Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01898

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01898

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Н

Хариуцагч: БГ ЗД

            Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захиралын албан тушаалд эгүүлэн томилуулахыг ЗДд даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт  7.985.348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Н, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Б.Тэргэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Н миний бие Боловсролын системд 36 жил ажиллаж байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/119 тушаалаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба улмаар төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдсон. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн ба уг шийдвэрийг миний бие хууль бус гэж үзэж байна. Учир нь дээрх захирамжийн баримталж буй хууль зүйн үндэслэл болон агуулгаас үзэхэд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба ажлаас халж байгаа эсэх, ажлаас чөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д сум дүүргийн ЗД тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 31.1.12-т тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан ба 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн заалтыг нэмсэн. Хуулийн зохицуулалтаас үзэхэд Баянгол дүүргийн ЗД нь намайг албан тушаалаас чөлөөлөхөөс өмнө Нийслэлийн Боловсролын газрын аливаа санал авахыг хуульчилсан атал уг хуулийн заалтыг биелүүлээгүй нь маргаан бүхий захирамж хууль бус болохын нотолгоо болно. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад нэмэлт оруулсантай холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй байна. Маргаан бүхий 2021 оны Б/40 тушаалд “ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, сахилгын зөрчил гаргасан тул” гэж үндэслэлийг дурдсан байх ба миний бие ажлын байранд архидан согтуурсан болон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээрээ ирсэн үйлдлийг гаргаагүй болно. Тухайн өдөр гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг Дүүрэгт гаргаж өгөх ёстой байсан тул өглөө 10-12 цагийн хооронд багш нар бөөнөөрөө гаргаж өгсөн тул 14-16 цагийн хооронд цахим хурал хийсэн. 16-18 цагийн хооронд сургалтын менежер н.Дгийн хамт гэртээ ирж үдийн хоол идсэн. Тухайн үед өвлийн идэш ирсэн байсан тул мах идэж, айраг уусан. Гэтэл 17.30 цагийн үед сургууль дээр согтуу хүмүүс яваад байна гэсэн дуудлага ирсэн тул сургууль руу явсан. Тухайн өдөр манайх хөрөнгө орлогын мэдүүлэг явуулах ёстой байсан учир тэнд байсан 3 багш, жижүүрийн хамт ирж зохицуулж байтал дүүргээс дуудлагаар Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын дарга нар ирсэн байсан. Цагдаагийн хүмүүс биднийг 1 дүгээр хэлтэс рүү авч яваад согтолт хэмжих багажаар хэмжилт хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга ирж уулзаарай гэсэн боловч ажил явдал гарсан тул очиж чадаагүй байж байгаад орой нь очиж уулзаад бид сургууль дээр ирцгээсэн. Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын Б/40 тушаалыг уншиж танилцуулсан. Би ажил явдал дуусгаад ажлаа хүлээлгэж өгье, одоо түлхүүрээ авчираагүй гэж хэлэхэд бүх юмыг лацдаад явсан.  Надад тэтгэвэрт гарахад 2 жил л үлдсэн байсан. Намайг ажлаас чөлөөлсөн явдалд улс төр орсон байж болзошгүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг ЗДд даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт  7.985.348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Ч.Ныг Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлаар томилон ажиллуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 6.2 дугаар зүйлийн 6.2.2, 6.3 дугаар зүйлийн 6.3.1-д заасныг тус тус үндэслэл болгосон. Ч.Ныг 47 дугаар сургуулийн захиралын ажил, албан тушаалаас чөлөөлсөн дээрх захирамжид үндэслэл болгосон хуулийн заалт нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, үйлчлэхийг хориглоно, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө гэж заасныг тус тус үндэслэл болгосон. Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой  холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх талаар Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тайлбарласан байдаг.   Ч.Ныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3 дахь заалтыг зөрчсөн гэж хөдөлмөрийн гэрээг цуцласан. Түүнчлэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  18 цаг орчимд Дүүргийн шуурхай штабт 47 дугаар сургууль дээр хүмүүс архидан согтуурч, орлолдоод байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсний дагуу тухайн өдөр шуурхай штабт жижүүрлэж байсан албан хаагч нар тус сургууль дээр очиход нэхэмжлэгч Ч.Н нь сургуулийн менежер, биеийн тамирын багш, технологийн багш, жижүүр зэрэг хүмүүсийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. БГ дэх Цагдаагийн 1 дүгээр хэлстийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дуудлага, мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийсэн, үүнтэй холбоотой сургууль дээр байсан нэр бүхий ажилтан, албан хаагчдын согтолтын зэрэг хэд байсан талаар бичиж ирүүлсэн бөгөөд тус албан бичигт нэхэмжлэгч Ч.Ныг 0,92 хувийн согтолттой байсан талаар дурдсан.  Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийг эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны  дагуу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал,  цэцэрлэгийн эрхлэгчийг томилж чөлөөлөхдөө Нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэж байх талаар Нийслэлийн ЗДас дүүргийн ЗД нарт чиглэл хүргүүлсэн. Энэ албан бичгийн дагуу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд хуульд нийцүүлэн томилох, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх  ажлыг 2021 оны 1 дүгээр улиралд хийхээр төлөвлөсөн байсан. Нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т байнгын ажлын байрны хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн захирал нарыг өөрчлөөгүй хэвээр нь ажиллуулж байсан. 2021 оны эхний улиралд багтаагаад сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай шинэ гэрээ байгуулах ажлыг дүүргийн хуулийн хэлтэс, нийгмийн хэлтэс хамтарч зохион байгуулж ажиллаж байсан. Нэхэмжлэгч тайлбартаа сургууль дээр очиход ажилчид, менежер нь ажлын байран дээр согтуу байсан. Тэдгээрийг зохицуулсан гэж тайлбарлаад байгаа  боловч хатуу хөл хорионы үед нэг сургуулийн нэг байгууллагын 5 хүн   нэг өдөр нэг цагт зэрэг ажлын байранд таарна гэдэг боломжгүй асуудал. Тухайн цаг үед хичээл сургууль цахимаар орж байсан үе. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гэрчээр Ц.Э, Н.М, Ц.До нарыг оролцуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Баянгол дүүргийн ЗДд холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг ЗДд даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт  7.985.348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 Ч.Ныг албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн  43.1, 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 6.2 дугаар зүйлийн 6.2.2, 6.3 дугаар зүйлийн  6.3.1-д заасныг тус тус үндэслэн Дүүргийн 47 дугаар сургуулийн захирал Ч.Н нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед холбогдох хууль тогтоомжийг зөрчин ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлжээ.

Ч.Ныг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 захирамжаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлаар томилж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Боловсролын газар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.

Талууд хөдөлмөрийн гэрээгээр гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг тохиролцож, ажил олгогчоос гэрээний 6.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 6.3, 6.3.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд ажлын байранд  согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэрэглэсэн байдалтай ирсэн бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж, ажлаас халахаар тус тус тохиролцон гэрээ байгуулсан байна.

Шүүх  хуралдаанд нэхэмжлэгч “17.30 цагийн үед ажил дээр согтуу хүмүүс яваад байна гэсэн дуудлагаар очсон. Тэнд байсан 3 багш жижүүр хамт ирж зохицуулж байтал Дүүргээс дуудлагаар Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газраас хүмүүс ирсэн. Биднийг цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр аваачиж согтолт хэмжих багажаар хэмжилт хийхэд минийх 0,92 гэж гарсан. Тухайн өдөр би ажил дээрээ байж байгаад 14-16 цагийн үед гэртээ харьж хоол идэхдээ айраг ууж, араас нь 1 хундага конъяк уусан байсан. Баянгол дүүргийн ЗД надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Нийслэлийн ЗДас ирүүлсэн чиглэл хүргүүлэх тухай албан бичигт сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхдөө Нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэл болго гэсэн албан бичгийг биелүүлээгүй ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Нтай байнгын ажлын байранд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Боловсролын газар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн  23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхдөө Боловсролын газрын саналыг үндэслэх талаар зааснаас бус ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд Боловсролын газрын саналыг үндэслэх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч Ч.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэрэглэсэн байдалтай буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцох зөрчлийг гаргасан болох нь Цагдаагийн байгууллагад өгсөн дор дурдсан холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Үүнд: нэхэмжлэгч  Ч.Нын “2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ менежер Л.Дгийн хамт айраг ууж, нэг нэг хундага конъяк уучихаад 18 цагийн үед сургууль дээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөхөөр менежерийн хамт ирсэн. Эхнэр Уранчимэг намайг авахаар сургууль дээр ирсэн. 20 цагийн үед сургуулиас гарахаар өргөтгөл хаалга руу явж байтал хаалган дээр багш Ц.До, Ц.Э, манаач Н.М нар маргалдаад зогсож байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Бид нарыг цагдаагийн газарт авчирч согтолт хэмжих багажаар согтолт үзэхэд 0.92 хувийн согтолттой гэж гарсан”,   Ц.Доын “2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед ажлаар орж бие засах гээд жижүүр М, Батмөнх нартай маргалдаад зогсож байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Цагдааг хэн хаанаас дуудсанг мэдэхгүй. Цагдаа нар согтуу байна архи уусан машинд суу гээд суулгасан. Тэгтэл нэг харсан сургууль дотор захирал Ч.Н, сургалтын менежер Д, технологийн багш Ц.Э нар байж байсан. Тэд нарыг хаана архи согтууруулах ундаа хэрэглэснийг нь мэдэхгүй. Бид бүгд цагдаа дээр ирж согтолт хэмжих багаж үлээсэн”, Ц.Эгийн “Биеийн тамирын багш  Ц.До архи уугаад нэлээн халчихсан манаач Мандахбаяртай маргалдаад байх шиг байсан. Би дундуур нь ороод Ц.Доыг хамт явъя гээд зогсож байтал гаднаас цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэх үеэр сургуулийн захирал Ч.Н, захирлын эхнэр Уранчимэг, сургалтын менежер Л.Днар бас сургуулиас гарах гээд явж байхтай тааралдаад бүгд цагдаа дээр ирж согтолт хэмжих багаж үлээхэд захирлын эхнэрээс бусад нь согтолтын зэрэгтэй гарсан”, Л.Дгийн “2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр захирал Ч.Нын хамт гэрт нь очиж хоол идээд 3 литр айраг хувааж уусан. Захирал 1 хундага конъяк араас нь уусан. Ажил дээрээ ирээд хамт хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж байтал захирлын эхнэр захирлыг авахаар ирсэн. Намайг гэр лүү дөхүүлэхээр бид өргөтгөлийн хаалга руу явж байтал биеийн тамирын багш Ц. До, манаач М нар хоорондоо нэлээн чанга ярилцаж байсан. Захирал та нар харьцгаа гэж байтал гаднаас цагдаа орж ирсэн”, Н.М “тухайн өдөр жижүүртэй байсан. Өдөр нь захирлаас чөлөө аваад орой 17 цагийн үед ажил дээрээ ирсэн. Өдөр нь 0,5 литрийн архи задлаад ганцаараа уусан байсан. Ажил дээрээ ирээд хэнтэй маргалдсанаа санахгүй байна Нэг ухаан орсон чинь захирал, сургалтын менежер нар ирсэн байсан” гэсэн мэдүүлэг болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 47 дугаар бүрэн дунд сургууль дотор хүмүүс архидаад, орилолдоод байна гэх дуудлага мэдээллийг БГ дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулж сургуулийн ажилчдыг согтолт хэмжих багажаар шалгахад Ч.Н 0,92 хувийн согтолттой байсан гэх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БГ дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн албан бичиг гэсэн баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр Ч.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай тушаал хуульд нийцсэн тул хариуцагч Баянгол дүүргийн ЗДд холбогдох нэхэмжлэгч Ч.Нын Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг ЗДд даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт  7.985.348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын Их Хурлаас 2018 онд  Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх Дүүргийн ЗДд шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1а/4321 зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3684 дугаартай албан бичгээр Дүүргийн ЗД нарт чиглэл хүргүүлж, ЗД   хуульд зааснаар Ч.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласанг хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан олгох нь зүйтэй.

Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Зиндаа.мн сайтад үзлэг хийсэн боловч  уг бичлэг нь тушаалын үндэслэл болоогүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.    

Шүүх хуралдаанд хариуцагч нь гэрчээр Ц.Э, Н.М, Ц.До нарыг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                     ТОГТООХ нь: 

        

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69, 46 дугаар зүйлд зааснаар хариуцагч Баянгол дүүргийн ЗДд холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг ЗДд даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт  7.985.348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч Ч.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.811 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Над буцаан олгосугай.

           3. Хариуцагч нь Ц.Э, Н.М, Ц.До нарыг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА