Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01768

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01768

 

М.Лгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02197 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Лгийн хариуцагч М.Т ХХКд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 95 675 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 66 байр, 12 тоотын 48 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.Т ХХКд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээгээр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд үйлчилгээний бус, орон сууцны зориулалттай тул түрээсийн гэрээг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Монгол текстайл ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн түрээсийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлсөн,2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 он 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулан төлж, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлбөрөө үйл ажиллагаа доголдож, борлуулалт зогссон үндэслэлээр тасалдуулсан. Монгол текстайл ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын төлбөр болох 54 032 740 төгрөгийн үлдэгдэлтэй. Түрээсийн гэрээний 6.7-д заасны дагуу алданги 41 498 400 төгрөг, СӨХ-ны төлбөр болох 144 000 төгрөг, нийт 95 675 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус. Талууд гэрээгээр алданги тооцохоор тохирсон боловч алдангийн хэмжээ нь илт их, хуульд нийцэхгүй байх тул алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Т ХХКиас 67 684 925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 990 215 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 496 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:Түрээсийн гэрээний үндэслэлийг заахдаа Иргэний хуулийн 318, 318.3 дахь заалтыг үндэслэл болгон бусад хууль тогтоомжид нийцүүлэн талууд байгуулав гэсэн.Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасны дагуу тохиролцсон.Түрээсийн гэрээний зүйл нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2203003523 дугаарт бүртгэгдсэн, М.Лхагвын нэг хүний өмчлөлд байх, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо 1-р 40 мянгатын 66-р байрны 12 тоот хаягт орших 48кв.м талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө байсан болно. Гэтэл өмчлөгч М.Л нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас түрээсийн гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Улсын бүртгэгч Ч.Гандолгор нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлийг Орон сууцны зориулалттай байрыг зөвшөөрөлгүй үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үйлчилгээний зориулалттай гэж заагаагүй байна гэсэн байна.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хэлцэл учир хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийг үндэслэн хариуцагчаар алданги 13 508 185 төгрөгийг М.Лд төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь иргэн М.Лаг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн.

Түрээсийн байрыг, түлхүүрийн хамт М.Лд 2021 ны 02 дугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгч, уг байранд зөрөөд Hobby Zone ХХК гэж компани шууд нүүн орсон болно. Энэ баримтын талаар нэхэмжлэгч М.Л шүүхийн өмнө худал хэлж, маргалдахгүй гэж бодож байна. Иймд түрээсийн байрыг ашиглаагүй 40 хоногийн төлбөр (2021.02.07-03.17 хүртэл) 8 000 000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрээр төлүүлэх 54 032 740 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна. М.Лас түрээсийн үнээ буулгахыг бичгээр болон амаар удаа дараа хүсэж, хугацаанаас өмнө гэрээгээ цуцлахыг хүссэн боловч иргэн М.Л огт хүлээн аваагүй ба маш хялбараар 2 жилийн түрээсийн төлбөрт өмнө нь 89 967 260 төгрөг авсан, (өндөр орлогоосоо НӨАТ огт төлдөггүй) одоо шүүхийн шийдвэрээр 54 032 740 төгрөг авах, нийтдээ 144 000 000 төгрөгийн орлого олох нь тодорхой болоод байна. Гэтэл манай үйлдвэр ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй бүрэн зогсож, ажилчдаа ажлаас халан, ажлын байр бүрэн устаж, үйлдвэр хаалгаа бариад байна. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч М.Т ХХКд холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын түрээсийн төлбөрт 54 032 740 төгрөг, гэрээний 6.7-д заасны дагуу алданги 41 498 400 төгрөг, зардалд 144 000 төгрөг, нийт 95 675 140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

М.Л нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.Т ХХКд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон./хх6-7/

 

Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээний бус, орон сууцны зориулалттай тул түрээсийн гэрээг бүртгэхээс татгалзсан хариуг улсын бүртгэгч өгчээ. /хх9/

 

Нэхэмжлэгчийн ... Монгол текстайл ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын төлбөр 54 032 740 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч нь түрээс болон барьцаа төлбөрт нийт 89 575 000 төгрөгийг төлсөнд талууд маргаангүй.

 

Мөн ... хариуцагчийн төлбөл зохих сууц өмчлөгчдийн холбооны зардал 144 000 төгрөгийг өмнөөс нь төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Түрээсийн зүйл нь тусдаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2203003523 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй, М.Лхагвын /нэг хүний/ өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо 1-р 40 мянгатын 66-р байрны 12 тоот хаягт орших 48 кв.м талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө байна./хх8/

 

Талууд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, анз төлөх үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, бичгээр байгуулсан гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд гэрээгээ бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, гарын үсэг зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд гэрээний зүйлийг өргөтгөл болгон тохижуулсан, түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж шилжүүлсэн, худалдаа үйлчилгээний зориулалтаар зассан байр байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Талууд хэдийгээр гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, улсын бүртгэгчийн заасан алдааг залруулж дахин бүртгүүлэх арга хэмжээ аваагүй, улсын бүртгэгчийн үйлдэлд гомдол гаргаагүй байна. Гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулагдсан хөрөнгө, явуулж буй үйл ажиллагаа нь тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах ажиллагаа байхад талууд гэрээг бүртгүүлээгүй нь хууль бус бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус юм.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах ёстой. Нэхэмжлэгчийн 48 кв.м талбайтай хөрөнгийг хариуцагч буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон. Харин нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул хариуцагч нь хөрөнгийг ашигласан хугацааны төлбөр 54 032 740 төгрөг, зардал 144 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй тул нэхэмжлэлээс анз гэх 41 498 400 төгрөгт холбогдох хэсгийг бүхэлд хэрэгсэхгүй болгон өөрчилсөн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангав.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн 48 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, түрээсийн байрны түлхүүрийг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул ашиглаагүй 40 хоногийн төлбөр 8 000 000 төгрөгийг хасч тооцуулна гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд болон холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т ХХКаас 54 032 740 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 642 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 496 375 төгрөг гэснийг 428 114 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД