Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00119

 

 

 

 

“О М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02487 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох, гэм хорын хохиролд нийт 10,596,363 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Г.Б- нь Тоёота Сай маркийн 96-60 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, авто зогсоолд байршуулсан байсан “О М” ХХК-ийн өмчлөлийн 01-65 УБУ улсын дугаартай Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгслийг мөргөж гэм хор учруулсан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаас томилсон “Ашид билгүүн” ХХК гаргасан боловч гэмтэл учирсан эд ангиудыг засварлах бус шинээр солих шаардлагатай гэж үзсэн. Ингээд “Моннис моторс” ХХК-аас шинэ эд ангиуд худалдаж авч, “Дельта авто сервис” ХХК-аар үйлчилгээ хийлгэсэн.

              Хариуцагчийн дээрх буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь худалдан авсан эд анги болон засварын төлбөрт 4,384,500 төгрөг, бэлэн бус сэлбэг захиалгын үнэ 3,792,000 төгрөг, “Дельта авто сервис” ХХК-аар кузов засвар хийлгэсэн төлбөр 2,090,000 төгрөг, засвартай байх хугацаанд Л.Сэлэнгэ захирал 1 удаа вип таксигаар үйлчлүүлсэн төлбөр 43,500 төгрөг, жолоочийн сул зогсолтын цалин 286,363 төгрөг, нийт 10,596,363 төгрөгийн зардал гаргасан. Үүнийг Иргэний хуулийн 497, 510, 9 дүгээр зүйлийн 9.4.4-т тус тус заасны дагуу хариуцагч Г.Б-гээс гаргуулж өгнө үү.

 

  1. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу “Ашид билгүүн” ХХК-аас гаргасан үнэлгээний дүн 6,137,550 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй.

          Зам тээврийн ослын талаар маргахгүй. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн сарын 09-ний өдрийн хооронд засуулсан гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, тухайн цаг хугацаанаас хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,446,300 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 1,950,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр их гэрэл, урд нүүр болон куперийн дунд хэсгийг солих, машин чирэгч төмөр, улсын дугаарыг суурийн хамт бүтнээр нь, шаврын хаалт зэргийг солих зардлыг 6,137,550 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг эрх бүхий компаниас үнийн санал авснаар гаргадаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т тус тус заасны дагуу Сангийн сайдын тусгай зөвшөөрөлтэй компани хохирлын үнэлгээ гаргадаг. Хэрэв буруу үнэлсэн бол хохирол үнэлгээний компаниас зөрүү мөнгөө нэхэмжлэх бүрэн эрхтэй байдаг. “О М” ХХК нь олон тооны тээврийн хэрэгсэлтэй. Мотор солих шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-гээс 6,137,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,458,813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-гээс 113,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

  1. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,458,813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

          а. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан баримтуудыг тухайн тээврийн хэрэгсэлд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, удаа дараа шилжүүлгийн мэдээллийн зориулалт тусгагдаагүй гээд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь, хэрэгт авагдсан “Моннис моторс” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үнийн саналд зүүн урд талын их гэрлийн үнийг 4,370,500 төгрөг, нүүрний сетканы үнийг 1,918,100 төгрөг байна гэсэн байхад шүүх үнэлгээний тайланд хөтлөгдөн “солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоосон” гэж дүгнэсэн нь буруу.

          б. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид бодитоор 10,266,500 төгрөгийн шууд зардал гарган өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засаж өмнөх байдалд сэргээн ашиглаж байхад шууд бус зардлын дүн болох “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хуульд зааснаар бодит хохирлыг төлж барагдуулах, анх байсан байдалд нөхөн сэргээх үүрэг хүлээхээр байна.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. “Ашид билгүүн” ХХК-аас тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлээс боломжтойг нь засварлахаар, бусдыг нь солихоор үнэлгээ гаргасан. Мөн тус үнэлгээний тайланд “Моннис моторс” ХХК-ийн үнийн саналыг харгалзан үзсэн. Гэтэл нэхэмжлэгчээс гаргасан “Моннис моторс” ХХК-ийн үнийн санал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Мөн захирал Л.Сэлэнгийн таксигаар үйлчлүүлсэн зардал болон жолоочийн ажилгүй байсан хугацааны цалин зэрэг хохирлууд нь баримтаар нотлогдоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

 

  1. Нэхэмжлэгч “О М” ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэм хорын улмаас учирсан хохиролд тээврийн хэрэгслийн эд анги болон засварын үнэ 4,384,500 төгрөг, бэлэн бус сэлбэг захиалгын үнэ 3,792,000 төгрөг, “Дельта авто сервис” ХХК-аар кузов засвар хийлгэсэн төлбөр 2,090,000 төгрөг, засвартай байх хугацаанд таксигаар үйлчлүүлсэн төлбөр 43,500 төгрөг, жолоочийн сул зогсолтын цалин 286,363 төгрөг, нийт 10,596,363 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг буюу “Ашид билгүүн” ХХК-аас гаргасан үнэлгээний дүн 6,137,550 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 83-84/

 

 

  1. Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 8-9/, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 14/ зохигчийн тайлбарыг харьцуулан үнэлбэл, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 38 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла Моллын В давхрын авто зогсоол дотор Г.Б- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Сай маркийн 96-60 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад уг авто зогсоолд байршуулсан “Орифлейм монгол” ХХК-ийн өмчлөлийн 01-65 УБУ улсын дугаартай Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан гэм хорын улмаас үүссэн хохирлын хэмжээ маргааны зүйл болжээ.

         

          Тээврийн цагдаагийн албанаас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх зам тээврийн осол, хэргийн газар хийсэн үзлэгээр /хх 8-9/ “Орифлейм монгол” ХХК-ийн өмчлөлийн 01-65 УБУ улсын дугаартай Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг “...урд буфер зурагдсан, номер суурь хугарсан, урд буфер баруун урд талаар хагарсан, баруун талын крыло хаалга зурагдсан...” гэж тэмдэглэсэн байна. Харин 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Ашид билгүүн” ХХК-ийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “...уг машины зүүн урд гэрэл ар сууриараа хагарсан, нүүр сетка хагарсан, буферийн дунд хэсэг хагарсан, чирэгчийн таг хагарсан, зүүн урд подкрыло хагарсан...” зэргээр хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар тусгасан байна.

         

          Гэвч хариуцагчийн зүгээс энэ талаар давж заалдах гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй тохиолдолд түүнээс 6,137,550 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

          5. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар тогтоосон дүн буюу 6,137,550 төгрөгийг дээрх ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзсэнийг буруутгахгүй.

 

          Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэлдээ дурдсан “Дельта-авто сервис” ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн баримт, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн “Шилжүүлгийн мэдээлэл” гэсэн баримтуудад /хх 15-18, 58-59, 61-62, 64-65, 74/ нэхэмжлэгчийн өмчлөлийн 01-65 УБУ улсын дугаартай Ниссан Кашкай маркийн тээврийн хэрэгслийн аль гэмтлийг хэрхэн засварласан, ямар эд ангийг шинээр сольсон нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн, “Моннис Моторс” ХХК-ийн үнийн санал, нэхэмжлэх гэсэн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангахгүй байна. /хх 60, 63, 66, 75, 77-78/ Иймд дээрх баримтуудыг үнэлээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд тээврийн хэрэгслийн эд анги солиулж, засвар хийлгэсэнтэй холбоотой зардлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

          Мөн нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгсэл засвартай байх хугацаанд тухайн компанийн захирал Л.Сэлэнгэ вип таксигаар үйлчлүүлсэн гэх 43,500 төгрөг, жолоочийн сул зогсолтын цалин 287,563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Тухайн төлбөр нь хариуцагч Г.Б-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 86,292 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                         

 

                                          ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                         Д.НЯМБАЗАР