Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 137

 

Н.Болдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Х.Батсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0135 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.Болдын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.З, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Н.Болдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Болдыг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Болдын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 5.730.891 төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0135 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Болд нь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Байгаль хамгаалагчийн нэг загвар байр”-ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Ч.Батсүхийн гэр бүлийн хэрэгцээний хувийн өмчлөлийн газар дээр бариулан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан. Түүнчлэн эрүүл мэндийн байдал тааруу гэх шалтгаанаар олон сараар ажлын байрандаа байдаггүй. Улаанбаатар хотоос ажлаа гүйцэтгэн төрийн ажлыг цалгардуулсан.

Энэхүү хууль бус үйлдлийг 2016 оны эхээр тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд мэдсэн бөгөөд зөрчилд хуульд заасан хариуцлага тооцно гэдгийг Н.Болдод мэдэгдэж, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас халсан.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг зөрчвөл мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажлаас халах арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2014 оны төсвийн багцад хийсэн аудитын шалгалтаар “зөрчилгүй” гэсэн үнэлгээ авсан, мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хариуцагч хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлүүдийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо зөрчлийг 2016 оны эхээр тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, мэргэжилтэн Ц.Түвшинбат нар мэдсэн гэдгийг тайлбарласан ба энэ тухай Ц.Түвшинбатын анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэн зөрчлийг 2014 онд мэдэх ёстой байсан мэтээр үндэслэлгүй тайлбарлаж байна. Түүнчлэн Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Н.Болдолд утсаар удаа дараа арга хэмжээ авах болсныг хэлсэн Н.Болд нь өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний тайлбарууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Харин Н.Болд нь өөрөө дээд шатны байгууллагад сахилгын зөрчилтэй холбоотой тайлбараа гараагүй.

Мөн нэхэмжлэгч Н.Болд нь 2014 онд яамны эд хөрөнгийн балансад зөвхөн мөнгөн дүнгээрээ байгаль хамгаалагчийн байр бүртгэгдсэн бөгөөд газрын өмчлөлийн хэлбэр нь бүртгэгдээгүй байсныг давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг буруу тайлбарласан. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Н.Болд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Маргаан бүхий тушаалаар “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Байгаль хамгаалагчийн нэг загварын байр”-ыг ...хувийн өмчлөлийн газар дээр бариулан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан” гэх үндэслэлээр хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын дарга буюу төсвийн шууд захирагч нь санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А-15 дугаар тушаалаар 2014 оны хөрөнгө оруулалтаас орон нутгийн харьяа байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт эрх шилжүүлж, байгаль хамгаалагчийн нэг загварын байрны санхүүжилт 25000000 төгрөгийг Өмнөговь аймгийн Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн байна. Энэ дагуу дээрх батлагдсан хөрөнгөөр нэг загварын байр барихдаа зориулалтын дагуу ашиглах байршилд бариагүй буюу бусдын хувийн өмчлөлийн газарт барьсан байгаа нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчжээ.

Нэхэмжлэгч Н.Болдын тухайд байгууллагын даргын хувьд, төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах үүрэгтэй, энэ хүрээнд Говийн бага дархан цаазат газрын ойр орчимд байгаль хамгаалагч нарыг ажиллах нөхцөлөөр хангах зорилгоор нэг загварын байрыг бариулах үүрэгтэй атал хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ч.Батсүхийн хувийн өмчлөлийн газарт, гэр бүлийн хамт амьдран суух зориулалтаар ашиглуулж байгааг батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.7 дэх хэсэгт нийцсэн, гаргасан зөрчилд тохирсон, маргаан бүхий захиргааны актын үндэслэл хуулийн үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй бөгөөд энэ тохиолдолд сахилгын зөрчил үргэлжилж байсан буюу зөрчил дуусаагүй, таслан зогсоогдоогүй байна. Тодруулбал, нэг загварын байрыг бусдын хувийн өмчлөлийн газарт бариулах шийдвэр гарч, хэрэгжээд дууссан буюу байшин зориулалтын бус газарт баригдаад дууссан боловч төсвийн хөрөнгөөр баригдсан байшинг зориулалтын бусаар ашиглаж байгаа үйлдэл дуусаагүй, байгаль хамгаалагч бус гэр бүлийн хэрэгцээнд амьдран суух зориулалтаар ашиглаж байгаа үйлдэл үргэлжилж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэхээргүй байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд зөрчил дуусаагүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан үйлдэл үргэлжилж байсныг анхаараагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0135 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Болдын “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ