Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01545

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01545

 

 

Ч.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11ий өдрийн 102/ШШ2021/01898 дугаар шийдвэртэй, Ч.Нын нэхэмжлэлтэй БГДЗДд холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 985 348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/119 тоот тушаалаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/42 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдсон. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Захирамжийн баримталж буй хууль зүйн үндэслэл болон агуулгаас үзэхэд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба ажлаас халах, ажлаас чөлөөлж байгаагийн аль нь тодорхойгүй байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12 дах зохицуулалтаас үзэхэд Засаг дарга нь намайг албан тушаалаас чөлөөлөхөөс өмнө Нийслэлийн Боловсролын газрын аливаа санал авахыг хуульчилсан атал уг хуулийн заалтыг биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор БГДЗДас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй. Маргаан бүхий 2021 оны Б/40 тоот тушаалд ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, сахилгын зөрчил гаргасан үндэслэлийг дурдсан байх ба миний бие ажлын байранд архидан согтуурсан болон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээрээ ирсэн үйлдлийг гаргаагүй болно. Тухайн өдөр гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг дүүрэгт гаргаж өгөх ёстой байсан тул өглөө 10-12 цагийн хооронд багш нар бөөнөөрөө гаргаж өгсөн тул 14-16 цагийн хооронд цахим хурал хийж, 16-18 цагийн хооронд сургалтын менежер н.Должинсүрэнгийн хамт гэртээ ирж үдийн хоол идсэн. Тухайн үед өвлийн идэш ирсэн байсан тул мах идэж, айраг уусан. Гэтэл 17 цаг 30 минутын үед сургууль дээр согтуу хүмүүс яваад байна гэсэн дуудлага ирсэн тул сургууль руу явсан. Тухайн өдөр манайх хөрөнгө орлогын мэдүүлэг явуулах ёстой байсан учир тэнд байсан 3 багш, жижүүрийн хамт ирж зохицуулж байтал дүүргээс дуудлагаар Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын дарга нар ирсэн байсан. Цагдаагийн хүмүүс биднийг 1 дүгээр хэлтэст аваачиж согтолт хэмжих багажаар хэмжилт хийсэн. Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны Б/40 тушаалыг уншиж танилцуулсан. Надад тэтгэвэрт гарахад 2 жил үлдсэн байсан бөгөөд ажлаас чөлөөлсөн явдалд улс төр орсон байж болзошгүй. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт 7 985 348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Ч.Ныг 47 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн дээрх захирамжид үндэслэл болгосон хуулийн заалт нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, үйлчлэхийг хориглоно, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тус тус зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг орчимд Дүүргийн шуурхай штабт 47 дугаар сургууль дээр хүмүүс архидан согтуурч, орилолдоод байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсний дагуу тухайн өдөр шуурхай штабт жижүүрлэж байсан албан хаагч нар тус сургууль дээр очиход Ч.Н нь сургуулийн менежер, биеийн тамирын багш, технологийн багш, жижүүр зэрэг хүмүүсийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлстийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дуудлага, мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийсэн, үүнтэй холбоотой сургууль дээр байсан нэр бүхий ажилтан, албан хаагчдын согтолтын зэрэг хэд байсан талаар бичиж ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Ч.Ныг 0,92 хувийн согтолттой байсан талаар дурдсан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа сургууль дээр очиход ажилчид, менежер нь ажлын байран дээр согтуу байсан, тэдгээрийг зохицуулсан гэж тайлбарлаад байгаа боловч хатуу хөл хорионы үед нэг сургуулийн 5 хүн нэг өдөр нэг цагт зэрэг ажлын байранд таарна гэдэг боломжгүй асуудал. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69, 46 дугаар зүйлд зааснаар хариуцагч БГДЗДд холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт 7 985 348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч Ч.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 811 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Над буцаан олгож, хариуцагч нь Ц.Эрдэнэхүү, Н.Мандалбаяр, Ц.Доржпалам нарыг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Ч.Ныг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/40 тоот захирамж нь хууль тогтоомжийг зөрчин ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гарсан ба ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал хэрэгт авагдсан үйл баримтуудаар бүрэн тогтоогдохгүй, харин ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс таамаглалаар ажлын байранд архидан согтуурсан гэж үзсэнээ хүлээн зөвшөөрсөн. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 31.1.12-т "... тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу Нийслэлийн Боловсролын газраас санал авахыг хуульчилсан атал уг асуудлыг шүүхээс зөвтгөн яамнаас болон Нийслэлийн Засаг дарга зөвлөмж, чиглэл хүргүүлж байсан учир хамаагүй мэтээр дүгнэсэнд нь гомдолтой байна. Мөн шүүхээс байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэх шаардлагагүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог гэж заасан байх бөгөөд шинэчилсэн хуулийн зохицуулалттай холбоотойгоор БГДЗД нь хөдөлмөрийн нөхцлийн талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үүргээ биелүүлээгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь бүх сургуулийн захирал, эрхлэгч нартай хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн талаар болон тухайн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бусад ажилтан, албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулаагүй талаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжпэгчид тэгш бусаар хандаж, тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01898 тоот шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Тус хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны журмаар урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.Н нь ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу хэрэглэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл түүнийг ажпаас чөлөөлөх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад хууль бус тушаал гарган чөлөөлсөн нь үндэслэлгүй. Ажпаас чөлөөлсөн дүүргийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр захирамж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Тухайн хуулийн болон тогтоолын зохицуулалтуудаас харахад ажлын байранд согтууруулах ундаа нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн тохиолдолд л хариуцлага ногдуулахаар байх бөгөөд ажлын байрнаас өөр газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ийнхүү хэрэглэсэн үедээ ажпын байран дээр ирсэн тохиролдолд хамаарахааргүй байна. Гэтэл шүүх ... Ч.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлжээ. Түүнчлэн Ч.Ныг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилж, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Боловсролын газар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр буюу цуцлагдаагүй байсан, цуцлах эрх хэмжээ дүүргийн Засаг даргад олгогдоогүй болох нь түүний Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09/2788 тоот албан бичгээр тогтоогддог. Хариуцагч нь Ч.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөртэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжоор хангаж өгөхийг хүссэн агуулга бүхий дээрх албан бичгийг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж байжээ. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг албан тушаалд томилох, чөлөөлөх ерөнхий зохицуулалт нь Боловсролын тухай хуульд тусгагдсан. Нийслэлийн Боловсролын газраас Ч.Ныг ажлаас чөлөөлөх талаар буюу сахилгын шийтгэл ногдуулах талаар саналыг хариуцагчид хүргүүлж байгаагүй. Гэтэл шүүх ...Боловсролын тухай хуулийн 31.1.12-т заасан нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх тохиолдолд Боловсролын газрын саналыг үндэслэх талаар зааснаас бус ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлд хамаарахгүй хэмээн хэтэрхий өрөөсгөл, нэг талыг барьсан дүгнэлт хийж, хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч БГДЗДд холбогдуулан Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 985 348 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан, тушаал үндэслэлтэй гэж маргажээ. /хх1-2, 45-47/

Ч.Н нь Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/42 тоот захирамжаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн захирлаар томилогдож, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Боловсролын газартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажилласан байна. /хх 23/

Хариуцагч Нийслэлийн БГДЗД нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон Ч.Ныг тус дүүргийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх5-21, 45-47/

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 6.2 дугаар зүйлийн 6.2.2, 6.3 дугаар зүйлийн 6.3.1-д заасныг үндэслэсэн ба Ч.Ныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн байдалтай ирсэн тул ажлаас халсан гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Ч.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу хэрэглэсэн байдалтай ирсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэрэглэсэн байдалтай ирсэн гэх нөхцөл байдлыг хамруулах талаар талуудын байгуулсан гэрээний 6.3.1-т тодорхой заасан байна. /хх17-20/

Ажилтан Ч.Н нь сургуулийн захирал бөгөөд түүний ажлын орчин, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэрэглэсэн байдалтай ирсэн тохиолдлыг ажлаас шууд чөлөөлөх ноцтой зөрчлөөр тодорхойлсон. Нэхэмжлэгчийг болон нэр бүхий ажилтнуудыг ажлын байрнаас буюу сургуулийн талбайгаас Цагдаагийн байгууллага авч явж, согтуурлын зэргийг тогтоосон байх бөгөөд Ч.Н нь 0,92 хувийн согтолттой гарсан үйл баримт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн баримтаар тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй. /хх69/ Нэхэмжлэгч нь тухайн үед өвлийн идэш ирсэн байсан тул гэртээ мах идэж, айраг уусан, нэг хундага коньяк уусан гэх тайлбараар нь түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээгүй гэх тайлбар няцаагдаж байна. /хх 69/

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарахаар заасан. Нэхэмжлэгч нь айраг уусны дараа коньяк уусан буюу согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэрэглэсэн үйл баримтаа үгүйсгээгүй, гагцхүү гэртээ хэрэглэсэн гэх боловч 47 дугаар сургууль дээрээс Цагдаагийн байгууллага ажилтнуудыг ирж авсан байна. Иймд нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээгүй гэж дүгнэх боломжгүй тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гол нөхцөл болон бусад нөхцлийн талаар тохиролцож гарын үсгээ зурсан, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан бөгөөд гэрээний хугацаа сунгагдсанд тооцох тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөх нь ажил олгогчийн нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа явдал ийнхүү цуцлах тохиолдолд Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэх тухай зохицуулалт шууд хамаарахгүй юм. /1хх-70-72/ Иймд нэхэмжлэгч Ч.Нын гаргасан зохих журмыг баримтлаагүй ажлаас чөлөөлсөн талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11ий өдрийн 102/ШШ2021/01898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД