Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/02433

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 10 сарын 28 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02433                      Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хххх дүүрэг, ххх дугаар хороо,хххх  дүгээр хороолол, хххх байр, ххх тоот суух, Б овогт Д.О /РД:00000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххх дүүрэг, хххх дугаар хороо, ххххх гудамж 3, өөрийн байрлах, НШШГТ-т холбогдох,

Гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00311 дугаар тогтоолоор нэхэмжлэгчээс 49 960 000 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал тогтоолыг нэхэмжлэгч талаас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар шүүхэд хүсэлтээ өгөөд байгаа болно. Төлбөр авагч талаас дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт өгч 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21290509 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулалгүй ажиллагаа явуулж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл явуулж, мөн өдөр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар шуудангаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчид 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлсэн атлаа нэг өдрийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан байна. Төлбөр төлөгчид төлбөрийг барагдуулах боломжит хугацаа олголгүй шууд зорчих эрх хязгаарлах арга хэмжээ авч төлбөр төлөгч миний хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хэдийгээр бусдад төлөх төлбөртэй этгээд ч гэсэн хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулуулах хүсэлтэй байна. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 49 960 000 төгрөгийг төлбөр авагчид төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж хуульчилсан байдаг. Гэтэл бусдад төлөх төлбөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу 50 000 000 төгрөг хүрээгүй байхад хууль зөрчиж төлбөр төлөгч миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дугаартай Д.О-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05  дугаар сарын 28-ны өдрийн 6144 тоот Б.О-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01800 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 00311 дугаар тогтоолоор Д.О-ээс 49 960 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21290509 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн. Шүүхийн шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн байж төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Д.О-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар 50 000 000 төгрөгөөс дээш гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохоор хуульчилсан байхад 50 000 000 төгрөг хүрээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийх ямар нэгэн байдал гаргаагүй, гадаа явах талаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхгүй ч хийгээгүй байхад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж, эрх зөрчсөн. Тиймээс гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн 6144 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү, энэ хугацаанд төлбөрөөс 9 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Мөн уг шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандахаар хуульд заасны дагуу шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор Д.О-с 50 367 750 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21290509 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” мөн 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-т заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэсний дагуу төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай түүний 91111636 дугаартай утас руу албаны 89086190 дугаартай утаснаас холбогдон мэдэгдэж, зарлан дуудахад “өмгөөлөгчөө явуулна” гэх тайлбар өгч ирж уулзаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу түдгэлзүүлсэн.

Мөн төлбөр авагч А итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П-ын тус газарт хандан 2021 оны 05 сарын 19-ний өдөр төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байгаагаас гадна төлбөрөөс зайлсхийж, гадаадад зорчих өндөр эрсдэлтэй байна гэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 59.1.3-т “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэх үндэслэл, 59.3-т “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”. Мөн 44.4-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэх журмыг зөрчсөн байна.

Төлбөр төлөгч Д.О-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснээр ямар эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй байна, хэрэв төлбөр төлөгч нь гадаад зорчиж чадсангүй гэж үзэж байгаа бол төлбөр төлөхөөс зайлсхийх, төлбөр авагчийн эрх ашигт хохирол учрахаас сэргийлсэн хуульд нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй хуульд заасны дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар саад учруулах гэсэн нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэв хууль зөрчсөн гэж байгаа бол хуульд заасны дагуу ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж болно. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, төлбөр төлөх талаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, тиймээс төлбөр авагчаас хүсэлт гаргасны дагуу 50 000 000 төгрөгнөөс дээш хөрөнгийн шаардлагатай, төлбөр төлөхөөс зайлсхийж оргон зайлж болзошгүй, мэдэгдэх хуудсаар дуудаж, төлбөрөө төлөхийг мэдэгдсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Тиймээс иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна, төлбөр төлөлт дуусаагүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШШГТ-т холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид төлбөрийг барагдуулах боломжит хугацаа олголгүй шууд зорчих эрхийг хязгаарлаж эрх зөрчсөн, төлөх төлбөр 50 000 000 төгрөгт хүрээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийгээгүй байхад хууль зөрчин эрх хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлөх төлбөр нь 50 367 750 төгрөг бөгөөд уг төлбөрийг төлөхөөс зайлсхийж тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул оргон зайлж болзошгүй гэсэн төлбөр авагчийн саналыг нь үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А нэхэмжлэлтэй Д.О-д холбогдох гэрээний үүрэгт 49 960 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хэргийг хянан хэлэлцээд №183/ШШ2019/0000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-аас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Д.О-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч  Д.О-с49 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 4-6-р хуудас/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №000 дугаар магадлалаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 7-9-р хуудас/

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №001/ХТ2021/0000 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлалын тогтоох хэсгийн “...заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт” гэснийг “...заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.О-с 49 960 000 төгрөгийг гаргуулж А-д олгосугай” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хэргийн 10-12-р хуудас/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21290509 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2021/00000 “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж”, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00437 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 30-32, 45-р хуудас/ 

Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 190/01 дугаартай Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21290509/01 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлж, энэ талаар утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь мэдэгдэл, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан талаараа маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Н-д нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор Д.О-с 50 367 750 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн 21290509 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1-190/9372 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг хянаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь заалтуудыг үндэслэн НЬ76010365 регистрийн дугаартай төлбөр төлөгч Д.О-ийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж, тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. /хэргийн 49-р хуудас/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн талаар шүүхэд гомдлоо гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 44.2.15-д “энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх” арга хэмжээг авахаар заасан байна.

Иймээс шийдвэр гүйцэтгэгч буюу хариуцагч нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авах эрхтэй боловч уг арга хэмжээг хуульд заасан, үндэслэл журмын дагуу хэрэгжүүлнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж заасан байх бөгөөд 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, 59.1.2-д .хөрөнгөө нуун дарагдуулсан, 59.1.3-д төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлийг тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг хуульд заасан “...тавин сая төгрөгнөөс дээш хөрөнгийг шаардлага бүхий” гэдгийг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсан гэсэн боловч хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №001/ХТ2021/00000 дүгээр тогтоолоор “...хариуцагч Д.О-с 49 960 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 407,750 төгрөгийг тус тус гаргуулж А-д олгосугай” гэж заасан байх бөгөөд “...Д.О-с 50 367 750 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн 21290509 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн” шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх иргэний шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг баталгаажуулах арга хэмжээг авсан үндэслэлийг нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд биелүүлээгүй, төлбөр авагч нь нэхэмжлэгчийг оргон зайлж болзошгүй гэсэн хүсэлтийг гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-д заасан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор оргон зайлж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул санал гаргасан гэж тайлбарласан.

 

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Азиз Атиф Ихсаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн НШШГТ-т хандан гаргасан хүсэлтэд “...шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөрөө төлөхгүй байгаагаас гадна төлбөрөөс зайлсхийн гадагш гарч зугтах өндөр эрсдэлтэй байх тул төлбөр авагчийн эрх ашгийг хамгаалж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгнө үү” гэжээ. /хэргийн 44-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар саналыг хүргүүлж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Гэвч хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21290509 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 190/01 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл”-ийг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний дотор төлөхийг мэдэгдсэн боловч гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлж, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргажээ.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, мөн 59 дүгээр зүйлийн 59.1.3-д заасан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, төлбөр төлөгч нь гадаад улсад оргон зайлах талаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн талаарх баримт авагдаагүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Д.О-ийн хариуцагч НШШГТ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэж, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар НШШГ-т 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0000  дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН