Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0012

 

2021 оны 01 сарын 04 өдөр         Дугаар 128/ШШ2021/0012            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч банк ХХК /РД: *******/,

Хариуцагч: М банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д,

Гомдлын шаардлага: М банкны ахлах хянан хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ч банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ч банк ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: М банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д нь тус банкийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндсэн мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэн 10,000,000 төгрөгөөр торгосон болно. Зөрчилд тооцож буй үйлдэл нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэнэ. Үүнд:

Ч банк ХХК нь холбогдох гэрээ хэлцлийг байгуулан иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Тухайн гэрээ, хэлцлийн үндсэн нөхцлөөр хүү, хугацаа зэргийг тогтоодог бөгөөд хуульд зааснаар нэг талын санаачилгаар банкны гэрээг цуцлах эрхгүй.

Хянан шалгагчийн дурдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд тус хууль батлагдсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөхөөр зохицуулсан.

Хуульд зааснаар ...банкны харилцах дансанд хүү тооцохгүй гэж зохицуулсан хэдий ч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэх хууль тогтоомж буцаан хэрэглэх зарчим байх бөгөөд уг зарчмын дагуу хууль батлагдахаас өмнө гэрээ байгуулсан буюу гэрээний хугацаа нь дуусаагүй харилцагчид өмнөх гэрээний нөхцлөөр үргэлжлүүлэхээр байна.

Иймд Ч банк ХХК нь хууль зөрчсөн зүйлгүй бөгөөд хянан шалгагч Ч.Д-н 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 тоот шийтгэлийн хуудас нь хууль бус болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ч банк нь холбогдох гэрээ, хэлцлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Тухайн гэрээ хэлцлийн үндсэн дээр үндсэн нөхцөл, хүү, хугацааг тогтоодог бөгөөд хуульд зааснаар талуудын аль нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байдаг. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэх болсон. Энэ хууль нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчин төгөлдөр бус болсон. Өнөөдрийн хувьд хүчин төгөлдөр бус байгаа гэж үзэж байна. Банкны харилцах дансанд хүү бодохгүй хэмээн заасан 10.4 дэх заалт нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс өмнө гэрээ, хэлцэл хийсэн иргэн, байгууллагын харилцах дансанд хүү тооцох эрх нь манай банканд байгаа гэж үзээд байгаа. Өмнө нь байгуулсан гэрээ энэ хуульд хамаарахгүй. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан гэрээнд хүү тооцсон ямар нэг зүйл байхгүй тул М банкны хянан шалгагчийн гаргасан зөрчлийн актыг хууль бус байна гэж үзээд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Харилцах данс нь М банкнаас олгосон зөвшөөрлийн дагуу хийгддэг үйл ажиллагаа байгаа. Э ХХК-тай байгуулсан гэрээ нь 2017 онд байгуулсан гэрээ ба дуусах хугацаа нь энэ харилцах дансанд гүйлгээ хийж байгаа мөнгөн дүн нь зогссон үед гэрээнд заасны дагуу дуусгавар болох журамтай байгаа. Тиймээс манайх Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дансанд нь орж ирж байгаа мөнгөн хөрөнгөд хүү тооцож тасалбар болгон авч байгаа учраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиас 3 жилийн өмнө байгуулагдсан, одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ байх тул манайх хүү тооцно гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заагдсан хууль буцаан хэрэглэх гэдэгт хамаарна. Хуульд зааснаар 2 талын ашиг сонирхол зөрчигдөхүйц бол гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа. Манай тохиолдолд 2 талын эрх ашиг хөндөгдөх учраас энэ заалтыг барина гэж үзэж байгаа. гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Ч банк ХХК нь хязгаарлагдмал хадгаламжийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, энэ банк зөвхөн гадаад улсын иргэн эсвэл тус банкнаас зээл авсан хуулийн этгээдээс хадгаламж татах эрхтэй. Өөрөөр хэлбэл Ч банк ХХК харилцах дансаар дамжуулан иргэн, аж ахуй нэгжээс эх үүсвэр татан ажилладаг.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтаар Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй..., 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтаар Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж зохицуулсан.

Аливаа этгээд хүчин төгөлдөр буй хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Бусад арилжааны банкнууд харилцагчидтайгаа гэрээгээ шинэчлэх замаар энэ хуулийн биелэлтийг хангах арга хэмжээ авсан.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ хуульд тусгайлан зохицуулсан харилцаа болох цар тахлын үед харилцах дансанд хүү хуримтлуулан тооцох арга хэмжээг зайлшгүй зогсоох шаардлагатай.

Гэтэл Ч банк ХХК харилцах дансанд хүү тооцож байгаа нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тул 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр М банкны улсын байцаагчийн 2020/12010/007 дугаартай мэдэгдлээр нэгдүгээрт: Харилцах дансанд хүү хуримтлуулан тооцохыг энэхүү мэдэгдэл хүлээн авсан өдрөөс зогсоох, хоёрдугаарт: 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд харилцах дансанд хуримтлуулж тооцсон хүүг буцаах тохируулгыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх үүрэг өгсөн боловч биелүүлээгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт ...М банк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу Ч банк ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, шийтгэлийн хуудас хүргүүлсэн болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ч банк нь хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, харилцах дансны үйл ажиллагааны эрхтэй гэдгийг нь нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Ч банк нь хадгаламж байхгүй учраас тусгай нөхцөлтэй харилцах данс гэх хугацаатай ч юм шиг, зарлага гарах эрх нь хязгаарлагдмал данс нээлгүүлсэн. Энэ ганцхан Э ХХК-тай биш, 500-600 харилцагчийн асуудал яригдаж байгаа. М банкны хянан шалгагч зөвхөн улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан.

Гомдол гаргагч тал өмнө нь хийсэн гэрээнд шинэ хууль нөлөөлөхгүй гэх тайлбарыг хэлээд байгаа. Би энэ тайлбарыг нь аваад хяналтын прокурортой, М банкны Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүдтэй ч зөвлөлдсөн. Гомдол гаргагчийн энэхүү тайлбарын эсрэг миний тайлбар бол банкны үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой. Шинэ эсвэл хуучин хууль гэдгээс үл хамааруулан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд үйл ажиллагаа нь нийцэх шаардлагыг хангана. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлүүлэн нэхэмжлэгч тал нь харилцах дансандаа хүү тооцохгүй байх ёстой байсан. Энэ бол хуулиар зохицуулагдсан асуудал. Энэ хуульд үйл ажиллагаагаа нийцүүлэх гэж Ч банк юу хийсэн бэ гэдгийг зөрчил шалган шийдвэрлэх явцад харж үзсэн боловч юу ч хийгээгүй. Нэхэмжлэл дээрээ ч дурдаагүй байгаа, хийсэн зүйлгүй юм чинь юу дурдах вэ дээ. М банкнаас хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой хоёр удаа тайлбар өгсөн байдаг. Банкнуудад хууль хэрэгжүүлэх талаар тайлбар хүргүүлсэн. Дараагийн тайлбарыг банкны холбоогоор дамжуулаад банкнууд энэ хуулийг хэрхэн хэрэглэх талаар тайлбар авсан. Энэ хуульд банкнууд үйл ажиллагаагаа нийцүүлэх боломжтой байсан. Харилцагчид хандан шинэ хууль гарсан, таны харилцах дансанд хүү тооцогдохгүй гэдгийг ойлгуулан гэрээгээ шинэчлээд явж байгаа банкнууд байгаа. Энэ хуулийг хэрэглэхгүй, зөвшөөрөхгүй гээд эсэргүүцсэн банк байхгүй, бүгд биелүүлээд явж байна. Энэ банк дээр л ийм асуудал үүсээд байна. Би 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрт олгогдсон улсын байцаагчийнхаа эрхийн хүрээнд мэдэгдэл хүргүүлж үүрэг даалгавар өгсөн. Хариуд нь үүнийг зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү зөвшөөрөөгүй учраас зөрчлийн хэрэг үүсгэж шалгаад улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ зөрчлийн хэргийн гол агуулга бол улсын байцаагчийн мэдэгдэл, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гэж үзсэн.

Би энэ банканд хянан шалгагчаар томилогдохоосоо өмнө М банкны бодлогын хэлтсийг хариуцан ажиллаж байсан. Банкны системийг жилээр нь авч үзвэл 2 орчим их наяд төгрөгийн эх үүсвэрийн зардал төлөөд 2,8 орчим их наяд төгрөгийн зээлийн хүү авдаг. Үүнээс эх үүсвэр талдаа харилцах, хадгаламж байгаа, нэг жилд 700-750 тэрбум төгрөгийг харилцах данснаас хүүлүүлж байгаа. Тэгэхээр энэ хүүгийн зардлыг бууруулж чадах юм бол зээлийн хүүгийн зардал тодорхой хэмжээгээр буюу 400-500 орчим тэрбумын хүү буурах болов уу хэмээн тооцоолж оруулсан зохицуулалт байгаа. Улсын Их Хурлын даргын хэлснээр энэ хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг сунгана. Шинээр орсон зохицуулалт нь харилцах данс дээр нэмдэг нь хугацаагүй хадгаламжид хүү тооцохооргүй болж байгаа. Өөрөөр хэлбэл эх үүсвэрийнхээ зардлыг бууруулах, зээлдэгчийн дарамтыг сулруулах зорилготой. Ер нь бол төлбөр тооцооны данс, хадгаламжийн данс гэх 2 дансны төрөл байдаг. Монголд л энэ хугацаагүй хадгаламж гэх харилцах данснаасаа ялгарахааргүй данс байгаад байгаа. Гэхдээ хуулиараа зөвшөөрөгдсөн асуудал.

Би хуульч хүн биш, эдийн засагч хүн. Гэхдээ хуулийг уншиж чадна, банкны үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой. Ядаж хуульд нийцүүлэхийг хичээсэн байх ёстой. Тэгэх юм бол шалгаж байгаа болон шалгуулж буй байгууллага хоорондын харилцаа нь итгэлцэл дээр тогтдог. Зөрчлийн хэрэг дээр аль ч шаардлагыг хангаагүй байсан учраас ийм асуудал үүсээд явж байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч банк ХХК нь тус банкийг М банк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан М банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан, батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болсон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй... гэж заасан бөгөөд энэ заалтыг хэрэгжүүлж хуулийн үйлчлэх хугацаанд харилцах дансанд хүү тооцохгүй, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг М банкны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-10/605 тоот албан бичгээр Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, бүх банканд мэдэгдсэн байдаг.

Улмаар Монголын банкны холбооноос 5 дугаар сарын 13-ны өдөр энэ хуулийн зарим зохицуулалтын талаар зөвлөмж, тайлбар хүссэнээр М банкны ерөнхийлөгч 5 дугаар сарын 29-ний өдөр А-1/666 тоот албан бичгээр Монголын банкны холбоонд зөвлөмж, тайлбар хүргүүлсэн, тухайлбал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг хууль хүчин төгөлдөр болсон 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө харилцагчтай байгуулсан гэрээний нөхцөлд холбогдох өөрчлөлтийг оруулах, харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийх хэмээн тайлбарласан байна.

М банкны ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/48 дугаар тушаалаар Ч банкинд ажиллах М банкны хянагчаар томилогдсон Монгол банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д Ч банкинд 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2020/12010/007 дугаартай Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг үндэслэн харилцах дансанд хүү хуримтлуулан тооцохыг мэдэгдэл хүлээн авсан өдрөөс зогсоох, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс мэдэгдэл хүлээн авсан өдөр хүртэлх хугацаанд харилцах дансанд хуримтлуулж тооцсон хүүг буцаах тохируулгыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх улсын байцаагчийн мэдэгдлийг Төв банкны тухай хуулийн 251 дугаар зүйлийн 1.3-т заасан эрхийн дагуу өгчээ.

Улсын байцаагчийн энэ мэдэгдэлд заасан хугацаанд М банк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 9 дүгээр сарын 21-нд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад улсын байцаагчийн 2020/12010/007 дугаартай мэдэгдэлд заасан шаардлагыг биелүүлээгүй гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 тоот шийтгэлийн хуудсаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Ч банк нь Э ХК-тай 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан харилцах дансны үйлчилгээний С/17-00470 дугаартай гэрээний дагуу гадаад валютын харилцах дансны үлдэгдэлд 2020 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сард хүү тооцож олгосон, хуримтлуулж тооцсон хүүг буцаах тохируулга хийгээгүй нь 9 дүгээр сарын 29-ний өдөр авсан харилцагчийн гадаад валютын дансны хуулгаас тогтоогдсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоос өгсөн улсын байцаагчийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлгээр М банк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй зөрчил тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан М банк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, хуулийн энэ заалтад нийцсэн байна.

Гомдол гаргагч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө байгуулагдсан гэрээний нөхцөлд энэ хууль хамаарахгүй, тусгай нөхцөлт харилцах данс хэмээн маргасан нь үндэслэлгүй. Учир нь:

1. Энэ нь гомдолд дурдсанчлан хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголтод хамаарахгүй. Хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь хууль батлагдахаас өмнөх үйлдэлд шинэ болон хуучин хуулийн зохицуулалтын алийг хэрэглэхийг сонгох ойлголт бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдан мөн өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн, энэ хугацаанд буюу 4 дүгээр сарын 29-нөөс хойших хугацаанд банкны харилцах дансанд хүү тооцохгүй гэсэн заалтыг хэрэглэх нь хуулийг буцаан хэрэглэх ойлголт биш, хүчин төгөлдөр хуулийг хэрэгжүүлэх ойлголт бөгөөд энэ хууль хэрэгжихээсээ өмнөх хугацаанд тооцогдсон хүүг хэрхэх талаарх асуудал энэ хэрэгт хөндөгдөөгүй.

2. Ч банк нь М банкны ерөнхийлөгчийн 2003 оны 556 дугаар тушаалаар анх банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зээл, төлбөр тооцоо, гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр авч, 2004 оны 630 дугаар тушаалаар зөвхөн гадаадын харьяат иргэд, байгууллагад мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах, үнэт метал, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, М банктай зөвшилцсөний үндсэн дээр үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах зөвшөөрөл, 2005 оны 124 дүгээр тогтоолоор зөвхөн өөрийн зээлдэгчийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, 2013 оны А-139 дүгээр тушаалаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжих хугацаанд форвард хэлцэл, зөвхөн ханшийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын своп хэлцэл хийх зөвшөөрлийг тус тус авсан байна.

Тодруулбал Ч банк нь анх банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1996 оны Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 болон одоогийн хүчин төгөлдөр Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тус банк мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэхгүй.

Тус банкны харилцагчтай байгуулсан тусгай нөхцөлт харилцах дансны үйлчилгээ нь хадгаламжийн үйлчилгээ биш, төлбөр тооцоо хийх зөвшөөрлийн дагуу хийгдэж буй харилцах дансны үйлчилгээ тул Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан банкны харилцах дансанд хүү тооцохгүй гэх зохицуулалтад хамаарна.

3. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор батлагдсан бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д цар тахлын үед эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа нь энэ хуулиар зохицуулагдахаар заажээ.

Цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилсан, үүний 1 зохицуулалт нь энэ маргаанд хамаарах 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй ... гэх заалт бөгөөд, М банк энэ зохицуулалтыг банкны бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хүү нь зээлийн хүүний 65 орчим хувийг бүрдүүлдэг тул банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах, улмаар зээлийн хүүг бууруулах зорилгоор харилцах дансанд хүү тооцохыг цар тахлын үед хориглох зохицуулалт тусгасан, 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй, банкнаас харилцагчид үзүүлэх төлбөрийн үйлчилгээний гэрээ, хэлцлийг хуульд нийцүүлэх, хүчин төгөлдөр бус болох эрсдэлээс сэргийлэх шаардлагатай, зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, энэ арга хэмжээний хүрээнд харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийх нь зүйтэй. гэж арилжааны банкуудад тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт нь банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах буюу цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэгмэлийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зээлийн хүүгийн дарамтыг бууруулж зохих дэмжлэг үзүүлэх зэргээр эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт байна.

Иймээс энэ хуулийн үйлчлэлд Ч банкны харилцагчдаа үзүүлж буй харилцах дансны үйлчилгээ нь хамаарах бөгөөд тус банк хууль хүчин төгөлдөр болсон өдрөөр тасалбар болгон үүнээс хойш харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш харилцах дансанд хуримтлуулж тооцсон хүүг буцаах тохируулга хийх үүрэгтэй, энэ талаарх улсын байцаагчийн мэдэгдэл хууль ёсны байна.

Иймд М, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь М банкны хянан шалгагч, улсын байцаагчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд, хуульд нийцсэн шийдвэр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг тус тус баримтлан М банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ч банк ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА