| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02250/И |
| Дугаар | 183/ШШ2021/02211 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2021/02211
2021 оны 10 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2021/02211 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амгалан гудамж, 0 тоот хаягт байрлах, *********** ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Гардан 00-0 тоот хаягт байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 113 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.********, түүний өмгөөлөгч Э.******** /ШТЭҮД/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 30-ны өдөр HMD-0**** дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нийт 1 100 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 5 сарын 30-ны өдөр эхний төлбөр 700 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлээ эргэн төлөх, үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор, зээлдэгч нь өөрийн өмчлөлийн 15 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж, 2018 оны 5 сарын 30-ны өдөр НМО-**** дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.1-т зээлдэгч нь зээлийг барилгын төслийн ажил эхлүүлэх зориулалтаар ашиглах зорилготой бөгөөд уг барилгын ажил хийгдэх эсэхийг 2018 оны 07 сарын 30-ны өдөр гэхэд шийдсэн байна. 2.2-т Хэрэв дээр дурдсан барилгын төслийн ажил нь 2018 оны 7 сарын 30-ны гэхэд хийгдэхгүй болсон буюу төсөл хэрэгжихгүй болсон бол зээлдэгч нь зээлийг дээр дурдсан өдрийн дотор зээлдүүлэгчид бүрэн шилжүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагчийн зээл авсан зориулалт бүхий төсөл огт хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй болсон тул зээлийн төлбөрийг буцаан шилжүүлэх асуудлаар тус компанид удаа дараа шаардлага хүргүүлж, уулзалт хийж байсан боловч үр дүн гараагүй. Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу зээлийг 2018 оны 07 сарын 30-ны төлөөгүй бол олгосон өдрөөс эхлэн зээл төлөхөөр заасан өдөр хүртэлх хугацаанд сарын 3 хувийн хүү тооцохоор тохиролцсон тул 2 сарын хүү 42 000 000 төгрөг, алданги 10 335 хоногийн 3 839 850 000 төгрөг, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 371 000 000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232.1.3 дахь хэсэг, 232.6.4 дэх хэсэгт заасны дагуу******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 700 000 000 төгрөг, хүү 42 000 000 төгрөг, алданги 371 000 000 төгрөг, нийт 1 113 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани 2018 оны 5 сарын 30-ны өдөр *********** ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 700 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Энэхүү зээлийн мөнгөөр санхүүжилт болон бусад санхүүгийн нөхцөл байдлаа шийдэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга барих тендерт оролцож байсан тул гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан. Тендертэй холбоотой санхүүгийн асуудлаа шийдвэрлэн цаашид хамтран уг тендер, төсөлд хамтран оролцохоор анхнаасаа талууд төлөвлөсөн тул зээлийн гэрээнд цаашид хамтран ажиллах талаар тусгайлан заалт оруулсан байдаг. Улмаар барилга барих тендерт манай компани нь шалгаран оролцох болсон тул зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтын дагуу түншлэлийн гэрээг байгуулан оролцсон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга барих тендерт оролцсон нэрээрээ буюу *********** ХХК нь******* ХХК-аар, манай******* ХХК нь *********** ХХК болж 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Түншлэлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлага буюу алданги 391 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй харин үндсэн зээл болон 2 сарын хүү гээд нийт 742 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 113 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 700 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, харин хамтран ажиллах зорилгоор түншлэлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр алдангийг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Талууд 2018 оны 05 сарын 30-ны өдөр НМD-0**** дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч *********** ХХК нь барилгын төслийн ажил эхлүүлэх зориулалтаар 1 100 000 000 төгрөгийг зээлдэгч *********** ХХК-д 2018 оны 05 сарын 30-ны өдөр 700 000 000 төгрөгийг, үлдэх 400 000 000 төгрөгийг зээлдэгчтэй хугацаа тохирон шилжүүлэхээр, зээлдэгч нь барилгын төслийн ажил хийгдэх эсэхийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэхэд шийдсэн байхаар, дээрх хугацаанд төсөл хэрэгжихгүй болсон бол зээлийг дээр дурдсан өдрийн дотор зээлдүүлэгчид бүрэн буцаан шилжүүлэх, төсөл хэрэгжих нөхцөл бүрдсэн тохиолдолд зээлдэгч нь өөрийн босгосон буюу бусад этгээдээс авсан хамгийн эхний санхүүжилтийн төлбөрөөр энэхүү гэрээний дагуу авсан зээлийг зээлдэгчид төлнө. Зээл олгосон өдрөөс зээл төлөхөөр заасан өдөр хүртэлх хугацаанд сарын 3 хувийн хүү тооцогдож, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгийн 0,5 алданги ногдуулна гэж тохирчээ.
Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгчээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гараагүй тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба гэрээний 2.1-д зээлдэгч нь зээлийг барилгын төслийн ажил эхлүүлэх зориулалтаар ашиглах зорилготой бөгөөд уг барилгын төслийн ажил хийгдэх эсэхийг 2018.07.30-ны өдөр гэхэд шийдсэн байна., 2.2-т хэрэв дээр дурдсан барилгын төслийн ажил нь 2018.07.30-ны өдөр гэхэд хийгдэхгүй болсон буюу төсөл хэрэгжихгүй болсон бол зээлдэгч нь зээлийг дээр дурдсан өдрийн дотор зээлдүүлэгчид бүрэн буцаан шилжүүлнэ, 2.5-д хэрэв зээлдэгч нь гэрээний 2.2, 2.4-т заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй бол зээл олгосон өдрөөс хойш зээл төлөхөөр заасан өдөр хүртэлх хугацаанд 1 сарын 3 хувийн хүү тооцогдоно... гэх тохиролцооноос үзэхэд зээлийн гэрээг хоёр сарын хугацаатай байгуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2018 оны 05 сарын 30-ны өдөр 700 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан, зээлийн гэрээний дагуу буцаан төлөлт хийгдээгүй үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасны дагуу хариуцагч******* ХХК нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч *********** ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч ...зээлдүүлэгч нь төслийн ажлын хөрөнгө оруулагч болох зорилгоор түншлэлийн гэрээ байгуулсан. Алданги төлөхгүй... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан 2018 оны 6 сарын 19-ний өдрийн түншлэлийн гэрээ гэх бичгийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд дээрх гэрээ байгуулаагүй, алданги тооцох тохиролцоонд талууд өөрчлөлт оруулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 700 000 000 төгрөгт тооцогдвол зохих хүү 42 000 000 төгрөг байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 742 000 000 төгрөг байна. Нэхэмжлэгчийн алданги 371 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ.
Иймд хариуцагч******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 113 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс хуралдааны товыг 2021 оны 09 сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч******* ХХК-иас 1 113 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 722 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 5 722 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ