Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00434

 

 

 

 

 

А.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 183/ШШ2021/02705 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б ХХК-ийн хариуцагч Д.Б, С.Х нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 67,231,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:  Д.Б, С.Х нар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 59,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгаж үндсэн зээлийг 1 жилээр сунгасан боловч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн хүү 9,614,999 төгрөг байсан. Шүүх хуралдаан хойшилсон учраас нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж зээлийн хүү 14,866,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788.06 төгрөг болсон. Одоо үндсэн зээл 52,334,230.95 төгрөг, зээлийн хүү 14,866,762.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,434.59 төгрөг, нийт 67,231,427.78 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.   Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:  Хүүгийн тооцоолол болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн дансны хуулгаар хүү болон нэгдсэн дүн орж ирдэггүй гэж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулганд хүү нь бодогдсон. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар зээлийн хүүг зогсоосон. Дансны хуулгаас хүү зогсоосон гэдгийг харж болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 52,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нэмж бодогдсон 14,866,000 төгрөгийн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй. Шүүх хуралдаан олон шалтгаанаас болж хойшлох бүрд хариуцагчид төлбөрийн дарамт үүсгэж байгаа юм шиг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлаад асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье гэж шүүхэд хандчихаад дахиж хүү бодох үндэслэлгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Х нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болохоос биш яг зээлийг өөрийнхөө дансаар хүлээж аваад захиран зарцуулаагүй учраас С.Хыг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Д.Б, С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 61,949,718.20 төгрөг гаргуулж А.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,281,709.58 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хороо, 50 мянгат 18 дугаар байрны 25 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-2203007858 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, С.Х нараас 537,899 төгрөгийг гаргуулж А.Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 637,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд гараагүй, гарсан шийдвэр нь алдаатай байсны улмаас шүүх дахин засварласны үндсэнд зохигчдод гардуулсан. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч банк нь зээлийн хүүг зогсоосон бөгөөд харилцах дансны үлдэгдэл нь үндсэн зээл болох 52,334,230 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн хүү зогсоосноос хойш хугацаанд тооцсон 9,614,999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулганд хүү харагдахгүй зөвхөн үндсэн төлбөр харагддаг. Зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт гэх баримтаар хүүгийн тооцоолол гардаг. Зээлийн хүү зогссон гэх бичилт нь дансны хуулга дээр гарсан. Энэ нь зээлийн ангилал чанаргүй ангилалд орсон нөхцөлд хүү нь балансын гадуур бодогддог юм. Энэ нь хүүг бодоогүй, зогсоосон гэх ойлголт биш. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

1.   Нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч Д.Б, С.Х нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 67,231,427 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.   Хариуцагч нар нь нэхэмжлэгч банктай 2019 оны 01 дүгээр сарын 29ий өдөр зээлийн гэрээ байгуулж, 59,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй зээлдэн авахаар тохиролцсон, улмаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгажээ. /хх 16-17/

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн, хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тул зээлийн гэрээнд зааснаар хүү төлөх үүрэг үүсчээ.

 

3.   Хариуцагч нар нь төлбөр төлөх боломжгүй талаар нэхэмжлэгч банкинд хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгч банкны зүгээс төлбөр төлөх мэдэгдлийг удаа даргаа хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон. /хх 31-37/

 

3.а. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө буцаан гаргуулах, уг хугацаа хүртэл хуримтлагдсан хүүг төлөх үүргийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй. Ийнхүү гэрээнээс татгалзсан хүсэл зоригоо илэрхийлэн үндсэн зээлийг буцаан гаргуулахаар шаардсан үеэс хойш хүү шаардах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй боловч уг эрх хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд хангагдана.

 

3.б. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга гэх баримтад зээлийн үлдэгдэл, харин хүү, тооцооллын хүснэгтэд үндсэн зээл, хүүгийн төлбөрийн хамт бичигдсэн байх ба хариуцагч нар үндсэн зээлд 52,334,230 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдож байна. Иймд зээлийн хүүг зогсоосон нь дансны хуулгаар нотлогдоно гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

3.в. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хугацааны зээлийн болон нэмэгдүүлсэн хүүд шаардсан 5,281,709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харуицагчаас үндсэн зээл 52,334,230 төгрөг, хүү 9,614,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788 төгрөг, нийт 61,949,718 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

4.   Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хороо, 50 мянгат 18 дугаар байрны 25 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ. /хх 13-16, 19/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 183/ШШ2021/02705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ