Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00210

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Онийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2021/02433 дугаар шийдвэртэй,

Д.Онийн нэхэмжлэлтэй Нх газарт холбогдох,

Гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00311 дугаар тогтоолоор нэхэмжлэгчээс 49,960,000 төгрөгийг гаргуулж “А” санд олгохоор шийдвэрлэсэн.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21290509 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Гэтэл Нх албанаас төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулалгүй ажиллагаа явуулж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний дотор биелүүлэх мэдэгдэж, мөн өдөр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчид 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлсэн атлаа нэг өдрийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан байна. Төлбөр төлөгчид төлбөрийг барагдуулах боломжит хугацаа олголгүй шууд зорчих эрх хязгаарлах арга хэмжээ авч төлбөр төлөгч миний хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Хэдийгээр бусдад төлөх төлбөртэй этгээд ч гэсэн хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж хуульчилсан. Гэтэл бусдад төлөх төлбөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 50,000,000 төгрөг хүрээгүй байхад хууль зөрчиж төлбөр төлөгч миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 9,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байгаа.

Иймд Нх газрын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дугаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор Д.Онээс 50 367 750 төгрөгийг гаргуулж “А” санд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай түүний 91111636 дугаартай утас руу албаны 89086190 дугаартай утаснаас холбогдон мэдэгдэж, зарлан дуудахад өмгөөлөгчөө явуулна гэх тайлбар өгч ирж уулзаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно гэж заасны дагуу түдгэлзүүлсэн.

Мөн төлбөр авагчийн “төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байгаагаас гадна төлбөрөөс зайлсхийж, гадаадад зорчих өндөр эрсдэлтэй байна” гэх хүсэлт гаргасныг үндэслэл болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно., мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэх журмыг зөрчсөн байна.

Төлбөр төлөгч Д.Онийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснээр ямар эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй байна, хэрэв төлбөр төлөгч нь гадаад зорчиж чадсангүй гэж үзэж байгаа бол төлбөр төлөхөөс зайлсхийх, төлбөр авагчийн эрх ашигт хохирол учрахаас сэргийлсэн хуульд нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Нх газрын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг тогтоолыг хариуцагч Нх газраас гаргаагүй, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан байхад шүүх тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж уг гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Д.Онэ нь хариуцагч Нх газарт холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6144 дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00311 дугаар тогтоолоор Д.Онээс 49,960,000 төгрөгийг гаргуулж Асанд олгож шийдвэрлэжээ. /хх10-12/ Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21290509 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх45/

 

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төлбөр төлөгчид 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, мөн өдрийн 21290509/01 дугаар мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх үндэслэл үүссэнийг тус тус мэдэгдсэн байна. /хх47/ Уг мэдэгдэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин Д.Онийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий этгээдэд гаргаж буй талаар мэдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-т шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр заажээ. Төлбөр төлөгч Д.Онийн гадаадад зорчих эрхийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6144 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн байна. /хх49/

Энэ тогтоолыг Нх газраас гаргаагүй тул уг нэхэмжлэлийн хариуцагч биш юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нх газарт холбогдох гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай Д.Онийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2021/02433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.5-т зааснаар Нх газарт холбогдох гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай Д.Онийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

                                                         

                             ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА