Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00343

 

Л.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02788 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2174 дүгээр магадлалтай,

Л.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Д.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.557.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцоож, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б- 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэг хүнтэй хамтарч ажил хийх гэж байгаа 5.000.000 төгрөг зээлээч удаахгүй өгнө гэж хэлж авсан. Манай эхнэртэй олон жил найзалсан учраас итгэж бид хоёрт бэлэн байгаа 3.000.000 төгрөг дээрээ Тоёота ийст УНӨ38-53 дугаарын автомашиныг Д.Б-тэй хамт явж 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-уул дүүрэгт байрлах Тайкун ХХК авто ломбарданд 2.000.000 төгрөгт 5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй барьцаанд тавьж 5.000.000 төгрөгийг Д.Б- нь төрийн банкны 103100245167 дугаартай З.Золбаярын дансанд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. З.Золбаяр нь Д.Б-тэй Швед улсад хамт ажиллаж байсан. Тийм учраас өөрт байсан бэлэн 3.000.000 төгрөг, ломбарднаас авсан 2.000.000 төгрөг ломбардны зээл, хүү, алданги 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 570.000 төгрөг Голомт банк, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 512.000 төгрөг Хаан банк, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 484.000 төгрөг Хаан банк, 2016 оны 8 дугаар сарын 12-ний өдөр 456.000 төгрөг Хаан банк, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 438.000 төгрөг Хаан банк, ломбардны нийт зээл, хүү, алданги хоногийн 2.460 төгрөг, Монгол даатгал тээврийн хэрэгслийн даатгал 38.400, жолоочийн хариуцлагын даатгал 59.400 төгрөг, нийт 5.557.800 төгрөгийг Д.Б-ээс нэхэмжилж байна. Тухайн авто ломбарданд автомашинаа зээлэнд тавихад даатгалтай байсан боловч ломбард заавал Монгол даатгалаар даатгуулсан байх ёстой гэхээр дахин даатгуулсан гэжээ.                                                  

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02788 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 557.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.875 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2174 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Б- нь Л.Ч-ээс авсан гэх 5.000.000 төгрөгөөс гэрч З.Золбаяр болон түүний эхнэр нь тодорхой хэмжээний мөнгө авсан бөгөөд энэ асуудлыг З.Золбаярын эхнэр гэрчлэх бөгөөд шүүхээс гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байтал захирамжийн биелэлтийг хангаагүй нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгчийн хамтаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 2174 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Л.Ч- нь хариуцагч Д.Б-ээс 5.557.800 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл, ломбардад төлсөн хүү, алданги, тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгал төлсөн төлбөр гэжээ.

            Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг зээлсэн, уг мөнгийг З.Золбаярын Төрийн банк дах 103100245167 тоот дансаар дамжуулан авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хэргийн 50-52 дугаар тал/.

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасан. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох 5.000.000 төгрөгийг хариуцагчийн заасан дансанд шилжүүлсэн байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл,  тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл,  нэхэмжлэгчийн тайлбар, гэрч З.Золбаярын мэдүүлэг, түүний харилцах дансны хуулга, энэ дансанд Л.Ч-ээс шилжиж орсон орлого зэргийг бодитоор дүгнэж, хариуцагчаас 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т заасантай нийцжээ.

            Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн “...З.Золбаярын эхнэрийг гэрчээр оролцуулах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч гэрчээр оролцуулах этгээдийн овог нэр, оршин суугаа хаягийг тодруулж энэ талаарх мэдээллийг ирүүлээгүй, гэрч дуудах боломж олгоогүй гэх үндэслэлээр гэрч оролцуулах тухай захирамжийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

            Шүүх, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг анхан шатны шүүхэд буцаах” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02788 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2174 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ