Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02197

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2021/02197 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 00 тоот хаягт оршин суух, Нэхээдэй овогт ************** /РД/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 95 675 140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Пүрэвдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Лхагва нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 66 байр, 12 тоотын 48 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Текстайл ХХК-д 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Түрээсийн гэрээгээр 2019 оны 3 сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд үйлчилгээний бус, орон сууцны зориулалттай тул түрээсийн гэрээг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Монгол Текстайл ХХК нь 2019 оны 03 сарын 7-ны өдрийн түрээсийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлсөн бөгөөд 2019 оны 4 сарын 17-ны өдрөөс 2020 он 02 сарын 16-ны өдрийг хүртэл байнга гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулан төлж, 2020 оны 02 сарын 17-ны өдрөөс хойш төлбөрөө үйл ажиллагаа доголдож, борлуулалт зогссон үндэслэлээр тасалдуулж эхэлсэн. Монгол Текстайл ХХК нь 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын төлбөр болох 54 032 740 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Түрээсийн гэрээний 6.7-д заасны дагуу алданги 41 498 400 төгрөг, СӨХ-ны төлбөр болох 144 000 төгрөг, нийт 95 675 140 төгрөгийг төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр. Талууд гэрээгээр алданги тооцохоор тохирсон боловч нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн хэмжээ нь илт их, хуульд нийцэхгүй байх тул алдангийг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Лхагва нь хариуцагч Монгол Текстайл ХХК-д холбогдуулан 9 сарын түрээсийн төлбөр 54 032 740 төгрөг, алданги 41 498 400 төгрөг, СӨХ-ны төлбөр 144 000 төгрөг, нийт 95 675 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгатын 66 байр, 12 тоот 48 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн 3 өрөө байрыг үйлчилгээний зориулалтаар хариуцагчид 2 жилийн хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэх, хариуцагч нь 2019 оны 3 сарын 17-ны өдрөөс эхлэн сар бүр 6 000 000 төгрөгийн төлбөр болон гэрээний хугацаанд ашиглалтын зардлыг хариуцахаар, түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 алданги төлөхөөр тохирчээ. /хх-6-7/

 

Аливаа гэрээ, хэлцэл /түрээсийн гэрээ/ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлнэ гэж заасан ба талуудын бичгээр байгуулсан гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл гэрээг талууд бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч буюу түрээслэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 3 сарын 16-ны өдөр гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно. /ХХ-15/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч******* ХХК нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт нийт 144 000 000 /24 сар x 6 000 000/ төгрөг төлөхөөс түрээс болон барьцаа төлбөрт 89 575 000 төгрөгийг төлсөн, барьцаа төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт оролцуулан тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 54 032 740 төгрөг байна. /хх-ийн 18-24/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.6-д байр ашиглалттай холбоотой бүх төлбөрийг түрээслэгч төлөхөөр тохиролцсон ба гэрээний хугацаанд хамаарах буюу 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр нийт 144 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь хэргийн 16-17 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу нийт 54 176 740 төгрөг төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

Гэрээний 6.7-д түрээслэгч түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол Иргэний хуулийн 232.6 зүйлд зааснаар хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө... гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй боловч 41 498 400 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэхгүй болно.

 

Түүнчлэн, түрээслэгч буюу хариуцагч нь цар тахлын улмаас борлуулалт зогссон, үйл ажиллагаа доголдож түрээсийн төлбөр төлөхөд хүндрэл гарч байгаагаа тайлбарлан түрээсийн төлбөрийг багасгах талаар удаа дараа түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчид хүсэлт тавьж байсан болох нь хэргийн 10, 12 дугаар талд авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу төлбөл зохих алданги 27 088 370 төгрөгийг багасгаж 13 508 185 төгрөгийн алдангийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд хариуцагч Монгол текстайл ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 67 684 925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Лхагваад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 990 215 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн 636 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 496 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч******* ХХК-иас 67 684 925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лхагваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 990 215 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 496 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ