Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/02705

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 23 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02705                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, АХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод хаягт оршин суух, Д.Б /РД:.../

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод хаягт оршин суух, С.Х /РД:..../ нарт холбогдох,

 

гэрээний үүрэгт 67,231,427.78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ковидын нөхцөл байдлыг бодолцон банкны зүгээс нэг удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгаж үндсэн зээлийг 1 жилээр сунгасан боловч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн огт төлөлт хийлгүй хугацаа хэтэрсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр байгаа үнийн дүн бол 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл байдлаар зээлийн хүү 9,614,999 төгрөг байсан. Ингээд шүүх хуралдаан хойшилсон учраас нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж зээлийн хүүгийн дүн 14,866,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788.06 төгрөг болсон. Одоо үндсэн зээлийн төлбөр 52,334,230.95 төгрөг, зээлийн хүү 14,866,762.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,434.59 төгрөг, нийт 67,231,427.78 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүүг хэвийн бус чанаргүй ангилал хүртэл  балансын дотуур бүртгэж байгаад чанаргүй зээлийн ангилалд шилжвэл балансын гадуур бүртгэдэг. Түүнээс биш зээлийн хүүг зогсооно гэсэн ойлголт байхгүй гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Манайхаас гэрээ байгуулсан талаар маргахгүй. Хүүгийн тооцоолол бодсон болон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид гаргаж өгсөн дансны хуулга, нэхэмжлэгчийн хэргийн материалд гаргаж өгсөн дансны хуулганд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан зүйл нь зөрүүтэй байна. Зээлийн дансны хуулганд хүүгийн асуудал болон нэгдсэн дүн орж ирдэггүй гэж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулганд хүү нь бодогдоод орж ирсэн байгаа. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар зээлийн хүүг зогсоосон. Хүү зогсоосноос хойш хүү бодогдохгүй. Дансны хуулганаас хүү зогоосон гэдгийг харж болно. Манайхаас үндсэн зээлийн үлдэгдэл 52,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нэмж бодогдсон 14,866,000 төгрөгийн хүүг хасах нь гэж оруулж өгсөн учраас нэхэмжлэгч хүүг нэхэмжлэх үндэслэлгүй. Шүүх хуралдаан олон шалтгаанаас болж хойшлох бүрд хариуцагчид төлбөрийн дарамт үүсгэж байгаа юм шиг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байна. Нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлаад асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье гэж шүүхэд хандчихаад дахиж хүү бодох үндэслэлгүй, нэхэмжлэгчийг гэрээгээ цуцалсан гэж үзэж байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө нь Д.Бийн нэр дээр байгаа, түүний дансанд зээлийн мөнгийг хийчихээд С.Хаас хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр   нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. С.Х нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болохоос биш яг зээлийг өөрийнхөө дансаар хүлээж аваад захиран зарцуулаагүй учраас С.Хыг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэв.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх а ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгч а ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Д.Б, С.Х нараас 2019.01.29-ний өдрийн ... тоот орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 52,334,230,95 төгрөг, үндсэн хүү 9,614,699,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788,06 төгрөг, нийт 61,949,718.20 төгрөгийг анх нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.09.30-ны өдрийн байдлаар тооцож, зээлийн хүү 14,866,762.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,434,59 төгрөг нийтдээ 5,281,709.58 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 67,231,427.78 төгрөг гаргуулахыг хүссэн, харин хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан, зээлдэгч нарын дансны хуулгаар зээлийн хүү зогссон гэх үндэслэлээр зарим хэсгийг төлөхөөс татгалзсан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.01.29-ний өдрийн ... тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Д.Б, С.Х нарт 60 сарын хугацаатай, жилийн 19.80 хувийн хүүтэй, 59,500,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар бэлэн бусаар олгож, хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөхөөр, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... дүүргийн  ... хороо,... байрны ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.10, 1.11-д зааснаар хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байна.   

        Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

      Нэхэмжлэгчийн тайлбар, а ХХК-ийн зүгээс нэр бүхий хариуцагч нарт хүргүүлж байсан 2019, 2020 оны удаа дараагийн мэдэгдлүүд, мөн зээлийн төлөлтийг хойшлуулах тухай 2019.12.05-ны, 2020.04.16-ны өдрийн хариуцагч Л.Бийн хүсэлт зэргээс үзэхэд хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банкны зүгээс удаа дараа өгсөн мэдэгдлийн үр дүн гараагүй байх тул гэрээний 5.2-т зааснаар банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж,  түүний хүү холбогдох бусад зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.

     Талуудын хооронд байгуулсан 2019.01.29-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан байх боловч 2020.05.25-нд төлөлт хийснээс өөр төлөлт хийгдээгүй, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг хариуцагч зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2021.03.29-ний өдрийн байдлаарх үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 52,334,230,95 төгрөг, үндсэн хүү 9,614,699,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788,06 төгрөг, нийт 61,949,718.20 төгрөгийг зээлдэгч Д.Б, С.Х нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан атлаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцохгүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй тул 2021.09.30-ны өдрийн байдлаар тооцсон зээлийн хүү 14,866,762.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,434,59 төгрөг нийтдээ 5,281,709.58 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т зааснаар хариуцагч Д.Б, С.Х нараас 537,899 төгрөгийг гаргуулж а ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 637,357 төгрөг /537,899+99,458/-ийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Д.Б, С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 61,949,718.20 төгрөг гаргуулж а ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,281,709.58 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн  000 хороо, 000 байрны 000 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, С.Х нараас 537,899 төгрөгийг гаргуулж а ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 637,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ