Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2174

 

 

Л.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02788 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 557 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Б  2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэг хүнтэй хамтарч ажил хийх гэж байгаа 5 000 000 төгрөг зээлээч удаахгүй өгнө гэж хэлж авсан. Манай эхнэртэй олон жил найзалсан учраас итгэж бид хоёрт бэлэн байгаа 3 000 000 төгрөг дээрээ Тоёота ийст УНӨ38-53 дугаарын автомашиныг Д.Б тэй хамт явж 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-уул дүүрэгт байрлах Тайкун ХХК авто ломбарданд 2 000 000 төгрөгт 5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй барьцаанд тавьж 5 000 000 төгрөгийг Д.Б  нь төрийн банкны 103100245167 дугаартай З.Золбаярын дансанд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. З.Золбаяр нь Д.Б тэй Швед улсад хамт ажиллаж байсан. З.Золбаяртай 89839897,91989897 утсаар ярьж асуухад “карттай данс байна уу хүнээс мөнгө авах гэсэн юм, миний дансны дугаар болон карт аваад явсан хэдэн төгрөг орж гарсныг би мэдэхгүй” гэсэн. Түүнээс хойш Д.Б  нь утсаа авахгүй зугтаж утсаар холбогдох үедээ хэл амаар доромжилж нэг ч төгрөг өгөлгүй зугтаж, утасдахаар утсаа авахгүй. Тийм учраас өөрт байсан бэлэн 3 000 000 төгрөг, ломбарднаас авсан 2 000 000 төгрөг ломбардны зээл, хүү, алданги

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 570 000 төгрөг Голомт банк, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 512 000 төгрөг Хаан банк, 2016 оны 7 дугаар сарын09-ний өдөр 484 000 төгрөг Хаан банк, 2016 оны 8 дугаар сарын 12-ний өдөр 456 000 төгрөг Хаан банк, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 438 000 төгрөг Хаан банк, ломбардны нийт зээл, хүү, алданги хоногийн 2 460 төгрөг, Монгол даатгал тээврийн хэрэгслийн даатгал 38 400, жолоочийн хариуцлагын даатгал 59 400 төгрөг, нийт 5 557 800 төгрөгийг Д.Б ээс нэхэмжилж байна. Тухайн авто ломбарданд автомашинаа зээлэнд тавихад даатгалтай байсан боловч ломбард заавал Монгол даатгалаар даатгуулсан байх ёстой гэхээр дахин даатгуулсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Ч-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох иргэний хэргийн хариуцагчийн төлөөлөгч Б.Гантулга миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 557 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 875 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай шийдвэр байх тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Д.Б  нь Л.Ч ээс авсан гэх 5 000 000 төгрөгөөс гэрч З.Золбаяр болон түүний эхнэр нь тодорхой хэмжээний мөнгө авсан бөгөөд энэ асуудлийг З.Золбаярын эхнэр гэрчлэх бөгөөд шүүхээс гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байтал захирамжийн биелэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Ч  нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 557 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 төгрөг зээлдүүлсэн байдлаа нотлохоор гэрчээр З.Золбаярыг асуулгах хүсэлт гаргаж, З.З-ын дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн байдлаа нотолж Төрийн банкны дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргасан бөгөөд хэргийн 52 дугаар тал дахь Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаас үзвэл нэхэмжлэгч Л.Ч  нь 103100245167 дугаар бүхий З.З-ын дансанд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрч З.З “Д.Б  2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр утсаар яриад Төрийн банкны дугаар авч, данс руу чинь мөнгө шилжүүлээд авъя гэж гуйсан, 5 000 000 төгрөгийг эхнэртэй холбогдож, 2 өдөр тасалж авсан гэж байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Нэхэмжлэгч Л.Ч  нь хариуцагч Д.Б-т 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг зээлдүүлсэн болох нь гэрч З.Золбаярын мэдүүлэг, Төрийн банкны депозит дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон байна.

 

Нэхэмжлэгч Л.Ч  нь 5 000 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч Д.Б  авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 557 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн зээлийн хүү, алданги нэхэмжилсэн боловч талууд хүү тогтоосон бичгийн гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй талаар шүүх зөв дүгнэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч хариуцагчаас тээврийн хэрэгслийн даатгал 38 400 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгал 59 400 төгрөг нэхэмжилснийг шүүх даатгалын хураамж төлөх үүргийг хариуцагч хүлээгээгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байв.

 

Хариуцагч нь З.Золбаярын эхнэрийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх гэрч З.Золбаярын эхнэрийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан боловч хариуцагч түүний овог, нэр хаягийг шүүхэд гаргаагүй тул шүүх уг захирамжийн заалт биелэгдэх боломжгүй гэж гэрчээр асуух хүсэлт хангасан заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гаргасан заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ                                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ