Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1359

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н ХХК, “НВЦ” ХХК, Ц.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 296 483 828.8 төгрөг гаргуулах, Н ХХК-ийн нийт хувьцааны 11.12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц- нь Ц.Б-тэй 2 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б- болон түүний хувьцааг нь эзэмшиж, захирлаар нь ажилладаг “НВЦ” ХХК-иас зээлийн гэрээний шаардлагаас хэсэгчлэн шаардаж байгаа юм. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй 2 000 000 ам.доллар зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед хамтран үүрэг гүйцэтгэхээр Ц.Лхагвадорж зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хугацааг 6 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл төлөгдөхгүй байсан тул зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дүгнэж акт үйлдсэн. Энэ бол хамгийн чухал нотолгооны хэрэгсэл.

Энэ гэрээнд талууд маргадаггүй. Хариуцагчийн тайлбарт ч хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн Ц.Б- нь тусдаа 200.000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ давхар байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 2 сараар сунгасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт дээр тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгч Ц.Б-ийн үүргийг тодорхой хуваарилсан байдаг. Ц.Б- болон Н ХХК, “НВЦ” ХХК-ийн хариуцах 660.967 ам.долларыг энэхүү гэрээний хавсралтаар баталгаажуулсан. Үүргийн гүйцэтгэлийг Н ХХК-ийн хувьцаагаар гаргуулья гэсэн хүсэлт гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дүгнэсэн актын шууд үргэлжлэлийг байгуулсан. 2015 оны 9 дүгээр сард Ц.Б- нь энэхүү гэрээний барьцаанд тавигдсан байсан Баянчандманьд байрлах 2 объектыг хүсэлтийн дагуу барьцаанаас суллаж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нийт 550 000 ширхэг Н ХХК-ийн 50 хувийг 700 000 ам.доллараар үнэлж компанийн шийдвэр гаргах этгээдүүд болох ТУЗ-ийн хурлын шийдвэрээр баталгаажуулж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ц.Б- өөрөө хариу тайлбарын 6 дугаар догол мөрөнд энэ талаар дурдсан байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж талууд маргаагүй. Компанийн хувьцааг барьцаалах тал дээр бүртгэлийн байгууллагын тогтолцоо байдаггүй, компанийн нэгж ширхэг хувьцааны үнийн дүнг гэрээгээр тогтоосон. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.Б-ээс 296 483 828 төгрөгийг гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг Н ХХК-ийн хувьцаагаар хангуулах хүсэлтийг гаргаж байгаа юм.

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээгээ дүгнэж Ц.Лхагводорж, Ц.Б- хоёрын зээлийг хуваасан байдаг. Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор 485 000 ам.доллар болон 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл төлөгдөөгүй хүү болох 175.967 ам.долларын хамт төлөх гэж байгаа. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь үндсэн зээлд тус бүрийн сарын 2.5 хувийн хүү тооцох ба хүүг сар бүрийн 5-ны өдөр дотор төлнө гэсэн. Миний гаргасан тооцоогоор 73 962 ам.долларын хүүг үндсэн зээлдээ төлөхөөр байна гэж гарсан. Ц.Б- нь 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойш 500 000 доллар төлсөн нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүү тооцох ёстой, 5 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хүү нь 60 221 ам.доллар болж байгаа. 175.967 ам.долларыг бодоход 236 188 ам.доллар болж байгаа юм. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 485 000 ам.доллар үндсэн зээл, 237 125 ам.долларын зээлийн үлдэгдэл болсон. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үндсэн зээлээ төлж дууссан үүнээс хойш тооцох эрхгүй гэж ярьж байна. Нийт 7 удаа төлбөрийн тооцоо хийхэд талууд нэг удаа ам.доллароор бусдыг нь төгрөгөөр хийсэн. Тооцооллын зөрүү нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 50 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг ам.долларын ханшийн зөрүү гэсэн асуудлууд байгаа. 2400 буюу хүчлээд тооцсон байгаа. Монголбанкны ханшаар бодсон. Компанийн хувьцааг барьцаална гэсэн ойлголт байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний 700 000 ам.доллар төлөөгүй учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж ярьж байна. Хамгийн гол нь нэгж хувьцааны үнийг тогтоож гаргасан. Үнийг тогтоосон хувьцаагаар хангуулж авах нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна. Иймд багасгасан шаардлага болох 296 483 828 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Баататрбилэг нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Лхагвадоржтой хамтран Ц.Ц-оос 2 000 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 200 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэй хамтран зээлж тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үүрэгт 2014 оноос 2015 оны 12 сар хүртэлх хугацаанд хамтран зээлдэгч Ц.Лхагвадорж болон миний бие үндсэн зээлээс 400 000 ам.доллар, зээлийн хүүд 748 392 ам.доллар төлсөн. Эдгээр нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлж, гэрээг дүгнэсэн актаар баталгаажиж байна. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хамтран зээлдэгч Ц.Лхагвадорж, зээлдүүлэгч Ц.Ц- нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн авсан зээлийн хэмжээнд оногдох үндсэн зээл болон хүү төлөх үүрэг хуваарилсан. Энэхүү хуваарилалтын дагуу Ц.Б- надад 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар бөгөөд хүүгийн төлбөрийн үлдэгдэл 937 ам.доллар гэж тооцоо нийлсэн. Энэ хүртэлх хугацааны хүүг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 237.125 ам.доллар болсныг нийт 700 000 ам.доллар гэж тооцон төлөхөөр тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн. Хэрэв дээрх хугацаанд миний бие уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хувьцаа эзэмшдэг “НВЦ  холдинг” ХХК-ийн 50 хувийн хувьцааг барьцаалсан. Уг тохиролцоогоор компанийн хувьцаа барьцаалсан гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй юм.

Ц.Ц-той тооцоо нийлсэн 700 000 ам.доллар бол үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 215 000 ам.доллар хоёрын нийлбэр юм. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа болно. Үүнээс тохиролцсон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үндсэн зээл 485 000 ам.долларыг бүрэн төлж дуусгасан. Мөн хүүнээс 15 000 ам.доллар буюу нийт 500 000 ам.доллар төлсөн.

Улмаар Ц.Ц-той тухай бүр тооцоо нийлж хүүгийн үлдэгдэл төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 371.83 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 485.34 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 705.31 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 865.85 ам.доллар, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөг буюу 12 500 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 833.33 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг буюу 4 166.67 ам.долларыг тус тус төлсөн.

2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар төлөх хүүгийн үлдэгдэл 80 000 ам.доллар байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл Ц.Ц- уг 700 000 ам.долларын үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүүгийн дүнгээс хүү тооцож 115 711 ам.доллар буюу 399 210 305 төгрөг гэж тооцон Н ХХК-ийн 11.12 хувийн хувьцааг эзэмших нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Ц.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлийн 156.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сартуул овогт Цэрэндаваагийн Баатарбилэг /УВ75110217/-ээс 293 357 825 /хоёр зуун ерөн гурван сая гурван зуун тавин долоон мянга найман зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Онгод овогт Цэнд-Аюушийн Цэцэнзориг /РЮ76052814/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 126 003.7 төгрөгийг, Н ХХК-ний нийт хувьцааны 11.12 хувь буюу 61 173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “НВЦ” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр баримтаар төлсөн 2 224 201.53 төгрөгний 1 710 569 .14 /нэг сая долоон зуун арван мянга таван зуун жаран есөн 14/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 1 624 739 /нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 513 632 /таван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд давж заалдах гомдолдоо: ... Дээрх маргаан нь талуудын хоорондын зээлийн харилцаанаас үүдэн гарсан төлбөр тооцоог барагдуулах тооцоололтой холбоотой маргаан бөгөөд талууд үлдэгдэл төлбөр болон хүүгийн тооцоололтой маргасан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ц.Б-ийн хувьд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг буюу 80 713 ам.долларын төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа илэрхийлж байсан

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тодруулбал, хавтаст хэргийн 31 дүгээр талд зээлийн үлдэгдэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг бөгөөд тус баримт нь хуулбар баримт байсан тул хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангуулж хавтаст хэрэгт авахуулах тухай хүсэлтийг мөн гаргаж байсан. Хэдий тийм ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус нотлох баримтыг өөрөө үйлдсэн, тус зээлийн харилцааг бүхэлд нь мэдэх тул үнэн зөвийг бүрэн баталж тус нотлох баримтад өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан.

Дээр дурдсан хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан нотлох баримт нь хариуцагч нарын зээлийн үлдэгдлийн тооцоололтой таардаг бөгөөд тус тооцооллын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 80 713.80 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тодорхой харагддаг.

 Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хавтас хэргийн 31 дүгээр хуудаст байрлах зээлийн тооцоолол нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан тооцоо хэмээн дүгнэсэн. Гэвч тус баримтыг харахад 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 80 713.80 ам.доллар хэмээн тэмдэглэсэн байдаг ба хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл төлсөн төлбөрүүдийг мөн жагсаан тэмдэглэсэн байдаг бөгөөд хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу дээрх нотлох баримтыг иш татан няцаалт хийсэн.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд тус нотлох баримтыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан тооцоо хэмээн үзэх ямар ч боломжгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 293 357 825 төгрөгийг буюу 114 458 ам.долларыг хангаж шийдвэрлэсэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг болох 80 713 ам.доллар буюу 206 867 419 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас 86 490 406 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 86 490 406 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Н ХХК, “НВЦ” ХХК, Ц.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 296 483 828.8 төгрөг гаргуулах, Н ХХК-ийн нийт хувьцааны 11.12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч маргажээ.

Ц.Ц- нь Ц.Б-тэй 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-14/2/6 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 000 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг тус өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэж, ... зээлийн хүүг сарын 2.5 хувь байхаар тохиролцсон тул хариуцагч нь үндсэн зээл 160 697 ам.доллар, актаар тохирсон хугацааны хүүд 72 742.5 ам.доллар, нийт 233 709.5 ам.долларын үлдэгдэл төлбөртэй” гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... зээлийн гэрээний үүрэгт нийт 9 удаагийн гүйлгээгээр 619 928.32 ам.долларыг төлсөн, 80 071 618 ам.долларын үүрэг үүссэн” гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талууд дахин 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ЗГ-15/3/1 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, уг өдрөө үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах зорилгоор барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 11-12, 14-15 дугаар тал/

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ-14/2/6а тоот гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-14/2/6 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээний зүйл 2 200 000 /2 000 000+20 000/ ам.долларыг бодитойгоор шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасантай нийцсэн байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээний үүргийн талаар акт үйлдэж, зээлдэгч нар нь зээлдэгчээс мөнгө зээлсэн, үндсэн зээл 485 000 ам.доллар, өмнө төлөгдөөгүй 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 178 967 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.  /хх-ийн 17-18 дугаар тал/

Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү болох 660 697 ам.долларын төлбөрөөс 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 500 000 ам.долларыг төлж, 160 967 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн байна.

Гэрээ дүгнэсэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актад заасан хугацаа болох 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор хариуцагч төлбөр төлөхөөр хүлээсэн үүргээ зөрчжээ.

 Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 7 удаагийн гүйлгээгээр нийт 119 286 ам.долларыг төлсөн талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй байх тул хариуцагчид 114 423.5 ам.доллар буюу 293 357 825 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно. /хх-ийн 30 дугаар тал/

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч Ц.Б-ийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэгтэй холбогдуулан барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн байна.

 Н ХХК-ийн хувьцааг барьцаалсан байх боловч уг барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул Н ХХК-ийн хувьцаагаар хангуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

            

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                 

                              ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО