Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02667

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр                    Дугаар 183/ШШ2021/02667                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... хороо, ... тоотод оршин суух, В овогт С.Н /РД:.../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, , Х байранд байрлах х /РД:/-д холбогдох,

 

х-ын 2021.08.31-ний өдрийн 00 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гэрч Д.Д, Д.Г,  У.М, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2021.07.09-ний өдөр гэрээний мэргэжилтнээр х-т ажилд орсон бөгөөд би 8 сар ажилласан. Намайг анх ажилд авахдаа үндсэн ажилтнаар авсан. Намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин хөлс болох 3,200,000 төгрөг гаргуулах, үндсэн ажилтнаар аваад тушаал гаргахдаа туршилтын хугацаагаар авсан гэж сольсон нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно. Намайг ажлаас халахдаа тушаалдаа үнэхээр ноцтой гэж тусгасан нь өөр ажилд орох ямар ч боломжгүй байдалд оруулсан. Би ямар ч ноцтой байдал үүсгээгүй, би энд ажиллаж байх хугацаандаа худлаа яриагүй, хулгай хийгээгүй, хийх ёстой ажлаа л хийж байсан. Намайг компьютерын мэдлэггүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Миний төгссөн сургууль, хийж байсан ажлын туршлагаас харагдана гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Манайхаас иргэн С.Нн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. х-н үйлдвэрийн газрын даргын 2021.7.08-ны өдрийн 51 дүгээр тушаалаар С.Нг туршилтын 3 сарын хугацаанд гэрээний мэргэжилтнээр ажилд авсан. 2021.8.31-ний өдрийн 00 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Үйлдвэрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13, 11.5, 11.7.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж, хугацаатай тайлан мэдээ, өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тул түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаал нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээнд нийцэж гарсан.  Ажлын байранд заасан үндсэн чиг үүрэг болон иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хог тээврийн гэрээ байгуулаагүй, ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээг хугацаанд нь бичгээр гаргаж өгөөгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ажлаас чөлөөлсөн. Ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны иргэн, аж ахуй нэгжүүдтэй хог тээврийн гэрээ байгуулсан гэх боловч байгууллагын архивт бүртгэгдээгүй. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 98 аж ахуй нэгжтэй хог тээврийн гэрээ байгуулах ёстойгоос нэг ч байгууллагатай хог тээврийн гэрээ байгуулж ажиллаагүй. Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны 38 аж ахуйн нэгжүүдтэй хог тээврийн гэрээ байгуулахаас 1 гэрээ байгуулсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй. Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооллын нийт 146 аж ахуй нэгжээс С.Нн нэг ч хог тээврийн гэрээ байгуулагдаагүй нь архивч хүлээлгэж өгсөн баримтаас тодорхой болж байна. 2021 оны 7 дугаар сард иргэн С.Нн хариуцдаг ... дүгээр хороодын засаг дарга нар С.Нг иргэдтэй зүй бус харилцаж, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн. Ажлын байрны үндсэн чиг үүрэг өгөгдсөн үүрэг даалгаварт иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ажлыг ажлын байранд заасан шаардлагын түвшинд хийгээгүй учраас ажлаас чөлөөлсөн. Өөрийн хариуцсан ажлын гүйцэтгэл тайлан мэдээг гарын үсэг зурж баримтжуулах үүргээ биелүүлээгүй.   Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зан харилцааны доголдол гаргасан нь хорооны засаг дарга нараас ирүүлсэн албан бичгээр тогтоогдоно. Хэрэв үүрэг даалгаврыг биелүүлсэн бол тайлангаа архивт өгөх ёстой байсан. Гэрээний мэргэжилтэн С.Н нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрийн газрын дүрэм боон түүнтэй нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавартай өөрийн биеэр танилцаж баталгаажуулж гарын үсэг зурсан байна. Гэрээний мэргэжилтэн С.Н нь Үйлдвэрийн дотоод журмын ... дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар өөрийн хариуцсан чиг үүргийн дагуу байгууллагын хөтлөх нэрийн жагсаалтын дагуу баримт бичгийг бүрдүүлж, архивт шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр үйлдвэрийн газрын дүрэм, байгууллагын дотоод журмын 4.3, 5.4, 7.7, 7.13, 11.5, 11.6.4, 11.6.5, 11.7.5, 11.7.9 дүгээр заалтуудыг зөрчиж, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул туршилтын хугацааг дуусгавар болгосон. С.Нг илүү цагаар ажиллуулаагүй. С.Н нь илүү цагаар ажиллаж байгаа тухай санал хүсэлтийг манай байгууллагад гаргаагүй. Иймд С.Нн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Гэрээний мэргэжилтэн ажлын байранд заасан чиг үүргийн дагуу 7 хоног бүр хог тээвэр ачилтын ажилд байнгын хяналт тавьж албан ёсоор баримт үйлдэж байгууллагын архивт хүлээлгэж өгөх ёстой. Энэ нь Үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.1.6-д заасан. Би компанийн өдөр тутмын үйл ажиллагааг байнга баримтжуулж албажуулдаг. С.Н нь хог тээврийн GTS программ дээр ажилладаггүй. Өөртөө авсан 8 гэрээний 4 гэрээг хийсэн байна. Үлдсэн 4 гэрээг нь дутуу байгуулсан байна. С.Нн гаргаж байгаа баримт нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэгч С.Нн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

   Нэхэмжлэгч С.Н нь гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг х-т холбогдуулан гаргасан, харин хариуцагч тал “...С.Н туршилтын хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй ...” гэж маргасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Н нь х-ын захирлын 2021.07.08-ны өдрийн ... дүгээр тушаалаар  гэрээний мэргэжилтэн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон, талуудын хооронд байгуулсан 2021.07.09-ний өдөр 37 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.2-т 2021.07.09-ний өдрөөс түр хугацаагаар буюу 3 сарын хугацаатай байгуулж, туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан тайлан мэдээг хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заажээ.

 

х-ын захирлын 2021.08.31-ний өдрийн 00 дүгээр ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, үйлдвэрийн газрын дотоод журмын 7.13, 11.5, 11.7.5 дахь  заалтуудыг үндэслэн С.Нг туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж, хугацаатай тайлан мэдээ өгөгдсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

            х-ын дотоод журмын 11.7.5-д зааснаар  тухайн ажилтны хариуцсан ажлын байранд хариуцлага алдах, ажил доголдох, шаардлагын хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй нь тогтоогдсон, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар хугацаатай тайлан  мэдээг шалтгаангүйгээр өгөөгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн бол мөн дүрмийн 11.5, 11.6-д ноцтой зөрчил гэж үзэхээр заажээ.

 

         Хариуцагчийн тайлбар, 2021.07.29-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 08 дугаартай тэмдэглэл, түүний хариуцаж байсан хороодын Засаг дарга нарын албан тоот зэрэг баримтуудаас үзэхэд С.Н нь шаардлагын хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар хугацаатай тайлан  мэдээг шалтгаангүйгээр өгөөгүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно, 37.1.8.хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж тус тус заажээ.

 

Нөгөөтэйгүүр ажил олгогч нь С.Нг гэрээний мэргэжилтэн албан тушаалд 3 сарын хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, 23.2.2энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан заалтад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл ажилтан болон ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг   хугацаатай байгуулж болно.

Иймд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан, мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 сарын хугацаа дуусгавар болсон байна.

Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардах бөгөөд х-ын захирлын 2021.08.31-ний өдрийн 00 дүгээр тушаал хуульд нийцсэн байна гэж үзлээ. 

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар х-т холбогдох х-ын 2021.08.31-ний өдрийн 00 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн С.Нн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ