ш нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “намайг ажилд эгүүлэн томилсноос хойш 20 хоногийн дараа ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаа нь хууль болон шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаагийн тод жишээ” гэж, харин хариуцагч “Компанийн тухай хууль, компанийн дүрмээр “С” ХХК-ийг төлөөлөн зөвхөн гүйцэтгэх захиралд гэрээ хийх эрх олгосон байхад ТУЗ-д мэдэгдэлгүйгээр ашиг сонирхлын зөрчил бүхий “М” ХХК-тай илт ашиггүй гэрээ байгуулсан, компанийн ажилчдын эрхэд халдаж  ажилтныг зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, гүйцэтгэх захирлыг сольж ажиллуулах талаар ажилчид өргөдөл гаргасан” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн С.Ш-ыг ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тогтоолд  дурдсан үндэслэлүүдээ ажил олгогч нотлож чадаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хариуцагч нь Компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, зарим ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй зөрчсөн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх үйл баримтыг нотлох үүрэгтэй.  

 

Хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн тогтоолд заасан зөрчлүүдийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тогтоолын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй бөгөөд ажилчдыг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн нь, ажилчдын ажил үүрэг хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж 2015 оны 02 дугаартай Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “С” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэл нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/34 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор үгүйсгэгдэж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөг, хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ  

Д.КӨБЕШ