Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02487

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 04 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02487                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... хороо, ..... тоотод байрлах, О ХХК /РД:.../-ийн  нэхэмжлэлтэй,

         

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... хороо,.... гудамжны .... байрны ... тоотод оршин суух, . овогт Г.Б /РД:.../-д холбогдох,

 

гэм хорын хохиролд 10,596,363 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.                                                                                            

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч О ХХК нь ... улсын дугаартай Ниссан кашкай маркийн автомашины эзэмшигч  бөгөөд Ш оффисын ... тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг ба түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд 1 машиныг офиссын авто зогсоолд зогсоох эрхийг олгодог. О ХХК 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн  өмчлөлийн автомашиныг Ш оффисын авто зогсоолд байршуулсан байсан. Энэ үед хариуцагч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн Ниссан тоёото сай гэдэг автомашинаар нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг мөргөж гэм хор учруулсан. Хохирлыг А ХХК-ийг шинжээчээр томилж тус үнэлгээгээр тухайн эвдэрсэн эд ангиудыг засах тухай ярьсан боловч нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн эд ангиудыг засах боломжгүй тул солих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд М ХХК-иас эд ангиул худалдаж авсан. Мөн Д ХХК-д очоод үйлчилгээ хийлгүүлсэн. Гарсан нийт зардал нь 10,596,365 төгрөг болсон. Моос худалдан авсан эд анги болон засварын мөнгө 4,384,500 төгрөг, бэлэн бус сэлбэг захиалгын үнэ 3,792,000 төгрөг, Д ХХК-иар кузов засвар хийлгэсэн засварын үнэ 2,090,000 төгрөг, авто машин засвартай байх хугацаанд н.С захирал 1 удаа вип таксигаар үйлчлүүлсэн мөнгө 43,500 төгрөг, жолооч тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй байсан ба жолоочийн сул зогсолтын цалинг нэхэмжлэгчийн буруутай  бус үйл ажиллагааны улмаас 287,563 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч дээрх зардлыг гаргасан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 10,596,363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Осол болсон асуудалд хариуцагчийн зүгээс маргахгүй. Эрх бүхий албан тушаалтнаас торгуулийн арга хэмжээ авхуулсан ба шийтгэврийн хуудсыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 19 дүгээр талд ОО ХХК-ийн захирал н.С нь П.М гэдэг хүнд 2021.04.05-ны өдрөөс 2021.04.09-ний өдрийн хооронд тээврийн хэрэгсэл засуулах хугацаанд нийт 286,360 төгрөгийн нэхэмжлэх шүүхэд гаргаж өгсөн ба энэ хугацаанд тээврийн хэрэгслийг зассан гэдгээ нэхэмжлэгч тал өөрөө хэлдэг. Хавтаст хэрэгт 2021.05.05-ны өдөр 50,000 төгрөг шилжсэн байдаг. Мөн 2021.06.28-ны өдөр 2,446,300 төгрөг шилжсэн, 2021.07.22-ны өдөр 1,950,000 төгрөг зэрэг мөнгөнүүд нь тухайн цаг хугацаанаас хойш шилжсэн. Хавтаст хэргийн 24-25 дугаар талд А ХХК мэргэжлийн  үнэлгээний газраас 6,137,550 төгрөгөөр үнэлсэн. Үүнд их гэрэл, урд нүүр болон куперийн дунд хэсгийг солих, машин чирэгч төмөр, улсын дугаарыг суурийн хамт бүтнээр нь, шаврын хаалт зэргийг солихоор гаргасан. Энэ үнэлгээний компани нь эрх бүхий компаниас үнийн саналыг нь авч гаргадаг. Огт зах зээлд нийцээгүй үнэлгээ гаргадаггүй. Үнэлгээний компани нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу Сангийн яамнаас зарлагдсан Сангийн сайдын тусгай зөвшөөрлөөр эрх бүхий зөвшөөрөл авдаг. Мөн хохирол үнэлгээний компани нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийг 3 дугаар зүйлийн 3.2.4, мөн тухайн хуульд зааснаар Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий компани байж хохирлын үнэлгээг гаргадаг. Тухайн даатгалын компани нь мэргэжлийн хариуцлагын даатгал буюу даатгалын компанид даатгуулсан байдаг. Үнэхээр буруу үнэлсэн бол хохирол үнэлгээний компаниас зөрүү мөнгөө нэхэмжлэх бүрэн эрхтэй байдаг. Бүх зүйлийг нь сольсон байсан. Хэрэв иргэн хүний машиныг мөргөөд сэлбэгийг нь солиулсан бол маргахгүй. Гэтэл ОО ХХК нь маш олон машинтай. Үнэхээр мотор солих шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй байсан учраас үзлэг хийх хүсэлт гаргасан. Тийм учраас үлдэгдэл үнийн дүнг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мэргэжлийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Илүү нэхэж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохиролд 10,596,363 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан, харин хариуцагч осол гаргасан тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын тухайд А ХХК-ийн үнэлгээг зөвшөөрнө гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Г.Б 2021.03.31-ний өдрийн оройг 22 цаг 38 минутын орчим Т.Сай маркийн ... улсын дугаартай  автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн,...” гэсэн жолоочид хориглох заалтыг зөрчиж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээрийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж Ш офиссын В1 давхрын авто зогсоолд байршуулсан О ХХК-ийн өмчлөлийн ... улсын дугаартай Nissan Qashgai маркийн автомашиныг мөргөсөн болох нь Тээврийн Цагдаагийн албаны ЗТО, хэргийн газрын үзлэгийн 2021.03.31-ний өдрийн хуудас, 2021.04.07-ны ..... дугаартай шийтгэлийн хуудас, 2021.04.07-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны .... дугаартай магадлагаа зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Дээрх ослоос үүссэн хохирлыг тодорхойлсон А ХХК-ийн 2021.04.01-ний өдрийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд бус зардлын дүн 6,137,550 төгрөгөөр тогтоогдсон байх бөгөөд үнэлгээ хийсэн арга, үнэлгээний тайлангийн тайлбараас үзэхэд “М групп”-ийн үнийн саналыг үндэслэн хохирлын үнэлгээг тогтоосон, зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашигласан, мөн солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоосон гэжээ.

 

Иймд А ХХК-ийн 2021.04.01-ний өдрийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг үндэслэлтэй гэж үзээд шууд бус зардлын дүн 6,137,550 төгрөгийг хариуцагч Г.Бгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,458,813 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч тал “...тухайн эд ангиудыг засах боломжгүй тул солих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд М ХХК-иас эд ангиуд худалдаж авсан, мөн Д ХХК-иар үйлчилгээ хийлгүүлсэн” гэх үндэслэлээр худалдан авсан эд анги болон засварын мөнгө 4,384,500 төгрөг, бэлэн бус сэлбэг захиалгын үнэ 3,792,000 төгрөг, Д ХХК-иар кузов засвар хийлгэсэн засварын үнэ 2,090,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч  хавсаргасан баримтууд нь нотлох баримын шаардлага хангахгүй, тухайн автомашинд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, удаа дараагийн шилжүүлгийн мэдээллийн зориулалт тусгагдаагүй байна.

 

Мөн авто машин засвартай байх хугацаанд н.С захирал вип таксигаар үйлчлүүлсэн гэх 43,500 төгрөг, жолоочийн сул зогсолтын цалин 287,563 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн боловч н.С захирлыг таксигаар үйлчлүүлснийг болон тухайн жолооч тус компанид ажилладаг талаар нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Бгээс 6,137,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,458,813 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс 113,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ

                                                                                  

                                                                                       Д.МӨНХЦЭЦЭГ