Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/02704

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 23 өдөр                       Дугаар 183/ШШ2021/02704                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... хороо, .... тоот хаягт байрлах С ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ... хороо, .... хороолол, .... тоот хаягт байрлах О ХХК /РД:.../-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн ... хороо, .... хороолол ... гудамж ... хотхон барилгын зүүн талын ... авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч У.Т, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021.10.28-ны өдрийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо зөвхөн ... тоот авто зогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах болгож нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгсөн. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Агаар сэлгэлтийн хэсгийн дүүргэлтийн блок болон угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т 1 авто зогсоол /үнийн дүн 24,080,300 төгрөг/ шилжүүлж өгнө гээд заачихсан. С ХХК-ийн зүгээс үүргээ хангалттай биелүүлсэн. Тухайн барилгыг улсын комисс хүлээж аваад ашиглалтад ороод 4 жил болж байна. Компанийн зүгээс уг авто зогсоолыг С ХХК-ийн ажилтан н.Зийн эзэмшил ашиглалтад шилжүүлээд өгчихсөн. н.З гэрээний дагуу хууль ёсны эзэмшигч нь болоод уг авто зогсоолд машинаа тавьж байгаа. Өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүхээр шийдсэний дараа хариуцагч тал орон сууцыг нь шилжүүлээд өгчихсөн, одоо зогсоолын дугаар ...тоот болох нь тодорхой болсон тул өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч талд даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой үр дүн шаарддаг. Хэдийгээр тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн боловч агаар сэлгэлтийн ажил бүрэн гүйцэд хийж өгсөн ямар ч доголдолгүй хүлээлгэж өгсөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Тухайн компанийн гүйцэтгэсэн ажил маш их доголдолтой үүнээс болж оршин суугч нар удаа дараа маш их гомдол гаргадаг. Үүнээс болж манайхаас удаа дараа шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч шүүхээс уг ажиллагааг хийгээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулна, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгуулна гэж нэхэмжлээд байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгоод хариуцагчид байгаа эд хөрөнгийг тодорхой болгоод өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой. Гэтэл яриад байгаа 40 ширхэг зогсоол нь О ХХК-иас шалтгаалаад үл хөдлөхийн гэрчилгээ нь гарахгүй байгаа биш. Газрын эрх эзэмшиж байгаа этгээд болон улсын комисс ажиллаж хэсэг газар дээр маргаантай байгаа учраас гарахгүй байгаа. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсэж байгаа. Гэтэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эд хөрөнгийн шинжээ олоогүй байгаа тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, эсвэл өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг манайд даалгах боломжгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт өгөх чиг үүрэг О ХХК-д байдаг эрх биш, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой чиг үүрэг бүртгэлийг эрхэлж байгаа газарт олгогддог төрийн чиг үүрэг учраас хувийн хэвшлийн байгууллага гэрчилгээ олгодоггүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                           

Шүүх С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн .... хороо, .... хороолол, ....гудамж ... хотхоны .... давхарын .... тоот 60.75 м/кв ... өрөө орон сууц, нэг машины авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг О ХХК-д холбогдуулан анх гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2016.03.21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн .... хороо, .... хороолол, .... гудамж .... хотхоны А блок ...давхар, .... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн байна.

 

Тэрээр 2021.10.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж,   2016.03.21-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 24,080,300 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн ...р хороо, .... хороолол, .... гудамж ... хотхон барилгын зүүн талын ...тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад гэрээний дагуу орон сууцыг нь хүлээн авсан талаар тайлбарласан болно.

Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.02.02-ны өдрийн 2017/52 дугаар актаас үзэхэд  иргэн О.О захиалгатай, Хан-Уул дүүргийн .... хороо, 16 автомашины дулаан зогсоолтой, 133 байр сууц бүхий аялал жуулчлалын цогцолбор барилга барих ажилд нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан байх бөгөөд түүний нэг нь О ХХК ерөнхий гүйцэтгэгч болсон байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно”, 347.2-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заажээ.

           О ХХК нь 2016.03.21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээг С ХХК-тай байгуулсан байх бөгөөд  гэрээний 2.1-д зааснаар захиалагчийн хэрэгцээнд нийцсэн агаар сэлгэлтийн систем/124 айлын орон сууцны/, 155 м/куб МАК-ын үйлдвэрийн дүүргэлтийн блокын хамт нийлүүлэх, түүнийгээ Хан-Уул  дүүргийн ... хороо, .... хороолол, .... гудамж ... хотхоны орон сууцны барилгад тээвэрлэн хүргэх, угсарч суурилуулах ажлыг гэрээний зүйл гэж тодорхойлжээ.

 

          Дээрх хуулийн зохицуулалт, талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд иргэн О.Огийн захиалгатай барилгын ажилд С ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байх бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагч О.Огийн өмнө О ХХК хариуцахаар байна.

 

          Талуудын хооронд байгуулсан 2016.03.21-ний өдрийн гэрээний 3.1-д зааснаар гэрээний нийт үнэ 175,955,300 төгрөг, гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь Хан-Уул дүүргийн ... хороо, .... хороолол, .... гудамж ... хотхоны А блок 1 давхар ... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууцны үнэ, барилгад нэг авто зогсоол үнийн дүн 24,080,300 төгрөг, нэг м/кв 2,500,000 төгрөг,  орон сууцны нийт үнэ 151,875,000 төгрөг нийт үнэ 175,955,300 төгрөгт тооцож гүйцэтгэгч талд өгөхөөр тохирсон байна.

 

          Гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ... хороо, .... хороолол, .... гудамж ... хотхоны А блок 1 давхар 103 тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц болон нэг авто зогсоолыг С ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байх бөгөөд гэрээний зүйл, хугацаа, гэрээний үнэ, төлбөрийн талаар талууд маргаагүй атлаа гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын доголдлыг бүрэн  арилгаагүй гэх үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс О ХХК татгалзсан байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.02.02-ны өдрийн 2017/52 дугаар актаар Хан-Уул дүүргийн ... хороо, иргэн О.Огийн захиалгатай 16 автомашины зогсоолтой 133 байр сууц бүхий аялал жуулчлалын цогцолбор барилгыг зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн, зориулалтаар ашиглахад “Боломжтой” гэж үзээд иргэн О.Огийн мэдэлд шилжүүлсэн, дээрх цогцолбор барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын 2016.12.23-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг О ХХК өөрөө хянасан байдлаас үзэхэд комиссын бүрэлдэхүүнд хариуцагч компанийн төлөөлөгч орж ажилласан байна.

 

Мөн 2017.01.13-ны өдрийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд “...тус барилгын Халаалт салхивчийн угсралтын ажил нь зураг төслийн дагуу гүйцэтгэгдсэн, халаалт болон салхивчийн гүйцэтгэлийн ажил боломжийн сайн хийгдсэн, гадна дотор далд ажлын актуудыг тухайн үед нь үйлдэж баталгаажуулсан” гэжээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар барилга, байшингийн  дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, гэрээний 4.4-т гүйцэтгэгч нь 3 жилийн баталгаа гаргах ба баталгаат хугацаанаас хойш засвар үйлчилгээ хийлгэх талаар харилцан тохиролцож болно гэж заасан байна.

 

Хариуцагч тал оршин суугчдаас гомдол ирсэн гэх боловч нотолсон баримтгүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, баталгаат хугацаанаас хойш засвар үйлчилгээ хийлгэх талаар С ХХК-д санал хүсэлт гаргаагүй байна.

 

Харин С ХХК үл хөдлөх хөрөнгүүдийн холбогдох баримт бичиг, гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг хүсч 2018.01.15-ны өдрийн Б/02, 2019.08.14-ний өдрийн А/63 дугаар албан тоотоор шаардлага, хүсэлтийг О ХХК-д удаа дараа хүргүүлж байсан, хариуцагч компани хариу өгөөгүй байна.

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 3...дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

Ажлын хөлс нь заавал мөнгөн төлбөр байх шаардлагагүй бөгөөд хариу төлбөрийг мөнгө, эд хөрөнгө /бартер/, үйлчилгээ хэлбэрээр тохирч болдог тул талуудын хооронд байгуулсан 2016.03.21-ний өдрийн гэрээний 3.1-д зааснаар гэрээний нийт үнэ 175,955,300 төгрөгийг гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь 2 өрөө орон сууцны үнэ, нэг авто зогсоолын үнийн дүнгээр  тооцож, дээрх үл хөдлөх хөрөнгүүдээр ажлын хөлсийг төлөхөөр тохирсон байна.

О ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож тухайн орон сууцыг С ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн атлаа иргэн Г.Атай 2017.11.30-ны өдрийн 17/35 дугаар орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулж, уг орон сууцны нэг м/кв талбайн үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 103,275,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр түүний өмчлөлд шилжүүлсэн байсан болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах явцад буюу 2021 оны 5 дугаар сард  дээрх орон сууцны өмчлөх эрхийг  С ХХК-ийн хамаарал бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлсэн гэх байдлаас үзэхэд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн байна.

        Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан байна.

         Нэхэмжлэгчийн “...компанийн зүгээс уг авто зогсоолыг С ХХК-ийн ажилтан н.Зийн эзэмшил ашиглалтад шилжүүлээд өгчихсөн, гэрээний дагуу хууль ёсны эзэмшигч нь болоод 2017 оны 1 сараас хойш уг авто зогсоолд машинаа тавьж байгаа” гэх тайлбараас үзэхэд н.З шударга эзэмшигч болсон  байна.

 

         Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан байх тул хариуцагч О ХХК гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож өгсөн авто зогсоолыг өмчлөх эрхийн зөрчилгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иймд   талуудын хооронд байгуулсан 2016.03.21-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 24,080,300 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн ... хороо, .... хороолол, .... гудамж ... хотхон барилгын зүүн талын ...тоот авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагчаас гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг О ХХК-д даалгав.    

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 3...дүгээр зүйлийн 344.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн ... хороо, .... хороолол, .... гудамж ... хотхон барилгын зүүн талын ...тоот авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагчаас гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг О ХХК-д даалгасугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 278,351 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ