Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/895

 

2019 оны 12 дүгээр сар 16 өдөр Дугаар 128/ШШ2019/895 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг 0 дугаар хороо О төв 0 дугаар давхарт байрлах И ХХК

Хариуцагч: Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч И ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Д аймгийн Ч сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV- ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И групп ХХК-ийн захирал Ч.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймгийн Ч сумын Цооногтын шил нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр ЛЧ ХХК-д анх олгосон. И ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК-иас хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч эзэмшиж байна.

ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК нь 2007-2012 оны хооронд эзэмшиж байх хугацаандаа 128,519,855 төгрөг, манай компани 2012 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа хугацаандаа 2,621,066,967 төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулсан. Тус компани нь ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ирсэн. 2007 оноос хойш ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмал, газрын тосны газраар, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг орон нутгийн засаг даргаар батлуулж, хайгуулын ажлын зардлыг санхүүгийн тайланд үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраар баталгаажуулж ирсэн.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай компанитай холбогдож, ...ирж уулз гэсний дагуу бид очиж уулзахад ...танай эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байгаа тул танай компани тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоо... гэсэн шаардлага тавьж, манай компаниас явуулж буй хайгуулын үйл ажиллагааг зогсоосон. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 45 тоот Хамтран ажиллах тухай албан бичгээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн байна.

Бид 2012 онд тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК-иас шилжүүлэн авснаас хойш уг тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, газрыг тусгай хэрэгцээнд авсан талаар ямар нэгэн асуудал гарч ирж байгаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа 2012 оноос хойш 2,621,066,967 төгрөгийн өртөг бүхий хайгуулын ажил хийж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, нөөц батлуулахад бэлэн болоод байна.

Дээрх байдлаар ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд маань хяналт тавьдаг төрийн захиргааны байгууллагуудын зүгээс газрыг тусгай хэрэгцээнд авсан талаар ямар нэгэн шаардлага мэдэгдэл ирүүлж байгаагүй тул бид Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас манай компанийг дуудаж ийм тогтоолоор танай эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайг нөөцөд авсан байна гэж мэдэгдсэний дагуу мэдсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг үндэслэн Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124,400 га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, отрын бэлчээрийн хилийн заагийг баталсан тогтоол гаргасан байсан. Харин тус компанийн эзэмшлийн ХV-******* тоот тусгай зөвшөөрөл нь 2007 онд буюу газрыг тусгай хэрэгцээнд авахаас 2 жилийн өмнө олгогдсон тусгай зөвшөөрөл юм. Монгол Улсын Засгийн газраас 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоо гаргахдаа болон гаргасныхаа дараа тусгай хэрэгцээнд авч буй газрын хил зааг дотор хамаарч байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид огт мэдэгдээгүй. Түүнчлэн ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-т заасан арга хэмжээг огт аваагүй Засгийн газрын тогтоол гарснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, 14.6-д "Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж тус тус заажээ.

Ийнхүү газрыг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасны дагуу нөхөн олговор олгох асуудлыг нэг жилийн дотор шийдвэрлээгүй. Иймд тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд уйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болно.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд явуулж байгаа манай компанийн үйл ажиллагааг зогсоох, улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлага тавьж, бидний тусгай зөвшөөрөл эзэмших эрхэнд хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж байна.

Иймд тус компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна.

Бид ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-12-12 тоот дүгнэлт гарч нөөцийг баталсан. Уг дүгнэлтэд үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/86 дугаар тушаалаар Д аймгийн Ч сумын нутагт орших Х\/-******* тоот тусгай зөвшөөрөлтэй Цооногтын шил нэртэй талбайд алт-холимог металлын ордод 2012-2019 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг үндэслэн нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ХV-******* тоот тусгай зөвшөөрөлтэй алт-холимог металлын ордыг ашиглах төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журам-ын 3 дахь хэсгийг үндэслэн, байгаль орчинд нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн.

Ийнхүү дээрх баримт бичигт үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн манай өргөдлийг хүлээн авч өргөдлийн NМ-025892 дугаарт бүртгэж авсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай өргөдлийн хариуг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/5947 тоот албан бичгээр "Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрээр NМ-025892 дугаартай өргөдлийн Д аймгийн Ч сумын нутаг дахь цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянахад Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хамгаалтанд авсан газартай давхцалтай тул танай компанийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсныг мэдэгдье гэсэн хууль бус хариу өгсөн гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг баталсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 16 дугаар зүйлийн 16.1,16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.2 дахь хэсгүүд болон Засгийн газрын 2007 оны 187 дугаар тоот тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тодорхойлолтоос үзэхэд захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх ба тус захиргаа нь нийт малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг.

Сүүлийн жилүүдэд гарч байгаа байгаль цаг уурын өөрчлөлт, отроор өвөлжиж хаваржиж буй малын тоо толгойн өсөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан отрын бүс нутгийн бэлчээрийн даац эрс муудаж, их бага хэмжээгээр доройтоход хүрч байна. Үүнээс шалтгаалан отрын бэлчээрийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, үүнийг дагасан хууль бус газар олгох үйл ажиллагаа их гарах болсон. Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор отрын 9 бүс нутгуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандаж, газар эзэмших, ашиглуулахаар эрх олгосон захирамжуудыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон ажиллаж байна.

2019 оны 04 дүгээр сард Д аймгийн Ч-гийн отрын бүс нутгийн мэргэжилтэн отрын бүс нутагт хяналт шалгалт хийж явахдаа И ХХК нь отрын бүс нутагт ашигт малтмалын хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байхад таарч, уг отрын бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосныг мэдсэн бөгөөд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт ашигт малтмал эрж, хайх, ашиглахыг хориглосон талаар тайлбарлан, өрөмдлөгийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан болно. Улмаар Д аймгийн Ч сумын Засаг даргад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 44 тоот, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 45 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 7/3067 тоот албан бичигт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд уг маргаан бүхий газрыг 2007 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 2122 тоот шийдвэрээр ЛЧ ХХК-д олгосон байдаг. ЛЧ ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль тогтоомжид нийцүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

И ХХК нь маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан талаар мэдээгүй мэтээр дурджээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд заасны даруу тусгай хэрэгцээнд авсан талаар төрийн захиргааны байгууллагад 10 хоногийн дотор хүргүүлэхээр хуульчилсан. Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт отрын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авсан тухай Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоол нь нийтэд ил тод хүссэн хүн бүр үзэж танилцах боломжтой байхаар мэдэгдсэн учир И  ХХК-ийн зүгээс маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээний газарт авсан болохыг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрээс улсын тусгай хэрэгцээнд авахад ЛЧ ХХК нь Засгийн газрын дээрх тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй байх ба 2012 онд ямар хууль зүйн үндэслэлээр И ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Үүнээс үзэхэд Империаметал групп ХХК нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан 2009 оны 100 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор нөхөн олговор авах болон улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах эрхтэй мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй болно. Мөн жил бүр Дд аймгийн Засаг дарга, тус аймгийн Ч сумын Засаг дарга нараар батлуулсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор батлуулсан төлөвлөгөөнүүд нь эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2122 тоот шийдвэрээр Дд аймгийн Ч сумын нутагт Цооногтын шил нэртэй 22776 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК-д 3 жилийн хугацаатайгаар анх олгосон байна. Тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 923 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2010 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тооцон 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК- аас И ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 694 тоот шийдвэрээр шилжүүлснийг бүртгэжээ. Тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 390 тоот шийдвэрээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тооцон 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан сунгалтыг бүртгэсэн байна.

И ХХК-аас 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр талбайн тодорхой хэсгийг буцаан хүлээлгэн өгөх өргөдөл гаргаж кадастрын өргөдлийн 811-002986 дугаарт бүртгүүлсэн. Өргөдлийг хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн 17492.7 гектар талбайг хүлээн авсныг бүртгэж талбайн хэмжээ 5270.88 гектар болж багассан байна.

Мөн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тооцон 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуустал 3 жилийн хугацаагаар сунгасныг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудсанд Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийн 3479.87 гектар талбай нь Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор авсан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэж тэмдэглэгдсэн байна.

Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс нь И ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөдлийн бүртгэлийн ММ-025892 дугаарт бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийхэд Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хамгаалалтад авсан газартай 3479.87 гектар, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай 245.12 гектар давхцалтай тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч И ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч И ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дд аймгийн Ч сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV- ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговор олгох асуудлыг нэг жилийн дотор шийдвэрлээгүй ...тул тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. ... Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд хүлээн авч. ... тухайн тогтоогдсон нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үед ... тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль бус гэж, хариуцагч нар нь Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124,4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг баталсан. ... ЛЧ ХХК нь Засгийн газрын дээрх тогтоолтой маргаагүй бөгөөд ямар нэгэн гомдол гаргаагүй. ... Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд нөхөн олговор олгохоор зохицуулсан. Гэтэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. ...Иймд нөхөн олговор олгох боломжгүй гэж үзсэн. ..Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай 3479,87 гектар, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай 245,12 гектар давхцалтай тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй ... гэж тайлбарлан маргажээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч И ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хуульчлан тогтоожээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг жилийн дотор нөхөн олговрыг төлөх бөгөөд ийнхүү тогтоосон хугацаанд тохиролцож төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2122 дугаар шийдвэрээр Д аймгийн Ч сумын Цооногтын шил нэртэй газарт орших 22776 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК-д 3 жилийн хугацаагаар олгосон, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг ЛЧ ХХК-иас И ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн, дээрх ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийн 3479,87 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар нөхөх олговор олгоогүй үйл баримттай холбоотойгоор болон тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээний талаар маргаагүй байна. Харин өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй хэмээн маргажээ.

Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын танилцуулах хуудас[1], тэмдэглэлээс үзэхэд отрын бэлчээр нь өвөл, хаврын улиралд ашиглах тул хайгуул хийхэд харшлах зүйлгүй гэж үзэж, дээрх газрыг аймаг, аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан, тусгай хэрэгцээнд авснаас хойшхи хугацаанд ЛЧ ХХК болон И ХХК нь хайгуулын үйл ажиллагааг жил бүр явуулж, зардлын доод хэмжээг баталгаажуулан ажиллаж байсан болох нь Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтсийн /хуучин нэрээр/ тодорхойлолтууд[2], эрлийн ажлын төлөвлөгөө[3], гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан[4] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх хэргийн үйл баримтаас дүгнэн үзэхэд ЛЧ ХХК болон тусгай зөвшөөрөл эзэмшигч И ХХК-ийг ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон гэж үзэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөхтэй холбоотой харилцаа нэгэнт үүсээгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолыг мэдэгдээгүй, ...тусгай хэрэгцээний газарт авсныг мэдээгүй гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол... мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлэх-ээр хуульчилсан, Засгийн газрын тогтоол нь цахим системд нийтэд ил үзэх боломжтой байх тул хариуцагчийг дээрх шийдвэрийг мэдэгдээгүй гэж буруутгах боломжгүй байна.

Хоёр: Нэхэмжлэгчйин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д аймгийн Ч сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг үндэслэн И ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн эрх зүйн харилцаа үүссэн байхад ... хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17,18,20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ гэж, 26 дугаар зүйлийн 26.3.3-д хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээнд ... нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгохоор, 26.3.4-д хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахаар ... тус тус заажээ.

Нэхэмжлэгч И ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай 3479,87 гектар талбайгаар давхцалтай болох нь тойм зураг[5] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэ үйл баримттай маргахгүй байна.

Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар нэгэнт хориглосон байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг хайгуулын талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд Д аймгийн Ч сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн боломжгүй.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч И ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV- ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Д аймгийн Ч сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV- ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус нэхэмжлэгч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН