Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/01569

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 07 сарын 20 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01569                       Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, хх дүгээр хороо, хххххх гудамж, хххх дүгээр байр, ххх тоотод оршин суух, О овогт Ц.Ц /РД:0000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххх дүүрэг, хх дүгээр хороо, ххх тоотод оршин суух, С овогт Ц.Б /РД:000000/,

Хариуцагч: ххххх дүүрэг, хх дугаар хороо, өөрийн байр  “ААА” ХХК /РД:2860597/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, БББББ ХХК-ийн байранд байрлах, “ААААА” ХХК /РД:6181384/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 329 553 855 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, 1-1-8 тоотод оршин суух, Сартуул овогт Цэрэндаваагийн Баатарбилэг /РД:УВ75110217/-ийн

Нэхэмжлэгч: Хххххх дүүрэг, хх дүгээр хороо, ххххх гудамж, ххх дүгээр байр, ххх тоотод оршин суух, О овогт Ц.Ц /РД:0000000/-т холбогдох,

үндэслэлгүй хөрөнгөжсөн 384 528 199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн багасгасан болон өөрчилсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ц нь Ц.Б, “БББББ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 155 711 ам.доллар буюу 399 210 305 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний бие иргэн Ц.Бтэй 2 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эдгээр зээлийн гэрээний үүргүүдийг хамтатган иргэн Ц.Б болон түүний хувьцааг нь эзэмшиж захирлаар нь ажилладаг БББББ ХХК-иас хэсэгчлэн шаардаж байгаа болно.

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Бтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 сарын хугацаатай, нэг сарын 2.5 хувийн хүүтэй нийт 2 000 000 ам.доллар зээлж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр БББББ ХХК /БББББ ХХК-ийг төлөөлж Ц.Б/, иргэн Ц.Л, ХХК /Р ХХК-г төлөөлж захирал Ц.Л/ нар зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгдчийн хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 21-нд хугацааг 6 сараар сунгасан гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүү бүрэн төлөгдөөгүй тул хамтран зээлдэгч нар үүргийг хуваарилан, зээлийн гэрээний хугацааг үүрэг бүрэн биелэгдэх хүртэл сунгаж 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин Гэрээ байгуулсан. Үүнээс өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Б нь тусдаа 200 000 ам.долларыг, 2.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж БББББ ХХК-ийн хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээний хугацааг  2 сараар сунгасан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран зээлдэгч нарт үүргийг хуваарилан Ц.Б болон БББББ ХХК нар нь 660 967 ам.долларын өртэй байгааг талууд бүгд харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Үүргийн гүйцэтгэлийг хуваариласнаас хойш 5 сарын дараа Ц.Б болон БББББ ХХК нар нь барьцаалсан хоёр обьектыг барьцаанаас чөлөөлж зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд БББББ ХХК-ийн 50 хувийн хувьцааг 700 000 ам.доллараар үнэлэн шилжүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр БББББ ХХК-ийн 550 ширхэг энгийн хувьцааны 50 хувь буюу 275 000 хувьцааг 700 000 ам.доллараар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Ц.Б өөрийн эзэмшлийн нэгж хувьцааг 2.5454 ам.доллараар үнэлэн Ц.Ц-т шилжүүлэхээр тохиролцож, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “ААААА” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан. Тийм учраас л үүрэг гүйцэтгүүлэгч миний зүгээс БББББ компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээнд тулгуурлан түүний үүргийн гүйцэтгэлийг хувьцаагаар төлүүлэхээр зөвшөөрсөн юм. Гэвч өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх Ц.Б нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул 155 711 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш 2,563.79 төгрөгөөр тооцон 399 210 305 төгрөг гаргуулж, нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээгээр ААААА ХХК-ийн нийт хувьцааны 11,12 хувь буюу 61173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Ц.Б, БББББ ХХК, ААААА ХХК-нд холбогдох иргэний хэргийн анхны нэхэмжлэлийн үнийн дүн болох 399 210 305 төгрөгийг 298 886 638,20 болгон багасгаж, үүргийн гүйцэтгэлийг үүнтэй холбоотойгоор 45 800 ширхэг хувьцаа буюу 8,33 хувиар хангаж өгнө үү.

Улсын Дээд Шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тодруулвал нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг нэхэмжлэлийн гол үндэслэл болгож гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 642.67 ам.долларыг Ц.Б болон “БББББ” ХХК-иас нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэг болсон ААААА ХХК-ийн 11,12 хувийн хувьцааг эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Өөрөөр хэлбэл ААААА ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 115 642,67 ам.долларын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргаж байгаа ба өнөөдрийн Монгол банкны ханш болох 2849,76 төгрөгөөр тооцож 329 553 855,3 төгрөгийг хариуцагч Ц.Б болон БББББ ХХК-иас нэхэмжилж байна.

Аливаа гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл, гэрээ байгуулах зарчим, гэрээнд тавигдах шаардлага, гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл зэргийг  хуулиар тогтоож өгсөн. Гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тусган харуулах зорилготой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалт нь зөвхөн зээлдүүлэгчид хамааралтай. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүлээн зөвшөөрч төлсөн хүүгийн  төлбөрөө зээлдэгч буцаан шаардсанаас маргаан үүсэх үед 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалт хамааралгүй. Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй болохыг зохицуулснаас бус зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэх үндэслэл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл бүр хамаарахгүй. Хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийг хэлцлийг хийх нь хуулиар хориотой бол хуульд нийцээгүй гэж ойлгоно. Гэрээг зээлийн шугамын гэрээ гэж нэрлэсэн боловч банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулах ажиллагааг зөрчихгүй. Нэг талаас Ц.Ц нөгөө талаас Ц.Б нар нь гэрээг зээлийн хүү, хугацаа, зээл олгох хэмжээг тогтоон зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг шаардаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт Ц.Ц-той зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зохицуулалт энэхүү гэрээнд үйлчилнэ. Ц.Ц-ийг зээлийн шугамын гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулсныг банк, эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Өөрсдөө тохиролцоод л зээлийн шугам нээж байна, хэмжээ нь 2 000 000 ам.доллар гэж тохиролцсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсдэг онцгой зохицуулалт бий. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү шаардаагүй юм. Талуудын байгуулсан гэрээг Иргэний  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д зааснаар бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Ц.Ц нь нь хариуцагч Ц.Б тэй 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж гэрээний зүйл болох 2 000 000 ам.долларыг шилжүүлэн өгсөн. Уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр БББББ ХХК, Р ХХК-ийг төлөөлж захирал нь гарын үсгээ зурсан. Мөн Г ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч гарын үсэг зурсан боловч уг гэрээ нь иргэд хоорондын зээл байсан, учир нь мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч Ц.Б-т шилжүүлсэн. Их хэмжээний мөнгө байсан учраас ББСБ-д гэрээг хийсэн юм. Энэ талаар гэрч ч мэдүүлдэг. Гэрээнд шугамын зээл гэсэн нь ам.доллараар олгохоор болсныг өөрсдөө харилцан тохиролцсон, мөн нэмэгдүүлсэн хүү болон шимтгэл аваагүй. Зөвхөн хүү л тооцсон байгаа. Уг мөнгийг зээлэх эх үүсвэртэй байсан гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Уг актаар зээлийн гэрээний үүргийг хувиарлаад Ц.Б, Ц.Л нь тооцооллыг зөвшөөрч гарын үсгээ зурсан.Ц.Л нь үүргээ төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Тиймээс төлөөгүй байгаа зээлдэгч болох Ц.Бээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа юм. Бидний хооронд байгуулсан гэрээнүүд болон гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус биш, гэрээний дагуу мөнгө шилжсэн, буцаан төлж байсан. Хариуцагч нь өөрөө зөвшөөрөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Өмнөх хурал дээр тооцоолол дээр л маргаж байсан, гэтэл одоо гэрээний талаар маргаад байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.Б болон БББББ ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 115 642.67 ам.доллар буюу 329 553 855 төгрөгийг гаргууж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

Миний бие Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Л-той хамтран иргэн Ц.Ц-оос 2 000 000 сая ам.долларыг, 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 200 000 долларыг 2.5 хувийн хүүтэйгээр хамтран зээлж тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үүрэгт 2014 оноос 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд үндсэн зээлд 400 000 ам.доллар, зээлийн хүүнд 748 392 ам.доллар төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран зээлдэгч Б.Л, зээлдүүлэгч Ц.Ц-той харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн авсан зээлийн хэмжээнд оногдох үндсэн зээл болон хүү төлөх үүрэг хуваариласан. Энэхүү хуваарилалтын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар бөгөөд хүүгийн үлдэгдэл төлбөр 937 ам.доллар гэж Ц.Б тэй тооцоо нийлсэн. Энэ хугацаанд хүү төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 237 125 ам.доллар нийт 700 000 ам.доллар гэж тохиролцсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусах үүрэг хүлээсэн. Тус хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хувьцаа эзэмшдэг ААААА ХХК-ийн 50 хувийн хугацааг барьцаалсан. Ц.Ц-той тооцоо нийлсэн 700 000 ам.доллар бол үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 215 000 ам.долларын нийлбэр юм. Тохиролцсон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 15 000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 7 удаагийн төлөлтөөр нийт 119 928,33 ам.долларыг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлөх хүүгийн үлдэгдэл 80 000 ам.доллар байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Ц.Ц нь 700 000 амдолларын үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүүгийн дүнгээс тооцож 115 711 ам.доллар буюу 399 210 305 төгрөг гэж тооцон  ААААА ХХК-ийн 11,12 хувийн хувьцааг эзэмших нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Ц нь Ц.Б тэй зээлийн шугаман гэрээ байгуулсан. Тус гэрээний ерөнхий үндэслэлд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үндэслэн гэрээ байгуулсан хэмээн дурдаж өгсөн. Иргэн Ц.Ц нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулна гэж заасан байдаг. Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд хариуцагчтай удаа дараа хууль зөрчиж гэрээ байгуулсан. Тухайлбал, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Зээлийн шугаман гэрээний 2.1.5-д “..зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тогтоосон..”, 1.2-т “...2,4 хувийн үүрэг хүлээсэн шимтгэл тооцох”-оор тогтоосон байна. Нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээд зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд шаардах эрх үүснэ хэмээн зохицуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгоход гарсан зардлыг нөхөх зорилгоор шимтгэл, хураамж авна гэж заасан. Ц.Ц нь хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй, эрх бүхий этгээд биш атал тухайн банк, бус санхүүгийн байгууллагын байранд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл авахаар тусгаж байсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцэл байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тухайн гэрээний хугацааг сунгах, нэмэлтээр зээл олгох, гэрээг дүгнэх зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэж, акт үйлдсэн нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээ дүгнэсэн актанд Ц.Б нь  485 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэй төлөхөөр заасны дагуу үндсэн зээлийн 485 000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 134 928.33 ам.долларын хүү төлсөн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Ц.Ц нь үндэслэлгүйгээр олж авсан 134 928.33 ам.долларыг Ц.Б-т буцаан төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар Ц.Ц-оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134 928.33 ам.доллар буюу 384 528,199 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буцаан гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Ц.Б нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, мөнгийг хүлээн авсан талаар бол маргахгүй. Зээлийн гэрээгээр хүү, алдангийг тохиролцох тохиолдолд гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, нөхцөл, шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан банк эрх бүхий байгууллагын байгуулвал зохих гэрээг иргэдийн хооронд байгуулсан гэж үзэж байна. Энэ нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд Г ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдэд үзлэг хийхэд адил төстэй байсан. Тус гэрээг Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ, мөн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, шимтгэл тооцохоор хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэж байна. Тиймээс нэхэмжлэгч хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Ц.Б-ийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 619 928.33 ам.долларын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч дээрх үндэслэлийн дагуу хүү шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийг төлчихсөн байхад үндсэн зээлийн үлдэгдэл гээд шаардаад байгаа нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ц.Б, БББББ ХХК, ААААА ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 115 642,67 ам.доллар буюу 329 553 855 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134 928,33 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг болох 384 528 199 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б, БББББ ХХК, ААААА ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...ААААА ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна, өөрөөр хэлбэл ААААА ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзсан болно” гэсэн тул хариуцагч Ц.Б болон БББББ ХХК-нд холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б, БББББ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон, уг гэрээг дүгнэн акт үйлдсэн боловч хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 115 642,67 ам.доллар буюу 329 553 855 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь зээлийн харилцаа үүссэн, мөнгө хүлээн авсан талаар маргаагүй боловч иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн байгуулдаг гэрээний загвараар нэмэгдүүлсэн хүү тооцож, шимтгэл төлөхөөр байгуулсан нь хууль зөрчсөн гэж маргаад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлдгүй хөрөнгөжсөн гэж хүүнд төлсөн 134 928,33 ам.доллар буюу 384 528 199 төгрөгийг буцаан  гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ-14/2/6 тоот Зээлийн шугамын гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас Ц.Б нарын хооронд байгуулагдаж зээлийн шугамын хэмжээг 2 000 000 ам.доллараар харилцан тохиролцож, 2 000 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгөөр ашиглахаар гэрээнд зээлдүүлэгч Ц.Ц, “Г” ББСБ-г төлөөлж үүсгэн байгуулагч Ц., зээлдэгч Ц.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч “БББББ” ХХК-г төлөөлж захирал Ц.Б, “Р” ХХК-ийг төлөөлж Ц.Л нар гарын үсгээ зуржээ. /хэргийн 7-8-р хуудас/

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас Ц.Б, хамтран зээлдэгч Ц.Л нарын хооронд байгуулж 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон 2 000 000 ам.долларын зээлнээс үндсэн зээлд 400 000 ам.долларыг төлбөрийг хийсэн, үлдэх 1 600 000 ам.долларын үлдэгдэлтэй байгааг дурдаж, гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сараар сунгаж, гэрээнд заасан үүрэг хүлээсний шимтгэлийг хүчингүй болгохоор тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг хавсралт 2-оор баталж зээлдүүлэгч Ц.Ц, “Г” ББСБ ХХК-г төлөөлж Б.П, зээлдэгч Ц.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч “БББББ” ХХК-г төлөөлж захирал Ц.Б, “Р” ХХК-г төлөөлж Ц.Л нар газрын үсгээ зурсан байна. /хэргийн 9-10-р хуудас/

Мөн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ-15/3/1 тоот Зээлийн гэрээг Ц.Ц, Ц.Б нарын хооронд байгуулж 200 000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар ашиглахаар гэрээнд зээлдүүлэгч Ц.Ц, зээлдэгч Ц.Б нар гарын үсгээ зурж, зээлийн гэрээний хавсралт 1-ээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталжээ. /хэргийн 11-13-р хуудас/

2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №БГҮ-15/3/1 тоот Барьцааны гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас “М” ХХК-ийг төлөөлж Ц.Б нарын хооронд байгуулж Төв аймаг Баянчандмань сумын 1 дүгээр баг, Чандмань хаягт байршилтай 1485,4 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай Ү-000000000, Ү-000000000 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ. /хэргийн 14-15-р хуудас/

Мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нэг талаас Ц.Ц, нөгөө талаас Ц.Б нарын хооронд байгуулж 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-15/3/1 тоот зээлийн гэрээгээр олгосон 200 000 ам.долларын зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 36 000 ам.доллар төлсөн, үндсэн зээл 200 000 ам.долларын үлдэгдэлтэйг дурдаж, гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 сараар сунгахаар харилцан тохиролцож хэн аль нь гарын үсгээ зурсан байна. /хэргийн 16-р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Гэрээ дүгнэсэн актыг зээлдүүлэгч Ц.Ц, зээлдэгч Ц.Б, хамтран зээлдэгч Ц.Л нар харилцан тохиролцон байгуулж, уг гэрээний хавсралт 1-ээрЦ.Лнь 2017 оны 04 дүгээр сарын 05-наарх үндсэн зээл болон хүүний нийт төлбөр 1 468 170 ам.доллар, хавсралт 2-оор Ц.Б нь 2017 оны 4 сарын 5-наарх үндсэн зээл болон хүүний нийт төлбөр 660 967 ам.доллар, үүнээс үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 175 967 ам.доллар гэж тооцоо нийлж зөвшөөрсөн гэх гарын үсгийг Ц.Ц, Ц.Б, Ц.Л нар нь гарын үсгээ зуржээ. /хэргийн 17-20-р хуудас/

Уг тооцоо нийлсэн актын “...1.2.Талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-14/2/6 дугаартай Зээлийн шугаман гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-15/3/1 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-15/3/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ-14/2/6а дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хугацаа сунгах зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/-нүүдийн дагуу зээллдэгч болон хамтран зээлдэгч нар нь иргэн Ц.Ц-оос буюу зээлдүүлэгчээс мөнгө зээлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэн, дээр дурдсан гэрээнүүдийн үндсэн дээр үүссэн үүргээ бүрэн биелүүлээгүй болохоо Зээлдэгч хамтран зээлдэгч нар нь хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэн

Зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын зүгээс гаргасан саналыг үндэслэн үүргийг дараах байдлаар хуваарилж байна. Үүнд:

1.Зээлдэгч болох Цэрэндаваагийн Баатарбилэг нь 2017 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 485 000 ам.доллар болон 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртлэх төлөгдөөгүй хүү болох 175 967 ам.долларын хамт төлөх, /төлөгдөөгүй хүүний задаргаа хавсралт 2-оор/

2.Хамтран зээлдэгч болох Ц.Л нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1 315 000 ам.доллар болон 2016 оны 01 дүгээр сарын 1-нээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртлэх төлөгдөөгүй хүү болох 377 780 ам.долларын хамт төлөх

3.зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь өмнөх 1 дэх хэсэгт заасан үндсэн зээлд тус бүр сарын 2,5 хувийн хүү тооцон төлөх ба хүүг сар бүрийн 5 өдрийн дотор төлнө” гэж харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг гэрээ дүгнэсэн актаар нэгтгэн дүгнэсэн, хамтран зээлдэгч болох Ц.Л нь үүргээ гүйцэтгэсэн тул зээлдэгч Ц.Б болон БББББ ХХК нь өөрт ногдох зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн 485 000 ам.доллар, хүү 175 967 ам.доллар, 2017 оны 04 дүгээр сарын 05-наас 2017 оны 10 дугаар сарын 05-ны хүртлэх хүү 73 962 ам.доллар, нийт 734 929 ам.доллараас хариуцагчийн төлсөн 619 286 ам.долларыг хасаад үлдэх үндсэн зээлийн үлдэгдэл 115 643 ам.долларыг төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч болон хариуцагч Ц.Б нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгө болох 2 000 000 ам.доллар, 200 000 ам.долларыг тус тус шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ-14/2/6 тоот Зээлийн шугамын гэрээ нь хууль зөрчсөн, ББСБ-ын тамга тэмдэг дарагдсан, тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хийдэг зээлийн гэрээ болон зээлийн бүтээгдэхүүнийг ашиглан гэрээ хийсэн, иргэд хоорондын зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцсон тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн уг зээлийн гэрээнүүдийг дүгнэсэн Гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул мөн хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэжээ.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгодог.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг Зээлийн шугамын гэрээг байгуулахдаа гэрээг Иргэний хууль, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үндэслэхээр заасан, иргэн Ц.Ц нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд байж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу хуулийн этгээд эрхэлнэ гэдгийг зөрчсөн, нэмэгдүүлсэн хүү тооцсон, үүрэг хүлээсний шимтгэл төлөхөөр тусгасан нь зөвхөн банк, эрх бүхий этгээдийн зээлийн гэрээндээ тусгадаг нөхцлүүд тул хууль зөрчсөн, энэ нь “Г ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээ, нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдтэй адил байгаа нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэсэн. /хэргийн 2 хавтас 69-82-р хуудас/

Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-14/2/6 тоот Зээлийн шугамын гэрээнд үүрэг хүлээсний шимтгэл гэж заасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр уг заалтыг хүчингүй болгосон, нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заасан боловч нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч нарын төлөөлөгч үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг хууль зөрчиж иргэд хоорондын зээлийн гэрээнд шимтгэл төлүүлсэн, нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Ц.Б-ийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлийн гэрээний зүйл болох мөнгийг Ц.Б хүлээн авсан талаараа маргаагүй, шилжүүлэн авсан мөнгийг буцаан нэхэмжлэгч Ц.Ц-т өгсөн, хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан баримтад нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь гарын үсгээ зурсан талаараа хүлээн зөвшөөрсөн. / кассын зарлагын ордерт “2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээл олгов, 1 370 000 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 430 000 ам.доллар, зээл олгов” гэсэн баримтууд, “2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэнд Б, зээл 200 000 ам.доллар”, “2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн шугамын гэрээг үндэслэн Б-т зээл олгов иргэдийн зээл 200 000 ам.доллар” гэсэн баримтууд, хэргийн 2 хавтас 90-92-р хуудас/

Дээрх баримтуудаар зээлийн гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгч Ц.Ц-оос хариуцагч Ц.Б-т шилжүүлэн өгсөн, хариуцагч нь хүлээн авсан, гэрээнд гарын үсэг зурсан гэрч Б.П-ийн “...иргэн хоорондын гэрээ байсан, би зөвхөн санхүүгийн тооцоолол дээр зөвлөгөө өгдөг” гэж мэдүүлсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн, банк бус санхүүгийн үйл ажиллагааг хуулийн этгээд эрхэлнэ гэснийг зөрчсөн гэсэн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.    

Мөн талууд зээлийн гэрээний үүргийг дүгнэн Гэрээ дүгнэсэн актыг байгуулсан талаараа маргаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-14/2/6 тоот зээлийн шугамын гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүүнд төлсөн мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-14/2/6 тоот зээлийн шугамын гэрээгээр 2 000 000 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ-15/3/1 тоот гэрээгээр 200 000 ам.долларыг тус тус нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ц.Б-т шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх бөгөөд талууд зээлийн харилцаа үүссэн талаараа маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ямар эс үүсвэрээс мөнгө шилжүүлсэн гэдгийг нотлоно гэж шүүхэд “Г” ХХК-ийн 2014 он, 2015 оны 1 улирлын санхүүгийн тайлан, “С” ХХК-ийн дүгнэлт, Ц.Ц-ийн Голомт банкны дансны 2014 он 01 сараас 12 сарын 31-ний хүртлэх валютын дансны хуулга, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан тайлан, “Г ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “А” ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлт зэргийг ирүүлсэн бөгөөд зээлийн гэрээний зүйлийг эргэлтийн хөрөнгөөр ашиглахаар ам.доллараар харилцан тохиролцсон гэж тайлбарласныг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно. /хэргийн 1 хавтас 240-250, 2 хавтас 1-21-р хуудас/

Зохигч талууд харилцан тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт байгуулж, зээлийн гэрээний үүргийг хувиарласан байх бөгөөд 1 үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээд дуусгавар болсон гэж нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн бөгөөд уг актанд “...Ц.Ц, нөгөө талаас хамтран зээлдэгч Ц.Л нар байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актанд заасан хугацаанд хамтран зээлдэгч Ц.Л  гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно” гэсэн байх тул нөгөө үүрэг гүйцэтгэгч болох Ц.Бээс гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 2 хавтас 94-р хуудас/

Гэвч гэрээ дүгнэсэн актыг нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Ц.Б, хамтран зээлдэгч Ц.Л нарын хооронд байгуулсан байхад зээлийн гэрээний үүргийг БББББ ХХК-иас шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хэргийн 21 хуудсанд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 30-р хуудсанд авагдсан Ц.Б-ийн хариуцсан 485 000 ам.долларын зээлийн 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших үндсэн зээл болон хүүгийн тооцоогоор 155 711 ам.доллар, 31-32 хуудсанд авагдсан БББББ ХХК-ийн хариуцаж буй зээлийн тооцоолол гэх баримтуудыг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө тооцоолсон гэж тайлбарласан, уг баримтад хариуцагч нь гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй байна.

Мөн хариуцагчаас “Ц болон Ц.Б, Ц.Л нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн шугамын гэрээ” №ЗГ-14/2/6 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ” №ЗГ-15/3/1-ний дагуу олгогдсон нийт зээл болон зээлдэгч Ц.Б-ээс төлсөн эргэн төлөлтийн тооцоо” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг тооцооллоор нийт төлсөн хүү 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хүүнд 134 928 ам.долларыг төлсөн гэсэн боловч дээрх тооцоолол нь тайлбараасаа зөрүүтэй, тайлбараа баримтаар нотлоогүй болно. /хэргийн 2 хавтас 93-р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн талуудын хооронд байгуулсан Гэрээ дүгнэсэн актанд хариуцагч Ц.Б нь үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 175 967 ам.доллар, нийт 660 967 ам.долларын үлдэгдэлтэй байсан талаар зохигчид хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 05-нд 500 000 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 7 удаагийн гүйлгээгээр 119 428 ам.доллар, нийт 619 428,33 ам.долларыг буцаан төлсөн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь гэрээ дүгнэсэн актаар үндсэн зээл 485 000 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хүү 175 967 ам.доллар, 2017 оны 04 сарын 06-наас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх хүү 73 962 ам.доллар нийт 734 929 ам.доллараас хариуцагчийн төлсөн 619 428 ам.долларыг хасаад үндсэн зээлд 115 642.67 ам.доллар гаргуулна гэсэн боловч хариуцагч нь үндсэн зээлийн 485 000 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 05-нд төлсөн байхад дахин үндсэн зээлд 115 642,67 ам.долларыг шаардсан нь ойлгомжгүй, гэрээ дүгнэсэн актаар хүү тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

Талуудын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн актаар хариуцагчийн төлөгдөөгүй үүрэг нь нийт 660 967 ам.доллар байх бөгөөд хариуцагч 2017 оны 10 сарын 05-нд 500 000 ам.доллар төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх тул үндсэн зээл 485 000 ам.доллараас хасаж тооцох нь зүйтэй байна.

Ингээд үлдэх 15 000 ам.долларыг хүү 175 967 ам.доллараас хасаж тооцоход 160 967 ам.долларын хүүний үлдэгдэлтэй байх ба үүнээс хариуцагчийн төлсөн гэх 119 428 ам.долларыг хасаж, үлдэх 41 539 ам.доллар буюу 118 376 180,64 төгрөгийг /41 539 ам.доллар х 2849,76 төгрөг=118 376 180,64/ гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гадаад валютын ханшийг Монголбанкнаас зарласан ханшаар тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ханшийн лавлагааг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байх тул 1ам.долларыг 2 849,76 төгрөгөөр тооцсон болно.

Иймд хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт 118 376 180,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-толгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 211 177 675 төгрөгийг болон хариуцагч БББББ ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Б-ийн нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 384 528 199 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ААААА ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ААААА ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 405 182 төгрөг /2 154 001+70 200+180 981/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 080 591 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 749 830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-т олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 118 376 180,64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-толгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 211 177 675 төгрөгийг болон БББББ ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ийн нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 384 528 199 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч ААААА ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, ААААА ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 405 182 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 080 591 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид  749 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-толгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН