Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0135

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Болдын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Н.Болдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Болдыг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Болдын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 5,730.891 (таван сая долоон зуун гучин мянга найман зуун ерэн нэг) төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Болдод олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Н.Болд нь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Байгаль хамгаалагчийн нэг загварын байр”-ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Чойжамцын Батсүхийн гэр бүлийн хэрэгцээний хувийн өмчлөлийн газар дээр бариулан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан, түүнчлэн эрүүл мэндийн байдал тааруу гэх шалтгаанаар олон сараар ажлын байрандаа байдаггүй, Улаанбаатар хотоос ажлаа гүйцэтгэн төрийн ажлыг цалгардуулж бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан хүн юм.

Энэхүү хууль бус үйлдлийг 2016 оны эхээр тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд мэдсэн бөгөөд зөрчилд хуульд заасан хариуцлага тооцно гэдгийг нэхэмжлэгч Н.Болдод мэдэгдэж, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ноогдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалаар ажлаас халсан.Н.Болд нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “... албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших ...”-ыг хориглодог бөгөөд уг заалтыг зөрчвөл тус хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажлаас халах арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.

Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ уг зөрчил нь ажлаас халах ноцтой зөрчил биш, нэхэмжлэгч Н.Болдоос албан ёсны тайлбар авах зэргээр зөрчлийг шалган тогтоогоогүй, зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг халсан тушаалыг хүчингүй болгож. албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...” гэж заасан байдаг.

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ноогдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 “... албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших; ...”, 26 дугаар зүйлийн 26.7 “... Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ...” гэж заасныг тус тус үндэслэсэн.

Н.Болд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрандаа байдаггүй, төрийн ажлыг цалгардуулдаг, албан үүрэгтэй хайнга ханддаг, түүнчлэн хувь хүний өмчлөлийн газарт төрийн байгууллагын эд хөрөнгийг барьсан зөрчил нь ажлаас халах үндэслэл болсон нь тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хүргүүлсэн тайлбар, гэрч Х.Түвшинбат нарын мэдүүлэг зэргээс тодорхой харагдаж байсан. Гэвч шүүх шийдвэрээ гаргахдаа Ч.Батсансарын шүүхэд гаргасан тайлбарыг харгалзан үзээгүй, мөн шийдвэртэй огт дурьдаагүй, Х.Түвшинбат мэдүүлгийн “... Н.Болд нь ажлаа цалгардуулан ажлын байрандаа байдаггүй байсан ...” гэх зэргийг харгалзан үзээгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Болдыг “Байгаль хамгаалагчийн нэг загварын байр”-ыг гэр бүлийн хэрэгцээний, хувийн өмчлөлийн газарт бариулан, албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан үндэслэлээр төрийн албанаас халжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-15 дугаар тушаалаар сайдын 2014 оны хөрөнгө оруулалтаас орон нутгийн харьяа байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт эрх шилжүүлэх, төсөл арга хэмжээний задаргааг баталж, Өмнөговь аймгийн Ханбогд сумд Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тухайн төсөл, арга хэмжээ буюу Байгаль хамгаалагчийн нэг загварын байр барихаар тогтоожээ.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дээрх шийдвэрийг үндэслэн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт албан хаагчдын хуралдаанаар тус газрын мэргэжилтэн Ч.Батсүхийн өмчлөлийн газарт Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг бариулахаар шийдвэрлэсэн, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон тухайн барилгыг байгууллагын үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Үүнээс гадна Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцад хийгдсэн аудитын шалгалтаар “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан үндэслэлээр сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/276 дугаар тушаалаар Говийн бага дархан газрын хамгаалалтын захиргаанд урамшуулал олгож байсан нь тогтоогджээ.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрандаа байдаггүй, төрийн ажлыг цалгардуулдаг, албан үүрэгтэй хайнга ханддаг, Ч.Батсансарын шүүхэд гаргасан тайлбарыг харгалзан үзээгүй” гэх үндэслэлээр гараагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна“, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д /Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй/-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг албан хаагчид танилцуулаагүй, нэмэлт тайлбар гаргах боломжийг олгоогүй нь маргаан бүхий захиргааны акт хууль тогтоомжид нийцээгүйг харуулж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 /Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй/-д зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаанд зөрчил гаргасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэх заалтыг хариуцагч анхаараагүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                             ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР