Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00348

 

 

 

 

 

                                       С.Нгийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Нгийн хариуцагч Х Э Т ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Х Э Т ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,200,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгана.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.Н нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х Э Т ОНӨААТҮГ-т гэрээний мэргэжилтнээр ажилд орж 8 сар ажилласан. Түүнийг анх үндсэн ажилтнаар ажилд авсан. С.Нг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Үндсэн ажилтнаар ажилд авах тушаал гаргахдаа туршилтын хугацаагаар авсан гэж сольсон нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно. Ажлаас халах тушаалд “ноцтой” гэж тусгасан нь өөр ажилд орох боломжгүй байдалд оруулсан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа ямар ч ноцтой байдал үүсгээгүй, хийх ёстой ажлаа хийж байсан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х Э Т ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр тушаалаар С.Нг туршилтын 3 сарын хугацаанд гэрээний мэргэжилтнээр ажилд авч, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж, хугацаатай тайлан мэдээ, өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаал нь хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн.  Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 9, 21 дүгээр хорооны иргэн, аж ахуй нэгжүүдтэй хог тээврийн гэрээ байгуулсан гэх боловч байгууллагын архивт бүртгэгдээгүй. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 98 аж ахуй нэгжтэй хог тээврийн гэрээ байгуулах үүргээ биелүүлж ажиллаагүй. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 38 аж ахуйн нэгжүүдтэй хог тээврийн гэрээ байгуулахаас 1 гэрээ байгуулсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй. Хан-Уул дүүргийн 9, 21 дүгээр хорооллын нийт 146 аж ахуй нэгжтэй хог тээврийн гэрээ байгуулаагүй нь архивчийн хүлээлгэж өгсөн баримтаас тодорхой харагдана. 2021 оны 07 дугаар сард 9, 21 дүгээр хорооны засаг дарга нараас С.Нг иргэдтэй зүй бус харилцаж, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн. Ажлын байрны үндсэн чиг үүрэг болох иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ажлыг шаардлага хангасан түвшинд хийгээгүй учраас ажлаас чөлөөлсөн. Мөн хариуцсан ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээг гарын үсэг зурж баримтжуулах үүргээ биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зан харилцааны доголдол гаргасан нь хорооны засаг дарга нараас ирүүлсэн албан бичгээр тогтоогдоно. С.Н нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрийн газрын дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавартай өөрийн биеэр танилцаж гарын үсэг зурсан. Үйлдвэрийн дотоод журмын 9.1.6-д зааснаар өөрийн хариуцсан чиг үүргийн дагуу байгууллагын хөтлөх нэрийн жагсаалтын дагуу баримт бичгийг бүрдүүлж, архивт шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр үйлдвэрийн газрын дүрэм, байгууллагын дотоод журмын 4.3, 5.4, 7.7, 7.13, 11.5, 11.6.4, 11.6.5, 11.7.5, 11.7.9 дэх заалтуудыг зөрчиж, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул туршилтын хугацааг дуусгавар болгосон. С.Нг илүү цагаар ажиллуулаагүй. С.Н хог тээврийн GTS программ дээр ажилладаггүй. Нэхэмжлэгч өөртөө авсан 8 гэрээний 4 гэрээг байгуулж, 4 гэрээг дутуу байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар Х Э Т ОНӨААТҮГ-т холбогдох Х Э Т ОНӨААТҮГ-ын 2021.08.31-ний өдрийн Б/64 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн С.Нн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, бодит үнэлэлт дүгнэлт хийгээгүй, бодит байдлыг буруу тогтоосон. Нэхэмжлэгчийг ажлаас халсан боловч ажлаас халсан тушаалыг гардуулаагүй, ажлаас халах тухай захирлын тушаал нь хууль ёсных байгаагүй. Хан эко тээвэр ОНӨААТҮГ-ын захирал болон хүний нөөц, менежер зэрэг албан тушаалтнууд өөр хүнийг ажилд авах зорилгоор хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас нь халсан. Ажлаас халах тухай захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үйлдвэрийн газрын дотоод журмыг баримталсан боловч энэ талаар харилцан өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 гэрч мэдүүлсэн байхад нэхэмжлэгчийн талаар хэлэлцээгүй шүүх хурлын тэмдэглэлийг үндэслэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2 Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг үнэлэхдээ анх нэхэмжлэгчийг ажилд ороход хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд засвар оруулсан гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзсэн байна. Нэхэмжлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дугааргүй гэрээ байсан  ба шүүхийн үнэлсэн гэрээний 3.2 дах заалт “энэхүү хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хугацаагүй байгуулж байна” гэсэн заалт орсон байна. Түүнчлэн шүүхийн дүгнэсэн “туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэсэн заалт байхгүй. Хариуцагч байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газар тул байнгын батлагдсан орон тоонд ажилтнуудаа авдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь үндсэн орон тоо бөгөөд нийгмийн даатгалд 01 кодоор бүртгэгдэн шимтгэл төлөгдөж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл өөр байхад нэхэмжлэгчээс үндсэн ажилтнаар тооцон 7 сарын цалин 744,686 төгрөгөөс 193,618 төгрөг, 8 сарын 898,000 төгрөгөөс 233,480 төгрөг суутгаж төлснөөс үзэхэд нэхэмжлэгч үндсэн ажилтан байсан болох нь нотлогдоно. Хариуцагч түр ажиллуулсан гэж худал тайлбар өгснийг шүүх нягталж шалгаагүй, нотлох баримттай танилцах няцаалт хийх боломжтой эсэх талаар нэхэмжлэгчээс тайлбарлаж асуугаагүй, шүүх хуралдааныг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхгүй байна.

4.3 Шүүх “нөгөөтэйгүүр ажил олгогч нь С.Нг гэрээний мэргэжилтэн албан тушаалд 3 сарын хугацаатайгаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1, 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан заалтад нийцсэн байна” гэж дахин алдаатай дүгнэлт хийсэн. Ажлаас халах тушаалд дурдсан үндэслэл нь нотлогдоогүй, хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус, бодит байдалд нийцэхгүй, ажил олгогчийн давуу байдлаа ашиглан зохиомлоор бүрдүүлсэн баримт бичиг, таалагдаагүй ажилтнаа хувийн сонирхлоор ажлаас халах гэсэн дур зоргийн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: С.Нг Х Э Т ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын дотоод журамд заасан холбогдох заалтуудад үндэслэж чөлөөлсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Нгийн хариуцагч Х Э Т ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/64 дугаар тушаалыг хүчингүй болгож, гэрээний мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. Хариуцагч Х Э Т ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Нг туршилтын 3 сарын хугацаатай гэрээний мэргэжилтнээр ажиллуулж байгаад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/64 дугаар тушаалаар “туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж хугацаатай тайлан мэдээ өгөгдсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэх үндэслэлээр түүнтэй түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх3, 5-9/

4. Хэрэгт нэхэмжлэгчтэй 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрөөр тогтоосон 2 гэрээ авагдсан байна. Хэргийн 5-9 дүгээр талд нэхэмжлэгчээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээний 3.2-т “энэхүү хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хугацаагүй байгуулж байна”, 3.3-т “дадлагажуулалтын түр хугацаа ажилд томилогдсон өдрөөс эхлэн 3 сар байна. Түр хугацаа дуусч сахилгын шийтгэл гаргаагүй бол туршилтын хугацааг сунгагдсанд тооцно” гэжээ. Харин хэргийн 74-78 талд хариуцагчаас ирүүлсэн №37 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.2-т “энэхүү хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс түр хугацаагаар буюу 3 сарын хугацаатай байгуулж байна. Туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан тайлан мэдээг хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно”, 3.3-т “дадлагажуулалтын түр хугацаа ажилд томилогдсон өдрөөс эхлэн 3 сар байна. Түр хугацаа дуусч сахилгын шийтгэл гаргаагүй бол туршилтын хугацааг сунгагдсанд тооцно” гэсэн байна.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн хөдөлмөрийн гэрээнд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

5. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 231.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.” гэж заасан.

5.а. Ажил олгогчийн нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа гэрээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөлтэй гэрээ байх боловч нэхэмжлэгч нь гэрээний мэргэжилтэн гэх албан тушаалд томилогдсон. Иймд нэхэмжлэгчийг анх гэрээ байгуулахдаа тухайн гэрээнийхээ утга агуулгыг ойлгосон буюу “туршилтын түр хугацаатай гэрээ” байгуулахыг ойлгоогүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхгүй.

5.б. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар, туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна” гэж заасан.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4-т иргэнийг тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэх болон удирдлагын шийдвэрээр ажилд томилох буюу туршилтын 3 сар хүртэл хугацаагаар түр томилсон тушаал гаргана гэжээ. 

6. Дээрхээс үзэхэд ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулах хуулиар тогтоосон дээд хугацаа 6 сар байх тул нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад 6 сарын туршилтын хугацаатай ажиллаж байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн туршилтын хугацаа 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусах байхад ажил олгогч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь халсан байна.

7. Ажил олгогч нь хуульд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалснаар нэхэмжлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 4 сар 10 хоног буюу гэрээний хугацаа дуусах хүртэл авах байсан орлого алдагдсан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн 1 сард авах цалин хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн түүний тогтмол авч байсан 2021 оны 7, 8 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 821,343 төгрөг, ажлын 1 хоногт 38,202 төгрөг байх ба нийт 4 сар 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3,531,775 төгрөг байна.

 

8. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Талуудын туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг Х Э Т ОНӨААТҮГ-ын гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж хугацаатай тайлан мэдээ өгөгдсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байна. Ажил олгогч хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ баримтаар нотлох ёстой. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлийг нотолсон хангалттай баримт авагдаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Э Т ОНӨААТҮГ-аас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,531,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Х Э Т ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/64 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

                                                                                         А.МӨНХЗУЛ