Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00038

 

 

 

Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02221 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох 8811-5263 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч А.Ганбат, хариуцагч Н.Б-, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 2012 оны 05 сард Э.Булганаас үүрэн телефоны 8811-5263 дугаарыг 600,000 төгрөгөөр худалдан авсан. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл дугаараа тогтмол төлбөрийг нь төлснөөр эзэмшиж, ашиглаж байсан. Гэтэл тухайн өдөр утас сүлжээгүй болсон. Ингээд “Юнител” ХХК-аас лавлахад ашиглагч байгууллагын хүсэлтээр нэр шилжсэн гэж тайлбарласан. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргахад “Саксесс фактер” ХХК-ийн захирал Н.Б- нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байсан. Гэтэл Н.Б- нь мэдүүлэг өгөхдөө “...8811-5263 дугаарыг хэн эзэмшиж байсан талаар санахгүй байна, тус дугаар “Юнител” ХХК-аас авдаг энгийн дугаар байсан, ач холбогдол өгдөггүй байсан, 2020 онд компаниа татан буулгахад “Юнител” ХХК-аас 8811-5263 дугаар нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй байсан тул өөрийн нэр дээр авсан” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Харин “Юнител” ХХК-ийн байгууллага хариуцсан мэргэжилтэн н.Урансүх 8811-5263 дугаар нь 2011-2021 он хүртэл Н.Болор-Эрдэнийн нэр дээр байсан гэх худал тодорхойлолт гаргаж өгснөөр Баянгол дүүргийн Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус дугаарыг Н.Б- нь Д.Нямбаяр гэх хүнд 2020 оны 07 сард 9,000,000 төгрөгөөр буюу автомашин бартерт оролцуулан зарсан байна. Энэ хугацаанд дугаараа ашиглаж чадаагүй хохирсон төлбөрт 1,000,000 төгрөг, дугаарын үнэ 9,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг эсвэл 8811-5263 дугаарыг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрийн эзэмшиж, ашиглаж байсан 8811-5263 дугаарыг гаргуулахаар нэхэмжилж байна. Э.Булган нь дугаарын нэр шилжүүлэх албан бичгийг “Саксесс фактер” ХХК-ийн захирал Н.Б-эс гурван удаа авч өгч байсан. Нэгт сим сэргээлгэхээр, хоёр дахь удаад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “Дорнын Илч” ХХК руу шилжүүлэх тухай хүсэлт гаргаж өгч байсан. Тус албан бичгийг “Юнител” ХХК-д авч очиход байгууллагын нэр дээр авах тохиолдолд байгууллагын багц сонгож авах ёстой гэсэн учраас байгууллага дээр бус өөрийн нэр дээр авах талаар Э.Булганд хэлсэн. Гуравдахь удаад “Саксесс фактер” ХХК-аас 8811-5263 дугаарыг Ж.Ц-гийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг авч өгсөн боловч регистрийн дугаарыг ЧҮ гэж буруу бичсэний улмаас шилжүүлж чадаагүй. “Юнител” ХХК-д ямар шалтгааны улмаас нэр дээр авч чадахгүй байгаа талаараа тайлбарлаад тэмдэглэл хийлгүүлж байсан. “Саксесс фактер” ХХК-ийг хаягаар нь хайгаад олоогүй, Э.Булганы дугаар ч солигдоод холбоо барих боломжгүй болсон. Утасны төлбөр төлөх бүрт Э.Булган бүртгэлтэй байсан бөгөөд жил бүрийн 09 сарын 19-ний өдөр төрсөн өдрийн бэлгийн дата ирдэг байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. “Юнител” ХХК-аас удаа дараа зөрүүтэй тодорхойлолт гаргаж өгч байсан төдийгүй хамгийн сүүлийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримтууд нь он, сар дугаарлалтгүй, тамга, тэмдэггүй баримт байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд өөрийн эзэмшиж, ашиглаж байсан дугаараа Н.Б-эс буцаан авах хүсэлтэй байна.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тус дугаар нь Н.Болор-Эрдэнийн хувь эзэмшдэг “Саксес фактор” ХХК-ийн нэр дээр эзэмших эрх нь байсны дагуу шилжүүлж авсан. 5348072 регистрийн дугаартай “Саксес фактор” ХХК, “Юнител” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 8811-5263 дугаарыг эзэмшдэг байсан. ХН84022019 регистрийн дугаартай Н.Б- нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал юм. 8811-5263 дугаарыг 2020 оноос өмнө хэн нэгэнд худалдаагүй, төлбөрт мөнгө болон бусад эд зүйлс аваагүй болно. 8811-5263 дугаарыг “Юнител” ХХК-ийн лавлах 1414 дугаарт залган давхар эзэмшигчийн талаар лавлахад байгууллага хариуцсан ажилтан нь 8911-2291 дугаараас холбогдож “энэ дугаар нь 2020 оны хагас хүртэл “Саксес фактор” ХХК-ийн нэр дээр байсан давхар эзэмшигч байх боломжгүй, эзэмшигчийн албан ёсны зөвшөөрөлгүй дугаарыг шилжүүлдэггүй” гэж мэдэгдсэн. Мөн “Саксес фактор” ХХК-ийн албан бичгийн дагуу Н.Б- гэж хүнд шилжсэн гэж хэлсэн. “Юнител” ХХК-тай байгуулсан дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, “Саксес фактор” ХХК, “Юнител” ХХК-ийн өгсөн дугаар шилжүүлэх хүсэлт нь батлах бичиг баримт болно гэсэн. Иймд тус дугаарыг “Саксес фактор” ХХК-ийн эзэмшлээс өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь уг дугаарыг худалдаж авсан Э.Булганаас хохирлоо шаардах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц-гийн хариуцагч Н.Б-д холбогдуулан гаргасан 88115263 дугаарыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хуралдаанд процессын алдаа гаргасан тул шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

а./ 2021 оны 06 сарын 04-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн атлаа захирамжийг хэрэгт хавсаргаагүй. Мөн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Н.Б- “түгжрэлд орсон цахимаар хуралдмаар байна гэж нарийн бичиг н.Нямжаргал руу утсаар ярьсан шалтгаанаар хүлээлгэж хариуцагчийг ирсний дараа шүүх хуралдааныг 16 цаг 56 минутад эхлүүлсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх ёстой байсан. 2021 оны 10 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд 2021 оны 08 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд Ж.Ц-гийн тайлбарыг дутуу тэмдэглэсэн талаар тайлбарласан дахин бүрэн гүйцэд тэмдэглээгүй зарим үг, хүний нэрийг буруу, ойлгомжгүйгээр бичиж зориуд хасч тэмдэглэсэн зэрэг алдаа гаргасан.

б./ Хариуцагч талын гаргасан гараар зассан, огноо дугаар тавиагүй нотлох баримтыг шүүх үнэлсэн атлаа нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүй.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Нэхэмжлэгч тал ямар ажиллагааг анхан шатны шүүх хийж, аль хэсгийг нотлох байсан талаар тайлбар гаргахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
  2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

          3. Нэхэмжлэгч Ж.Ц- нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг эсвэл үүрэн телефоны “Юнител” ХХК-ийн 8811-5263 дугаарын аль нэгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа /хх 1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж “Юнител” ХХК-ийн 8811-5263 дугаарыг гаргуулна гэснийг /хх 87/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 42, 89/

          4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан “Юнител” ХХК болон “Саксесфактор” ХХК-ийн хооронд 2011 оны 01 сарын 07-ны өдөр, 2015 оны 02 сарын 02-ны өдөр тус тус байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, “Саксесфактор” ХХК-ийн “Дугаар шилжүүлэх тухай” албан бичиг, Хавсралт 4 гэсэн баримтуудыг харьцуулан үнэлбэл, маргааны зүйл болох 8811-5263 дугаар нь 2011 оноос 2020 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл “Саксесфактор” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан бөгөөд тус компанийн 2020 оны 05 сарын 12-ны өдөр “Юнител” ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу дээрх дугаарын эзэмших эрх Н.Б-д, улмаар 2020 оны 07 сарын 21-ний өдөр Д.Нямбаярт тус тус шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /хх70-81/

          Нэхэмжлэгч Ж.Ц- нь 8811-5263 дугаарыг худалдан авсан гэх 2012 оноос хойш 2020 оны 05 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн нэр дээр шилжүүлээгүй нөхцөл байдлаа “...“Саксесфактор” ХХК олдоогүй, худалдагч Э.Булган холбоогүй болсон” гэх агуулгаар тайлбарлах боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

          Түүнчлэн дээр тогтоогдсон үйл баримтаар 8811-5263 дугаар нь Д.Нямбаярын эзэмшилд бүртгэлтэй байх тул хариуцагч Н.Б-эс шаардсан нь үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

          Иймд хариуцагч Н.Б-д холбогдуулан гаргасан 8811-5263 дугаарыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

          5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

          а./ Хэргийн баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2021 оны 06 сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2021 оны 06 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ тохиолдолд өмнө нь тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг заавал энэхүү иргэний хэрэгт хавсаргах ёстой баримт биш юм. /хх 1,-2, 36/

          Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх талаар зохицуулсан.

          Гэтэл хэрэгт хариуцагч шүүх хуралдааны товлогдсон цагтаа ирээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэж үзэх баримтгүй байна. Мөн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаагийн хувьд талуудын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хэргийн оролцогчийн утсаар мэдэгдсэн хүсэлтэд үндэслэн шүүх хуралдааныг боломжит хугацаанд нээснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

          Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2021 оны 08 сарын 03, мөн оны 10 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн талаар давж заалдах гомдолдоо дурдах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн талаар санал гаргасан гэх баримтгүй байна.

          б./ Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан ямар нотлох баримтыг үнэлээгүй, хэргийн аль талд авагдсан үнэлэх боломжгүй баримтыг үнэлсэн талаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо тодорхой дурдаагүй байна. Үүнээс гадна шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хэн алины гаргасан нотлох баримтын талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр нотлох баримт хасуулах тухай тайлбарын талаар дурдаж үүнд хариу өгсөн байна. /хх 100/ 

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Д.НЯМБАЗАР