Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00372

 

С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00114 дүгээр магадлалтай,

   С ын нэхэмжлэлтэй,

            “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

        Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай С ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би НААҮ-ний "СУАТ" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад үүрэгт ажлаас Аймгийн засаг даргын захирамжаар үндэслэлгүй халагдсан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрээр намайг "СУАТ" ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч энэхүү дээд шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагч аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй жил гаран явсны эцэст шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдахын даваанд 2018 оны 05 сарын 02-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг "СУАТ" ХХК-ийн захирлын албанд эгүүлэн томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2018 оны 05 сарын 23-ны өдөр ТУЗөвлөл хуралдаж намайг үндэслэлгүй шалтгаан зааж дахин үүрэг ажлаас маань чөлөөлсөн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд дурдсан үндэслэл болох компанид үр ашиггүй гэрээ байгуулсан гэх үндэслэл нь надад огт хамааралгүй бөгөөд ерөнхий инженер өөрийн эрхийн хэмжээний дагуу техник хөлсөлсний гэрээ бөгөөд энэхүү гэрээнээс болж компанид ямар нэг хохирол учраагүй, надад хамааралгүй болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон шийдвэр, тогтоол байгаа. Ажилчдыг сэлгэн ажиллуулсан гэх үндэслэл нь компанийн дотоод асуудал бөгөөд гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд хамаарахаас гадна ажилчдыг ажлаас үндэслэлгүй чөлөөлж шилжүүлснийг тогтоосон ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байгаа ба ТУЗ нь ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг, шилжүүлснийг тогтоох эрх бүхий субъект биш ба энэ нь зөвхөн шүүхийн эрхэд хамаарах асуудал юм. Ийм байдлаар намайг ажилд эгүүлэн томилсноос хойш 20 хоногийн дараа дахин ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаа нь хууль болон шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаагийн тод жишээ юм. Иймд миний хөндөгдсөн эрхийг хамгаалан Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний "СУАТ" ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг Баян-Өлгий аймгийн "СУАТ" ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2013 оны 06 сарын 03-наас эхлээд “СУАТ” ХХК-ийн захирлаар томилогдсон. Намайг ажлаас гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэгэн заалтыг ашиглаагүй. Компанийн дүрэмд тодорхой зүйл заалт байгаа. 2 сарын дараа томилогдсон Ж.Адалбектэй аймгийн Засаг дарга зөвшилцсөн байна. Би ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, ажлаа хэвийн явуулж байсан. Гол асуудал 3 хүнийг дунд нь сольж шилжүүлэн ажиллуулсан тушаал байсан. Яагаад гэвэл би очоод бүх судалгааг хийлгэсэн бүх шугам сүлжээ хөлдсөн. Тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөл ямар ч арга хэмжээ аваагүй, олон хэрэглэгч хохирсон байсан. Гэтэл олон хэрэглэгч гомдол өгч, судалгааны явцад нэр бүхий хэрэглэгч бичгээр гомдол гаргасан. Намайг 2 жил хохироож миний амь амьдралаар тоглоом хийсэн. Зарим ажилчид хэлэхдээ бид нар шахалтаар гарын үсэг зурсан гэж хэлсэн. Тухайн 3 хүн ажлаас халагдаад, шүүхэд хандах хугацаа нь байсан. Энэ асуудалд Төлөөлөн Удирдах Зөвлөл өөрөө оролцоод олон хүмүүсийг чирэгдүүлж, ийм юм хийсэнд харамсаж байна. Би шударгаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарах ёстой. Ажилгүй байсан хугацааны 29 сая төгрөгөө нэхэмжилж ТУЗ-д очиж байсан. Тэр үед юм хэлээгүй. Тэгээд ч зөвшилцөх хүн нь Ө.Бахытбек биш. Тийм учраас би зөвшилцөх боломжгүй гэж хэлж байгаа. Ажилчдыг зөвхөн шилжүүлж ажиллуулсны төлөө С  буруутан болдог. Олон хүнийг ажлаас гаргасан Ж.Адалбекийг дахин дахин томилж байгаад нь гомдолтой байна. 2 дахь асуудал бол албан тушаал ашиглаж гэрээ хийсэн гэж хэлсэн. Огт тийм юм байгаагүй гэдгийг Аймгийн Прокурор, хууль хяналтын байгууллагаар бүгдийн шалгуулсан. Надад ямар ч холбоогүй гэж тогтоол гарсан. Уг тогтоол хавтас хэрэгт байгаа. Намайг чөлөөлсөн хурлын тэмдэглэлд би албан ёсоор танилцаад, миний гарын үсэг байх ёстой. Гэтэл би тэмдэглэлийг сая л харж байна. Төлөөлөн Удирдах Зөвлөл, Аймгийн Засаг дарга зөвшилцөх ёстой. Би ямар ч хүмүүсийг хохироож ажлаас халаагүй. Тиймээс миний шүүхэд гаргасан “СУАТ” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: 1999 онд Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрыг төрийн өмчит хуулийн этгээд буюу ХХК хэлбэрээр зохион байгуулж улмаар эд хөрөнгө захиран зарцуулах эрхийн хамт төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлснээр “СУАТ” ХХК нь 100 хувийн орон нутгийн өмчит хуулийн этгээд болсон. Компанийн тухай хуулийн 2.5-д зааснаар орон нутгийн өмчит “СУАТ” ХХК-ийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах юм. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх эрхийг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд олгосон билээ. 2018 оны 05 сарын 21-ний өдөр “СУАТ” ХХК-ийн ажилчид гүйцэтгэх захирлаар томилогдсон С  нь албан тушаалаа авангуут ажилчдыг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, шинээр ажилд орсон ажилчдыг ажлаас чөлөөлнө хэмээн дарамтлан, айлган сүрдүүлсэн, зарим ажилтныг өөрийнхөө зөвшөөрөлгүйгээр өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлэн ажиллуулсан ажилчдыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг алдагдуулсан тул цаашид ажиллах боломжгүй, гүйцэтгэх захиралд арга хэмжээ авч түүний хууль бус үйлдлийг таслан зогсоож албан тушаалаас нь өөрчилж өгөхгүй бол ажил хаялт зохион байгуулах хүртэл хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд тус тус хандаж өргөдөл гаргасан. “СУАТ” ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд учраас гүйцэтгэх захирлын алдаатай шийдвэр, ашиггүй нөхцөлөөр байгуулсан гэрээ, хэлцэл нь компанид хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд үүгээрээ төрийн бусад байгууллагуудаас онцлогтой. Олон жил ажилласан туршлагатай  ажилчид гүйцэтгэх  захирлын  алдаатай бодлогоос болж ажил хаялт зохион байгуулбал аймгийн төвд хэрэгжүүлж буй цэвэр усны магистраль шугамын угсралтын тендерийн ажил болон гэрээний дагуу хийж гүйцэтгэх бусад ажлууд зогсонги байдалд орж улмаар гэрээний хугацаанд үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрэх, аваар осол гарах, цэвэр усны ханган нийлүүлэлт доголдох цаашид компани алдагдалд орж хохирол учрах эрсдэл хүлээх учир компанийн үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ авах, нөхцөл байдалтай танилцах зорилгоор компанийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн Удирдах зөвлөлийн 5 гишүүн 2018 оны 05 сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирал С ын албан өрөөнд түүнийг оролцуулан хуралдсан. Хурлын явцад өргөдөл гаргасан ажилчдын төлөөлөл болох Абай, Бахытбек нартай уулзаж өөрсдөөс нь нөхцөл байдлыг тодруулах явцад Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж тэдний зөвшөөрөлгүйгээр 3 ажилтныг өөр ажилд шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд тэд гүйцэтгэх захирал С т хариуцлага тооцохгүй бол ажил хаялт зохион байгуулах болно гэдгээ мэдэгдсэн. Ажил олгогч болон Төлөөлөн Удирдах зөвлөл нь ажилтны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд гүйцэтгэх захирлын буруутай үйлдлээс болж компанийн ажилчдын эрх ашиг хохирох ёсгүй.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бохир усны гол магистраль шугамын угсралтын ажлыг захиалагч “Агайн” ХХК нь гүйцэтгэгч “Мадинэ” ХХК-тай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. “Мадинэ” ХХК нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь машин, техник байхгүй байсан тул тус компанийн захирал Шаривын Айдос нь орон нутгийн өмчит “СУАТ” ХХК-ийн техник хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулжээ. Компанийн тухай хуулиар компанийг төлөөлж бусадтай гэрээ байгуулах эрхийг зөвхөн гүйцэтгэх захирал эдлэх бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д "гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." 84.4.4-т "шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх" үүрэгтэй мөртлөө тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С  нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хүү болох Ш.Айдосын эзэмшдэг “Мадинэ” ХХК-тай орон нутгийн өмчийн автомашин техникийг давуу эрхээр түрээслэх гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг тухайн үед мөрдөгддөг тарифаас доогуур үнээр тогтоосон байна. Тухайн үед 2008-2016 онд мөрдөгдөж байсан “СУАТ” ХХК-ийн дотоод тарифаар тооцоход “Мадине” ХХК нь техник хэрэгсэл ашигласны нийт түрээсийн төлбөрт 29,230,000 төгрөг төлөхөөр тооцоо гарсан байна. Мөн түрээсийн гэрээнд тусгаагүй мөртлөө компанийн өмчлөлийн ND 120 маркийн машиныг “Мадинэ” ХХК ашиглаж 300 м далан босгох 100 рейс шороог зөөсөн бөгөөд компанийн тарифаар 3,500,000 төгрөг төлөх байтал энэхүү мөнгийг ч төлөөгүй, гэрээнд оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Мадинэ” ХХК нь “СУАТ” ХХК-ийн техникийг ашигласны төлбөрт 32,730,000 төгрөгийн төлбөр төлөх байтал С  нь компанид хохиролтой гэрээ байгуулж бүхэл бүтэн 3 техникийг 50 хоногийн турш ажил гүйцэтгүүлэхэд 3,185,000 төгрөг түрээсийн төлбөрт өгөхөөр гэрээ байгуулсан нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компанид илт ашиггүй, хохиролтой гэрээ гэж үзэхээс өөр аргагүй. Түрээсийн гэрээний дагуу төлөх 3,185,000 төгрөгөөс “Мадинэ” ХХК нь одоо болтол тус компанид нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд С  нь хуулиар олгосон эрх мэдлээ ашиглан, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад давуу байдал олгож, орон нутгийн өмч техникийг дураараа ашиглаж “Мадинэ” ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулж “СУАТ” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна. Энэ талаар компанийн дотоод аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан болно. С ын энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж 2018 онд компанийн зүгээс Авлигатай Тэмцэх Газарт хүртэл гомдол гаргаж байсан. Цаашид С ын компанид учруулсан хохирлыг жич нэхэмжлэх болно. Иймээс гүйцэтгэх захирал С  нь компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллаагүй зэрэг хариуцлага алдсан үйлдэл гаргаж цаашид гүйцэтгэх захирлаар ажиллуулах боломжгүй байдал үүссэн тул Компанийн тухай хуулийн 83.15 заасныг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоосон тогтоол гаргасан. Иймд Төлөөлөн Удирдах зөвлөл гүйцэтгэх захирал С ын бүрэн эрхийг хууль бусаар зогсоогоогүй бөгөөд компанийн дүрэм, холбогдох хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                                       

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай С ыг чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, С ыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн санхүүгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00114 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Тилегений хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 130/ШШ2018/00582 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00114 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангаагүйг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулан гаргасан нэмэлт тайлбар, нотлох баримтыг хариуцагчид танилцуулаагүй энэ талаар мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан товлож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эсрэг талын тайлбар түүнийг нотлох баримт болон хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхээр хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байсан боловч энэхүү үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэмэлт тайлбар нотлох баримттай танилцаагүй учраас тайлбарт холбогдуулан нотлох баримт гаргаж өгч чадаагүй бөгөөд шүүх хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээр хангаагүй мөртлөө хариуцагч тал татгалзлаа нотолж чадаагүй, С ын гаргасан зөрчил нь нотлогдон тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь зүйд нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Тухайлбал гүйцэтгэх захирал С ын бүрэн эрхийг зогсоох болсон үндэслэл, түүний ажиллаж байх хугацаанд гаргасан зөрчлүүдийг нотлох нотолгоог хариуцагч талаас гаргаж өгсөн байхад энэхүү нотлох баримтуудыг шүүх яагаад нотлох баримтаар үнэлээгүй, эсхүл нэхэмжлэгч талын ямар нотлох баримтаар хариуцагчийн нотлох баримт үгүйсгэгдэж байгаа талаар дүгнээгүй мөртлөө хариуцагч тал татгалзлаа нотолж чадаагүй гэж үзсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй.

Компанийн тухай хууль, компанийн дүрмээр “СУАТ” ХХК-ийг төлөөлөн зөвхөн гүйцэтгэх захиралд гэрээ хийх эрх олгосон байхад ТУЗ-д мэдэгдэлгүйгээр ашиг сонирхлын зөрчил бүхий хүүгийнхээ “Мадине” ХХК-тай илт ашиггүй гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан дотоод аудитын дүгнэлт, техник түрээслэх гэрээгээр, компанийн ажилчдын эрхэд халдаж ажилтныг өөрийнхөн зөвшөөрөлгүйгээр өөр ажил шилжүүлсэн нь ТУЗ-ын 2018 оны 05 сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, ажилчдыг сольж ажиллуулсан тушаал, гүйцэтгэх захиралтай холбогдуулан гаргасан ажилчдын өргөдөл, компанийн бүтцэд байхгүй орон тоог шинээр бий болгож Ергенбекийг томилон цалингийн хэмжээг өндөр тогтоож бүрэн эрхээ хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан /Ергенбекийг томилсон тушаал/ нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байхад шүүх хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. “СУАТ” ХХК нь ашгийн төлөө хуулийн этгээд учраас гүйцэтгэх захирлын буруутай үйл ажиллагаанаас болж компанид хохирол учрах ёсгүй. Мөн С ын ашиг сонирхол бүхий “Мадине” ХХК-тай давуу эрх олгож компанид илт хохиролтой ашиггүй нөхцөлөөр байгуулсан гэрээний талаар прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд шүүх хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй хэргийг хянан шийдвэрлэж хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С  нь хариуцагч “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан тус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргажээ.

Хариуцагч нь хууль болон шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, ажилд эгүүлэн томилсноос хойш 20 хоногийн дараа ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан, “...ТУЗ-д мэдэгдэлгүйгээр ашиг сонирхлын зөрчил бүхий “Мадине” ХХК-тай илт ашиггүй гэрээ байгуулсан, компанийн ажилчдын эрхэд халдаж ажилтныг зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, гүйцэтгэх захирлыг сольж ажиллуулах талаар ажилчид өргөдөл гаргасан” гэж хариуцагч мэтгэлцжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай С ыг ажилд томилох тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “СУАТ” ХХК-ийн захирлаар томилсон байна.

“СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18, 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэг, Компанийн дүрмийн 6.1.4 дэх заалт, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй, компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, зарим ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй тул 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирал С ын бүрэн эрхийг зогсоож, албан тушаалаас нь чөлөөлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ... С  нь Компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, зарим ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй гэж маргасан, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх бүрэн эрхтэй боловч ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмаар ажилтныг ажилд томилох болон чөлөөлөх үүрэгтэй.

“СУАТ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь нэхэмжлэгч С ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байх тул анхан шатны шүүх  ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.   

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Тилегенд шүүх хуралдааны товыг анхан шатны шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн 82,95,110 дахь талд авагдсан баримтаас үзэхэд зохигчдыг хэргийн материалтай танилцуулсан байх тул шүүхийг “...нотлох баримт болон хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэсэн хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Түүнчлэн “...прокурорын байгууллага С т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” үйл баримтын талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй тул энэ баримтыг буруу үнэлсэн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН