Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02221

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 10 сарын 15 өдөр                 Дугаар 183/ШШ2021/02221                       Улаанбаатар хот

 

 

              

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, хххх дүгээр хороо, хххх гудамж, ххх байр, хххх тоот оршин суух, Ш овогт Ж.Ц /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххх дүүрэг, хххх дугаар хороо, ххххх хороолол, ххх  байр, ххх тоот, А овогт Н.Б /РД:0000000 /-д холбогдох

88115263 дугаарыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Ц нь Д И ХХК-ийг үүсгэн байгуулж Япон улстай хамтарсан төсөл хэрэгжүүлж ажилладаг. Надад утасны хэрэглээ маш чухал байсан тул 2012 оны 05 дугаар сард Энхтуяа овогтой Булганаас үүрэн телефоны Юийн 88115263 дугаарыг 600 000 төгрөгөөр худалдан авч 8 жил гаран идэвхтэй эзэмшиж ашиглаж ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс гэнэт утас сүлжээгүй болж Юээс тодруулахад Н.Б С Фкомпаниас өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Улмаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулахад Н.Б нь Ня гэх хүнд 2020 оны 07 дугаар сард Кроун маркийн машины бартерт оролцуулан 9 000 000 төгрөгөөр зарсан байдаг. Энэ хугацаанд би миний ажил амьдралыг залгуулж байсан дугаараа алдаж хохирсон төлбөрт 1 000 000 төгрөг. Нийт 10 000 000 төгрөгийг эсвэл 88115263 дугаарыг буцаан авахаар нэхэмжилж байна. Хуульд нийцүүлэн Н.Б-ээс 10 000 000 төгрөг буюу 88115263 дугаарын аль нэгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, шүүхэд миний бие хариуцагч Н.Б-эс 10 000 000 төгрөг буюу 88115263 дугаарын аль нэгийг гаргуулж өгнө үү гэсэн. Өмнөх хуралдаанд 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөг гаргуулах гэснийг болиод өөрийн 8 жилийн хугацаанд эзэмшиж, ашигласан дугаар болох 88115263 дугаарыг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм.

Миний бие 2012 онд Э.Б-аас Юийн 88115263 дугаарыг 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Э.Б нь дугаарыг шилжүүлэх албан бичгийг С Ф ХХК-ийн захирал Н.Б эс гурван удаа авч өгч байсан. Нэгт сим сэргээлгэхээр, хоёрдахь удаад миний хүсэлтийн дагуу Д И ХХК руу  шилжүүлэх тухай хүсэлт гаргаж өгч байсан. Тус албан бичгийг Ю ХХК руу авч очиход байгууллагын нэр дээр авах тохиолдолд 5 дугаар нэмж авах ёстой өөрөөр хэлбэл байгууллагын багц сонгож авах ёстой гэсэн учраас байгууллага дээр бус өөрийн нэр дээр авах талаар Э.Б-д хэлсэн. Гуравдахь удаад С ФХХК-иас 88115263 дугаарыг Ж.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг авч өгсөн боловч миний регистрийн дугаар ЧВ байсныг ЧҮ гэж албан бичигт буруу бичсэний улмаас дугаараа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй юм. Гэвч би дугаараа төлбөрөө төлөөд эзэмшиж, ашиглаж ирсэн. Э.Б-д энэ талаар удаа дараа хэлэхэд тиймхэн зүйлийг шилжүүлж чадсангүй юу гээд завгүй байна, дараа больё гэж байсан. Ю ХХК-д ямар шалтгааны улмаас дугаараа өөрийн нэр дээр авч чадахгүй байгаа талаараа тайлбарлаад тэмдэглэл хийлгүүлж байсан. С ФХХК-ний хаягаар нь хайгаад олоогүй, Э.Булганы дугаар ч солигдоод холбоо барих боломжгүй болсон. Утасны дугаараа төлөх бүрт Э.Ббүртгэлтэй байсан бөгөөд жил бүрийн 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн өдрийн бэлгийн дата ирдэг байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Би 2012-2020 оны хооронд утасны дугаарынхаа төлбөрийг тасралтгүй төлж эзэмшиж ашиглаж байтал 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр утас сүлжээгүй болсон тул Ю ХХК-иас лавлаж асуухад ашиглагч байгууллагын хүсэлтээр нэр шилжсэн гэж тайлбарласан. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргахад С ФХХК-ийн захирал Н.Б нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байсан. Гэтэл Н.Б нь мэдүүлэг өгөхдөө “...88115263 дугаарыг хэн эзэмшиж байсан талаар санахгүй байна, тус дугаар Ю ХХК-иас авдаг энгийн дугаар байсан, ач холбогдол өгдөггүй байсан, 2020 онд компаниа татан буулгахад Ю ХХК-иас 88115263 дугаар нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй байсан тул өөрийн нэр авсан” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Харин Ю ХХК-ийн байгууллага хариуцсан мэргэжилтэн н.Урансүх эгч 88115263 дугаар нь 2011-2021 он хүртэл Н.Б-ийн нэр дээр байсан гэх худал тодорхойлолт гаргаж өгсөн тул Баянгол дүүргийн Прокурор хэргийг хаан шийдвэрлэсэн. Ю ХХК-иас удаа дараа худал зөрүүтэй тодорхойлолт гаргаж өгч байсан төдийгүй хамгийн сүүлийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримтууд нь он, сар дугаарлалтгүй, тамга, тэмдэггүй баримт байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд Н.Б-д гомдолтой байна. Олон жил төлбөрийг нь төлж эзэмшиж, ашиглаж байсан дугаараа Н.Бэс буцаан авах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц гэх хүн Ю компанийн 88115263 дугаарыг өөрийнх гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргйн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Н.Б миний бие тус нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа ба тус дугаар нь миний хувь эзэмшдэг С ФХХК-ийн нэр дээр эзэмших эрх нь байсны дагуу шилжүүлж авсан. 5348072 регистрийн дугаартай С ФХХК Ю ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 88115263 дугаарыг эзэмшдэг байсан. ХН84022019 регистрийн дугаартай Н.Б миний бие тус компанийн тавин хувийн эзэмшигч ба гүйцэтгэх захирал болно. Ю ХХК-ийн шаардах журмын дагуу 88115263 дугаарын эзэмшигч С ФХХК-ийн захирал, хувь эзэмшигчийн хувьд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Мөн 88115263 дугаарыг 2020 оноос өмнө хэн нэгэнд худалдаагүй, ямар нэгэн худалдаалах гэрээ хийгээгүй ба төлбөрт мөнгө болон бусад эд зүйлс аваагүй болно. 88115263 дугаарыг Ю компанийн лавлах 1414 дугаарт залган давхар эзэмшигчийн талаар лавлахад байгууллага хариуцсан менежерээ залгуулъя гэсэн. Ю ХХК-ийн байгууллага хариуцсан 89112291 дугаараас холбогдож 88115263 дугаар нь 2020 оны хагас хүртэл С ФХХК-ийн нэр дээр байсан давхар эзэмшигч байх боломжгүй, бид гэрээний дагуу эзэмшигчийн албан ёсны зөвшөөрөлгүй дугаарыг шилжүүлдэггүй гэж мэдэгдсэн. Мөн тус дугаарыг С ФХХК-ийн албан ёсны баталгаажсан албан бичгийн дагуу Н.Б гэж хүнд шилжсэн байна гэж хэлсэн. Үүнийг бичгийн хэлбэрээр албан ёсоор авч болох уу гэж асуухад манайд ийм үйлчилгээ байдаггүй тул боломжгүй гэж мэдэгдсэн ба Ю ХХК-тай байгуулсан дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, С ФХХК, Ю ХХК-ийн өгсөн дугаар шилжүүлэх хүсэлт нь батлах бичиг баримт болно гэсэн.

Иймд тус дугаарыг С ФХХК-ийн эзэмшлээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул Ж.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж эсэргүүцэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С ФХХК-ийн гүйцэтгэх захирал болон хувь эзэмшигчийн хувьд энэ дугаарыг худалдан борлуулаагүй. Энэ дугаарын үндсэн эзэмшигч нь С ФХХК бөгөөд хэрэв байгууллагын нэр дээр байгаа дугаарыг өөр хүн ашиглаж байгаа бол бүртгүүлдэг, манай компанийн нэр дээрх 2 дугаарыг өөр хүн нэр дээрээ түр  ашиглаж буйг Ю ХХК бүртгэдэг болох   баримтыг жишээ болгож шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэв нэхэмжлэгч Э.Б-аас худалдаж авсан бол тэр хүнээс хохирлоо шаардах нь зүйтэй. Одоо энэ дугаар нь манай компанид болон миний нэр дээр ч байхгүй, зохих журмын дагуу бусдад шилжсэний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Н.Б-д холбогдуулан 88115263 дугаарыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил амьдралыг залгуулж байсан дугаараа алдаж хохирсон төлбөрт 1 000 000 төгрөг, дугаарыг 9 000 000 төгрөгт шилжүүлсэн тул нийт 10 000 000 төгрөгийг эсхүл 88115263 дугаарын аль нэгийг хариуцагч Н.Б-с гаргуулж өгнө үү гэсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 88115263 дугаарыг 8 жил эзэмшиж, ашиглаж байсан шударга эзэмшигч тул хариуцагч Н.Б-с 88115263 дугаарыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн. 

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад шүүх хуралдаанд хариу тайлбар өгөхөд татгалзахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаа тогтоох шаардлагагүй гэсэн болно.

Нэхэмжлэгч Ж.Ц нь Э.Булганаас 88115263 дугаарыг 600 000 төгрөгөөр худалдан аваад 2012 оноос 2020 оныг хүртэл 8 жил тасралтгүй эзэмшиж, ашиглаж ирсэн, дугаар ашигласны төлбөрийг бүгдийг төлдөг байсан, гэтэл 2020 оны 05 сарын 12-ноос дугаарыг ашиглах боломжгүй болсон бөгөөд хариуцагч Н.Б нь өөр хүнд дугаарыг худалдсан байсан тул шударга эзэмшигч надад 88115263 дугаарыг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь 88115263 дугаар нь С ФХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан бөгөөд уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйн хувьд компанийн эзэмшилд байсан дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь бусдад шилжүүлсэн, 88115263 дугаар нь түүний эзэмшил, ашиглалтад байхгүй тул буцаан өгөх боломжгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 90.2-д “шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц нь 88115263 дугаарыг Э.Булганаас 600 000 төгрөгөөр худалдан авсан, 88115263 дугаар нь Э.Б-ны  нэр дээр бүртгэлтэй учраас сар бүрийн 9 сарын 19-нд буюу Э.Б-ны төрсөн өдрөөр нь төрсөн өдрийн мэнд хүргэж дата бэлэглэдэг байсан, уг дугаарыг хууль ёсоор эзэмшиж байсан, эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан болон эрүүгийн журмаар шалгасан баримтуудаар нотлогдоно гэж тайлбарласан. /хэргийн 16-21, 24-26, 53-54, 56-58, 62-р хуудас/

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ю ХХК-тай байгуулсан Ж.Ц-ийн Үндсэн үйлчилгээний гэрээнд “...утас 88115263” гэж тэмдэглүүлсэн, мөн 5020564569 тоот данснаас 88115263 дугаарын утасны төлбөрөө төлж байсан /2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр утас, юнивишн төлбөр 140 000 төгрөг төлсөн, 2020оны 04 дүгээр сарын 21-нд 58 200 төгрөг/ гэж тайлбарласан боловч дугаарыг худалдан авсан буюу 2012 оноос эхлэн 2020 оны 5 сарыг хүртэл 8 жилийн хугацаанд 88115263 дугаарын эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн аваагүй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэрээ шилжүүлэх буюу эзэмшигчээр бүртгүүлэх боломжгүй байсан нь С Фкомпани нь олдоогүй, Э.Бнь холбоо барих боломжгүй болсон гэсэн боловч энэ талаараа баримтаар нотлоогүй, Ю ХХК дээр очиж 88115263 дугаарыг эзэмшиж байгаа талаараа тайлбар, тэмдэглэл хийлгүүлж байсан гэсэн боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй болно.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 1020 тоот прокурорын тогтоолоор Иргэн Ж.Ц нь 2012 оны 05 дугаар сард 88115263 дугаарыг иргэн Э.Б-аас худалдан авсан боловч уг дугаарыг өөр хүнд давхар зарж залилуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 88115263 дугаарыг нэхэмжлэгч Э.Булганаас авсан эсэх талаар зохигч маргаагүй болно. /хэргийн 9-12-р хуудас/

Хэрэгт авагдсан Ю ХХК-ний “Хүсэлт гаргах тухай” гэсэн албан бичигт “...“С Фкомпани нь Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн менежмент, хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь танай байгууллагын хэрэглэгч бөгөөд манай компани нэр дээр байгаа дараах 88115263 дугаарыг Ж.Ц нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн боловч уг хүсэлт нь огноо, дугааргүй байх бөгөөд Э.Булганаас 88115263 дугаарыг Ж.Ц-ийн нэр дээр шилжүүлэх талаар 3 удаа албан тоотыг авч өгч байсан гэж нэхэмжлэгч нь тайлбарласан боловч уг хүсэлтийг Ю ХХК-нд өгөөгүй талаараа нэхэмжлэгч маргаагүй. /хэргийн 13-р хуудас/

Нэхэмжлэгчийн дугаарын эзэмших эрхээ шилжүүлэхийг шаардах эрх нь 88115263 дугаарыг 600 000 төгрөгөөр худалдан авсан буюу ашиглаж эхлэснээс үүссэн бөгөөд энэ талаараа Э.Б буюу уг дугаарын эзэмшигч гэх С ФХХК-иас эзэмших эрхээ шилжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

            Хариуцагч нь 88115263 дугаарын эзэмших эрх нь компанийн нэр дээр бүртгэлтэй байсан учраас өөрийн нэр дээр шилжүүлээд дараа бусдад шилжүүлсэн тул дугаарыг буцаан өгөх боломжгүй гэж маргасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А0013 тоот “Дугаар шилжүүлэх тухай” албан бичгээр “...С ФХХК-ийн эзэмшдэг 88115263 дугаарыг Н.Б-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ю ХХК-ийн Дараа төлбөрт үйлчилгээний гэрээнд “...хувийн мэдээлэл Арвай овогт Н.Б, ХУД-ийн 15 хороо, Хавай Товн  С ФХХК-ийн гүйцэтгэх захирал, сонгосон багц 40000 төгрөг, сонгосон дугаар 88115263, үндсэн барьцаа 100000” гэж тэмдэглэгджээ. /хэргийн 47, 80-р хуудас/

            Мөн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ю ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээнд 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С001763802 бүртгэлийн дугаартай С ХХК-ийн нэр дээр АR02005477 хэрэглэгчийн дугаартай 88115263 дугаар нь үүссэн байх бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 02-нд Ю ХХК болон С ХХК-ийн хооронд дахин 00/0796 тоот Хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан, 88115263 дугаарыг С ХХК-ийн эзэмшлийн дугаар гэж гэрээнд хавсаргасан байна. /хэргийн 70-р хуудас/

Иймд дээрх 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн С ХХК-ийн А0013 дугаартай албан тоотын дагуу 88115263 дугаарыг байгууллагын нэрнээс хувь хэрэглэгч болох С ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-ийн нэр рүү нэр шилжүүлгийг хийсэн, 2020 оны 07 дугаар сарын 21-нд Н.Б болон Д.Н  нар өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж Хур системд хурууны хээ таниулснаар дугаар нь Д.Н-ын нэр дээр шилжүүлэг хийлгэжээ. /хэргийн 69-р хуудас/

Ю ХХК-ийн шүүхэд ирүүлсэн албан бичигт “...хэн гэдэг хэрэглэгч төлбөр төлсөн талаарх мэдээлэл манайхаас гарах боломжгүй” гэсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг ашиглаж байсан дугаарын төлбөрийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь 88115263 дугаарыг ашиглаж байх хугацааныхаа дугаар ашигласны төлбөрийг төлсөн гэж тайлбарласан болно. 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар 88115263 дугаар нь иргэн Д.Н-ын эзэмшилд бүртгэлтэй байгаа бөгөөд уг дугаарыг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Н.Б-с шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгч нь уг дугаарыг 8 жил эзэмшиж ашигласан, төлбөрийг нь төлж байсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д зааснаар 88115263 дугаарын шударга эзэмшигч тул дугаарыг буцаан шаардаж байна гэж тайлбарласан боловч уг дугаарыг хариуцагч Н.Б нь эзэмшиж, ашиглаагүй өөр хүний буюу Д.Нямбаярын нэр дээр бүртгэлтэй, түүний эзэмшилд байгаа болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Н.Б-с шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Ю ХХК-иас ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн боловч уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц-ийн хариуцагч Н.Б-д холбогдуулан гаргасан 88115263 дугаарыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН